АНУ-ын Defense Innovation Unit (DIU)-ийн “MagNav” хөтөлбөрийн хүрээнд “Embraer 170” онгоцоор туршилт хийсэн байна. Онгоц Сиэтлийн ойролцоох Пьюжет-Саунд орчмоос хөөрч, Аляскийн өмнөд хэсэг рүү нисээд буцаж иржээ. “MagNav” систем нь Дэлхийн соронзон орны маш өчүүхэн өөрчлөлтийг хэмждэг. Газрын царцдасын найрлага газар бүрт өөр байдаг тул соронзон орон ч мөн адил бага зэрэг ялгаатай байдаг бөгөөд эдгээр ялгаа нь тухайн газрын “соронзон хурууны хээ” болдог.
“MagNav” нь өндөр мэдрэмжтэй квант мэдрэгчүүдээр соронзон орны өөрчлөлтийг хэмжиж, авсан мэдээллээ урьдчилан бэлтгэсэн соронзон газрын зурагтай харьцуулдаг. Ингэснээр онгоц өөрийн байршлыг тооцоолж чадна. Энгийн луужин зөвхөн соронзон орны чиглэлийг заадаг бол энэ систем тухайн бүс нутгийн соронзон орны нарийн ялгааг хүртэл ашигладаг. Тиймээс шөнө, үүлтэй үед болон далай дээгүүр ч ажиллах боломжтой.
DIU-ийн мэдээлснээр туршилтын үеэр “MagNav” нь уламжлалт нөөц навигацийн системтэй харьцуулахад байрлал тогтоох нарийвчлалыг 89 хувиар сайжруулсан байна. Инерцийн навигацийн системүүд нислэгийн явцад бага хэмжээний алдаа хуримтлуулдаг. Харин “MagNav” соронзон орны мэдээллээр байрлалыг дахин тодорхойлж, энэ алдааны хуримтлалыг багасгах боломжтой. Түүнчлэн Дэлхийн соронзон орон нь хиймэл дагуулын дохио шиг амархан унтрааж, саатуулах боломжгүй тул навигацийн найдвартай нөөц болж чадна.
MagNav хөтөлбөр 2024 онд эхэлж, 72 компанийн саналаас “Honeywell Aerospace”-ийг прототип боловсруулахад сонгосон байна. Одоогоор уг системийг цаашид хөгжүүлж байгаа бөгөөд 2026 оны эцэс гэхэд АНУ-ын цэргийн “C-17 Globemaster III” тээврийн онгоцонд туршихаар төлөвлөжээ. Хэрэв туршилтууд амжилттай болбол Дэлхийн өөрийнх нь соронзон орон нь GPS-ийн доголдлын үед онгоцны байрлалыг тогтоох байгалийн навигацийн систем болж магадгүй юм.