“Фэйсбүүк”-ийг бизнестээ хэрхэн зөв ашиглах вэ?

2016-07-22, 11:39
11,873

Facebook хүн бүхний хэрэглээ болсон өнөөдөр бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесийг Facebook-т байршуулах нь гарцаагүй шаардлага болж байна. Хэрэглэгчдийг татах, мэдээлэл өргөн хүрээнд, богино хугацаанд хүргэх олон давуу талтай энэхүү сошиал платформд хэрхэн оновчтой бизнесийн хуудсаа нээж, сурталчлах талаар орууллаа.

“Фэйсбүүк”-ийг бизнестээ хэрхэн зөв ашиглах вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1. Юуны өмнө та өөрийн Facebook хуудсаа үүсгэнэ. https://www.facebook.com/pages/create/

Та ямар ч төрлийн бизнес эрхэлж байсан юун түрүүнд өөрийгөө сурталчлан таниулах нь чухал  юм. Хэдийгээр та бизнесийнхээ үйл ажиллагааг түгээхийг зорьж байгаа ч түүнийг эрхлэн явуулж буй өөрийгөө илэрхийлэн харуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө бренд болгоно гэсэн үг. Энэ нь одоогийн нийгэмд маш чухал үнэлэмж болж байгаа бөгөөд хүмүүс компани биш хүнийг сонгодог болсон цаг юм.

2. Тохирох категорийг сонго.

3. Мэргэжлийн profile болон cover зургийг сонгон байршуулах. Энэ нь facebook хуудсын хамгийн эхэнд хүнд хүрэх чухал хэсэг юм. Хүмүүс ихэвчлэн өөрсдийн энгийн, дуртай зургуудыг сонгож тавих нь элбэг байдаг. Гэтэл зураг гэдэг маш олон утга санааг илэрхийлж, тухайн хүн эсвэл албан байгууллагыг бүх талаас нь төлөөлж байдаг.

Жишээ болгож дуучин Болдын facebook хуудсыг авч үзвэл:

Ковер зургийг харвал тухайн хүн ямар загварлаг хувцас өмссөн, камерын өмнө байдаг ямар нэг урлагийн хүн гэх ойлголт төрж байна. Дуучин, загвар өмсөгч, жүжигчин гээд яг тодорхойгүй ч бид төсөөлж болж байна. Эндээс энэ хүний ажил мэргэжлийн онцлог харагдаж, энэ хуудас энэ хүний тухай байх нь гэсэн мэдээллийг өгч байна. Profile зургийг харвал дуучин өөрийн бренд болсон логог байршуулсан байна. Хүмүүсийн хувьд энэ логог харвал дуучин Болд гэж шууд мэддэг. Энэ бол өөрийгөө бренд болгосны тод жишээ юм. Өөрийгөө ингэж бусдад таниулахад та заавал урлагийн алдартай од байх албагүй ба хэн болох, юу хийдэгээ илэрхийлсэн зөв зургийг байршуулах хэрэгтэй.

Тэгэхээр Ковер зургийн хувьд та хийж буй ажил, үйл ажиллагааныхаа тухай ойлголт төрүүлэх, басхүү өөрийгөө тод томруун харуулсан зураг оруулах нь зүйтэй. Харин Profile зургийн хувьд өөрөө авсан селфи биш, эгц чигээрээ харсан цээж зураг ч биш, харин хажуу өнцгөөс харсан байрлалтай, нүүр царай тод харагдсан, инээмсэглэсэн эсвэл эелдэг төрх гаргасан зураг авахуулах хэрэгтэй. Мэдээж зурагны чанар аль аль нь сайн байх ёстой. Илүү мэргэжлийн, цэвэр тод зураг хүмүүст итгэл төрүүлнэ. Мөн өөрийн вэб хуудас болон бусад сошиал медиа аккаунтуудад ч бас энэ зургийн зарчмыг баримтлах нь тохиромжтой.

1. Хуудасныхаа “About Me” болон бусад хэсгүүдийг сайтар бөглөж, тохиргоогоо хийх хэрэгтэй.

