“Харри Поттер”-ийн зохиолчийн ээдрээтэй амьдрал

Шулуун биш шуургатай замаар туучин явсаар өдгөө алдрын оргилд хэдийн гарч, аз жаргалтай амьдарч яваа хүчирхэг нэгэн бүсгүйн түүхийг танд өгүүлэхээр бэлтгэлээ. Хүсэл мөрөөдлөө даган, хэцүү бэрхийг үл ажран хэн хүнээс гарамгүй зориг тэвчээрийг тээсээр ирсэн Английн алдарт зохиолч, одоо бол дэлхийн хамгийн алдартай, баян зохиолч болсон Ж.К.Роулингийн бартаат амьдралын түүхтэй хамтдаа танилцъя.  

“Харри Поттер”-ийн зохиолчийн ээдрээтэй амьдрал
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1

Ж. К. Роулинг (J.K.Rowling)-ийг бид бүгд алдарт “Харри Поттер” номыг бичсэн гэдгээр нь гаргаахгүй сайн мэдэх хэдий ч гунигт нүднийх нь цаана нуугдах хүндхэн амьдралынх нь талаар анзаардаггүй бололтой. Амжилтанд хүрэх дардан зам гэж байдаггүйн адилаар түүний гараа ч бас саад тотгороор дүүрэн байжээ. 

2

Тэрээр Английн баруун өмнөд хэсэгт мэндэлсэн бөгөөд аав, ээж болон эгчийнхээ хамт өсч торнижээ. Бага байхаасаа л ном уншиж өссөн Роулинг ихэнх цагаа өрөөндөө ганцаараа суун шүлэг, ном бичиж өнгөрүүлсэн байдаг. 6 настай байхдаа өөрийн анхны ном болох “Туулай”-г бичсэн төдийгүй ээж нь ч охиноо дэмжиж номыг нь хэвлүүлж өгчээ.

3

Жил ирэх тусам түүний ном зохиол бичих чадвар дээшилж байснаас гадна хүсэл эрмэлзэл нь ундарч байсан гэдэг. Гэвч түүний өсвөр нас хэцүүхэн байдалтай өнгөрсөн юм. Учир нь түүний ээж хүнд өвчин тусч, хэвтэрт орсон бөгөөд өөрийг нь үргэлж хайрлаж, дэмждэг хүн нь ийм байдалтай байхыг харах маш хэцүү байсан нь ойлгомжтой.

4

1991 он буюу Роулинг 25 нас хүрэхэд ээж нь хэвтрийн байдалтай байсаар насан эцэслэсэн нь бүсгүйд ихээхэн цочрол болсон юм. Харин тус үйл явдлаас 6 сарын дараа тэрээр галт тэргээр аялж яваад гэнэтхэн л толгойд нь ид шидийн мэт зүйлсийн тухай санаа орж ирэн, алдарт “Харри Поттер” зохиолоо туурвиж эхэлжээ. 

5

Ээжийгээ нас барсны дараа тэрээр Португаль улсад нүүж ирэн, Англи хэлний багш хийж байжээ. Удалгүй Жорже Арантез хэмээн нүдэнд дулаахан залуутай танилцаж, бие давхар болсон тул 2 өрөөтэй жижигхэн байшинд сүйт залуугийнхаа ээжийн хамтаар амьдрах болсон юм. 1992 оны 10-р сард тэд гэрлэлтээ батлуулсан боловч Роулинг азгүй тохиолоор зулбаж ахин нэг амьдын хагацал амсав. Гэвч удалгүй бүсгүй бурхны ивээлд багтан дахин жирэмсэлж, 1993 оны 7-р сард бяцхан охин Жессикагаа өлгийдөн авсан билээ.

6

Муудалцах зүйлс мундахгүй, хэрүүл маргаан нь туйлдаа хүрсэн хосын харилцаа нэгэнт хөрч, бүсгүй тэвчихээ байн охиноо аван Англи руу буцсан юм. Роулингд “Харри Поттер”-ын 3 боть зохиол, гар цүнх, хамгаас хайртай охиноос нь өөр юу ч байсангүй. Тэнгэр хол газар хатуу гэгчээр бяцхан охиноо өлсгөхгүйн тулд түүнд хийж үзээгүй ажил гэж үгүй байжээ.

