Хамгийн үнэтэй, өвөрмөц лаазалсан бүтээгдэхүүнүүд

2012-11-22, 02:00
18,009
Лаазалсан бүтээгдэхүүнийг анх 1809 онд Францын иргэн Николь Аппер хийсэн бөгөөд үүнээс хойш лаазалсан бүтээгдэхүүнийг маш өргөнөөр хэрэглэх болсон. Хамгийн гол сайн чанар нь хадгалалт даахад оршино. Ялангуяа лаазалсан бүтээгдэхүүнүүдийг яаралтай үед, эсвэл аялал зугаалганд явах үед хэрэглэдэг. Дэлгүүрийн лангуун дээр зөвхөн лаазалсан загас, мах төдийгүй шош, хүнсний ногоо гэх мэт маш олон зүйлийг харж болно. Ингээд хамгийн үнэтэй, хамгийн өвөрмөц 10 лаазалсан бүтээгдэхүүнийг танилцуулъя.
Хамгийн үнэтэй, өвөрмөц лаазалсан бүтээгдэхүүнүүд



1. Хар түрс
Үнэ: 295$ (125 г)
Хар түрс нь хамгийн үнэтэй, хамгийн өвөрмөц амттангуудын нэг юм. Европчууд 1кг түрсний төлөө 5000€ төлөхөд бэлэн байдаг бол Оросод 125г түрс 10000 рублийн үнд хүрдэг байна. Өндөр үнэтэй учраас хар түрсийг хүн бүр тэр болгон идээд байж чаддаггүй аж. Өндөр үнд хүрч буй хамгийн гол шалтгаануудын нэг нь Каспийн тэнгист хилэм загас цөөрч байгаатай холбоотой гэнэ. Үүнээс болоод 2003 онд Орос улсад хар түрс боловсруулахыг хориглосон байна. Өнөөдөр хиймэл аргаар хилэм загасыг гаргаж авч байгаа бөгөөд эдгээр түрсийг л чөлөөтэй зарж болох аж.



2. “Abalone” хясаа
Үнэ: 119,5$
Абалон нь хүнсний зориулалттай хэрэглэж болох хясаа бөгөөд ихэнхидээ Калифорни, Мексик болон Японд амьдардаг байна. Абалоны хэлбэр нь хүний чихтэй адил учраас заримдаа чих гэж нэрлэх тохиолдол ч байдаг. Түүний махыг амттан гэж үздэг бөгөөд түүхий болон лаазалсан байдлаар хүнсэнд хэрэглэдэг аж. Хэдийгээр эдгээр хясааг байгалиас түүж, хиймэл аргаар боловсруулж байгаа ч хүн бүрийн хэрэглээ болж чадахгүй байгаа гэнэ. Хясааг боловсруулах үйл ажиллагааг “Calmex” компани хариуцдаг байна. Амттанг худалдаж авахын тулд 119,5 доллар зарцуулах бөгөөд ойролцоогоор 400 граммыг л авах юм байна.



3. Хятадын хар малтуу мөөг
Үнэ: 64$
Цаг агаарын байдлаас болоод малтуу хар мөөг бага ургасан тохиолдолд түүний үнэ алтны үнэтэй өрсөлдөхүйц болдог байна. Дэлхий дээр хэд хэдэн төрлийн малтуу мөөг ургадаг. Хамгийн олонд хүртээлтэй, үнийн ч хувьд боломжийн мөөг нь Хятадын хар малтуу мөөг юм байна. Хятад улсад малтуу мөөг европын орнуудыг бодоход үнэ багатай байдаг нь Хятад улсад ургац сайн учраас тэд хангалттай ихийг түүж чаддаг аж. Хятадын хар мөөгийг экспортлодог бөгөөд мөн лаазалж бэлтгэдэг байна. Малтуу мөөгийг ихэвчлэн лаазалсны дараа экспортлодог байна. Лаазлахаасаа өмнө мөөгийг цэвэрлэж, харин амт, чанарыг нь хэвээр байлахын тулд ердөө л мөөгний шүүс болон давс хийдэг аж.



4. Фуа-гра
Үнэ: 49,99£
“Тостой элэг” гэж төдийлөн амттай сонсогдохгүй ч Францын “foie gras” хэмээх үгийг ийнхүү орчуулдаг байна. Энэхүү тансаг бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгчид нь францчууд хэмээн үздэг ч үнэн хэрэгтээ эртний Египтүүд галуу, нугасыг хооллож харин дараа нь элгээр нь амттан хийдэг байжээ. Харахад фуа-гра элэгний нухаштай адил боловч үйлдвэрлэж буй аргаараа ялгаатай юм байна. Фуа-граг ихэвчлэн лаазалсан эсвэл нухаш хэлбэрээр зарж борлуулдаг. Энэхүү амттанг идэхдээ хүйтнээр нь идвэл амтыг нь бүрэн мэдэрч чадах аж.



5. Эскарго
Үнэ: 60$
Францчуудын идэх дуртай нэгэн зүйл нь эскарго юм. Амттаны гол найрлаганд борооны дараах эмгэн хумс ордог байна. Эмгэн хумсыг хүнсэнд эртний үеэс хэрэглэж ирсэн бөгөөд дундад зууны үед шашны дэглэмийн үеэр иддэг байжээ. Харин одоо баяр ёслолын үеэр амттан болгож хэрэглэдэг. Өөрийн биеэр эскарго хийхэд маш хэцүү гэнэ. Эмгэн хумсны махыг түүний дотроос нь гаргаж, ногоо болон сармисаар амталсны дараа буцаагаад эмгэн хумсны хясаа дотор хийдэг байна. Харин лаазалсан эскарго-г хийхэд амтлагч, давс хийж буцалгасан халуун усанд хийдэг аж. Лаазалсан эмгэн хумсыг идэхдээ юуны түрүүнд шүүсийг нь асгах хэрэгтэй.



