Долгион бүрийг цахилгаан үйлдвэрлэхэд ашиглана

Судлаачдын санал болгож буй системд далайн ёроолд бэхэлсэн тусгай хөвөгч төхөөрөмжүүд буюу буйнууд ашиглана. Давалгаа ирэх үед буй дээш өргөгдөж, дараа нь буцаж доошилно. Энэ тасралтгүй дээш, доош хөдөлгөөн нь генераторыг ажиллуулж, улмаар цахилгаан эрчим хүч үүсгэнэ. Зарим буй нь хэд хэдэн давхар байшинтай дүйцэхүйц өндөртэй байж болох бөгөөд нэг төхөөрөмж нь хэдэн зуун айлыг цахилгаанаар хангах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж судлаачид тооцоолжээ.

100 хүртэлх хөвөгч төхөөрөмжийг нэг дор ажиллуулна

Судалгаанд 50–100 хөвөгч төхөөрөмжөөс бүрдэх том хэмжээний долгионы цахилгаан станцыг загварчилсан байна. Гэхдээ энд нэг сонирхолтой асуудал гарчээ. Олон буй нэг дор ажиллах үед тэд далайн долгионд өөрсдөө нөлөөлдөг. Эгнээний урд байрлах буйнууд долгионы энергийг шингээснээр ард байрлах буйнуудад хүрэх долгион өмнөхөөсөө сул болдог. Өөрөөр хэлбэл системийн эхэнд байгаа төхөөрөмжүүд хүчтэй долгионтой тулгарч байхад арын хэсгийн төхөөрөмжүүд илүү сул долгион хүлээж авна.

Буй бүрийг долгионы хэмнэлд тохируулна

Эрдэмтэд энэ асуудлыг шийдэхийн тулд буй бүрийн резонансын давтамж болон генераторын эсэргүүцлийг тус тусад нь тохируулах аргыг ашиглажээ.Өөрөөр хэлбэл бүх буйг яг адилхан ажиллуулахын оронд байрлал бүрт нь тохирсон горимоор ажиллуулна. Загварчлалын үр дүнд энэ арга нь долгионы давтамж өөрчлөгдсөн ч өндөр үр ашигтай хэвээр байжээ. Мөн долгион өөр өөр чиглэлээс ирэхэд системийн үр ашигт үзүүлэх нөлөө харьцангуй бага байсан байна.

Далайн давалгаа замдаа хүчээ алдана

Судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь энэ юм. Долгионууд буйнуудын хэд хэдэн эгнээгээр дамжин өнгөрөхдөө энергиэ аажмаар алдаж, системийн төгсгөлд хүрэх үед хүчтэй давалгаа биш, бараг л зөөлөн жирэлзээ болсон байна. Ингэснээр нэг талаас их хэмжээний цахилгаан үйлдвэрлэх боломжтой бөгөөд нөгөө талаас далайн давалгааны энергийг эрэгт хүрэхээс нь өмнө тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой аж.

Технологийн хамгийн том сорилт нь өртөг

Далай бол асар их, тасралтгүй хөдөлгөөнтэй энергийн эх үүсвэр. Гэхдээ ийм системийг бодит далайд байгуулах нь одоогоор хямд биш. Тоног төхөөрөмжийг далайд суурилуулах, засвар үйлчилгээ хийх, хүчтэй шуурга болон давалгаанд тэсвэртэй байлгах зэрэг нь өндөр зардал шаарддаг. Тиймээс судлаачдын үзэж байгаагаар долгионы цахилгаан станцууд ирээдүйд нар болон салхины эрчим хүчтэй өрсөлдөх эсэх нь технологийн хөгжил, тоног төхөөрөмжийн үнэ болон ашиглалтын зардлаас ихээхэн шалтгаална.