2. Нэрний хувьд өөрийн бизнесийнхээ эсвэл өөртөө оноосон нэрээрээ хуудсаа нэрлэх нь зүйтэй. URL: http://facebook.com/yourname

Жишээ нь: https://www.facebook.com/Bold.Musician/

Нэр таны хүмүүст танигдах хамгийн чухал түлхүүр. Тиймээс өөрийн бизнесийн үйл ажиллагаа, зорилтот хэрэглэгчид зэргээ сайтар сонгон нэрээ оноох хэрэгтэй. Тухайлбал санхүүгийн зөвлөгөө өгдөг бизнестэй бол санхүү гэсэн утгыг агуулсан үгийг нэрэндээ оруулах, эсвэл гадаад хэрэглэгчдийг онилж байгаа бол аль болох тухайн хэл дээр амархан уншигдах, ойлгогдох нэр өгөх нь зүйтэй. Өөрийн бүтэн нэрийг ашиглаж болно. Гэхдээ монголчуудын ихэнх нь урт, бас англи хэл дээр бичигдэхэд төвөгтэй нэртэй байдгаас Уранбилэг нэрийг Uka болгон хялбаршуулан хэрэглэдэг. Энэ нь цээжлэхэд дөхөмтэйн дээр харагдац, цаашлаад  лого хийхэд ч илүү хялбар болно. Түүнчлэн та нэг сонгосон бизнесийн нэрээ бүх платформд адилхан хэрэглэх нь зүйтэй. Хэрэглэгдэд таныг танихад хялбар болно.

1. Post. Мэдээж энэ бол facebook дэх хамгийн гол үйл ажиллагаа. Та олон хүмүүсийг хуудсандаа татахын тулд тогтмол пост оруулах хэрэгтэй. Хамгийн багадаа долоо хоногт 1 удаа, харин хэвийн үед өдөрт 1-5 удаа пост оруулах нь хангалттай. 5-аас их пост нь үр дүн муутай бөгөөд хэрэглэгчид мэдээллийг харж амжилгүй өнгөрөөх талтай. Тиймээс хэтэрхий их пост оруулах хэрэггүй, гэхдээ өдөрт тогтмол оруулж байх нь хэрэглэгчидтэй тогтоосон харилцааг хадгалахад чухал. Пост оруулахдаа тохиромжтой цагийг олж тогтоо хэрэгтэй. Facebook-н  Page’s Insights цэснээс таны хуудсанд зочилсон хүмүүс өдрийн аль үед илүү их онлайн орж ирж, engagement буюу like, share зэрэг үйлдлээр холбоо тогтоосныг харж болно. Эндээс өдрийн тодорхой цагт хүмүүс илүү их байгаа нь ажиглагдах ба тэр цагийг сонгож, цаашид пост оруулж байх нь илүү үр дүнтэй байна гэсэн үг. Учир нь нэг хэрэглэгчид өдөрт харагдах постын тоо хязгаартай тул та буруу цагт постлоод байвал хүмүүст огт харагдахгүйгээр өнгөрөх ч магадлалтай.

Ямар пост оруулах вэ? Контент. Өнөөдөр маш олон төрлийн контент хэрэглэгдэж байна, гэхдээ зураг болон видео/хөдөлгөөнт зураг контент илүү өндөр үзүүлэлттэй хэрэглэгдэж байна. Учир нь хүмүүс нэгэн зэрэг маш олон мэдээллийг хүлээн авдаг болсноос аль болох товч, цаг бага үрэх мэдээлэлд сонирхолтой болсон. Удахгүй олон нийтийн сүлжээгээр текстэн контент бараг хэрэглэгдэхээ болино гэсэн төлөв ч гарсан байдаг. Өөрт тохирсон контентыг бэлтгэн тогтмол постлох нь хэрэглэгчдийг татах зам ба ингэхдээ өөрийн өгөх гэж буй ямар нэг үнэ цэнэтэй мэдээллийнхээ товч хэсгийг танилцуулах нь илүү тохиромжтой. Тухайлбал хялбархан тураах дасгал бүхий богино хэмжээний видео хичээл оруулаад илүү ихийг мэдэхийн тулд гээд уншигчдаа линкээр дамжуулж өөрийн бүрэн контент байгаа газар луу дагуулна.

