2008 оны арванхоёрдугаар сард Парисын Елисейн талбайн ойролцоо байрлах алдарт Харри Уинстон (Harry Winston) үнэт эдлэлийн дэлгүүрт дөрвөн зэвсэгт этгээд халджээ. Тэдний гурав нь эмэгтэй хүний хувцас өмсөж, хиймэл үс зүүсэн байсан нь хулгайчдыг танихад хүндрэл учруулсан байна. Гэмт этгээдүүд дэлгүүрийн бүх лангууг хоослоод зогсохгүй ажилтнуудаар сейфийг нээлгэж, доторх үнэт эдлэлийг ч авчээ. Нийт хулгайлагдсан эд зүйлсийн үнэ 80 сая евро орчим байсан бөгөөд энэ нь тухайн үеийн Европын хамгийн том үнэт эдлэлийн дээрмүүдийн нэг болсон юм. 2009 оны зургадугаар сард Францын цагдаа нар 25 сэжигтнийг баривчилж, хулгайлагдсан үнэт эдлэлийн тодорхой хэсгийг олсон байна. Тэднийг олон улсын хэмжээнд үнэт эдлэлийн хулгай хийдгээрээ алдартай, Балканы гаралтай гэмт бүлэглэл болох «Ягаан пантерууд»-тай холбоотой гэж үзжээ.
Дэлхийн өнгөлөөгүй алмазны ихэнх нь Бельгийн Антверпен хотоор дамждаг бөгөөд энэ нь гэмт хэрэгтнүүдийн анхаарлыг ч татдаг байв. 2003 оны хоёрдугаар сарын 15-нд Леонардо Нотарбартоло тэргүүтэй дөрвөн этгээд Антверпенийн алмазны биржийн 160 сейфийн 123-ыг нь хоосолжээ. Тэд уг хэргийг хэдэн жилийн турш төлөвлөж, бүр бирж байрладаг барилгад гурван жилийн өмнөөс оффис түрээслэн ажилласан байна. Хуурамч компани байгуулж, соронзон түлхүүр олж авснаар хамгаалалтын системд нэвтрэх боломж бүрдүүлжээ. Хэдийгээр хадгалах хэсэг нь хэт улаан туяа, соронзон мэдрэгч зэрэг олон давхар хамгаалалттай байсан ч хулгайчид тэдгээрийг хэрхэн давсныг цагдаа нар бүрэн тогтоож чадаагүй юм. Хулгайлагдсан алмазны үнэ 100 сая ам.доллароор үнэлэгдсэн ч тэдгээрийг өнөөг хүртэл бүрэн олж чадаагүй байна. Нотарбартоло болон түүний хамсаатнууд баривчлагдсан бөгөөд тэрээр өөрийг нь даатгалын луйврын хэрэгт ашигласан гэж мэдэгдэж байжээ.
1970-аад онд АНУ-ын Калифорни мужид болсон энэ дээрэм тухайн цаг үедээ хамгийн том хулгайн хэргүүдийн нэг байв. Охайо мужаас гаралтай долоон хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэлийг Эмиль Динсио удирдаж байжээ. Тэд «Лагуна Нигел» нэртэй бүлэг байгуулан «Калифорниа Юнайтед» банкны салбар руу дайрч, сейфэнд байсан хөрөнгийг авч одсон байна. Хулгайлагдсан мөнгөний яг хэмжээ тодорхойгүй байсан тул тухайн үеийн үнэлгээгээр ойролцоогоор 30 сая ам.доллар байсан гэж үздэг бөгөөд өнөөгийн ханшаар 100 сая ам.доллар орчимд хүрнэ. Гэвч гэмт этгээдүүд их хэмжээний мөнгөтэй болсныхоо дараа ч гэмт хэргээ үргэлжлүүлсээр байжээ. Ингэснээр Холбооны мөрдөх товчоо тэдний мөрөөр орж, бүлэглэлийн гишүүдийг баривчилсан байна. Хэргийн оролцогчдын нэг нь хожим энэ түүхийг «Супер хулгайч» нэртэй номдоо дэлгэрэнгүй бичжээ.
