Зураг дээр циркийн жүжигчин Нелли Бланш Лэйн (Nellie Blanche Lane) болон Кларенс Честерфилд Хауэртон (Clarence Chesterfield Howerton) нар дүрслэгджээ. Хүмүүсийн анхаарлыг татсан хамгийн сонирхолтой зүйл нь тэдний биеийн хэмжээний эрс ялгаа байв. Гэвч тухайн үед ердөө есөн настай байсан Кларенсийг циркийн сурталчилгаанд насанд хүрсэн эрэгтэй мэтээр танилцуулсан байна. Түүнийг «Дэлхийн хамгийн жижиг эрэгтэй», Неллиг «Дэлхийн хамгийн том эмэгтэй» хэмээн зарлаж байжээ. Энэ нь албан ёсны дэлхийн рекорд гэхээсээ илүү үзэгчдийг татах зорилготой циркийн сурталчилгаа байсан юм
Нелли Бланш Лэйн 1898 онд АНУ-ын Баруун Виржиниа мужид төржээ. Тэрээр багаасаа үеийнхнээсээ том биетэй байсан тул сургуульд байхдаа байнга шоолуулдаг байв. 1918 онд 20 настайдаа Жон Робинсоны циркт элсэж, «Хөгжилтэй Нелли» (Jolly Nellie) нэрээр тайзнаа гарч эхэлжээ. Тухайн үеийн мэдээллээр тэрээр 292 орчим кг жинтэй байсан бөгөөд циркийн хамгийн их анхаарал татдаг жүжигчдийн нэг болсон байна. Нелли үзэгчдийг хөгжөөж, бүжиглэж, хүнд зүйл өргөдөг байсан бөгөөд биеийн жингээсээ үл хамааран их хүч чадалтай байжээ. 1923 онд «Циркийн өдрүүд» (Circus Days), 1926 онд «Спэнглс» (Spangles) кинонд тоглосон нь түүний уран бүтээлийн замналыг улам өргөжүүлжээ.
1926 онд Хавайд аялан тоглолт хийх үеэрээ Нелли циркийн мотоциклчин, каскадер Карл Леон Терреллтэй танилцжээ. Террелл нэгэн үзүүлбэрийн үеэр хөлөө хугалахад Нелли түүнийг хэдэн долоо хоног асарч халамжилснаар тэдний дунд хайр дурлал үүссэн байна. Удалгүй гэрлэсэн хос хамтран тоглолт хийж, өөрсдийн циркийн шоуг байгуулжээ. Тэд АНУ болон Европын орнуудаар аялан тоглож, үзэгчдийн сонирхлыг татаж байв. 1933 онд Неллигийн дүү Элис (Alice) тэдэнтэй нэгдсэн бөгөөд тэрээр ч мөн том биетэй эмэгтэй байжээ. Харамсалтай нь Нелли, Террелл нарын гэрлэлт 1930-аад оны дундуур дуусгавар болж, тэд тус тусын замыг хөөсөн байна.
Кларенс Честерфилд Хауэртон 1913 оны хоёрдугаар сарын 9-нд АНУ-ын Орегон мужийн Салем хотод төржээ. Тэрээр таван ахтай байсан бөгөөд ах нар нь бүгд өндөр нуруутай болсон ч Кларенсийн өсөлт маш бага байв. Есөн настайдаа циркийн тайзнаа гарч, хожим «Мэйжор Майт» (Major Mite) нэрээр алдаршжээ. Түүнийг дэлхийн хамгийн жижиг эрэгтэй хэмээн сурталчилж байсан ч өндөр нь 71 см байсан гэх мэдээлэл болон бусад зөрүүтэй тоо баримтууд байдаг. Кларенс 25 гаруй жил циркт ажиллаж, АНУ-ын хамгийн алдартай жижиг биетэй жүжигчдийн нэг болсон байна. Тэрээр Цагаан ордонд зочилж, тухайн үеийн ерөнхийлөгч Уоррен Хардингтай уулзаж байсан гэдэг
Кларенсийн кино урлагийн замнал ч сонирхолтой бөгөөд 1932 онд «Free Eats» инээдмийн богино кинонд тоглож, 1939 оны алдарт «Озын шидтэн» (The Wizard of Oz) кинонд мунчкины дүр бүтээжээ. 1949 онд тэрээр цирк, киноны ажлаасаа зодог тайлж, олны анхаарлаас хол амьдрах болсон байна. Харин Нелли эгчтэйгээ хамт циркийн тоглолтод оролцож, 1947 оны «Хар дарсан зүүдний гудамж» (Nightmare Alley) кинонд ч үзэгджээ. Нелли 1955 оны есдүгээр сарын 5-нд 57 насандаа хорт хавдраар нас барсан бол Кларенс 1975 оны арваннэгдүгээр сарын 18-нд 62 насандаа таалал төгссөн байна. Ийнхүү циркийн сурталчилгаанаас үүдэлтэй нэгэн гэрэл зураг хоёр өөр хувь тавилантай уран бүтээлчийн түүхийг өнөөдрийг хүртэл хадгалан үлджээ