“Сатаны жил” хэмээн айж байсан 1666 он

1666 он эхлэхэд Лондоны оршин суугчид аль хэдийн айдас дунд амьдарч байлаа. Өмнөх жил нь хотыг аймшигт тахал нөмөрч, хэдэн арван мянган хүн нас барсан байв. Тухайн үеийн хүмүүс 1666 гэсэн тоог Библид гардаг “араатны тоо”-той холбон тайлбарлаж, энэ жил ямар нэгэн томоохон гай гамшиг тохиолдоно хэмээн зөгнөдөг байжээ. Гэвч Лондончуудын хувьд айх шалтгаан мухар сүсгээр хязгаарлагдахгүй байв. 1665 онд дэгдсэн тахал хотын амьдралыг үндсээр нь өөрчилж, хүмүүс үхэлтэй нүүр тулсан хэвээр байлаа. Тухайн үед Лондон бараг хагас сая хүн амтай боловч ариутгах татуургын зохистой системгүй, хүн амын нягтаршил өндөртэй хот байв. Тахал боомтоор дамжин орж ирээд ядуу дүүргүүдээр маш хурдан тархжээ. 1665 оны намар хамгийн хүнд үе нь тохиож, зарим долоо хоногт 7000 орчим хүн нас барж байв. Нийтдээ тахлаар ойролцоогоор 100 мянган хүн амиа алдсан гэж үздэг бөгөөд энэ нь тухайн үеийн Лондоны таван хүн тутмын нэгтэй тэнцэх тоо юм.

Гал гарахад бэлэн болсон хот

Тахал дуусаж амжаагүй байхад Лондонд өөр нэг аюул аль хэдийн бий болсон байв. Хотын олон барилга модоор баригдсан бөгөөд байшингууд хоорондоо шахцалдан байрлаж, нарийхан гудамжуудын хоёр талаар бараг наалдсан мэт үргэлжилдэг байжээ. Зарим барилгын дээвэрт шатамхай материал ашигладаг байсан бөгөөд гал түймрийн үед мөрдөх тодорхой, үр дүнтэй тогтолцоо ч байгаагүй. Темза мөрний эрэг орчимд тос, өөх тос, мод, нүүрс болон бусад амархан шатдаг зүйлээр дүүрсэн агуулахууд олноор байрлаж байв. Тухайн үед Лондонд өнөөгийн ойлголтоор мэргэжлийн гал унтраах алба байгаагүй. Гал гарвал хүмүүс хонхны дуугаар цугларч, хувингаар ус зөөж унтраахыг оролддог байлаа. Хэрэв гал хэт хүчтэй болбол түүний замд байгаа байшингуудыг нурааж, галын тархалтыг таслах нь хамгийн найдвартай арга байсан юм. Гэвч энэ аргыг хэрэгжүүлэхэд өмчийн эзэд ихээхэн эсэргүүцэл үзүүлдэг байв.

Бүхнийг эхлүүлсэн жижигхэн лаа

1666 оны есдүгээр сарын 2-ны үүрээр Пуддинг-лейн гудамжинд талхчин Томас Фарринерийн цехэд гал гарчээ. Талхчид харанхуйд ажилладаг байсан тул өрөөгөө лаагаар гэрэлтүүлдэг байв. Тэдгээрийн нэг лаа модон шал дээр унаж, удалгүй гал байшин даяар тархжээ. Фарринер эхэндээ галыг унтрааж чадсан гэж бодсон боловч удалгүй байшин бүхэлдээ шатаж эхэлсэн байна. Талхчин болон түүний гэр бүлийнхэн дээд давхрын цонхоор гарч амжжээ. Харин тэдний үйлчлэгч охин айсандаа хөдөлж чадахгүй үлдсэн бөгөөд түймрийн анхны хохирогч болсон байна. Хөршүүд галтай тэмцэхийг оролдсон ч байшингуудын модон хийц, хоорондоо хэт ойр байрласан байдал нь галыг улам хурдан тархаахад хүргэжээ.

Хотын захирагчийн шийдвэргүй байдал галыг улам томруулжээ

Галыг зогсоохын тулд ойролцоох байшингуудыг нураах шаардлагатай болсон байна. Гэвч байшингийн эзэд өмчөө сүйтгүүлэхийг хүссэнгүй. Тиймээс асуудлыг Лондоны хотын захирагчТомас Бладвортод мэдэгджээ. Галын замд байгаа барилгуудыг нураах эсэх дээр хотын захирагч яаравчлан шийдвэр гаргаж чадсангүй. Эзэд, түрээслэгчдээс зөвшөөрөл авах ёстой хэмээн үзэж байв. Энэ хооронд гал улам хүчтэй болж, ойролцоох барилга байгууламжуудыг нэг нэгээр нь залгиж эхэлжээ. Тэр жилийн зун маш хуурай байсан тул модон байшингууд галд өртөмтгий болж, дээрээс нь хүчтэй салхи үлээсэн нь нөхцөл байдлыг бүр ч дордуулсан байна. Орой болоход гал Темза мөрний эрэгт байрлах тос, өөх тос болон бусад шатамхай материал хадгалдаг агуулахуудад хүрчээ. Ингэснээр жижигхэн гал асар том галын хана болон хувирсан байна.