1970-аад онд Ливанд иргэний дайн өрнөж, улс орон бүхэлдээ эмх замбараагүй байдалд автсан байв. Энэ нөхцөл байдлыг ашиглан Палестиныг чөлөөлөх байгууллагын зэвсэгт этгээдүүд хэд хэдэн банк дээрэмдсэний хамгийн алдартай нь Ойрх Дорнодын Британийн банкны хэрэг байлаа. Тэд банкны хамгаалалттай хана руу нэвтрэхийн тулд дэлбэрэлт үйлдэж, хадгаламжийн өрөөнд хүрсэн байна. Сейфийг онгойлгохын тулд Корсикоос тусгай мэргэжилтнүүд хүртэл авчирчээ. Улмаар гэмт этгээдүүд 25 сая ам.долларын үнэ бүхий алт, гадаад валют, хувьцаа болон үнэт эдлэл хулгайлсан байна. Хулгайлагдсан хувьцааны заримыг нь хожим хууль ёсны эздэд нь буцаан худалдсан гэдэг. Тухайн үеийн улс төр, цэргийн нөхцөл байдалтай холбоотой энэ хэрэг банкны дээрмийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.
2005 оны хоёрдугаар сарын 25-нд Амстердамын Схипхол нисэх буудалд түүхэн дэх хамгийн том алмазны хулгайн хэргүүдийн нэг болжээ. Дөрвөн этгээд дээрмийн хэргийг бүтэн сарын өмнөөс төлөвлөж, нисэх буудлын ажилчдын дүрэмт хувцас болон ачааны машин хулгайлсан байна. Ингэснээр тэд өндөр хамгаалалттай нисэх буудлын бүсэд сэжиг төрүүлэхгүйгээр нэвтрэх боломжтой болжээ. Тухайн өдөр Антверпен рүү хүргэхээр бэлтгэсэн үнэт алмаз бүхий ачааг гэмт этгээдүүд олны нүдэн дээр булаан авсан байна. Тэд гар буугаар сүрдүүлэн жолоочийг машинаас буулгаж, алмаз ачсан автомашиныг өөрсдөө жолоодон зугтжээ. Хулгайлагдсан алмазны үнэ ойролцоогоор 118 сая ам.доллар байсан ч зарим нь өнгөлөөгүй тул бодит үнэлгээг тогтооход хүндрэлтэй байв. Хэд хэдэн сэжигтнийг баривчилсан боловч алмазнуудын ихэнх нь өнөөг хүртэл олдоогүй байна.
Италийн гэмт хэрэгтэн Валерио Виччеи эх орондоо 54 удаагийн зэвсэгт дээрэм хийснийхээ дараа цагдаагаас зугтан 1986 онд Их Британид иржээ. Гэвч тэрээр шинэ улсад ч гэмт хэргээ үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Виччеи Найтсбридж банканд ирж, түрээсэлсэн сейфээ шалгуулах хүсэлт гаргасан нь дээрмийн эхлэл байв. Тэрээр банкны удирдлагатай хамтран ажиллаж, хамгаалагчийг саармагжуулан, хяналтын камерыг ажиллагаагүй болгожээ. Дараа нь банкны хадгаламжийн өрөөг чөлөөтэй эзэлж, нийт 60 сая фунт стерлингийн үнэ бүхий мөнгө, үнэт эдлэл авч одсон байна. Цагдаа нар түүнийг олж тогтоосон ч Виччеи Латин Америк руу зугтаж амжжээ. Харин хайртай «Феррари» машинаа Англиас авч гарахаар буцаж ирэхдээ баригдаж, 22 жилийн хорих ял авсан байна.
2007 онд Иракийн нийслэл Багдад хотын «Дар-эс-Салаам» хувийн банканд учир битүүлэг дээрмийн хэрэг гарчээ. Өглөө ажилдаа ирсэн банкны ажилтнууд хаалга онгорхой, сейф тайлагдсан, доторх бүх мөнгө алга болсныг олж мэдсэн байна. Хулгайлагдсан мөнгөний хэмжээ 282 сая ам.доллар байсан бөгөөд үүнтэй хамт банкны гурван хамгаалагч ч ор сураггүй алга болжээ. Хамгийн хачирхалтай нь ийм их хэмжээний ам.доллар банканд яагаад байсныг, мөн хулгайчид ийм их мөнгийг хэрхэн анзаарагдалгүй зөөвөрлөснийг хэн ч тайлбарлаж чадаагүй юм. Зарим таамгаар орон нутгийн зэвсэгт хүчнийхэн гэмт этгээдүүдэд хамгаалалтын шалган нэвтрүүлэх цэгүүдээр саадгүй нэвтрэхэд нь тусалсан байж болзошгүй. Гэвч цагдаа нар дээрмийн эзэд болон алга болсон мөнгийг олж чадаагүй байна. Энэ хэрэг Иракийн банкны дээрмийн түүхэн дэх хамгийн нууцлаг хэргүүдийн нэг хэвээр үлджээ.