6. Сhestnuts
Үнэ: 28$
Намрын улирал нь Европчуудын хувьд “Сhestnuts”-ын улирал юм. Яг энэ үед л түүж эхэлдэг бөгөөд хотын гудамжинд шууд шарж хэрэглэдэг учраас хот даяараа сайхан үнэртэй болдог гэнэ. Францчууд үнэр, амт зэргээс нь болж Сhestnuts-д маш их дуртай байдаг байна. Домгоос харахад Юпитер Ней-д маш хайртай байсан боловч тэрээр түүнд хариу өгөөгүй учраас тэрээр туулайн бөөрний мод болж хувирсан гэж үздэг байна. Харамсалтай нь Сhestnuts-ыг шинэхэнээр хэрэглэх нь ховордсон боловч лаазалсан байдалтай бол олж болох юм. Тэднийг лаазлахдаа шүүсэнд нь эсвэл сиропонд хийдэг бөгөөд сүүлийн үед нухаш хэлбэрээр нь ч зардаг болжээ.



7. Шарсан хилэнц
Үнэ: 5,99$
Европчуудын хувьд хилэнц гэсэн нэрийг сонсоход л сэжиглэх, үзэн ядах сэтгэгдэл төрдөг байна. Харин Азийн хувьд түүнийг амттан хэмээн үздэг аж. Хятад улсад хилэнцийг жигнэж болгоод нимгэн бинтэй хамт идэхээс гадна шорлог хийж иддэг байна. Саяхнаас лаазалсан хилэнц худалдаанд гарчээ. Лаазлахдаа шууд хэрэглэхэд бэлэн болгож, шарсан байдаг. Хилэнцийг чанаж, жигнэх явцад түүний хорт чанар нь устдаг учраас хүнсэнд хэрэглэхэд ямар ч санаа зовох зүйл үгүй аж. Азид хилэнцийг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг байна.



8. Хулсны өт
Үнэ: 3,49£
1980 оны дунд үед Тайландад шавжнуудыг ихэвчлэн амтлагч болгон хоолонд хэрэглэж байжээ. Гэвч их хэмжээний царцааны нүүдэл болсноор залхсан иргэд түүнийг барьж хоол хүнсэнд хэрэглэх болсон байна. Хэсэг хугацааны дараа шавжнууд Тайланд улсад амттаны нэг хэсэг болсон бөгөөд өнөөдөр хамгийн алдартай нь хулсны өт гэнэ. Тайчууд үүнийг хурдан хөдөлгөөнөөс нь болж «рот дуан экспресс» хэмээн нэрлэдэг байна. Үнэн хэрэгтээ энэ бол шавж биш харин хулс модны дотор үүсдэг өт юм. Эдгээр өтнүүдийг хулснаас түүхээс гадна хиймэл аргаар боловсруулдаг болсон байна. Хулсны өтийг тосонд шарсны дараа уутанд хийх эсвэл лаазалдаг аж. Шаржигнаж дуугардаг учраас түүнийг попкорнтой харьцуулдаг боловч ямар нэг өвөрмөц амтгүй гэнэ.



9. Карритай матрын мах
Үнэ: 10,99£
Зүгээр лаазалсан мах бол хүмүүсийн гайхшралыг тийм ч их төрүүлэхгүй болов уу. Харин матрын лаазалсан мах гэхээр гайхаж болох юм. Гэсэн хэдий ч энэхүү хэвлээр явагч амьтны махаар Сингапурын ресторанд аль хэдийн хоол хүнс хийж эхэлсэн бөгөөд хамгийн алдартай хоолны төрөлд багтдаг байна. Харин Австралийн хувьд матрын махтай жигнэмэг баярын хоолны төрөлд багтдаг бол Америкчууд шөл хийдэг гэнэ. Тэгвэл Тайландын иргэд матрын махыг карринд хийж лаазалдаг бөгөөд үүгээрээ гадаад, дотоодын жуулчдыг дайлдаг байна. Эдгээр хэвлээр явагчдыг тусгай арга замаар өсгөн үржүүлж хүнсэнд хэрэглэдэг боловч хүнсэнд хэрэглэх боломжгүй матрын арьсийг ашигладаг гэнэ. Лаазалсан матрын мах шууд хэрэглэхэд бэлэн байдаг байна.



10. Кобра могойн мах
Үнэ: 14,5$
Могойн махыг хүнсэнд хэрэглэдэг нь нууц биш. 17-р зууны үед Францад эрүүл мэнд, гоо сайханд сайнаар нөлөөлдөг гэдэг үүднээс могойн мах ихээхэн алдартай байсан байна. Хэдийгээр Европчууд болон Америкчуудын хувьд могойн махыг төдийлөн хэрэглэхгүй байгаа боловч Ази болон Африкийн улсуудад могойн махаар хийсэн хоол баярын ширээний нэгэн гайхалтай чимэглэл, дайллаганы төрөл болох аж. Бараг ихэнхи могойнуудыг хүнсэнд хэрэглэж болох бөгөөд хорт могойнуудын хорыг гаргаж авснаар мөн л хэрэглэх боломжтой юм байна. Хамгийн амттай могойн махны тоонд кобрагийн мах ордог бөгөөд хоол хийж эсвэл лаазаж хэрэглэдэг гэнэ. Ази тивээс гарсан тохиолдолд ихэвчлэн лаазалсан кобрагийн махыг олох боломжтой юм байна.



2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()