1. Ойр дотнын хүмүүстэйгээ бат бөх харилцаа тогтоох
Аз жаргалтай амьдралын нэг чухал үндэс бол биднийг ойлгож, дэмждэг хүмүүс юм. Гэр бүл, хайртай хүмүүсийнхээ дэргэд өөрийнхөөрөө байж, сэтгэлээ нээлттэй хуваалцах нь сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмждэг. Гэвч ажил, гэр орны үүрэг хариуцлагаас шалтгаалан бид ойр дотнын хүмүүстээ зарцуулах цагаа хойшлуулах нь элбэг. Тиймээс хайртай хүмүүстэйгээ ярилцах, хамтдаа цаг өнгөрүүлэх, бие биенээ анхааралтай сонсохыг өдөр тутмын амьдралынхаа чухал хэсэг болгоорой.
2. Жинхэнэ нөхөрлөлийг эрхэмлэх
Нас ахих тусам ажил, гэр бүл, бусад үүрэг хариуцлага нэмэгдэж, найз нөхөдтэйгөө уулзах цаг багасдаг. Гэвч сэтгэлээ нээлттэй хуваалцаж, баяр гунигаа хамтдаа туулж чаддаг найз нөхөд хүний амьдралд чухал байр суурь эзэлдэг. Аз жаргалтай байхын тулд олон танилтай байх албагүй. Харин таныг чин сэтгэлээсээ сонсож, ойлгож, хүнд хэцүү үед дэмждэг цөөн хэдэн найзтай байх нь илүү үнэ цэнтэй. Сошиал сүлжээний олон дагагч жинхэнэ дотно харилцааг орлож чадахгүй.
3. Утга учиртай ажил хөдөлмөр эрхлэх
Сэтгэл хангалуун амьдрахын тулд заавал мөрөөдлийн ажлаа хийх шаардлагагүй. Харин хийж буй ажлынхаа үнэ цэнийг ойлгож, үр дүнг нь мэдэрч, өөрийн хувь нэмрийг олж харах нь чухал. Ажил нь хүний өдөр тутмын амьдралд дэг журам бий болгож, тодорхой зорилго өгөхийн зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдлыг хангахад тусалдаг. Бусдад хэрэгтэй зүйл хийж байгаагаа мэдрэх нь ч сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Тиймээс ажлаа зөвхөн орлого олох хэрэгсэл гэж харалгүй, өөрийгөө хөгжүүлэх, бусдад хувь нэмэр оруулах боломж гэж харахыг хичээгээрэй.
4. Өөрийн үнэт зүйл, амьдралын зорилготой байх
Хүн зөвхөн өөрийн ашиг сонирхлоос давсан, илүү өргөн утга учиртай зүйлд итгэж, түүнийхээ төлөө амьдрах үедээ дотоод сэтгэлийн тулгууртай болдог. Зарим хүний хувьд энэ нь шашин шүтлэг, заримынх нь хувьд гэр бүл, бусдад туслах, нийгэмд хувь нэмэр оруулах эсвэл хувийн үнэт зүйлээ дагаж амьдрах явдал байж болно. Амьдралд бэрхшээл тулгарах үед өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлдээ түшиглэх нь нөхцөл байдлыг илүү өргөн хүрээнд харж, хүнд үеийг даван туулахад тусалдаг.
1. Аз жаргалыг ирээдүйд хойшлуулах
«Жингээ хасчихвал», «илүү их мөнгөтэй болбол», «байртай болчихвол», «амжилтад хүрвэл» л аз жаргалтай болно гэж бодох нь түгээмэл. Гэвч хүссэндээ хүрсний дараа хүн шинэ нөхцөлдөө дасаж, анхны баяр хөөр нь аажмаар буурдаг. Улмаар дараагийн зорилгоо биелүүлэх хүртлээ аз жаргалаа дахин хойшлуулах хандлагатай болдог. Тиймээс ирээдүйн зорилгоо биелүүлэхийн төлөө хичээхийн зэрэгцээ өнөөдрийн амьдралынхаа сайхан зүйлсийг анзаарч, талархаж сурах нь чухал.
2. Сөрөг сэтгэл хөдлөлөөс бүрэн ангижрахыг хүсэх
Аз жаргалтай байна гэдэг үргэлж инээж, баяр хөөртэй байхыг хэлэхгүй. Гуниглах, айх, урам хугарах, сэтгэл өвдөх зэрэг мэдрэмж нь хүний амьдралын жам ёсны нэг хэсэг юм. Таагүй мэдрэмж бүрийг хүчээр дарах гэж оролдохын оронд тэдгээрийг хүлээн зөвшөөрч, өөртөө цаг гарган, даван туулахыг хичээгээрэй. Хэцүү үед ч хайртай хүмүүстэйгээ харилцах, үнэт зүйлээ эрхэмлэх, амьдралдаа утга учир өгдөг зүйлсээ үргэлжлүүлэх нь чухал.