Б.Мэдрээ: Эдийн засгийн хямралыг давах талаар ном сударт биччихсэн байгаа

Б.Мэдрээ: Эдийн засгийн хямралыг давах талаар ном сударт биччихсэн байгаа

Мэргэжил- Инженер, эдийн засагч

Гэр бүл- Эхнэр 4 хүүхэд

Дуртай ном- Британика, Толь бичгүүд

Хүндэлдэг хүн- Ухаантай, эрүүл сэтгэдэг, сэтгэл сайтай хүн

Юу цуглуулдаг вэ?- Ном

Амьдралаас авсан хамгийн том бэлэг- Хүний заяанд төрсөн

Дуртай бренд- Хөхүүрийн айраг

Дуртай хамтлаг- Битлз

Дуртай спорт- Хөлбөмбөг

Дэмждэг баг- Манчестер Юнайтед, Спартак

 

- 2016 оны УИХ - ын сонгуулийн талаар яриагаа эхлүүлье. Таны хувьд УИХ - д Сүхбаатар дүүргийн АН - аас нэр дэвшсэн. Ард түмэн сонголтоо хийж, шинэ УИХ бүрдлээ. Сонгуулийн үр дүнг хэрхэн дүгнэж байна?

- Сонгуулийн дараа хүмүүст үр дүнгийнх нь талаар бодож эргэцүүлэх зүйл их байлгүй яахав. Нэг талаасаа, сонгууль хэт туйлширсан байдалтай явагдсан байхыг үгүйсгэхгүй. Ингэхдээ нийгэм маань өөрөө ёс суртахуунгүй байдал руу явж байгаа зүйл ч ажиглагдсан. Тухайлбал, намууд улс төрийн сонгууль хийхдээ луйвар, булхай, хууран мэхлэх үйлдлүүд асар их хийж байна. Энэ бүхнийг цэгцлэхгүй бол хууран мэхлэх, луйвар, булхайн арга хэрэглэж, байгуулагдсан Засгийн газар, УИХ - ын аль нь ч зөв байж чадахгүй. Зөв аргаар байгуулагдаж байж л цаашдын ажил нь зөв байх боломжтой. Намайг л гэхэд хүүхнүүдтэй орооцолдуулан хар ПР хийж цуурхал яриаг тараах, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын аав ч болгочихсон явж байх шиг. Үүгээр зогсохгүй сонгуулийн үеэр оффшор данстай гэж бичсэн. Гэтэл энэ бүхний цаана яг хэн нь жинхэнэ оффшор данстай хүн нуугдаж үлдсэн бэ гэдэг асуулт үлдлээ. Энэ мэт янз бүрийн худал цуурхал тараах энүүхэнд боллоо. Цаашлаад сум, дүүрэг, хороодын нөлөө бүхий хүмүүсийг худалдаж авах, сонгогчдын нэрсийн жагсаалт руу нэр нэмүүлэх, өгөгдсөн нэрсийг айл өрхийн хаяган дээр хувааж оруулах, сонгогчдод мөнгө тараах, “царцааны нүүдэл” хийх гээд хууль бус үйлдлүүд газар авчээ. Мөн бие даагчидтай уулзаж, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг булхай, луйврыг сонгуулиар их хийдэг уламжлалт аргууд нь сонгуулиас сонгуульд уламжлагдсаар байгаа нь ажиглагдлаа. Энэ нь өөрөө Монгол Улс хөгжихгүй байх үндсэн шалтгаан болж байна. Намуудын болоод Сонгуулийн тухай хуульд иймэрхүү булхай луйврыг таслан зогсоох талаар тусгаж, мөрдөж эхлэхгүй бол луйврын замаар төрийн эрхийг булаан авах үйлдэл тасрахгүй. 26 жилийн турш ийм л байдлаар сонгууль явагдаж байна шүү дээ. Сонгуулийн тухай хууль, Намуудын тухай Монгол улсын хуулиуд нь ерөөсөө л нийгмийг бүхэлд нь хөгжүүлэхгүй, төлөвшүүлэхгүй, мөн ёс суртахуунгүй байхад түлхэн оруулж байна. Угтаа ШУДАРГА ЁС гэдэг чинь ерөөсөө л үнэний төлөө гэх философи шүү дээ. Нөгөө талаасаа манай Ардчилсан намын цэвэр ялагдал. Үндсэн шалтгаан нь Ардчилсан намын удирдлагуудын буруутай үйлдэл, ганцаарчилсан, дур зоргоороо тоглолт хийдэг байдал, фракцын эрх ашиг, хэрүүл уруул зэргээс улбаатай. Өөрөөр хэлбэл, бүх нийтээрээ улс орноо бус хувь хүн, намын эрх ашгийг бодож байгаа нь Монгол Улсын өөдлөн дэвшилтэд сөргөөр нөлөөлөөд байгаа юм. Сонгуулийн дараа ийм л хувийн дүгнэлттэй байна.

 

- Энэ жилийн сонгуулийн хувьд одоогийн эрх баригч намыг ялсан гэхээсээ илүү Ардчилсан нам ялагдлаа гэж үзэх хүн олон байгаа. Үүнтэй холбоотойгоор намын шинэчлэлийн талаар залуус дуу хоолойгоо өргөн гарч ирж байна. Таны хувьд намынхаа шинэчлэлийн талаар ямар үзэл бодолтой явна?

