Агааржуулагч өөрөө өвчин үүсгэдэггүй ч буруу хэрэглэвэл асуудал дагуулж болно

АНУ-ын Лоуренс Берклигийн үндэсний лабораторийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар агааржуулагч өөрөө шууд өвчин үүсгэдэггүй бөгөөд хамгийн гол нь түүнийг хэрхэн ашиглаж байгаагаас эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь шалтгаалдаг байна. Өрөөг хэт хүйтэн болгох, хүйтэн агаарыг биед шууд үлээлгэх, агаар хэт хуурайших зэрэг нь хамар, хоолой, нүдний салстыг цочроож, бие тавгүйрхэхэд хүргэж болно. Мөн агааржуулагчийн шүүлтүүрийг удаан хугацаанд цэвэрлэхгүй бол тоос, бохирдуулагч болон харшил үүсгэгч бодис хуримтлагдаж, өрөөний агаарын чанарт сөргөөр нөлөөлөх боломжтой. Ийм орчинд удаан хугацаагаар ажилладаг хүмүүс толгой өвдөх, хоолой хуурайших, ханиалгах, нүд цочрох, амьсгалахад тавгүй болох зэрэг шинж тэмдэг мэдрэх тохиолдол байдаг.

Агааржуулагчтай орчинд ажилладаг хүмүүс яагаад бие тавгүйрдэг вэ?

Судлаачдын мэдээлснээр агааржуулагчтай оффисын барилгад ажилладаг хүмүүс байгалийн агааржуулалттай орчинд ажилладаг хүмүүстэй харьцуулахад бие тавгүйрхэх шинж тэмдгийг илүү олон мэдээлсэн байна. Үүнийг “өвчтэй барилгын синдром” буюу тодорхой нэг барилга, өрөөнд удаан байх үед илэрдэг зовиуртай холбон тайлбарладаг. Энэ үед нүд хорсох, хоолой хуурайших, ханиалгах, толгой өвдөх, амьсгалын зам цочрох зэрэг шинж тэмдэг илэрч болох бөгөөд зарим тохиолдолд доторх агаарын чанар, чийгшил болон агааржуулалтын системтэй холбоотой байдаг. Мөн өрөөний температур хэт өндөр эсвэл хэт бага байх нь хүний ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж болох бөгөөд судлаачид ойролцоогоор 21.6 хэмийн орчныг ажиллахад тохиромжтой температурын нэг гэж дурдсан байна.

Агааржуулагчийг зөв ашиглавал эрүүл мэндэд тустай

Агааржуулагч зөв ажиллаж, тогтмол арчилгаа хийдэг тохиолдолд зөвхөн сэрүүцүүлэхээс гадна өрөөний агаарын чанарыг сайжруулахад тодорхой хэмжээгээр тусалдаг. Түүний шүүлтүүр нь агаарт байгаа зарим тоосонцор, бохирдуулагчийг барьж, хүний амьсгалах агаарыг цэвэршүүлэх боломжтой. Мөн халуун орчинд агааржуулагч ашиглах нь зүрх судасны өвчинтэй холбоотой нас баралт болон эмнэлэгт хэвтэх эрсдэлийг бууруулахтай холбоотой байж болохыг судалгаагаар тогтоосон байна.

Агааржуулагч буюу "кондишн" хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу?