Белладонна — нүдийг том, гялалзсан харагдуулахын тулд

Белладонна буюу “Atropa belladonna” нь бүхэлдээ хортой ургамал. Эрт үеэс хүмүүс энэ ургамлын шүүс мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг болохыг мэддэг байжээ. Гэсэн ч эмэгтэйчүүд белладоннагийн шүүсийг нүдэндээ дусааж, хүүхэн хараагаа томруулан нүдийг илүү гялалзсан, дур булаам харагдуулахыг оролддог байсан байна. Ингэснээр нүд хэсэг хугацаанд томорч харагдах боловч хүүхэн хараа удаан хугацаанд тэлсэн хэвээр байх, хараа бүрэлзэх зэрэг сөрөг нөлөө үзүүлж байжээ. Давтан хэрэглэвэл хараанд ноцтой гэмтэл учруулах аюултай.

Хүнцэл— цайвар арьс, жин нэмэхийн тулд

19-р зуунд хүнцэл агуулсан зарим эм, бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг байв. Тухайн үед түүний хоруу чанарыг өнөөгийнх шиг сайн ойлгодоггүй байжээ. Зарим бүтээгдэхүүнийг арьсны өнгийг жигд болгох, царайг илүү эрүүл харагдуулах зэрэг зорилгоор сурталчилж байсан бөгөөд бүр жин нэмэхтэй холбоотой хэрэглээ ч байв. Гэвч мышьяк нь хүний биед хуримтлагдаж, мэдрэл, хоол боловсруулах тогтолцоо болон бусад эрхтнийг гэмтээдэг хүчтэй хор юм. Иймээс гоо сайхны зорилгоор хэрэглэх нь маш ноцтой эрсдэлтэй байжээ.

Мөнгөн ус — батга, сэвхний эсрэг

Өнгөрсөн үед батга, арьсны үрэвсэл, сэвх зэрэг асуудлыг эмчлэхийн тулд мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан тос, түрхлэг хэрэглэдэг байжээ. Мөнгөн усны зарим нэгдэл арьсны тодорхой асуудлыг түр хугацаанд багасгаж болох ч бие махбодод шингэснээр мэдрэлийн систем болон бөөр зэрэг эрхтэнд хортой нөлөө үзүүлдэг. Хамгийн аюултай нь мөнгөн усны хордлого аажмаар явагддаг тул хүн эхэндээ асуудлыг анзаарахгүй байх тохиолдолтой. Удаан хугацааны хордлого нь мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт, бөөрний гэмтэл зэрэг ноцтой үр дагаварт хүргэж болно.

Хар тугалга — “шаазан” мэт цагаан арьсны төлөө

Цайвар, бараг цагаан арьс олон зуун жилийн турш дээдсийн гоо сайхны бэлгэдэл байжээ. Үүний тулд эмэгтэйчүүд хар тугалга агуулсан цагаан будаг буюу пудрыг нүүрэндээ түрхдэг байсан байна. Энэ бүтээгдэхүүн арьсыг үнэхээр цайруулж, жигд харагдуулдаг байв. Гэвч үүний цаана хар тугалгын хордлогын аюул нуугдаж байжээ. Хар тугалга хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн систем, цус төлжилт болон бусад эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс “шаазан мэт цагаан” төрхийг бий болгох гэсэн оролдлого эрүүл мэндэд өндөр үнээр тусдаг байв.

Радий — “цацраг идэвхт” гоо сайхны бүтээгдэхүүн

1930-аад онд Францад ""Tho-Radia" нэртэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч, тухайн үедээ ихээхэн алдартай болсон байна. Тус бүтээгдэхүүний нэр, сурталчилгаанд радий болон торийн нэгдлүүдтэй холбоотой санааг ашиглаж, арьсны өнгийг сайжруулах, нүхжилтийг багасгах, батга болон пигментацийг арилгах зэрэг олон давуу тал амлаж байжээ. Гэвч радий нь цацраг идэвхт бодис бөгөөд хүний биед маш аюултай. Тухайн үед цацраг идэвхт бодисын урт хугацааны эрсдэлийг өнөөгийн хэмжээнд ойлгож байгаагүй нь ийм бүтээгдэхүүнүүд худалдаалагдах нэг шалтгаан болсон юм.

Рентген туяа — үснээс салах аюултай арга

Рентген туяа анагаах ухаанд хувьсгал авчирсан ч нэгэн үед гоо сайхны салбарт ч ашиглахыг оролдож байжээ. Хүсээгүй үсийг арилгахын тулд рентген туяагаар арьсыг шарах арга хүртэл хэрэглэгдэж байсан байна. Хэд хэдэн удаагийн үйлчилгэний дараа үс унадаг байсан ч энэ нь эрүүл мэндэд маш өндөр эрсдэлтэй байв. Рентген туяанд хэт их өртөх нь арьсыг гэмтээж, удаан хугацааны дараа арьсны ноцтой өвчин, тэр дундаа арьсны хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.