Анхны хуримын шөнө

1950-иад онд эмэгтэйчүүдийн хувьд сексийг ичмээр, эвгүй сэдэв гэж хүлээн авах нь түгээмэл байжээ. Тиймээс доктор Клиффорд Адамс тухайн үеийн “Modern Bride” сэтгүүлд шинэхэн сүйт бүсгүйчүүдэд анхны хуримын шөнөдөө урьдчилан бэлдэхийг зөвлөсөн байна. Түүний зөвлөгөөгөөр нөхөр нь эхнэртээ хувцсаа солих, орондоо орох зэрэгт нь цаг гаргаж өгөхийн тулд хэсэг хугацаанд өрөөнөөс гарах хэрэгтэй байжээ. Жишээлбэл, 15–20 минутын турш өөр ажилтай мэт болж, эхнэрээ тайван бэлдэх боломж олгохыг санал болгосон байна.

Хувцсаа хэрхэн тайлах хүртэл заадаг байв

Тухайн үед эмэгтэй хүн нөхрийнхөө өмнө хэрхэн хувцсаа тайлах хүртэл “сурах ёстой зүйл” гэж үздэг байжээ. Нью-Йоркт бүр “Аллен Гилбертийн хувцас тайлах сургууль” нэртэй тусгай сургууль ажиллаж байсан гэх мэдээлэл байдаг. Тэнд эмэгтэйчүүдэд хэрхэн хувцсаа тайлах, өөрийгөө хэрхэн зөв авч явах талаар заадаг байжээ. Тухайн үеийн гэрэл зургууд дээр сургуулийн багш Конни Фонцлау буруу арга, харин бурлескийн жүжигчин Жун Сент Клэр зөв арга гэж үзсэн хувилбарыг үзүүлсэн байдаг.

Өнгөрсөн үеийн “төгс эхнэр”-үүдэд өгдөг байсан сонирхолтой зөвлөгөө Секси бай, гэхдээ хэтрүүлж болохгүй

Тухайн үеийн зөвлөгөөнд эмэгтэй хүн нөхрөө татахуйц дур булаам байх ёстой ч хэтэрхий бэлгийн идэвхтэй байж болохгүй гэж үздэг байжээ. 1930-аад оны сэтгэлзүйч доктор Робинсон хэт их секс сонирхдог эмэгтэйг “сексуал вампир” хэмээн нэрлэж, эрэгтэй хүний эрч хүчийг “сордог” гэж тайлбарласан байна. Харин сексийг төдийлөн сонирхдоггүй эмэгтэйчүүдэд ч энэ тухайгаа нөхөртөө хэлэхгүй байхыг зөвлөдөг байжээ. Учир нь тухайн үеийн ойлголтоор эрэгтэй хүн эхнэр нь сексээс таашаал авч байгаа эсэхийг тэр бүр мэдэх боломжгүй гэж үздэг байсан байна.

Яагаад ягаан дотуур хувцас чухал байсан бэ?

Тухайн үеийн “дур булаам эмэгтэй”-н дүр төрхөд гоёмсог дотуур хувцас чухал байр суурь эзэлдэг байжээ. Ялангуяа ягаан өнгөтэй, эмжээр болон хуниастай дотуур хувцас эрчүүдэд таалагддаг гэж сурталчилдаг байсан байна. Мөн эмэгтэй хүн өөрийн боломжийн хэрээр хамгийн чанартай дотуур хувцас сонгож, нөхрөө баярлуулах хэрэгтэй хэмээн зөвлөдөг байжээ.

Сексийн боловсрол аль хэдийн эхэлсэн байв

Гэхдээ сексийн талаар огт ярьдаггүй байсан гэж ойлгож болохгүй. 1934 онд “Sex Harmony and Eugenics” буюу “Сексийн зохицол ба евгеник” нэртэй ном хэвлэгдсэн бөгөөд гэрлэсэн хосуудад зориулсан сексийн талаархи нэг төрлийн гарын авлага болж байжээ. Мөн тэр үед ээжүүдийг охиддоо бэлгийн харилцааны талаар зөв мэдээлэл өгөхийг уриалдаг байв. Нэгэн плакат дээр: «Охиноо бүү хуур! Түүнд дотно харилцааны талаарх эдгээр баримтыг заавал хэл!» хэмээн бичсэн байдаг.

“Араар тавьсан уу? Март!”

Өнгөрсөн үеийн хамгийн маргаантай зөвлөгөөнүүдийн нэг нь гэр бүлийн үнэнч байдал байжээ. Эмэгтэйчүүдийг нөхрийнхөө араар тавилтыг уучлаад зогсохгүй, бүр мэдээгүй мэт дүр эсгэж, түүнийг эвгүй байдалд оруулахгүй байхыг зөвлөдөг байсан байна. Тухайн үеийн сэтгэлзүйн зөвлөгөөнд “Нэг удаагийн араар тавилт нь тэр чамайг хайрлахаа больсон гэсэн үг биш. Тэр чамайг урьдын адил, бүр илүү хайрладаг ч байж болно” хэмээн тайлбарладаг байжээ.