“Snapchat”-г үүсгэн байгуулагч 23 настай тэрбумтан

Өсвөрийн америкчуудыг өөрийн эрхгүй байлдан дагуулж чадсан “Snapchat” бол жинхэнэ гайхамшиг. Snapchat илгээсэн зураг эзэндээ хүрсний дараа устдаг гэдгээрээ үнэхээр онцлогтой. Snapchat–ийг залуусын хамгийн дуртай аппликейшн болгож чадсан эзэд нь бол ердөө 23 настай Эван Шпигель (Evan Spiegel), 25-тай Боби Мюрфи (Robert Murphy) хоёр юм.
“Snapchat”-г үүсгэн байгуулагч 23 настай тэрбумтан
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


Чухамдаа гэрээсээ ч холдож үзээгүй энэ хоёр залуугийн Snapchat нь Facebook-ийг шууд гурван тэрбум ам.долларын худалдан авах санал тавихад хүргэсэн алга загатнуулсан аппликейшн юм. Эван, Боби хоёр FORBES-ын жагсаалтад мөнхрөх нялх тэрбумтнууд болох уу, аль эсвэл гарын ая даалгүй навс унах амны салиа нь арилаагүй бацаанууд хэвээр үлдэх үү.

ХАМГИЙН ЗАЛУУ ТЭРБУМТАН гэдгээрээ түүхэнд бичигдсэн Facebook-ийн Марк Зукерберг жил хагасын өмнө сохор зоосны ч орлогогүй аппликейшнийг эзэмшигч шалдан банди Эван Шпигелийн цахим хаягаар "Менло Парк хотод ирээч, нэг нэгнийгээ мэдэж авцгаая"-гэсэн урилга илгээжээ. Хариуд нь мөнөөх шалдан банди өөрт нь үлгэр дууриал болох хүний өөдөөс "Хэрвээ над дээр ирвэл чамтай уулзахдаа баяртай байх болно" -хэмээн томорсон байна.

Үүсгэн байгуулагч: Эван Шпигель (Evan Spiegel)



Ингээд Facebook-ийн алдарт Зукерберг Шпигелийн төрөлх хот Лос-Анжелес руу соронздуулсан мэт нисэн очив. Шпигель Snapchat-ийг хамтран бүтээгч, технологи хариуцсан захирал Боби Мюрфиг танилцууллаа. Тэдний дэргэд долоо буудуулсан хашир чоно Зукерберг Snapchat-ийн цаашдын төлвийн талаар үг алдуулахыг хичээсэн ч юу ч олж долоосонгүй. Харин ч зураг хуваалцдаг, хуваалцсан зураг даруй устдаг Poke хэмээх гар утсанд зориулсан Facebook-ийн шинэ аппликейшнийхаа талаар ам алджээ. Ингээд Шпигель, Мюрфи хоёр Зукербергийн шилийг дөнгөж харангуутаа Хятадын философич, стратегич Сунь Зигийн "Дайтах урлаг" хэмээх номыг зургаан ажилтандаа яаралтай захиалсан байна. Энэ номын зургадугаар бүлэгт дайснаа хэзээ, хаана сул тал гаргаж байна, тэр эгзгийг нь тааруулж дайрах хэрэгтэйг онцолсон байдаг.

Фото: Snapchat-г үүсгэн байгуулагчид болох Эван Шпигель, Боби Мюрфи хоёр.



Шпигель, Мюрфи хоёр энэ боломжийг хатуу ухамсарладаг бөгөөд Зукербергийн өгөөмөр загнасан гурван тэрбум ам.долларт хормой тосолгүй толгой сэгсэрч, snapshot-ийг зарснаас илүүтэйгээр 12 дугаар сард босгосон 50 саяараа нийгмийн сүлжээний системд өөрчлөлт хийн цөм цохихоо олж харсан хэрэг. Хожим Шпигель Зукербергтэй уулзсаныгаа "Үнэндээ, бид чамайг няцалж хаяна даа гэж санагдсан" -хэмээн дурссан удаатай.



Үнэхээр ч Snapchat хэрэглэгчдийнхээ огцом өсөлтөөр аварга том Facebook-д хамгийн их аюул учруулж байлаа. Нийгмийн сүлжээний сайтад сайн, муу ямар ч мэдээлэл оруулахад тэндээ ялзартлаа хэвтэж л байдаг. Харин өсвөр насны хэрэглэгчдийнхээ тоог огцом нэмэгдүүлж цочоох зорилготой Snapchat-д хүүхдүүд зүгээр л зүүгээр хатгуулсан юм шиг бүртгүүлж эхэллээ. FORBES-ын мэдээлснээр одоо 50 сая орчим 18 настангууд Snapchat-ийг хэрэглэж байна. Харин Facebook ашигладаг залуусын тоо шалдаа бууж, хэрэглэгчдийнх нь дундаж нас хэдийнэ 40 хэвийсэн хүмүүс болжээ.