7

Хэт их дарамтад ажиллаж, үргэлж л мөнгө бодож явсаар эцэж цуцан байсан ч эх хүний тэсвэр хатуужлыг гарган, шантралгүй ажилласаар байснаа тэр хааяахан дурсдаг. Ийн явсаар бага насны мөрөөдлөө санаж “Харри Поттер” зохиолоо сэргээн бичихээр шийдсэн юм. Кафед орон бяцхан охиноо хажуудаа унтуулчихаад цаг нарыг ч анзааралгүй зөвхөн зохиолоо шимтэн бичдэг байжээ.

8

Ганц бие ээж, дээрээс нь тогтсон ажилгүй, орон гэргүй бүсгүйн сэтгэл санаа ямар байсан нь ойлгомжтой. Хэдий төрсөн аав дээрээ очиж болох байсан ч багаасаа л хол хөндий байсан учраас бүгдийг өөрийн хүчээр давахаар шийдсэн юм.

9

Өдөр шөнөө ч ялгалгүй сэтгэлээ шингээн бичсэн “Харри Поттер: Гүн ухаантны чулуу” номоо 1997 онд бичиж дуусган хэвлэх үйлдвэрүүд рүү илгээж байсан ч бүгд л "Энэ номыг чинь унших хүн олдохгүй" хэмээн элдэв бусаар гоочилж, анх нийтдээ 12 хэвлэх үйлдвэрээс бүгдэнгээс нь татгалзсан хариуг хүлээж авсан гэдэг. Харин Лондон дахь “Bloomsbury” гэх хэвлэх үйлдвэрт номоо өгөхөд ашгүй нэг таатай хариу ирж, түүнд аз тохиосон юм. Түүний ном худалдаанд гармагцаа л өсвөр насны хүүхдүүдийн анхаарлыг илт татаж, ашиг орлогоо харамгүй өгч байв. Эхний хэдэн өдөртөө л түүний ном борлогдож, дахин хэвлэлтэд орж байсан гэдэг. Тухайн үед “Харри Поттер” номыг уншаагүй бол "онигоонд орох" дөхөж байсан гэх хошигнол ч байдаг.

10

Номынхоо эхний цувралаас чамгүй ашиг олсон бүсгүй урам зориг орж, цаашлаад 6 цувралыг нь үргэлжлүүлэн бичиж, дэлхий даяар 450 сая ширхэг хувийг борлуулсан нь түүхэнд бичигдэхүйц амжилт болж, "Дэлхийн хамгийн алдартай эмэгтэй зохиолч" гэх хүндэт алдрыг түүнд авчирсан билээ. Удалгүй түүний гайхалтай бүтээлээр кино туурвих болж ганц бие ээжийн амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн юм.

11

2011 онд “Forbes” сэтгүүлээс Роулингийн нийт хөрөнгийг 1 тэрбум хэмээн тооцоолж, дэлхийн хамгийн баян болоод чадварлаг зохиолч гэх цолыг дагуулсан аж. Зовж зүдэрч байж олсон энэхүү их хөрөнгөөсөө тэрээр буяны ажилд чамгүй ихийг зарцуулдаг. Зовлон гунигтай, тэвчиж барамгүй үеүүд түүнд өдөр бүр шахуу тохиолдож байсан ч тэрээр амьдралын утга учир болсон хөөрхөн охиноо харан урам зориг авч, урагш алхах эрч хүчтэй болж байсан гэдэг. 

12

Роулинг нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Саад тотгоргүй явсаар амжилтад хүрнэ гэх шиг үлгэр байхгүй. Чухамхүү зовж олсон амжилт, алдар хүнд л хамгийн үнэ цэнтэй байдаг. Хэн ч байлаа гэсэн өөрийн хүсэл мөрөөдлөө дагаад тууштай зүтгэх л юм бол амжилт өөд нэг алхам ойртлоо л гэсэн үг. Хамгийн чухал нь мөрөөдөл... Гэхдээ өмнө нь хэн байснаа хэзээ ч бүү мартаарай” хэмээсэн нь олон залууст урам зориг хайрлаж, мөрөөдөлдөө хүрэх хүслийг нь хурцалж өгсөн байдаг юм. 

13

Харин тэрээр 2001 онд Нэйл Муррэй (Neil Murray) хэмээх залуутай гэрлэж, 2 хүүхэд төрүүлсэн бөгөөд өдгөө ам бүл тавуулаа болж аз жаргалтай амьдарч яваа билээ.

246
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()