1990 оны гуравдугаар сарын 18-нд цагдаагийн дүрэмт хувцас өмссөн хоёр этгээд Бостоны Изабелла Стюарт Гарднерийн музейд нэвтэрчээ. Тэд дохиолол ажилласан тул үзэсгэлэнгийн танхимуудыг шалгах шаардлагатай гэж хамгаалагчдад хэлсэн байна. Хамгаалагчид тэднийг дотогш оруулсны дараа гэмт этгээдүүд тэднийг гавлан хонгилд хорьжээ. Дараагийн 81 минутын турш хулгайчид музейгээс 12 урлагийн бүтээл авч явсан бөгөөд тэдгээрийн дунд Вермеер, Рембрандт зэрэг алдарт зураачдын бүтээлүүд байв. Хулгайлагдсан зургуудын нийт үнэ 300 сая ам.доллар орчим гэж үнэлэгддэг. Цагдаа нар олон жилийн турш мөрдөн шалгасан ч гэмт этгээдүүд болон зургуудыг олж чадаагүй байна. Өнөөдрийг хүртэл эдгээр бүтээлийг олж өгөх мэдээлэлд 5 сая ам.долларын шагнал амласан хэвээр байгаа юм.
Лондоны нам гүм гудамжинд болсон энэ дээрэм энгийн гудамжны халдлага мэт харагдавч хулгайлагдсан зүйл нь асар их үнэ цэнтэй байжээ. 58 настай Жон Годдард хэмээх шуудан, бичиг баримт тээвэрлэгч өөрийн цүнхэнд 292 сая ам.долларын үнэ бүхий үнэт цаас авч явсан байна. Эдгээр нь Английн төрийн сан болон орон сууцны байгууллагуудад хамаарах бөгөөд гар дээрээ барьж байгаа хүн нь эзэмшигчид тооцогддог онцлогтой байжээ. Гэмт этгээдүүд Годдардыг хутгаар сүрдүүлж, цүнхийг нь булаан авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Кейт Чизманыг баривчилж, 6 жил 6 сарын хорих ял оноожээ. Харин хэргийг гардан гүйцэтгэсэн Патрик Томас хожим толгойдоо буудуулсан байдалтай олдсон байна. Цагдаа нар бүлэглэлийн ихэнх гишүүнийг илрүүлсэн ч хоёр этгээдийн хэн болохыг тогтоож чадаагүй юм.
2003 оны гуравдугаар сарын 18-нд буюу АНУ Иракт цэргийн ажиллагаа эхлүүлэхээс хэдхэн цагийн өмнө тус улсын Төв банканд түүхэн дэх хамгийн том мөнгөний дээрмүүдийн нэг болжээ. Саддам Хусейны бага хүү Кусай болон түүний ойрын туслах банканд ирж, 900 сая ам.доллар, 100 сая еврог бэлнээр гаргаж өгөхийг шаардсан байна. Тэд банкны ажилтнуудад Саддам Хусейны хувийн тушаалыг үзүүлсэн бөгөөд ажилтнууд улсын удирдагчийн шийдвэрийг эсэргүүцэж зүрхлээгүй аж. Банкны ажилтнууд хоёр цагийн турш мөнгийг ачааны гурван машинд ачиж, улмаар дээрэмчид нийт нэг тэрбум орчим ам.долларыг авч явжээ. Энэ нь тухайн үеийн Иракийн гадаад валютын нөөцийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө байв. АНУ-ын тал Саддам ялагдсан тохиолдолд гадаадад ашиглах зорилгоор мөнгийг гаргуулсан гэж үзэж байжээ. Хожим шинэ эрх баригчид ордонд нуугдсан 650 сая ам.долларыг олсон боловч үлдсэн мөнгөний хувь заяа тодорхойгүй хэвээр үлдсэн бөгөөд Сирид аваачсан гэх таамаг бий.