Эмэгчин матартай гэрлэсэн хотын дарга

Мексикийн Сан-Педро-Уамелула хотын дарга Хэль Васкес Рохас нэгэн ер бусын хурим хийжээ. Тэрээр энгийн нэгэн бүсгүйтэй бус, жинхэнэ матрын эмэгчинтэй гэрлэсэн байна. Хуримын өмнө матарт Мария-Изабель хэмээх романтик нэр өгч, сүйт бүсгүйн ёсоор цагаан даашинз, гивлүүрээр гоёжээ. Аюулгүй байдлын үүднээс амыг нь боосон байсан бөгөөд ёслолын үеэр хотын дарга сүйт бүсгүйгээ үнссэн байна. Гэхдээ энэ нь зүгээр нэг этгээд зан авир биш аж. Загас агнуурын уламжлалтай тус хотод матрыг усны гүнж хэмээн хүндэтгэдэг эртний заншил бий. Матрын бүсгүйтэй гэрлэх нь усны эзэд, байгаль дэлхийн ивээлийг хүртэж, загасны арвин олз, ургацын элбэг дэлбэг байдлыг бэлгэддэг гэнэ. Хамгийн сонирхолтой нь хотын дарга энэ ёслолд анх удаа оролцож байгаа биш, матартай хоёр дахь удаагаа гэрлэжээ.

Дэртэй гэрлэсэн солонгос залуу

28 настай Өмнөд Солонгосын иргэн Ли Жин Гю өөрийн хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Гэхдээ түүний сонгосон сүйт бүсгүй хүн биш, Японд түгээмэл байдаг том тэврэлтийн дэр байв. Түүний дэрэн дээр Японы анимэний дүр Фэйт Тестаросса (Fate Testarossa) дүрслэгдсэн байжээ. Залуу хайртай дэрэндээ хуримын даашинз хүртэл сонгож, санваартан урин гэрлэх ёслол зохион байгуулсан байна. Ли Жин Гю хаашаа ч явсан дэрээ авч явдаг бөгөөд ресторан, зугаа цэнгэлийн газраар орохдоо түүнд зориулж тусдаа суудал, хоол хүртэл захиалдаг байжээ. Ийнхүү залуугийн хувьд хайр дурлалын хамгийн үнэнч хамтрагч нь зөөлөн дэр нь болсон аж.

Эйфелийн цамхагтай гэрлэсэн эмэгтэй

АНУ-ын Агаарын цэргийн хүчний алба хааж байсан Эрика Ла Тур Эйфелийн хувьд хайр дурлалын объект нь хүн биш, эд зүйлс байжээ. Тэрээр өмнө нь харвааны спортоор хичээллэхэд нь тусалсан нумандаа дурлаж, мөн Берлиний ханатай олон жилийн турш сэтгэл зүйн холбоотой байсан гэдэг. Харин 2007 онд түүний анхаарлыг Парисын алдарт Эйфелийн цамхаг татжээ. Эрика гэрчүүдийн өмнө цамхгийг үнсэж, түүнтэй гэрлэснээ зарлан, овгоо хүртэл Эйфель болгон өөрчилсөн байна. Тэрээр өөрийгөө Эрика Ла Тур Эйфель хэмээн нэрлэх болжээ. Хэдийгээр нөхөр нь дэлхийн хамгийн алдартай байгууламжуудын нэг боловч Эрика Сан-Францискод амьдардаг гэнэ.

Берлиний ханатай гэрлэсэн швед эмэгтэй

Эйя-Рита хэмээх Швед эмэгтэй Берлиний хананд багаасаа л онцгой сэтгэл татагддаг байжээ. Тэрээр хайртай ханатайгаа уулзахын тулд олон жил мөнгө хуримтлуулж, эцэст нь 1979 онд Германд очсон байна. Тухайн үед 25 настай байсан бүсгүй Берлиний ханатай гэрлэж, бүр овгоо Берлинер-Мауэр (Berliner-Mauer) болгон өөрчилжээ. Гэвч тэдний хайр дурлалын түүх эмгэнэлтэйгээр төгссөн юм. 1989 онд Берлиний ханыг нураахад Эйя-Рита өөрийгөө бэлэвсэн эхнэр болсон хэмээн үзэх болжээ. Тэрээр хайртай хананыхаа дурсгалд зориулан жижиг загварыг нь хадгалж үлдсэн байна.

Америк галзуу хулганад дурласан эмэгтэй

АНУ-ын Пенсильвани мужид байрлах “Мянган нэгэн шөнө” (Thousand and One Nights) нэртэй галзуу хулгана нэгэн эмэгтэйн зүрх сэтгэлийг эзэмджээ. Эми Вульф хэмээх бүсгүй уг тоглоомонд 15 жилийн турш дурлан, байнга ирж зугаалдаг байсан гэнэ. Тэрээр бүр тоглоомын үйлдвэрлэгчийн нэрээр овгоо Вебер болгон өөрчлөх талаар бодож байжээ. Эми бусад хүмүүсийг өөрийн хайртай тоглоомоор зугааллаа гэж огтхон ч хардаж, харамладаггүй. Харин ч түүний эд ангиуд болон зургийг гэртээ хадгалж, үргэлж дэргэдээ байлгахыг хүсдэг аж.

Өөрийнхөө хөрөг зурагтай гэрлэсэн эр

2007 онд Хятадын Жухай хотын 39 настай Лю Е өөрийнхөө дүрс бүхий том хэмжээний хөрөгтэй гэрлэж, олныг гайхшруулжээ. Тэрээр хөөсөнцөр материалаар өөрийнхөө биеийн хэмжээтэй адил дүрс хийлгэж, түүнийгээ хуримын сүйт бүсгүйн адил улаан даашинзаар гоёсон байна. Хуримын ёслолд 100 гаруй зочин оролцож, бүр гэрч болон сүйт бүсгүйн найзын үүрэг гүйцэтгэх хүмүүс ч байжээ. Лю Е энэ үйлдлээ бодит амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн нэгэн хэлбэр хэмээн тайлбарласан байна. Түүний хэлснээр, энэ гэрлэлт өөрийгөө бүрэн дүүрэн хүн гэдгээ мэдрэхэд тусалжээ. Тэрээр өөртөө бага зэрэг дурласан гэдгээ ч нуусангүй.

Далайн гахайтай гэрлэсэн саятан эмэгтэй

Их Британийн саятан Шарон Тендлер 1990 онд Израилийн Эйлат хотын далайн гахайн хүрээлэнд очихдоо Синди хэмээх далайн гахайд сэтгэл алдсан гэдэг. Тэр цагаас хойш Шарон Израиль руу тогтмол аялж, Синдиг эргэх болжээ. Харин 2005 онд бүр түүнтэй гэрлэхээр шийдсэн байна. Далайн гахайг сургагч Майя Зильберийн тусламжтайгаар сүйт залуугийн зөвшөөрлийг авсан хэмээн үзэж, хуримын ёслолыг далайн гахайн хүрээлэнд зохион байгуулжээ. Шарон цагаан хуримын даашинз, гивлүүртэй ирсэн бөгөөд хуримын зочид нь тухайн үед хүрээлэнд байсан хүмүүс байв. Харин баярын ширээнд далайн гахайн дуртай загас болох макрель тавьсан байна. Хуримын дараа Шарон өөрийгөө дэлхийн хамгийн аз жаргалтай бүсгүй хэмээн зарлажээ. Харин ёслолыг харж байсан нэгэн бяцхан хүү ааваасаа “Тэгээд тэд ямар хүүхэдтэй болох юм бол?” хэмээн асуусан гэдэг.