Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифа-гийн 148-р давхарт байрлах ажиглалтын талбай нь өндөрт гарах дуртай хүмүүсийн заавал үзэх газруудын нэг юм. 2010 онд нээгдсэн энэхүү талбайд зочдыг хүргэх өндөр хурдны лифт ердөө нэг минут орчимд дээд давхарт хүргэнэ. Тэндээс Дубай хотыг бүхэлд нь шахам дээрээс харах боломжтой. Нэг талд нь тэнгэр баганадсан орчин үеийн барилгууд сүндэрлэж байхад нөгөө талд нь төгсгөлгүй мэт үргэлжлэх элсэн манхан харагдана. Зочид нээлттэй дэнж эсвэл шилэн ханатай панорам танхимаас хотын гайхалтай дүр зургийг тольдож болно.
Сингапурын алдарт Марина Бэй Сэндсийн зочид буудлын дээвэр дээр байрлах Тэнгэрийн парк нь хотыг тольдох хамгийн өвөрмөц газруудын нэг. Газрын түвшнээс ойролцоогоор 200 метрийн өндөрт байрлах энэ талбайгаас Сингапурын орчин үеийн архитектур, тэнгэр баганадсан барилгууд болон далайн эргийн үзэмжийг бүхэлд нь харах боломжтой. Хамгийн алдартай хэсэг нь мэдээж хязгааргүй мэт харагддаг усан сан. Ус нь барилгын ирмэг даван асгарч байгаа мэт харагддаг учраас эндээс хот руу харахад онцгой мэдрэмж төрнө. Гэхдээ нэг сонирхолтой зүйл бий. Энэхүү алдарт усан санд зөвхөн Marina Bay Sands зочид буудлын үйлчлүүлэгчид сэлэх эрхтэй.
Чикаго хотын алдарт Уиллис Тауэр нь 1974 онд ашиглалтад орсон бөгөөд тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг байв. Тус барилгын 103-р давхарт байрлах Уиллис Тауэрын ажиглалтын талбай нь хамгийн айдас төрүүлэм хэсэг нь “Шилэн тавцан” (The Ledge) хэмээх шилэн байгууламж юм. Энд зочид барилгын хананаас гадагш цухуйсан, шал болон хажуу тал нь бүхэлдээ тунгалаг шилээр хийгдсэн жижигхэн хайрцагт зогсож болно. Доош харахад 443 метрийн гүнд Чикагогийн гудамжууд харагдана. Харин тэнгэр цэлмэг өдөр үзэгдэх орчин ойролцоогоор 80 километр хүрдэг. Өөрөөр хэлбэл нэг дор хотын асар том хэсгийг дээрээс харах боломжтой.
Францын Шамони-Мон-Блан орчимд, Италийн хилээс холгүй орших Эгюий-Дю-Миди нь уулын өндөрт гарахыг хүссэн аялагчдын дунд алдартай. Кабелийн замаар 3842 метрийн өндөрт хүрэх бөгөөд замын урт нь 3 километрээс илүү. Эндхийн хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг бол “Хоосон орон зай руу алхах” (Step into the Void) хэмээх шилэн байгууламж юм. Зочид шал, хана нь тунгалаг шилэн бүхээгт орж, яг л агаарт өлгөөтэй байгаа мэт мэдрэмж авна. Харин хөл доор нь ойролцоогоор 1035 метрийн хоосон орон зай үргэлжилнэ. Өндрөөс айдаг хүмүүст энэ хэдхэн секунд маш урт мэт санагдах нь гарцаагүй.
Дэлхийн хамгийн гайхамшигтай байгалийн үзэгдлүүдийн нэг болох Игуасу хүрхрээ нь Бразил болон Аргентины хил дээр оршдог. Нийтдээ ойролцоогоор 2.7 километрийн өргөнөөр үргэлжлэх энэхүү асар том хүрхрээ олон салаа хүрхрээнээс бүрддэг. Хүрхрээний нийт өндрийн ялгаа зарим хэсэгтээ 60–80 метр хүрдэг бөгөөд асар их хэмжээний ус нижигнэн буух чимээ нь өөрөө гайхалтай сэтгэгдэл төрүүлнэ. Игуасуг хоёр улсаас харах боломжтой ч үзэмж нь өөр. Аргентины талаас хүрхрээнд маш ойртож, усны хүч, сүр жавхланг биеэр мэдрэх боломжтой. Харин Бразилын талаас хүрхрээг арай холоос бүхэлд нь харж, асар том панорам дүр зургийг нь бишрэн үзэх боломжтой.