Гран-при: Үрээ алдсан зааны гунигт агшин

Италийн гэрэл зурагчин Федерико Веронези Намибийн Хуаб голын ширгэсэн хөндийгөөр явж байхдаа элсэн дээрх чирэгдсэн мөрийг анзаарчээ. Мөрийг даган явсаар заануудын сүрэгт хүрэхэд нэгэн эм заан үхсэн үрээ соёо, хошууныхаа завсар хавчуулан авч явааг олж харсан байна. Заанууд үхсэн сүргийн гишүүдийнхээ дэргэд удаан байх, ясыг нь тэмтрэх, цогцсыг нь зөөх зэрэг зан авир гаргадаг. Энэ нь тэд үхлийг хэрхэн ойлгодог, гарз хохиролд ямар хариу үзүүлдэг тухай эрдэмтдийн сонирхлыг татсаар иржээ. Гэхдээ эдгээр үйлдлийг яг ямар сэтгэл хөдлөл дагалддаг нь бүрэн тодорхой болоогүй байна. Веронезигийн энэхүү бүтээл 2026 оны уралдааны “гран-при” шагналыг хүртжээ

10 хүртэлх насны ангилал — Амели Дэвис

Амели аавынхаа ухаалаг утсыг ашиглан цэцгийн өмнө агаарт тогтсон хээрийн зөгийн зургийг авчээ. Өчүүхэн шавжийн хөдөлгөөнийг яг тохирсон мөчид буулгасан нь түүний бүтээлийг онцгой болгосон байна.

11–14 насны ангилал — Оскар Уитфилд

Оскар Уитфилд аргалын цох бөөрөнхий аргал түрэн явааг гэрэл зурагт буулгажээ. Түүний бүтээл 2026 оны шилдэг залуу зэрлэг байгалийн гэрэл зурагчин шагналыг хүртсэн байна. Аргалын цох ялгадсыг хөрсөнд булж, шим бодисын эргэлтэд оролцон, экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг.

15–17 насны ангилал — Конрад Гретер

Конрад Германы усан үзмийн талбайд өглөө эрт дуулж буй хар дроздын зургийг авчээ. Энгийн мэт харагдах энэ агшин шувуудын амьдралын тайван, үзэсгэлэнтэй мөчийг харуулна.

Амьдрах орчин дахь зэрлэг амьтад

Кенийн Чьюлу толгодын усан цэг дээр нэгэн залуу заан тахьнууд руу ус цацаж буйг гэрэл зурагчин Жеймс Льюин хэт улаан туяаны төхөөрөмжөөр буулгажээ. Ган гачгийн үед бусад өвсөн тэжээлтэн зааны дэргэд ус уухдаа илүү тайван байдаг байж болох ч үүний шалтгаан нь махчин амьтдаас айх айдас багасдагтай холбоотой юу, эсвэл усны төлөөх өрсөлдөөн үү гэдэг нь тодорхойгүй байна.

Амьтдын хөрөг зураг

Британийн гэрэл зурагчин Аарон Сандерс Корнуоллын Порткеррисийн эрэгт бор замгийн цаанаас нүд нь цухуйсан наймаалжийг гэрэл зурагт буулгажээ. Сүүлийн жилүүдэд Английн баруун өмнөд эрэгт эдгээр наймаалж олноор үзэгдэх болсон нь хаврын улиралд далайн усны температур нэмэгдэж байгаатай холбоотой байж болзошгүй гэж судлаачид үздэг.

Шувуудын зан авир

Өмнөд Африкийн гэрэл зурагчин Исак Преториус Угандагийн Мабамба намагт үүр барих материал цуглуулж буй хоёр халим толгойт шувууг гэрэл зурагт буулгажээ. Эдгээр шувуу нь хотон, дэглийтэй ойр төрөл бөгөөд өдгөө нас бие гүйцсэн 5,300 хүрэхгүй бодгаль үлдсэн тул тоо толгой нь цөөрсөөр байна.

Хоёр нутагтан ба мөлхөгчдийн ертөнц

Калифорнийн эмэгчин тритон өндгөө бусад тритоноос хамгаалахын тулд ургамлын ишийг хөлөөрөө ороон барьжээ. Өндөг нь ус шингээн хатуурч, ургамалд бэхлэгдсэний дараа идэгдэхэд илүү хэцүү болдог байна. Гэрэл зурагчин Антон Сорокин өвөл бүр тритонуудыг ажигладаг ч ийм ховор агшныг анх удаа буулгахын тулд камераа усанд дүрэн зураг авчээ.

Сээр нуруугүй амьтдын гайхамшиг

Энэтхэгийн Тар цөлд гэрэл зурагчин Ситарам Раул үүр цайхын өмнө элсэнд нуугдаж буй хилэнцэт хорхойг буулгажээ. Шөнөөр ан хийдэг эдгээр амьтад өглөөний халуунаас өмнө нуугддаг. Харин Buthacus төрлийн хилэнцэт хорхойн хөлний хатуу үсэрхэг бүтэц нь цасны гутал мэт ажиллаж, сул элсэнд шигдэхээс хамгаалдаг байна.

