Тухайн үеийн Сицилийн уламжлал болон Италийн хуульд байсан нэгэн заалт эмэгтэйчүүдийг маш хүнд байдалд оруулдаг байжээ. Хэрэв эмэгтэйг хүчээр авч явж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн эрэгтэй түүнтэй гэрлэвэл гэмт хэрэгтнийг шийтгэхгүй байх боломжтой байв. Үүнийг “нэр төрийг сэргээх гэрлэлт” — matrimonio riparatore гэж нэрлэдэг байжээ. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгчтэй гэрлэснээр эмэгтэйн “нэр төр сэргэж”, эрэгтэй хүний үйлдсэн гэмт хэрэг ч уучлагдсан мэт болдог байв. Харин гэрлэхээс татгалзсан эмэгтэйг нийгэм “нэр төрөө алдсан эмэгтэй” хэмээн үздэг байжээ. Тухайн үеийн ойлголтоор эмэгтэй хүн гэрлэлтээс өмнө онгон байдлаа алдсан л бол буруутан нь өөрөө мэт ханддаг байсан хэрэг.
Франкаг есөн хоногийн турш хүчээр хорьж, дарамталсны эцэст түүнийг барьцаалсан залуу гэрлэх санал тавьжээ. Тэр үед Франкад хоёрхон сонголт байгаа мэт байв. Нэг бол өөрийг нь хүчирхийлсэн хүнтэй гэрлэж, нийгмийн өмнө “нэр төрөө сэргээх”. Эсвэл гэрлэхээс татгалзаж, өөрөө л буруутан мэт харагдах эрсдэлийг хүлээх. Франка хоёр дахь замыг сонгожээ. Тэр хүчирхийлэгчтэй гэрлэхээс татгалзаад цагдаад хандсан байна. Түүгээр ч зогсохгүй өөрийг нь хулгайлсан залуугийн нэр болон түүнд тусалсан долоон хүний нэрийг бүгдийг нь хэлжээ. Энэ бол тухайн үеийн Сицилийн нийгмийн тогтсон ойлголтыг ил тод эсэргүүцсэн зоригтой алхам байв.
Франкагийн шийдвэр нийгэмд асар их шуугиан дэгдээжээ. Түүнийг доромжлох, дарамтлах, заналхийлэх явдал гарч байсан ч тэр шийдвэрээсээ буцсангүй. Тэр өөрийг нь хүчирхийлсэн хүнтэй гэрлэснээр “нэр төрөө сэргээх” бус, харин өөрт нь үйлдэгдсэн гэмт хэргийг гэмт хэрэг хэвээр нь хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн юм. Франкагийн эцэг эх ч охиноо дэмжжээ.
1966 оны арванхоёрдугаар сард буюу Франкаг хулгайлснаас нэг жилийн дараа түүнийг барьцаалсан залуу шүүхээр ял сонсов. Түүнд тусалсан найман этгээдийн найзууд ч хамсаатнаар тооцогдон шийтгүүлжээ. Франкагийн хэрэг Италийн нийгэмд асар том өөрчлөлтийн эхлэл болсон юм. Түүний зориг олон эмэгтэйд өөрсдийн эрх, нэр төрийн төлөө дуу хоолойгоо гаргах урам өгч, Франка Виола эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болжээ.
Гэсэн хэдий ч Франкагийн тэмцлийн дараа ч “нэр төрийг сэргээх гэрлэлт” гэх хууль эрх зүйн ойлголт шууд устсангүй. Италид хүчирхийлэгч хохирогчтойгоо гэрлэвэл ял шийтгэлээс мултрах боломж олгодог энэ заалтыг 1981 онд албан ёсоор хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, Франкагийн татгалзсан тэр гэрлэлт зөвхөн өөрийнх нь амьдралыг өөрчилсөнгүй. Италийн нийгэмд эмэгтэй хүний нэр төр, эрх чөлөөг хэрхэн ойлгох тухай олон жилийн тогтсон үзлийг өөрчлөхөд нөлөөлсөн юм. 2014 оны хоёрдугаар сарын 13-нд Италийн Ерөнхийлөгчийн зарлигаар Франка Виолаг Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одонгийн Их офицер цолоор шагнажээ.