“Хар есдүгээр сар” нь 1970 онд Иордан улсад болсон Палестины зэвсэгт бүлэглэлүүд болон Иорданы армийн мөргөлдөөний дараа бий болсон радикал бүлэглэл байв. Тэд 1971 оноос террорист ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 1972 оны тавдугаар сард “Сабена” агаарын тээврийн онгоцыг барьцаалж, Израилийн шоронд хоригдож байсан палестинчуудыг суллахыг шаардсан байна. Израилийн тусгай хүчнийхэн онгоцонд амжилттай нэвтэрч, барьцааны хүмүүсийг чөлөөлжээ. Үүний дараа террористууд дэлхий нийтийн анхаарлыг татах шинэ бай хайж эхэлсэн байна.
Мюнхений олимпын зохион байгуулагчид Германыг энх тайванч, нээлттэй улс гэдгийг дэлхийд харуулахыг хүсэж байв. Тиймээс олимпын тосгонд хамгаалалтын арга хэмжээг аль болох бага байлгажээ. Израилийн төлөөлөгчид үүнд санаа зовж байсан ч зохион байгуулагчид аюулгүй байдлыг хангана гэж мэдэгдсэн байна. Гэвч Ойрхи Дорнод дахь эх сурвалжуудаас болзошгүй халдлагын талаар анхааруулга ирж байсан ч Германы эрх баригчид үүнийг хангалттай анхаарч үзээгүй аж.
Есдүгээр сарын 5-ны өглөөний 04:30 цагийн орчимд найман зэвсэгт этгээд Олимпын тосгоны хашааг даван оржээ. Хамгаалалт сул байсан тул тэднийг харсан зарим тамирчин олимпын өөр багийн гишүүд гэж бодож байв. Бүр зэвсэгтэй цүнхийг нь хашаа давуулахад тусалсан хүмүүс ч байсан гэдэг. Тэд Израилийн төлөөлөгчид байрлаж байсан Конноли-штрассе 31 дүгээр байр руу нэвтэрчээ.
Террористуудыг хамгийн түрүүнд бөхийн шүүгч Йосеф Гутфройнд анзаарч, тэднийг зогсоохыг оролдсон байна. Дараа нь бөхийн дасгалжуулагч Моше Вайнберг мөн эсэргүүцсэн ч шархаджээ. Вайнберг бусад израильчуудын байрлаж буй өрөөнүүдийг зааж өгөхөөс өөр аргагүй болсон байна. Тэрээр террористуудыг тамирчид эсэргүүцэж магадгүй байр руу зориудаар дагуулсан гэдэг. Гэвч халдагчид өрөөнд ороход тамирчид унтаж байжээ. Вайнберг, хүндийн өргөлтийн тамирчин Йосеф Романо нар эсэргүүцэхийг оролдсон боловч амиа алдсан байна. Ингээд есөн израиль хүн террористуудын барьцаанд үлджээ.
Халдагчид Израилийн шоронд хоригдож байсан олон зуун палестин хоригдлыг суллахыг шаардсан байна. Мөн Европын шоронд хоригдож байсан зарим радикал этгээдийг суллахыг шаарджээ. Германы эрх баригчид хэлэлцээр хийх замаар цаг хожихыг оролдсон боловч Израиль террористуудтай тохиролцохоос татгалзав. Орой террористууд шаардлагаа өөрчилж, барьцааны хүмүүсийн хамт Египет рүү нисэх онгоцоор явахыг хүссэн байна.
Германчууд зөвшөөрсөн дүр үзүүлж, тэднийг Фюрстенфельдбрукийн агаарын бааз дээр отолтод оруулахаар төлөвлөжээ. Гэвч ажиллагаа маш олон алдаатай байв. Тухайн үед Баруун Германд барьцааны хүмүүсийг аврах тусгай антитеррорист баг байгаагүй бөгөөд снайперууд ч хангалттай бэлтгэлгүй байжээ. Хамгийн том алдаа нь террористуудын тоог буруу тооцсон явдал байв. Германы тал тав хүртэл хүн гэж үзэж байсан ч үнэндээ найман террорист байсан юм.
Террористууд нисэх онгоцонд очиход онгоц хоосон байгааг мэдэж, өөрсдийг нь хуурсныг ойлгожээ. Буудалцаан эхэлж, Германы снайперууд хэд хэдэн террористыг устгаж, шархдуулсан байна. Гэвч үлдсэн этгээдүүд хариу гал нээж, нэг Германы цагдаа амиа алджээ. Хуягт машинууд ирсний дараа террористууд барьцааны хүмүүсийг хөнөөхөөр шийдсэн байна. Тэд нисдэг тэргүүдийг тэсрэх бөмбөгөөр дэлбэлж, барьцаалагдсан израильчууд руу гал нээжээ. Эцэст нь 11 израиль хүн болон Германы нэг цагдаа амиа алдсан байна. Найман террористын тав нь нас барж, гурвыг нь баривчилжээ.
Халдлагын дараа олимпыг түр зогсоож, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол зохион байгуулсан байна. Гэвч баривчлагдсан гурван террорист удалгүй Германы шоронгоос суллагджээ. Үүний дараа Израилийн Ерөнхий сайд Голда Меирийн зөвшөөрлөөр “Бурханы уур хилэн” хэмээх нууц ажиллагаа эхэлсэн байна. Израилийн тусгай албаныхан Мюнхений халдлагыг зохион байгуулсан болон оролцсон хүмүүсийг олон жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт мөрдөн мөшгөжээ.
1972 оны халдлагаас хойш олимп болон бусад томоохон спортын тэмцээний хамгаалалт эрс өөрчлөгдсөн юм. Тусгай хүчнийхэн, снайперууд, тагнуулын байгууллагууд, хяналтын системүүдийг спортын арга хэмжээний аюулгүй байдалд өргөн ашиглах болжээ. Хожим улс орнууд тусгай антитеррорист нэгжүүд байгуулсан бөгөөд ЗХУ ч Москвагийн олимпын өмнө Улсын аюулгүй байдлын хорооны тусгай ажиллагааны “Альфа” бүлгийг байгуулсан байна. Мюнхений олимпын халдлага спортын ертөнцөд мартагдашгүй хар толбо үлдээсэн төдийгүй “олон улсын томоохон арга хэмжээ терроризмын бай болж болдог” гэсэн ойлголтыг дэлхий нийтэд суулгажээ.