Монгол тулаанчын эсрэг Оросын тулаанч “ONE Championship 35”: Нарантунгалаг — Гафуров

2015-10-22, 19:30
9,786
Монголын ММА ертөнц дэх энэ долоо хоногийн гол мэдээ Ж.Нарантунгалагийн тулааны тов байлаа. ONE Championship холбооны ерөнхийлөгч Виктор Куи 11 дүгээр сарын 21-нд Хятадын нийслэл Бээжинд зохиох "ONE 35" тэмцээнд Ж.Нарантунгалаг, Марат Гафуров нар хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын цол нэгтгэх тулаан хийх болсныг албан ёсоор зарласан юм.
Монгол тулаанчын эсрэг Оросын тулаанч “ONE Championship 35”: Нарантунгалаг — Гафуров
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


Энэ нь Нарантунгалаг Гафуровын эсрэг зарлагдсан хоёр дахь тулаан билээ. Өмнө нь нударга зөрүүлж байгаагүй байж ямар учраас хоёр дахь удаагаа зарлагдсан тулаан бэ гэдгийг, мөн үүний өмнөх гол үйл явдлуудыг уншигч олонд хураангуйлан хүргэе. Монголын холимог тулааны анхдагч Нарантунгалаг 2014 оны 4 дүгээр сард ONE Championship-тэй гэрээ байгуулж, дараа сард нь Сингапурт болсон "ONE FC: Honor and Glory" тэмцээнд Филиппиний тамирчин Онорио Банариотай уулзсан юм.

Тэрээр жилийн өмнө Legend FC холбооны аваргын цолоо хамгаалах тулаанд хөлөө хугалж, удтал тэмцээн уралдаанаас ангид байсан учраас жингийнхээ аваргын бүсийг эзэмшиж байсан Банарио манай тамирчны хувьд хатуухан шалгуур болоод байв. Тулаан бүхий л гурван үе явагдаж, Нарантунгалаг шүүгчдийн нэгдсэн саналаар ялалт байгуулан, шинэ холбоон дахь гараагаа амжилттай эхлүүлэв.
 






Тэр үед хагас хөнгөн жингийн аваргын цол Японы тамирчин Кожи Ойшид байлаа (Ойши Банариог ялж аварга болоод байсан юм). Тэрээр аваргын цолоо 2014.08.29-нд Филиппин Улсын тамирчин Эрик Келлийн эсрэг хамгаалахаар яригдаж эхлэв. Гэвч Келли үүнээс нэг сарын өмнө тулаан хийхдээ бэртэл авч, Ойшитой товлосон хугацаанд тулалдах боломжгүй болов.

Нөхцөл байдал манай тамирчинд ашигтай эргэж, холбооны удирдлагууд аваргын цол горилох эрхийг Нарантунгалагт өгсөн билээ. Бүсний төлөө тулалдах саналыг Нарантунгалагт тулаан болохоос ганцхан сарын өмнө өгснийг дурдах хэрэгтэй болов уу. Аваргын тулаан таван үе үргэлжилдэг учраас ийм тулаанд нэг сар бэлдэх нь дэндүү давчуу хугацаа байлаа. Гэсэн ч Нарантунгалаг бүхий л таван үеийн турш Японы аваргыг илүүрхэж, шүүгчдийн шийдвэрийг өөрийн талд гаргуулж дөнгөв. Ингэснээр Монгол Улс тулааны спортын оргил гэгдэх энэ төрөлд анх удаа дэлхийн аваргатай болсон юм.













Гэмтэл бэртэл нь саад болоогүй бол аваргын цолны төлөө тулалдах ёстой байсан Эрик Келлиг манай Нарантунгалагтай нударга зөрүүлэхийг ММА сонирхогчид хүлээх болов. Гэвч тухайн үед Келлийн гэрээний хугацаа дуусаж, хугацаа сунгах хэлэлцээ нь маш их сунжирснаас болж энэхүү тулааныг бид өдий хүртэл үзэж чадаагүй юм. Энэ хойгуур ONE холбоонд шинээр орж ирсэн Орос Улсын тамирчин Марат Гафуров оргил өөд эрчтэй гарч ирэв. Тэрээр Австралийн Роб Лисита, Эв Тинг нарыг тус бүр нэгдүгээр үед боох мэхээр буулган авч, аваргын цолны төлөө Жадамбаагийн Нарантунгалагтай нударга зөрүүлэх эрхийг олж авав.











