Энэ системийн ажиллах зарчим харьцангуй энгийн. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ багатай үед сүлжээнд илүүдэл цахилгаан бий болно. Тэр эрчим хүчээр хүчирхэг компрессоруудыг ажиллуулж, агаарыг маш өндөр даралтаар шахна. Дараа нь шахсан агаарыг газрын гүнд байрлах давсан агуйд хадгалдаг. Тус систем агаарыг атмосферийн даралтаас 130 гаруй дахин өндөр даралттай болгож шахна. Өөрөөр хэлбэл, газрын гүнд асар их хэмжээний “дарагдсан агаарын нөөц” бий болгодог гэсэн үг. Харин цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгддэг оргил цагт хадгалсан агаарыг буцаан гаргана. Өндөр даралттай агаар турбин руу орж, турбиныг эргүүлснээр дахин цахилгаан үйлдвэрлэнэ. Ингээд харахад газрын гүнд байгаа агуй нь үнэндээ асар том аккумуляторын үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг юм.
Гэхдээ системийн хамгийн сонирхолтой хэсэг нь зөвхөн давсан агуй биш. Агаар шахагдах үед маш их хэмжээний дулаан ялгардаг. Хэрэв энэ дулааныг зүгээр л алдаад байвал системийн үр ашиг буурна. Тиймээс Хятадын уг байгууламжид 16 том бөмбөлөг хэлбэрийн усан сан байгуулжээ. Нэг сав нь 3500 шоо метр ус багтаах бөгөөд нийт багтаамж нь 56 мянган шоо метр хүрнэ. Энэ нь ойролцоогоор 22 стандарт усан бассейны хэмжээтэй тэнцэх хэмжээний ус гэсэн үг. Агаар шахагдах үед ялгарсан дулааныг усан сангууд хадгална. Цахилгаан үйлдвэрлэх шаардлагатай болох үед уг дулааныг ашиглан шахсан агаарыг дахин халаана. Ингэснээр халсан, өндөр даралттай агаар турбин руу орж, илүү үр ашигтайгаар цахилгаан үйлдвэрлэх боломжтой болдог.
Энд бас нэг сонирхолтой технологи бий. Давсан агуйг байгалиас бэлэн олсон зүйл биш. Газрын гүнд орших давсны давхаргыг уусган олборлох замаар ийм аварга том хөндий бий болгодог. Давсны давхарга руу цэвэр ус шахахад ус давсыг уусгана. Үүссэн давстай усыг буюу рассолыг газрын гадарга руу шахаж гаргана. Ингэсээр олон жилийн туршид газрын гүнд асар том хоосон орон зай бий болдог. Хамгийн чухал нь чулуун давс нь маш нягт бүтэцтэй учраас хий нэвтрүүлэх чадвар багатай. Тиймээс өндөр даралттай агаарыг газрын гүнд хадгалахад тохиромжтой.
Нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл цаг үргэлж тогтмол байдаггүй. Нар сайн тусах үед нарны цахилгаан станцууд маш их цахилгаан үйлдвэрлэж болно. Салхи хүчтэй үед салхин турбинууд мөн адил их эрчим хүч гаргана. Харин эрэлт бага байвал үйлдвэрлэсэн цахилгааны нэг хэсэг нь илүүдэж болдог. Энэ үед илүүдэл цахилгааныг ашиглан агаарыг шахаж, газрын гүнд хадгална. Харин орой хүмүүс гэрэл, цахилгаан хэрэгслээ олноор ашиглаж, эрчим хүчний хэрэглээ өсөх үед хадгалсан агаараа гаргаж цахилгаан үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл:
илүүдэл цахилгаан → агаарыг шахна → газрын гүнд хадгална → хэрэгцээ өсөхөд агаарыг гаргана → цахилгаан үйлдвэрлэнэ.
Энэ технологи нь их хэмжээний эрчим хүчийг удаан хугацаанд хадгалах боломжтой бөгөөд нүүрс, хий шатаах шаардлагагүй. Илүүдэл цахилгааныг ашиглан агаарыг газрын гүнд өндөр даралтаар хадгалж, хэрэгцээ нэмэгдэх үед буцаан цахилгаан болгон хувиргана. Өөрөөр хэлбэл, давсан агуйг асар том “далд аккумулятор” болгон ашиглаж байгаа юм.