Зукерберг ч үүнийг зөнгөөрөө мэдэрч байсан учраас 2012 оны 12 дугаар сарын 21-нд Poke-ийг анх танилцуулсан даруйдаа л Шпигельруу мэйлээр аппликейшн түүнд таалагдсан гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Шпигель шууд л Мюрфигээс энэ талаар сонсохыг хүсэхэд "Бараг л тэр чигээр нь хуулчихсан байна шүү дээ"-гэсэн урамгүйхэн хариу сонслоо. Гэвч гуравхан хоногийн дараа Poke-ийн тар нь танигдаж, Snapshot дахиад л тэргүүлж эхэлсэн бөгөөд Facebook-ийн аппликейшн шилдэг 30-ын жагсаалтаас үсгүй арчуулжээ. Ёстой л Шпигелийн хэлснээр "Зул сарын мэнд, Snapchat!" гэмээр зүүдэнд ч оромгүй явдал болсон юм.



Энэ нь мөнөөх гурван тэрбумыг тойрсон, өнгөрсөн оны хамгийн их байцаагдаж шалгаагдсан, толгой эргүүлсэн бүтэлгүй наймааны учгийг тайлсан юм. FORBES-ын тооцоогоор тухайн үед Snapchat-ийн 25 хувийг тус тусдаа эзэмшиж байсан мань хоёр Зукербергийн саналаас татгалзсанаараа хэн хэн нь 750 сая ам.долларыг тоогоогүй гэсэн үг. Шпигель "Ийм бизнесийг хөл дээр нь босгохоор ажилладаг хүн энэ хорвоо дэлхий дээр хуруу дарам цөөн, богино хугацааны ашгийн төлөө тохиролцоо хийх нь тийм ч сонирхолтой биш"-гэж ярив. Одоо ч аавынхаа өврөөс гараагүй 23 настай түүний хувьд тэрхүү "богино хугацааны ашиг" нь нэг тэрбумын 75 хувьтай яг тэнцэнэ.



ШАРЖИГНУУР АМТТАНД НУГАСГҮЙ
ЭНГИЙН ЗАДГАЙ ЭНГЭРТЭЙ ЦАМЦ, брэндийн жинс, цагаан пүүз өмссөн, 185 см өндөр Эван Шпигель хүүхэд насны эв хавгүй төрхөө одоо ч гээгээгүй. Лос-Анжелесийн Венис дэх Snapchat-ийн шинэ оффистоо хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөр сууж байхдаа чанга чангаар инээж, шаржигнуур амттанаас атга атгаар нь үмхэлж байв. Нэг тиймэрхүү, юу ч байлаа гэх мэт сул үгийг яриан завсраа байнга хавчуулах мөртлөө сайн менежментийн баг, Snapchat-ийн хэтийн төлвийн талаарх бодол зэрэг гүйцэтгэх захирлуудын гол сэдвүүдээр ярихаас илт цааргалах аж.



Гэхдээ би Шпигельтэй нэг удаа хоёр цаг хагас ярилцаж, намтар нь Зукербергийнхтэй гайхалтай төстэйг олж мэдсэн юм. Тэр нь юу вэ гэвэл, хоёулаа чадварлаг хуульчийн ууган хүүхдүүд. Түүний ээж Мелисса Харвардын Хуулийн сургуульд суралцаж, Шпигелийг төрүүлэхээсээ өмнө татварын хуулийн чиглэлээр дадлагажсан бол, аав Жон нь Йелийн Их сургуулийг төгссөн эрх зүйн хуульч. Тэр Сергей Брин болон “Warner Bros”-ийг төлөөлөн ажиллаж байгаа.



Шпигель, Зукербергийн адил дунд сургуульд байхдаа л техник технологид маш сонирхолтой, номын хүүхэд байсан бөгөөд зургадугаар ангид байхдаа анхны компьютерээ бүтээжээ. Сургуулийнхаа компьютерийн лабораторт Photoshop програм дээр ажиллаж, хамгийн сайн найз маань манай компьютерийн багш Дэн байсан даа хэмээн инээд алдан өгүүлнэ. Ахлах сургуульд байхдаа л /Зукерберг сүүлд нь мөн ингэсэн/ зоригтой алхмуудыг хийж, шөнийн клубт “Red Bull” сурталчилсны дээр эцэг эхийнх нь салалт түүнд харин сохорсон биш завшив гэгч болжээ. Эхлээд аавтайгаа амьдарч, BMW 550i машинаа унуулахаас татгалзсаных нь хариуд ээж дээрээ давхиж очсоноор хэдхэн өдрийн дараа BMW бүрмөсөн түүнийх болов. Коллежийг эс тооцвол одоо ч тэрээр далайн эргээс холгүй аавынхаа хувийн сууцанд амьдарч байна. "Маш олон зүйл маш хурдан өөрчлөгдсөн, тиймээс өөрчлөгдөхгүй нэг зүйлтэй байх сайхан" хэмээн өнгөрснөө цагаатгах үүднээс хэлсэн удаатай.

Та бүхэн энэ нийтлэлийн үргэлжлэлийг "Forbes Mongolia" сэтгүүлийн 6-р сарын дугаараас Монгол хэл дээр уншаарай.

Сэтгүүлийн захиалгатай холбоотой мэдээллийг доорх хаягаас аваарай.
https://www.facebook.com/forbes.mongolia
Утас: 70114646, 77074646

14
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()