Өнөөдөр сошиал сүлжээ бидэнд бүх нийтлэлийг дарааллаар нь харуулдаггүй. Тусгай алгоритмууд хэрэглэгч бүрийн сонирхол, үйлдэлд тулгуурлан мэдээллийг сонгодог. Та ямар пост дээр удаан зогссон, юуг дуустал нь уншсан эсвэл үзсэн, ямар нийтлэлд лайк дарсан, ямар сэтгэгдлийг нээсэн зэргийг алгоритм харгалзан үздэг. Харин маргаан, зөрчил, шударга бус байдлын тухай нийтлэлүүд хүмүүсийн анхаарлыг илүү хүчтэй татах тохиолдол байдаг. Тиймээс ийм контент дээр хүмүүс илүү их сэтгэгдэл бичиж, хуваалцаж, удаан хугацаагаар анхаардаг. Үүний үр дүнд ижил төрлийн мэдээлэл дахин дахин бидний лентэд гарч ирэх боломжтой.
“Threads” зэрэг нээлттэй платформ дээр хүмүүс ажил, худалдаа, хувийн амьдралынхаа талаар бичихээс гадна нийгмийн асуудлыг идэвхтэй хэлэлцдэг. Хөдөлмөрийн маргаан, байгууллагатай холбоотой гомдол, хэл, шашин зэрэг эмзэг сэдвийн талаархи нийтлэлүүд богино хугацаанд олон хүнд хүрэх боломжтой. Нөгөө талаас ийм нээлттэй байдал эерэг үр дүн ч авчирч болно. Олон нийтийн анхааралд орсноор байгууллага, ажил олгогч эсвэл төрийн байгууллага бодит асуудалд анхаарлаа хандуулах тохиолдол бий. Гэхдээ мэдээллийн орчин байнга гомдол, маргаан, буруутгалын урсгал болж хувирах нь хэрэглэгчдэд өөрөөр нөлөөлж болно.
Өдөр бүр залилан, зөрчил, шударга бус явдлын тухай уншвал бидний эргэн тойрон дахь амьдрал яг л ийм зүйлсээр дүүрэн мэт санагдаж эхэлж болно. Гэвч сошиалын мэдээлэл бол нийгмийн бүрэн дүр зураг биш. Тухайлбал, олон нийтийн сүлжээн дэх нэг маргаан хэдэн зуун мянган хүнд хүрсэн байлаа ч энэ нь тухайн асуудлыг нийт нийгэм тэр хэмжээгээр дэмжиж, эсвэл эсэргүүцэж байна гэсэн үг биш. Мөн мэргэжилтнүүд бот болон нэрээ нууцалсан аккаунтуудын идэвхийг анхаарахыг зөвлөдөг. Эдгээр аккаунтууд эмзэг сэдвийн хэлэлцүүлэгт оролцож, маргааныг улам өргөжүүлэх боломжтой. Ингээд бодит хэрэглэгчид уг ярианд нэгдэж, маргаан богино хугацаанд асар олон хүнд хүрч болно.
Сошиал сүлжээний хэт хэрэглээ нь зарим хүмүүст түгшүүр, стресс, сэтгэл санааны ядаргаа үүсгэхтэй холбоотой байж болно. Бид амрахын тулд сошиалд орсон ч бусдын уур бухимдал, маргаан, айдас зэрэг сөрөг эмоцийг өөртөө тээж гарах тохиолдол бий. Гэхдээ хүн бүр мэдээллийг адилхан хүлээж авдаггүй бөгөөд сошиал ашигладаг хүн бүрт сэтгэлзүйн асуудал үүснэ гэж үзэх боломжгүй.
Бид юу идэж байгаагаа анхаарч, ямар хүнсийг хэтрүүлж болохгүйг мэддэг. Харин өдөрт хэдэн цагийн турш хэрэглэж буй мэдээлэлдээ тэр бүр ийм хяналт тавьдаггүй. Гэтэл мэдээлэл ч мөн адил бидний өдөр тутмын “хоолны дэглэм”-ийн нэг хэсэг болжээ. Тиймээс сошиал сүлжээг бүрэн орхих шаардлагагүй ч өөрийн мэдээллийн орчноо ухамсартайгаар сонгох нь чухал. Зөвхөн онлайнд хэр их цаг зарцуулж байгаагаа бус, юу уншиж, үзэж байгаа болон үүний дараа өөрийгөө хэрхэн мэдэрч байгаагаа анзаарах хэрэгтэй. Эцэст нь утсаа гартаа авахдаа “Би өнөөдөр сошиалд хэр удаан байсан бэ?” гэж асуухаас гадна “Би өнөөдөр тэнд юу уншсан бэ, тэр нь надад хэрхэн нөлөөлөв?” гэж өөрөөсөө асууж болох юм.