Та facebook-г бизнесийнхээ онлайн суваг болгон ашиглаж болох ч онлайн бизнес хийж байгаа тохиолдолд энэ нь дангаараа бизнесийн хуудас болж чадахгүйг анхаарна уу. Ямар ч тохиолдолд таны бизнесийн гол газардах талбай буюу гэр орон болсон вэб хуудас байх хэрэгтэй. Facebook бол таны маркетинг сурталчилгааны суваг юм. Сурталчилж олсон хэрэглэгчээ үндсэн вэб хуудас руугаа чирж авчрахыг эрхэмлэх хэрэгтэй. Таны нийтэлсэн контент хэрэглэгчийн сонирхлыг татаад, анхаарч үзээд, цаашлаад илүү дэлгэрнгүй, өшөө ихийг мэдэхийг хүсвэл тэд линкэн дээр вэб хуудас руу чинь орохоос төвөгшөөхгүй. Таны контент хамгийн гол нь хэрэглэгчидтэйгээ холбогдох утга төгөлдөр, үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн, таашаалд нийцсэн байх хэрэгтэй. Хамгийн наад зах нь гоёмсог зурагтай ишлэл үгс, урам зориг өгсөн үгс зэргийг постолж болно. Ингэхдээ тухайн контент таных гэдгийг илтгэсэн лого тамгатай байвал бүр сайн.

Цаашлаад facebook-т байдаг пост оруулах хэрэгслүүд /зураг, видео, slideshow/-г ашиглаад олон төрлийн контент хялбархан оруулж болно. Мөн хуудсан дээрх call to action, event зохион байгуулах, уралдаан тэмцээн зохион явуулах зэргээр хуудсынхаа үйл ажиллагааг баяжуулах боломжтой.

  • Хуудсаа хөтлөхөд мөн анхаарах зүйлс нь мессеж ирсэн эсэхийг шалгах, хүмүүс хуудсанд чинь сэтгэгдэл, пост оруулсан эсэхийг тогтмол шалгаж тэдгээрт хариу өгөх хэрэгтэй. Хариу өгөхгүй байх нь хүмүүсийн итгэлийг хугалах бөгөөд үнэн бодитой үйл ажиллагаа байхгүй мэт ойлгогдох аюултай. Бизнесийн хамгийн гол зарчим бол хэрэглэгчдийн итгэлийг олох явдал.

Facebook нь бизнесийн хуудас явуулахыг дэмжсэн бүхий л арга хэрэгсэлтэй баялаг юм. Та мэргэжлийн маркетер биш ч facebook маркетингийг бие даан хийх бүрэн боломжтой. Дээрх ерөнхий үйл ажиллагаанууд дээр нэмээд анхааруулахад та бизнесээ богино хугацаанд олон хүнд хүргэхийг хүсвэл facebook-н төлбөртэй сурталчилгааг ашиглах нь зайлшгүй юм. Мэдээж шинээр эхэлж байгаа, хүмүүст танигдаагүй бизнес шууд л олон мянган like цуглуулах маш хэцүү. Өнөөдөр тэрбум гаруй facebook хэрэглэгч өдөр тутам идэвхтэй онлайнд амьдарч байдаг.