Тулаан 2015.09.27-нд Индонез Улсын нийслэл Жакарта хотноо төлөвлөгдлөө. Гай газар доороос гэгчээр, төлөвлөгдсөн тэмцээн болохын даваан дээр Индонезын тал манай тамирчинд хөдөлмөрийн виза олгохоос татгалзаж, Нарантунгалаг — Гафуров тулаан цуцлагдахад хүрэв. Зохион байгуулагчид тэмцээнийхээ оргил тулааны оноолтод даруй сэлгээ хийв.

Уг тэмцээний дагавар хэсэгт оролцох байсан Австралийн залуу тамирчин Мартин Нгуенийг хагас хөнгөн жингийн түр аваргын цолны төлөө Марат Гафуровтой оноож орхив. Санаандгүй байдлаар оноогдсон энэ тулаанд Гафуров Нгуенийг минут хүрэхгүй хугацаанд боох мэхээр ялж, ONE холбооны түр аварга болов.

Тулаан дуусмагч Гафуровт аваргын бүс зүүн өгч, анхны сэтгэгдлийг нь асуухад: "Би өөрийгөө бүрэн гүйцэд аварга болчихлоо гэж бодохгүй байна. Учир нь Нарантунгалаг аварга хэвээрээ байгаа. Гэвч удахгүй би түүнтэй уулзана аа" гэж даруу бөгөөд өөртөө итгэлтэй хэлсэн билээ.







Тэгвэл Нарантунгалагийн “Өрсөлдөгч хэр их чансаатай байна, тэр хэмжээгээр миний ялалтыг алдаршуулах болно” гэсэн үг нь энэ тулааныг үзэх хүслийг ММА хорхойтнуудын дунд улам их нэмэгдүүлээд байна. Ийнхүү ирэх сарын 21-ний бямба гарагт Бээжингийн Олимпын спорт цогцолбор ордонд Нарантунгалаг маань ноднин жил дэлхийн аварга болсноосоо хойш анхныхаа тулааныг Марат Гафуровын эсрэг хийх болжээ. Энэ удаад тус хоёрыг торон дэвжээнээ учрахад юу ч битгий саад болоосой билээ.



Тамирчдын товч танилцуулга

Овог нэр: Жадамбаагийн Нарантунгалаг
Иргэншил: Монгол Улс
Нас: 39
ММА үзүүлэлт: 10-3 
ММА амжилт: Legend FC холбооны хөнгөн жингийн аварга, ONE холбооны хагас хөнгөн жингийн аварга





VS



Овог нэр: Марат Гафуров
Иргэншил: Оросын Холбооны Улс
Нас:
29
ММА үзүүлэлт: 12-0
ММА амжилт: M-1 холбооны хагас хөнгөн жингийн аварга, ONE холбооны хагас хөнгөн жингийн түр аварга




Видео

9 сарын 27нд 20:00 цагаас энэ тулааныг Univision-ий 88-р сувгаар

-9 сарын 27нд Индонезийн нийслэл Жакарта хотноо ONE Сhampionship-ийн аваргаа хамгаалахаар манай Ж.Нарантунгалаг аварга ОХУ-ын Марат Гафуровтой тулалдана. Энэ тулааныг та бүхэн Univsion 88-р сувгаар шууд хүлээн авч үзээрэй. -Энэ тулааны өмнө Монголын бахархал, агуу тулаанч Ж.Нарантунгалаг болон түүнтэй тулах Марат нар юу юу ярьсан бэ? -Та бүхэн доорх бичлэгээс сонирхолтой ярилцлагуудыг дэлгэрүүлэн хүлээн аваарай. Дашрамд дурьдахад энэ тулааныг Univision 88 дугаар сувгаар Улаанбаатарын цагаар 20:00 цагт шууд дамжуулахаар SPS HDTV болон Univision-ний хамт олон хамтран ажиллаж байна. Жич: 9-р сарын 25-26нд шилжих шөнө цаг ухрахыг тооцсон - Timezone Ulaanbaatar UTC +8

Posted by SPS - Premier Sports Channel on Tuesday, September 15, 2015



Нийтлэл бичсэн:
Armbar Kimura

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()