Лондоны Финчли Роуд (“Finchley Road”)-ын 317 дугаарт байрлах Петра Хайтс нь 6-10 давхарын гурван блокоос бүрдэнэ. Барилгын гадна талд байрлах даацын чулуун каркас нь барилгын өөрийн жин болон салхины ачааллыг хүлээн авч, суурь руу дамжуулдаг. Иймээс өндөр барилгад түгээмэл ашигладаг бетон гол цөм, бетон багана болон ган арматурыг үндсэн даацын системд ашиглаагүй байна. Чулуу нь бүтцийн үүргээс гадна барилгын гадна өнгөлгөөний үүргийг давхар гүйцэтгэдэг тул тусдаа фасад хийх шаардлагагүй болжээ. Инженерийн багийн үзэж байгаагаар энэ нь чулууг зөвхөн өнгөлгөөний материал бус, өндөр барилгын үндсэн даацын бүтээц болгон ашигласан дэлхийн анхны жишээнүүдийн нэг юм.
Барилгын каркаст Сицилийн базальт болон Норвегийн ларвикит гэсэн хоёр төрлийн галт уулын чулуу ашиглажээ. Нийт 1000 гаруй тонн чулуугаар 572 багана болон дам нуруу хийсэн бөгөөд хамгийн урт чулуун эд анги нь 5 метр хүрдэг. Чулуун хэсгүүдийг ган холбоос, бэхэлгээ болон бага хэмжээний эпокси зуурмагаар холбосон байна. Доод давхруудад базальт, дээд хэсэгт ларвикит ашигласан бөгөөд хоёр өөр чулууг нэгэн жигд харагдуулахын тулд гадаргууг химийн аргаар боловсруулжээ. Ингэснээр чулууны найрлага дахь төмөр исэлдэж, барилга улаан хүрэн, зэвэн өнгөтэй болсон байна. Энэ өнгө нь орчмын уламжлалт улаан тоосгон барилгуудтай зохицож харагдах зорилготой байжээ.
Анх төслийг аль болох Их Британийн дотоодын чулуугаар барихаар төлөвлөсөн байна. Гэвч барилгын 5 метр хүртэл урт багана, дам нуруу хийхэд хангалттай хэмжээтэй, бат бөх чулуу олборлодог карьер олоход хүндрэлтэй байжээ. Ингээд Сицилийн базальтыг сонгож, Италийн Ателье Ромео (“Ateliers Romeo”) компанийн чулуун урчууд компьютерийн удирдлагатай алмаазан утсан хөрөөгөөр шаардлагатай хэмжээгээр нь зүссэн байна. Цар тахлын үеэр барилгын ажил удааширч, Сицилийн карьер том хэмжээтэй чулуу нийлүүлэхэд хүндрэлтэй болсон тул төслийн баг Норвегийн Лундс (“Lundhs”) карьераас ларвикит авч эхэлжээ.
Групворк (“Groupwork”) болон Уэбб Ятс (“Webb Yates”) компаниуд сүүлийн 15 жилийн турш чулууг ган, бетоны нүүрстөрөгч багатай хувилбар болгон ашиглах боломжийг судалж байгаа юм. Тэдний тооцоолсноор тухайн орон нутагт олборлосон чулууг ашиглаж, тээвэрлэлтийг багасгавал барилгын үндсэн бүтцийн нүүрстөрөгчийн ул мөрийг маш их хэмжээгээр бууруулах боломжтой. Петра Хайтсийн хувьд бетон суурь болон давхар хоорондын хавтанг ашигласан хэвээр байгаа ч ижил хэмжээний төмөр бетон барилгатай харьцуулахад материал болон барилгын ажлаас үүсэх нүүрстөрөгчийн ул мөр ойролцоогоор 32 хувиар бага гэж төслийн баг мэдээлжээ. Хэрэв анх төлөвлөж байсан чулуу, мод хосолсон шалны системийг ашигласан бол энэ үзүүлэлтийг 75 хувьд хүргэх боломжтой байжээ.
Петра Хайтсийн хамгийн өндөр блок 10 давхар буюу ойролцоогоор 30 метр өндөр. Гэхдээ инженерүүд энэхүү даацын чулуун каркасын системийг цаашид 30 давхар барилгад ашиглах боломжтой гэж үзэж байна. Тэдний өмнөх судалгаагаар чулуун каркастай өндөр барилга нь ган каркастай ижил төрлийн барилгатай харьцуулахад нүүрстөрөгчийн ялгарлыг 80 хүртэл хувиар бууруулах боломжтой байжээ. Төслийн инженер Стив Уэбб (“Steve Webb”) Петра Хайтсийг эцсийн шийдэл бус, илүү өндөр чулуун барилга барихад чиглэсэн туршилтын нэг шат гэж тайлбарласан байна.
Петра Хайтс нь нийт 22 орон сууцтай бөгөөд доод давхарт шилэн фасадтай дэлгүүр байрладаг. Барилгын талбай нь төмөр замын буудал болон зургаан эгнээтэй, хөдөлгөөн ихтэй Финчли Роуд (“Finchley Road”)-ын хооронд байрладаг тул гурван тусдаа блок болгон төлөвлөжээ. Мөн барилгын дээд давхруудыг шаталж ухраасан нь ойролцоох хамгаалалтын бүсээс харахад барилгын нийт эзлэх массыг багасгах зорилготой. Хоёр намхан блокийн дээвэр дээр цэцэрлэг байгуулж, тэдгээрт хөнгөн ган явган гүүрээр хүрэхээр шийдсэн байна.
Барилгын бас нэг сонирхолтой шийдэл нь угсармал чулуун лифтний хонгил юм. Урьдчилан бэлтгэсэн чулуун модулиудыг талбай дээр давхарлан байрлуулж, лифтний хонгилыг ердөө нэг хоног хагасын дотор угсарч дуусгажээ. Мөн инженерийн шугам сүлжээг байрлуулах зориулалттай босоо хэсгийг 2400 ширхэг чулуун тоосгоор барьсан байна. Энэ нь чулуугаар барилга барих ажлыг зөвхөн өндөр ур чадвартай уламжлалт чулуун урчуудаас хамааралгүйгээр, орчин үеийн угсралтын технологитой хослуулах боломжтойг харуулжээ.
Групворк (“Groupwork”) болон Уэбб Ятс (“Webb Yates”) нарын хувьд Петра Хайтс нь ганц барилгын төсөл биш, ирээдүйн өндөр болон дунд давхарын барилгуудыг илүү бага нүүрстөрөгчтэйгээр барих боломжийг харуулсан туршилт юм. Тэд цаашдын төслүүддээ бетон болон гангийн хэрэглээг бүр ч их бууруулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Лондоны Хакни (“Hackney”) дүүрэгт хэрэгжүүлэх дараагийн төсөлд бетоныг бараг бүрэн халж, чулуун суурь болон чулуу-мод хосолсон шалны систем ашиглан нүүрстөрөгчийн сөрөг барилга байгуулах зорилт тавьжээ.
Петра Хайтсийн гол санаа нь энгийн: чулууг зөвхөн барилгын гадна өнгөлгөө бус, харин барилгыг өөрийг нь даах үндсэн бүтээц болгон ашиглаж болно. Энэ шийдэл цаашид өндөр барилгын архитектурт хэр өргөн нэвтрэх нь анхаарал татах шинэ туршилт болж байна.