Урсгал мэт зөөлөн шугамтай “Unique Circle”

Заха Хадидын бүтээсэн “Unique Circle” төсөл нь тус бүр 90 метрийн урттай таван супер яхтаас бүрдэнэ. Урсгал мэт зөөлөн хэлбэртэй, өвөрмөц загвар нь далайн амьтны араг ясыг санагдуулдаг бөгөөд инженерчлэл, уран сайхны шийдлийг хослуулжээ.

192 метрийн “Double Century”

“Double Century” төсөл нь 192 метрийн урттай, есөн тавцантай асар том мегаяхт байхаар төлөвлөгджээ. Төслийг дизайнер Кристофер Сеймур боловсруулсан бөгөөд тухайн үеийн мэдээллээр ойролцоогоор 770 сая ам.долларын өртөгтэй байхаар тооцоолж байв. Төлөвлөгөөнд:

  • 8 лифт
  • 100 хүртэлх багийн гишүүн
  • 126 хүний суудалтай кино театр
  • бүжгийн талбай
  • олон төрлийн тансаг амралтын хэсэг зэрэг багтжээ. Захиалагчийн хүсэлтээр онгоцны уртыг бүр 225 метр хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж төлөвлөсөн байна.
Сансрын хөлөг шиг “Adastra”

“Adastra” нэр нь латинаар “одод руу” гэсэн утгатай. Энэхүү 42 метрийн урттай тримаран нь уламжлалт хөлөг онгоцноос илүүтэй ирээдүйн сансрын хөлөг шиг харагддаг. Загварыг Британийн дизайнер Жон Шаттлворт болон түүний баг боловсруулж, бүтээхэд гурван жил зарцуулжээ. Уг хөлөг онгоц ойролцоогоор 15 сая ам.долларын үнээр бүтээгдсэн байна. Түүний бас нэг сонирхолтой онцлог нь алсаас удирдах боломжтой систем юм. Тусгай төхөөрөмжөөр дамжуулан iPad ашиглан ойролцоогоор 50 метрийн зайнаас зарим үйлдлийг удирдах боломжтой байжээ.

Өргөждөг тавцантай “Yacht Cruiser”

Британийн дизайнер Фил Поли болон түүний баг аялалын хөлөг онгоцны хэд хэдэн футурист загвар боловсруулсан байна. Тэдгээрийн нэг болох “Yacht Cruiser” нь олон зочинтой үдэшлэг зохион байгуулах үед тавцангийн талбайг нэмэгдүүлэх боломжтойгоор төлөвлөгджээ. Ингэснээр усан дээрх асар том, нэг түвшний задгай талбай бий болох юм.

Усны дээгүүр нисэх "Flying Cruiser"

Pauley-ийн хамгийн ер бусын санаануудын нэг нь “Flying Cruiser” юм. Энэхүү футурист онгоц их биеэс далавч шиг бүтэц гарч ирэн хэлбэрээ өөрчлөхөөр төлөвлөгдсөн. Төслийн зохион бүтээгчийн тайлбарласнаар энэхүү “нисдэг яхт” нь усны гадаргуу дээгүүр 160 км/цаг гаруй хурдтай давхих боломжтой байхаар төсөөлөгджээ.

Усны доорх ертөнцийг харах “Trilobis 65”

2001 онд Италийн “Giancarlo Zema Design Group” футурист “Trilobis 65” онгоцны төслийг танилцуулжээ. Дөрвөн тавцантай энэхүү загварын хамгийн сонирхолтой хэсэг нь усан доорх ажиглалтын танхим юм. Доод түвшинд байрлах хэсгээс далайн гүнд амьдардаг амьтад болон усан доорх ертөнцийг шууд ажиглах боломжтой байхаар төлөвлөсөн байна. Төслийг хэрэгжүүлэхэд тухайн үед ойролцоогоор 4 сая ам.доллар шаардлагатай гэж тооцоолж байжээ. Мөн уг төсөлд жижиг хэмжээний шумбагч төхөөрөмж ашиглах санаа багтсан байна.