"Cybercab" замд гарлаа

“Cybercab” нь уламжлалт автомашинаас нэлээд ялгаатай. Хоёр хүний суудалтай уг машинд жолооны хүрд, хурдасгуурын болон тоормосны педаль, мөн уламжлалт толь байхгүй. Машиныг хүн жолоодох бус, бүрэн автомат систем өөрөө удирдахаар бүтээгдсэн байна. Tesla Остинд Robotaxi үйлчилгээгээ эхлүүлж, хэрэглэгчид аппликейшнээр “Cybercab” дуудаж зорчих боломжтой болгожээ. Тус компани цаашид үйлчилгээгээ бусад хот, бүс нутагт аажмаар өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Харин NHTSA яагаад шалгаж эхлэв?

Гол асуудал нь Cybercab өөрөө биш, харин Tesla энэ машиныг хэрхэн аюулгүй байдлын шаардлагад нийцсэн гэж өөрөө баталгаажуулсан бэ гэдэгт оршиж байна. АНУ-д автомашин үйлдвэрлэгчид шинэ загвараа зах зээлд гаргахын өмнө NHTSA-гаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй. Үйлдвэрлэгч өөрөө холбооны аюулгүй байдлын стандартуудыг хангаж байгаа гэдгээ баталгаажуулдаг бөгөөд NHTSA дараа нь шаардлагатай тохиолдолд шалгалт хийдэг. NHTSA одоо Tesla-гийн ашигласан техникийн мэдээлэл, тооцоолол болон баталгаажуулалтын үйл явцыг шалгаж байна. Ялангуяа уламжлалт жолооны хүрд, педаль зэрэг эд анги шаарддаг зарим стандарт Cybercab-д хамаарахгүй гэж Tesla ямар үндэслэлээр үзсэнийг тогтоох юм.

Tesla-ийн том төлөвлөгөө

Tesla Cybercab-ыг зөвхөн таксины үйлчилгээний нэг хэсэг болгохоор хязгаарлахгүй, ирээдүйн гол бизнесийн чиглэлүүдийн нэг болгохыг зорьж байна. Илон Маск уг машиныг анх танилцуулахдаа $30,000-аас бага үнээр худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан. Компани мөн олон тооны Cybercab үйлдвэрлэж, роботаксины үйлчилгээг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ NHTSA-ийн шалгалт Tesla-ийн төлөвлөгөөнд тодорхойгүй байдал үүсгэж байна. Хэрэв Cybercab холбооны аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй гэж үзвэл зохицуулагчид цаашдын арга хэмжээ авах эрхтэй.

Роботаксины өрсөлдөөн шинэ шатанд орлоо

“Tesla” энэ салбарт ганцаараа биш. “Amazon”-ийн эзэмшдэг “Zoox” мөн жолооны хүрдгүй, зориулалтын роботаксигаа АНУ-д төлбөртэй үйлчилгээнд нэвтрүүлэх зөвшөөрөл авсан. Харин “Waymo” одоогоор уламжлалт автомашиныг автомат жолоодлогын системээр тоноглон роботакси болгон ашиглаж байна. Ингэснээр роботаксины өрсөлдөөн зөвхөн хэн хамгийн сайн өөрөө жолоодох технологи бүтээх вэ гэдгээр хязгаарлагдахаа больж, ийм автомашиныг одоо мөрдөж буй аюулгүй байдлын дүрэмд хэрхэн нийцүүлэх вэ гэсэн шинэ асуудалтай нүүр тулж байна. Tesla-ийн хувьд Cybercab-ыг замд гаргасан нь ирээдүйн тээврийн хэрэгслийн нэг том алхам байж болох ч NHTSA-ийн шалгалт энэ шинэ технологи хууль, аюулгүй байдлын шаардлагыг хэрхэн давахыг харуулах чухал сорилт болох нь.