Одри Мэнсон 1891 онд ядуу гэр бүлд төрсөн. Түүний амьдрал 15 настайдаа эрс өөрчлөгджээ. Бродвейгээр явж байсан өсвөр насны охиныг нэр хүндтэй гэрэл зурагчин олж харснаар загварын карьер нь эхэлсэн байна. Удалгүй Одригийн царай, биеийн галбир тухайн үеийн уран бүтээлчдийн анхаарлыг татаж, тэрээр зураг, уран баримлын хамгийн эрэлттэй моделийн нэг болов. Түүний дүр төрхийг Нью-Йоркийн олон нийтийн барилга, хөшөө дурсгал, уран зурагт ашиглаж байлаа. Олсон мөнгө нь ч тухайн үедээ хангалттай их байсан ч Одри хөрөнгөө хадгалж чадалгүй үрэн таран хийдэг байв.
Одригийн амьдралын хар үе 1919 онд эхэлжээ. Тэр үед Одри байр хөлслөн амьдарч байсан бөгөөд байрны эзэн доктор Уолтер Уилкинс түүнд дурласан байна. Гэвч Одри түүнтэй гэрлэхийг зөвшөөрөөгүй аж. Удалгүй Уилкинс эхнэрээ хөнөөсөн хэрэгт баригдав. Тэрээр Одритой гэрлэхийн тулд эхнэрээ алсан нь тогтоогдож, цаазаар авах ял сонсон цахилгаан сандалд цаазлуулжээ. Одри уг хэрэгт ямар ч холбоогүй байсан ч олон нийт түүнийг буруугаар харж эхэлсэн байна.
Тухайн үеийн нийгэм маш хатуу ёс суртахуунтай байсан тул Одригийн нэрийг шуугиантай хэрэгтэй холбон ярих болжээ. Урьд нь түүнд ажил санал болгодог байсан хүмүүс хүртэл нүүр буруулсан байна. Ингээд нэгэн цагт уран бүтээлчдийн хамгийн их хүсдэг модель байсан эмэгтэй амьдралаа залгуулахын тулд аяга таваг угаах ажил хүртэл хийж байв. Алдар нэр нь хэдхэн жилийн дотор ор мөргүй алга болж, Одри улам бүр ганцаарджээ.
Амьдралын хүнд нөхцөл, ганцаардал, олон нийтийн дарамт Одригийн сэтгэл санаанд хүндээр нөлөөлсөн байна. Тэрээр амиа хорлохыг завдсан ч амьд үлджээ. Үүний дараа Одри сэтгэцийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хожим нь тэндээсээ дахин гарсангүй. Тэрээр амьдралынхаа үлдсэн олон арван жилийг эмнэлэгт өнгөрүүлжээ. 104 насалсан түүний 65 жил нь сэтгэцийн эмнэлэгт өнгөрсөн гэх нь түүний хувь заяа ямар эмгэнэлтэй байсныг харуулдаг.
Одригийн амьдралын хамгийн гунигтай мөчүүдийн нэг нь түүний аавтай холбоотой. Олон жилийн дараа аав нь эмнэлэгт түүн дээр очсон боловч Одри түүнийг таньсангүй. Дэлхийн анхны супермоделийн нэг байсан, мянга мянган хүний нүдэнд төгс гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болж байсан эмэгтэй амьдралынхаа төгсгөлд бараг бүх дэлхийгээс тасарчээ. Одри Мэнсон 1996 онд 104 насандаа нас барсан бөгөөд эцгийнхээ хамт нэг булшинд оршуулсан байна.