Тэр олон хүн өдөрт олж харах постын тоо хэмжээ тоолж барамгүй. Нэгэнт маш их сонголт байхад хүмүүсийн нүдэнд яаж өртөх вэ. Хуудсыг өөрөөр нь буюу органикаар явуулахад тодорхой  хэмжээний хүмүүст хүрч чадах ч ахицтай хөгжиж дэвшихгүй. Учир нь төлбөртэй постууд үргэлж бусад постуудын дээр хүчээр хэрэглэгчдэд харагдаж байдаг ба нэг хүн өдөрт хэчнээн пост харж барах вэ, дийлэнх төлбөртэй болон өөрийн аль хэдийн engagement хийсэн хуудсуудын постууд, найз нөхдийн пост зэргийг харсаар таны пост харах цаг, зай үлдэхгүй байх тохиолдол бий. Тиймээс та facebook хуудсаа идэвхтэй, хурдтай амжилтанд хүргэхийг хүсвэл төлбөртэй арга хэрэгслийг ашиглах шаардлагатай.

Дараах төлбөртэй арга хэрэгслийг санал болгодог:

  • Boost your posts – Зорилтот хэрэглэгчдийн чинь мэдээний сувагт буюу news feed хэсгийн эхэнд харагдахаар постоо сурталчилна гэсэн үг юм. Хуудас биш, харин хуудсан дахь аль нэг постоо бүүст хийнэ гэсэн үг.
  • Promote your page – Хуудсаа дэвшүүлэн сурталчлах, энэ нь хуудсанд like цуглуулах зорилготой. Facebook –н хамгийн бага төсөв өдөрт 5$-оос эхэлдэг. Ерөнхийдөө 1 like 3 cent-н үнээр орж ирдэг.
  • Send people to your website – Уншигчдын урсгалыг буюу онлайн traffic-г хуудас биш вэб сайт руугаа татах зорилготой.
  • Мөн үйл ажиллагааны онцлог бүрт тохирсон дараах хэрэгслүүд байна.
  • Increase conversions on your website
  • Get installs of your app
  • Increase engagement in your app
  • Reach people near your business
  • Raise attendance at your event
  • Get people to claim your offer
  • Get video views

Аль ч тохиолдолд төлбөр төлөн сурталчилгаа явуулж байгаа тохиолдолд эдгээр сонголтуудаас ашиглаад та сурталчилгаа бүтээх буюу Create ad хэрэгслийг ашиглана. Эдгээр төлбөртэй сурталчилгааг илүү нарийн, эмх цэгцтэй явуулахын тулд Facebook Ads Manager аппликейшныг ашиглах нь зүйтэй. Үүнийг та гар утсандаа татаад, эсвэл компьютероосоо ороод хэрэглэж чадна. Энэ нь төлбөртэй сурталчилгааны аливаа хэлбэрийг ашиглах тохиолдолд /мөнгө төлөхөд/ идэвхждэг юм.

Энэ бол facebook маркетинг сурталчилгаа явуулах бүхэл бүтэн хяналтын самбар юм. Та бүгдийг ашиглаж мэдэхгүйгээс санаа зовох хэрэггүй, хэрхэн сурталчилгаа бүтээгээд түүндээ ямар хэмжээний төсөв, ямар хугацаатай, хэнд хаана явуулах зэргээ сонгоод сурчихад болно. Your Target буюу зорилтот хэрэглэгчээ сонгоход чинь маш нарийн шүүлтүүрийг facebook  олгодог.

Та хэрэглэгчээ газар нутгаар нь, тэгэхдээ зөвхөн улс орон биш бүр хот, дүүрэг, аль эсвэл зайсан толгой гэсэн цэг сонгож аваад түүнээс 30км-н радиуст гээд маш нарийн байршлаар нь зааж болно. Мөн нас, хүйс, ажил мэргэжил, сонирхол, албан газар, бүр ямар гар утас хэрэглэдгээр нь хэрэглэгчдээ шүүн хайж болно. Шүүлт бүрийн дүнд яг тухайн цаг мөчид хэдэн хүн facebook онлайн байгаа тоог танд харуулах болно. Энэ нь таны сурталчилгааг илүү үр дүнтэй хүргэхэд түлхэц болж байгаа юм.