Гал бүхэл бүтэн хотыг залгив

Гал асар хурдтай тархаж, Лондоны баян чинээлэг хэсгүүд хүртэл аюулд оржээ. Энэ үед хаан II Чарльз галын эсрэг яаралтай арга хэмжээ авахыг тушааж, хааны цэргүүдийг хотод илгээсэн байна. Хаан өөрөө хүртэл хүмүүсийн хамт шатаж буй барилгуудыг нураах ажилд оролцсон тухай тухайн үеийн өдрийн тэмдэглэлд бичигджээ. Гэвч гал аль хэдийн хяналтаас гарсан байв. Хүчтэй салхины улмаас тус тусдаа гарсан галын голомтууд нийлж, асар халуун галан хуй салхи үүсгэж байлаа. Гал замдаа таарсан бүхнийг шатаан, хотын зүүн хэсгээс баруун тийш тасралтгүй тархжээ. Айсан хүмүүс эд хөрөнгөө тэргэнд ачиж, хотыг орхин зугтаж эхэлсэн байна. Олон хүн чулуун барилгууд галын хамгаалалт болно гэж найдаж байсан ч тэдгээр нь ч аврагдсангүй.

Гэгээн Паулын сүм хүртэл галд өртөв

Лондоны хамгийн алдартай барилгуудын нэг болох Гэгээн Паулын сүмийг хүмүүс чулуун ханатай учраас найдвартай хоргодох газар гэж бодож байв. Гэвч сүмийг засварлаж байсан модон шат руу гал шилжсэнээр удалгүй дээвэр нь шатаж эхэлжээ. Дээвэр нурмагц сүм дотор хүмүүсийн авчирч хадгалсан эд зүйлс бүгд галд автаж, доторх нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна.Түймрийн гэрч, зохиолч Жон Ивлин сүмийн чулуунууд дэлбэрэх мэт үсэрч, хайлсан хар тугалга гудамжаар урсаж байсан тухай тэмдэглэн үлдээжээ. Зарим гудамжны чулуун зам хүртэл маш их халж, хүн амьтан явах боломжгүй болсон байв.Зөвхөн есдүгээр сарын 5-нд салхи намжсаны дараа хүмүүс галыг тогтоох боломжтой болжээ. Байшингуудыг зориудаар нурааж, галын тархалтыг тасалснаар түймэр аажмаар намжиж эхэлсэн байна.

Гэмгүй хүнийг буруутгаж, цаазалсан нь

Гал унтарсны дараа лондончууд гамшгийн буруутныг хайж эхэлжээ. Тухайн үед Англи улс Франц болон Нидерландтай дайтаж байсан учир олон хүн гадаадынхан хотыг санаатайгаар шатаасан гэж сэжиглэж байв. Франц, Голланд хүмүүсийн эсрэг хүчирхийлэл гарч, улмаар Францын Руан хотын гаралтай Робер Юбер хэмээх цагчин баривчлагджээ. Юбер байцаалтын үеэр өөрийгөө гал тавьсан хэмээн мэдүүлсэн боловч түүний хэлсэн зүйлс хоорондоо зөрчилдөж байлаа. Тэр бүр гал асаах зүйлээ талхны цехийн цонхоор шидсэн гэж мэдүүлсэн ч тухайн барилгад түүний хэлсэн цонх огт байгаагүй аж. Гэсэн ч 1666 оны 10-р сарын 27-нд Юберийг Тайбернд дүүжилж цаазалсан байна. Хожим нь түүнийг гэм буруугүй болохыг тогтоожээ. Түүгээр ч зогсохгүй Юбер гал гарснаас хойш хоёр хоногийн дараа Лондонд ирсэн нь тодорхой болсон байна. Ийнхүү жинхэнэ буруутан нь байгаагүй атал гэмгүй нэгэн хүнийг “золиос” болгосон байв.

Үнсэн дундаас шинэ Лондон төрөв

Их түймрийн улмаас 13 200 орчим байшин, 87 сүм, 44 компанийн барилга, Хааны бирж, Гэгээн Паулын сүм, хэд хэдэн шорон болон хотын гурван хаалга шатаж сүйджээ. Нийтдээ 176 орчим га талбай галд өртсөн нь хуучин Лондоны бараг тавны дөрөв байв. Гэсэн хэдий ч энэ сүйрэл Лондоныг дахин бүтээх боломжийг бий болгосон юм. Архитектор, математикч Кристофер Рен хотыг сэргээн босгох ажилд оролцож, модон байшингуудын оронд чулуун барилга барих, барилгуудын хоорондын зайг нэмэгдүүлэх, шатамхай материал хадгалдаг агуулахуудыг орон сууцны бүсээс холдуулах зэрэг өөрчлөлтийг хэрэгжүүлжээ. Мөн Их түймрийн дараа галын даатгалын салбар Их Британид эрчимтэй хөгжсөн байна. Хүмүүс ийм гамшгийн дараа эд хөрөнгөө хамгаалах ямар чухал болохыг биеэрээ мэдэрсэн учраас даатгалын хэрэгцээ хурдан нэмэгджээ.

Ийнхүү нэгэн жижигхэн лаанаас эхэлсэн гал дөрөвхөн хоногийн дотор Лондоныг сүйрүүлсэн ч тэрхүү сүйрлийн үнсэн дээр илүү аюулгүй, илүү зохион байгуулалттай шинэ хот бий болжээ. 1666 оны Их түймэр бол зөвхөн аймшигт гамшгийн түүх биш, харин Лондоныг орчин үеийн хот болох замд нь оруулсан эргэлтийн цэг болсон юм.