Далайн аварга амьтны ертөнц

Индонезийн Папуа орчимд гэрэл зурагчин Алекс Линдблум үүр цайхын өмнө загас агнуурын хөвөгч байгууламжийн дэргэд сэлж буй аварга халиман акулыг дроноор буулгажээ. Орон нутгийн загасчид эдгээр акулыг жуулчдад үзүүлдэг ч загас агнуурын хэрэгсэлд орооцолдох, усан онгоцтой мөргөлдөх, хууль бус агнуурын улмаас тоо толгой нь цөөрөх эрсдэлтэй байна.

Ургамал, мөөгний ер бусын өнгө төрх

Грекийн гэрэл зурагчин Агорастос Папацанис Олимп уулын бэлд хэт ягаан туяа ашиглан, ялзарсан модон дээр ургасан Mycena renati мөөгний шар ишийг гэрэлтсэн мэт буулгажээ. Хэт ягаан туяаны нөлөөгөөр үүсдэг флюоресценц нь мөөгний төрөл зүйлийг өнгө, хээгээр нь ялгахад судлаачдад тусалдаг байна.

Байгаль өөрөө урлаг болох мөч

Польшийн гэрэл зурагчин Михал Михальски хураагаагүй наранцэцгийн талбайн ойролцоо жижиг шувуудын хөдөлгөөнийг удаан хөшигний хурд ашиглан буулгажээ. Нүцгэрсэн хусны мөчир дээр шар навч үлдсэн мэт харагдах толбонууд нь үнэндээ хөдөлгөөнөөс бүдгэрсэн шувууд юм. Тэднийг бор шонхор үргээснээр байгалийн энгийн дүр зураг уран зураг мэт болжээ.

Далайн гүний нууцлаг учрал

Японы Кюүшюү арлын орчимд гэрэл зурагчин Тони Ву эрэгчин мурен загас хадны ан цавд нуугдсан эмэгчин загаснууд руу ойртож буйг буулгажээ. Энэ нь уг загасны үерхэл, үржлийн зан авирыг баримтжуулсан ховор тохиолдлуудын нэг бөгөөд далайн амьтдын үржлийг судлахад чухал ач холбогдолтой юм.

 Хотын дунд амьдардаг зэрлэг амьтад

Тайландын Бангкок хотын Люмпини паркт усны гүрвэл загас зууж явааг гэрэл зурагчин Сет Форестсон шаварт хэвтэн байж буулгажээ. Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн хотуудад элбэг тохиолддог эдгээр гүрвэл хотын орчинд дасан зохицож, нуур цөөрмөөс загас агнан хооллодог байна.

Намгархаг газрын өнгө төрх

АНУ-ын Юта мужийн Их Давст нуурын нэг хэсэг ягаан өнгөтэй харагддаг нь давс ихтэй орчинд амьдардаг бичил биетнүүдтэй холбоотой. Гэрэл зурагчин Алекс Висбал Стэнсбери буланг буулгаж, үйлдвэрлэл, усны хэрэглээ болон уур амьсгалын өөрчлөлт нуурын экосистемд хэрхэн нөлөөлж байгааг харуулжээ.

 Фотосурвалжилга: Ан агнуурын золиос болсон пума

Чилийн гэрэл зурагчин Франсиско Негрони Аргентины Патагониягаас үхсэн пумаг хашаан дээр байрлуулсан дүр зургийг буулгажээ. Пумаг агнахыг хориглосон ч хууль бус агнуур үргэлжилсээр байна. Малчид хонио шөнө хашаалах, хамгаалагч нохой ашиглах зэргээр малаа хамгаалж болох бөгөөд Чилийн зарим нь пумыг агнахын оронд жуулчдад байгальд нь ажиглуулах аялал зохион байгуулдаг болжээ.

Хотын зэрлэг амьтад: Койотын амьдрал

Гэрэл зурагчин Лорен Эллиотт Сан-Францискогийн Бернал-Хайтс цэцэрлэгт хүрээлэнд хотын дунд амьдардаг койотуудыг гэрэл зурагт буулгажээ. Хотын 800 мянга гаруй оршин суугчтай зэрэгцэн зуу орчим койот амьдардаг бөгөөд тэд мэрэгчдийн тоо толгойг хянахад тусалдаг ч гэрийн тэжээвэр амьтдад аюул учруулах нь бий.

Ирээдүйтэй гэрэл зурагчны онцгой агшин

Германы гэрэл зурагчин Алексис Тинкер-Цавалас махчин ялаа өөр нэг ялааг барьж, хооллож буй агшныг буулгажээ. Ктырь хэмээх энэ шавж олзондоо хоол боловсруулах фермент шахаж, шингэрсэн эдийг нь сорж хооллодог. Уг бүтээл “Өсөх ирээдүйтэй гэрэл зурагчин” ангилалд шалгарчээ.

Өчүүхэн амьтдын ертөнц

Шилэн дээр бүжиглэж буй мэт харагдах шар-ногоон дүрснүүд нь ердөө 1–2 миллиметр өндөртэй салст мөөгний спор үүсгэдэг бүтэц юм. Гэрэл зурагчин Кутуб Уддин унасан мод, чийглэг ойн хөрснөөс эдгээр бичил биетнийг олж, спор тараахад тусалдаг нарийн утаслаг бүтцийг нь буулгажээ. Энэ зураг байгалийн өчүүхэн ертөнцийн гайхамшгийг харуулж байна.