Учир нь уламжлалт сурталчилгааны хэлбэр буюу телевизийн реклам, эсвэл гудамжны самбарны реклам хийгээд хэдий хугацаанд хэдэн хүнд, ямар хүнд хүрч байгааг хянах боломжгүй байдаг. Харин facebook болон бусад дижитал маркетинг таны сурталчилгаагаа үзүүлэхийг хүсч байгаа хүмүүсийг гарцаагүй тодорхойлж өгдөг. Дээр нь сурталчилгааны үйл явцыг тоо хэмжээтэй нь нарийн хянаж болдог. Тиймээс жишээ нь таны зорилтот хэрэглэгч залуу ээжүүд бол нас хүйсээр ангилаад онилж болно, аль эсвэл та Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгаад ойр тойрны оршин шуугчдад үйл ажиллагаагаа хүргэхийг хүсвэл газрын байршлаар нь онилж болох нь байна. Мэдээж эдгээр олон шуултүүрийг нэгэн зэрэг ашиглаж болно.

Бизнест хамгийн чухал сурталчилгаа нь Boost Post, Promote Page болон Send People to Your Website ads бөгөөд өөрийн боломжиндоо тааруулаад бага төсвөөр эхэлж болно.Нэгэнт мөнгө төлж байгаагийн хувьд үйл явцыг тогтмол хянах нь зүйтэй бөгөөд тухайн сурталчилгаа үр дүнгүй байвал хүссэн үедээ зогсоож болно. Аль эсвэл хуучин пост чинь шинэ постоос чинь илүү хандалттай байвал тэр постоо бүүст хийгээд явуулж болно.

Facebook маркетингыг бизнестээ хэрхэн ашиглах талаар ерөнхий мэдээлэл өгөхөд ийм байна. Хамгийн гол анхаарах зүйл бол таны facebook хуудас таны бизнесийн нэг хэсэг болохоос сонирхол биш тул ажил хэрэгч хандах хэрэгтэй. Мөн түүнчлэн хэрэв та хүсвэл өөрийн хувийн facebook профайлыг ажилдаа ашиглаж болно. Өмнө дурдсаны дагуу өөрийн профайл мэдээллээ тодорхой бөглө, зөв зураг сонго, timeline дээрээ тогтмол пост оруул, олон найзтай бол, хүмүүсийн хүсэлтэнд хариу өг, эелдэг нээлттэй бай.

Амжилтанд хүрсэн олон хүмүүсийг харвал тэд хийж байгаа ажлаасаа илүүтэй хувь хүн талаасаа олонд танигдаж хүндлэгдсэн байдаг. Сошиал медиа гэдэг угаасаа хувийн үзэл бодлын орон зай. Хүмүүс таныг юу боддог, ямар хүн бэ гэдгийг сонирхохоос төрийн албан хаагч юм гэдгийг анхаарахгүй. Энэ нь монголын нөхцөлд илүү илэрдэг. Дуучин жүжигчин шинэ уран бүтээл гаргажээ, эсвэл гэртээ будаггүй царайныхаа зургаа нийтэлжээ гэсэн хоёр мэдээллийн алинд нь хүмүүс илүү хандалт өгч байна вэ. Тэр хүн уран бүтээлч ажилтай байтал түүний ажлыг биш гэртээ юу хийдгийг хүмүүс илүү сонирхдог болсон байна. Тиймээс үүнийг дагаад контентын хэлбэр агуулга албан, боловсон гэхээс илүү нээлтээй, ойр дотно, чөлөөтэй болж байна. Та бизнесмен байгаад таны оффисын өрөөнд чамин компьютерын ард суух зурагнаас чинь илүү ажлынхаа дараа кафед кофе уугаад сууж байгаа зураг чинь хүмүүст илүү таалагдаж болно. Цаг үе биднийг мэдрэмжтэй, хувьсамтгай байхыг шаардаж байна. Facebook зөвхөн нэг хэрэглээ биш маш том бизнесийн талбар болсон, үүнийг үр ашигтай ашиглаж сурах нь таны бизнест олон талын ач холбогдолтой.

Танд амжилт хүсье!

Хэрэв та илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосон дээр дараарай!

http://upmarla.com/

26
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()