Эртний домогт Ирландын баатар Финн Маккул (Finn McCool) аварга биет Голлтой тулалдахаар далайн ёроолд чулуун багануудаар гүүр барьжээ. Гэвч Голл гүүрээр дамжин Ирландад ирэхэд Финний эхнэр нөхрөө нялх хүүхэд мэт харагдуулан аваргыг хуурсан байна. Тэрээр зочиндоо төмөр нуусан талх өгч, харин нөхөртөө энгийн талх өгчээ. Голл хүүхдийн хүчийг хараад эцэг нь ямар аймшигтай хүчтэй бол гэж эмээн зугтсан гэдэг. Зугтахдаа чулуун гүүрийг нураасан нь өнөөгийн Аваргуудын зам болсон хэмээн домогт өгүүлдэг.
Хятадын эзэн хаан Жу Ди (Zhu Di) нэгэн шөнө гайхамшигтай дөрвөн хамгаалалтын цамхаг зүүдэлжээ. Тэрээр зүүдэндээ харсан цамхгуудыг гурван сарын дотор барихыг зарлигдсан бөгөөд биелүүлж чадахгүй бол барилгачдыг цаазаар авах байв. Ерөнхий архитектор бүтэн сарын турш шийдэл олж чадаагүй ч нэг өдөр царцааны тор зарж байсан өвгөнтэй таарчээ. Торны хийц цамхгийн загварт яг тохирч байсан тул түүнийг дуурайлган барьсан байна. Харин царцаа зарж байсан өвгөн нь мужаан, дархчуудын тэнгэр Лу Бань (Lu Ban) байсан гэдэг.
Мадагаскарын алдарт Баобаб моддын гудамж нь аварга том, өвөрмөц хэлбэртэй моддоороо жуулчдын анхаарлыг татдаг. Нутгийн домогт өгүүлснээр бурхан нэгэн өдөр маш их уурлажээ. Түүний уур хилэнгийн золиос болсон баобаб модыг үндсээр нь сугалж авсан байна. Дараа нь модыг титмээр нь доош харуулан газарт буцааж суулгажээ. Тиймээс баобаб модны мөчир нь үндэс мэт харагддаг болсон хэмээн домогт өгүүлдэг.
Сенека омгийн ахлагчийн охин Лелавалаг (Lelawala) хүрхрээнд амьдардаг бурханд тахил болгон өргөгдөхөөр болжээ. Тэрээр завиар хүрхрээ рүү явсан ч замдаа Хану (Hinu) хэмээх бурханд аврагдсан байна. Бурхан түүнд голын усанд амьдарч, хүмүүсийн гай зовлонгийн шалтгаан болсон аварга могойн тухай хэлжээ. Лелавала тосгондоо буцаж ирээд болсон явдлыг аавдаа ярьсан байна. Үүний дараа ахлагч дайчдаа цуглуулан аварга могойтой тулалдаж, эцэст нь ялсан гэдэг.
Гизагийн Их Сфинкс нь арслангийн биетэй, хүний толгойтой эртний нууцлаг баримал юм. Домогт хунтайж Тутмос (Thutmose) цөлд ан хийж яваад элсэнд хагас булагдсан Сфинксийн сүүдэрт амарчээ. Гэтэл баримал гэнэт амилан түүнтэй ярьж, ирээдүйд хаан ширээнд суухыг нь зөгнөсөн байна. Мөн өөрийг нь элсэн дороос чөлөөлөхийг хүсжээ. Хожим фараон болсон IV Тутмос (Thutmose IV) амлалтаа биелүүлж, Сфинксийг элсэн дороос гарган чулуун дурсгал босгосон гэдэг.
Мэн Жянь Нюй (Meng Jiangnu) хэмээх бүсгүйн тухай домог Хятадын цагаан хэрэмтэй холбоотой хамгийн гунигтай түүхүүдийн нэг юм. Түүний нөхөр Фань Силянь (Fan Xiliang) хэрэм барих албанд хүчээр илгээгдэж, удалгүй тэндээ нас баржээ. Нөхрөө эрж очсон бүсгүй түүнийг хэрмийн дотор оршуулсныг мэдээд гурван өдөр, гурван шөнө уйлсан байна. Түүний нулимсанд хэрмийн нэг хэсэг нурж, нөхрийнх нь шарил ил гарсан гэдэг. Эзэн хаан бүсгүйг өөртэйгөө гэрлэхийг шаардсан ч нөхрөө зохих ёсоор оршуулсны дараа тэрээр далайд живж амиа хорлосон хэмээн домогт өгүүлдэг.
Европын хамгийн идэвхтэй галт уулуудын нэг Этна түүхэндээ 200 гаруй удаа дэлбэрчээ. Эртний Грекийн домогт уулын гүнд Тифон (Typhon) хэмээх зуун толгойтой аймшигт мангас хоригддог байжээ. Тэрээр дэлхийн эх бурхан Гея (Gaia)-гийн хүү байсан бөгөөд Зевс түүнийг Этна уулын дор дарж орхисон гэдэг. Тифон уурлах бүрд газар хөдөлж, галт уул дэлбэрдэг хэмээн хүмүүс итгэдэг байв. Ийнхүү Этнагийн дэлбэрэлтийг мангасын хилэнтэй холбон тайлбарладаг болжээ.
Японы алдарт Фүжи уулын тухай домогт Кагуя-химэ (Kaguya-hime) хэмээх үзэсгэлэнт охины түүх гардаг. Хулс тайрч явсан өвгөн нэгэн ишний дотроос эрхий хурууны чинээ охин олж, эхнэрийнхээ хамт өсгөжээ. Охин өсөж том болоод олон хүний хайрыг татсан ч өөрийгөө Сарнаас ирсэн гэдгээ мэддэг байв. Нэгэн тэргэл сартай шөнө Сарны элч нар ирж, түүнийг эх нутагт нь буцаан авч явжээ. Охиноо алдсан эзэн хаан түүнд үлдээсэн мөнхийн амьдралын үрэл, захидлыг Фүжи ууланд шатаалгасан бөгөөд түүний утаанаас уулын галт дөл бадарсан гэдэг.