Сургууль нь тусдаа барилгад байрладаг ч хүүхдүүд гадаа гарах шаардлагагүй. Учир нь Begich Towers хэмээх аварга орон сууцны барилгаас сургууль хүртэл дулаан, гэрэлтэй хонгил байгуулжээ. Ингэснээр өвлийн тэсгим хүйтэн, цасан шуурганы үеэр ч хүүхдүүд тав тухтайгаар хичээлдээ явах боломжтой.
Уиттиер хотын ихэнх барилга байгууламж анх цэргийн зориулалттай байжээ. Харин цаг хугацааны явцад тэдгээрийг иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцүүлэн өөрчилсөн байна. Хуучин цэргийн комендатурын байранд хотын захиргаа болон цагдаагийн хэсэг байрлажээ. Цэргүүдийн бэлтгэл хийдэг байсан спорт заалуудыг фитнес клуб, хүүхдийн тоглоомын төв болгосон бол бусад өрөөнүүдэд дэлгүүр, үсчин, үйлчилгээний төв нээсэн байна. Харин сүм хийд анхны байрандаа хэвээр үлджээ.
Уиттиерт амьдрах нь хүн бүрийн хүсэх амьдрал биш. Өвлийн улиралд хот бүхэлдээ зузаан цасанд дарагдаж, нар мандахгүй шахам урт туйлын шөнө үргэлжилдэг. Зун нь тун богино бөгөөд нарны илч төдийлөн мэдрэгддэггүй. Заримдаа бороо хэдэн долоо хоногоор тасралтгүй ордог аж. Ажлын байр хомс учраас шинэ оршин суугчид хотод ирэх нь ховор. Гэсэн хэдий ч энд олон жил амьдарсан хүмүүс хотынхоо амьдралд дасаж, өөр газар нүүхийг хүсдэггүй. Тэдний хувьд энэ бол зүгээр нэг орон сууц биш, харин өөрсдийн сонгосон амьдралын хэв маяг юм.
Уиттиер хотод хааяа жуулчид ирдэг бөгөөд зарим оршин суугчид боломжийг ашиглан орон сууцаа түрээслүүлж, Begich Towers-оор аялал зохион байгуулдаг байна. Хэдийгээр ийм үйл ажиллагаа хотын дүрэм журмаар хориглогддог ч сониуч аялагчид үүнийг сонирхохоо больдоггүй. Жуулчид аварга барилгын дотоод орчинтой танилцахаас гадна Аляскийн үзэсгэлэнт байгаль, уул ус, мөсөн голуудыг үзэх боломжтой. Ийм ер бусын аяллын төлөө тэд чамгүй мөнгө төлдөг аж.
Ийнхүү дэлхийн бусад хотын иргэд гудамжаар зорчиж, нэг газраас нөгөө рүү явдаг бол Уиттиерийн оршин суугчид бараг бүх амьдралаа ганцхан барилгын дотор өнгөрүүлдэг байна.