- Нам гэдэг улс төрийн институт. Өөрөөр хэлбэл, амьд организм. Тиймээс байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байх ёстой. Манай намын тухайд 2005 оноос хойш намынхаа Их Хурлаа хийгээгүй. Байсан намын дарга нар нь бүгд албан ёсных биш гэж ойлгогдохоор байгаа юм. Тэгэхээр энэ бүхнийг засахын тулд Намуудын тухай хуульд улс төрийн нам болгон жилд 1 - ээс доошгүй удаа Их Хурлаа хийх ёстой гэж хуульчилж өгөх явдал юм. Ингэхдээ хурлаараа хэлэлцэх асуудлыг хүртэл зааж өгсөн байх хэрэгтэй. Засгийн газрын ордонд бус намынхаа байранд ирж удирдах зөвлөлийнхөө хуралд оролцож, улс орныхоо өнөөгийн болон цаг үеийн асуудлыг ярилцаж, тайлагнах ёстой. Харин Төрийн ордонд бол төр, нам хоёр хутгалдаж буй “хэрэг”. Энэ мэт бүх зүйлийг зааглаж өгөх нь намуудын төлөвшилд ч тэр, улмаар Төр, Засгийн төлөвшилд ч чухал юм. Гэтэл өдгөө 26 жил энэ бүхнийг хуулиндаа тусгаж өгч чадахгүй л явж байна. Миний хувьд 1990 оны ардчиллын анхдагчдын нэг. Гэхдээ Төр, засгийн шугамаар ажил алба хашаагүй, хувийн секторд ажилласан. Тиймээс хөндлөнгөөс энэ бүх процессыг ажигласаар ирсэн, ажигласаар ч байх болно.

 

- Сонгуульд нэр дэвшигчийн хувьд гол дэвшүүлж байсан санал тань зээлийн хүүг бууруулах бодлого байсан. Санхүүгийн салбарт туршлагатай банкир хүний хувьд цаашид ч энэ зорилгоо биелүүлэхийн тулд ажиллана гэж итгэж байна.

- Ардчилсан намын ч, МАН – ын ч зээлийн хүү гэдэг тусдаа зүйл байхгүй шүү дээ. Зээлийн хүү бол бүгдэд хамааралтай, нийтлэг зүйл. Өөрөөр хэлбэл, Монголын бүх ард түмэн, компани, аж ахуйн нэгж, байгууллагад хамааралтай асуудал. Үүнийг эдийн засаг болоод хуулийн хүрээнд бууруулах асар их боломж байгаа. Гагцхүү амьдрал дээр хэрэгжүүлэхгүй байгаа нь л учир дутагдалтай. Миний хувьд олон ч санал, санаачлага гаргаж байсан. Гэвч тоймтой хэрэгжсэн зүйл бага. Гэхдээ би үзэл бодлоосоо хэзээ ч няцаж ухрахгүй. Шинээр байгуулагдсан парламентын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах ийм боломжууд байдаг. Би өөрийнхөө туршлага, мэдлэгийг хуваалцахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Шинээр томилогдсон “Монгол банк” - ны Ерөнхийлөгчтэй уулзсан. Зээлийн хүүг бууруулах боломжуудын талаар ярилцсан. Өөрийн мэдэж байгаа зүйлээ харамлаад яах юм бэ. Тиймээс зээлийн хүүг бууруулах хийгээд улсынхаа, хүн ардынхаа хөгжил дэвшилд хэрэг болохуйц зүйл дээр ухрахгүй явсаар байх болно.

 

- Ирэх 2020 оны сонгуульд нэр дэвших бодол бий юу. Таныг залуучуудаас илүү эрч хүчтэй, бүтээн байгуулагч, санаачлагч гэж хувьдаа дүгнэдэг. Тэгэхээр УИХ - ын сонгууль бүү хэл Ерөнхийлөгчийн сонгуульд ч өрсөлдөхөд буруудахгүй юм биш үү?

- Баярлалаа. Гэхдээ сонгуульд өрсөлдөх бодол одоогоор байхгүй байна. Учир нь Монголын нийгэмд миний насны хүмүүс ад үзэгдэнэ. Магадгүй Япон, эсхүл Хятадад байсан бол арай өөрөөр яригдах биз.

 

- Шинэ засаг гарч ирлээ. Монгол Улсын өрийн хэмжээ, эдийн засгийн хямрал хэрээс хэтэрсэн байна гээд л ярьж эхэллээ. Иргэдийн зүрхэнд айдас бий болж байна. Бүхий л салбарт таналт, цомхтгол хийх хэрэгтэй ч гэх юм. Таны хувьд өнөөгийн эдийн засгийн хямралаас гарах арга замын талаар хэрхэн дүгнэж байна вэ?. Өөрөөр хэлбэл, шинэ парламентын барьж буй бодлого зөв жимээр өгсөж байна уу. Аль эсхүл?

- Манай улсын эдийн засаг уналтад орсон үе 1990, 1991, 1992 онуудад хурц байсан. Дэлгүүр нь бараг бор давстай байсан үе. Үүнээс доошоо унана гэж байхгүй. Үүнээс хойш олон эерэг зүйл гарсан. Малын тоо нь 73 сая хүрлээ. Үр тарианы ургац нь дотоодынхоо хэрэгцээг хангадаг боллоо. Төмс, хүнсний ногоогоо бараг өөрийнхөө дотоодын хэрэгцээг хангах төвшинд ирж байна. Хувийн хэвшил хөл дээрээ зогсож, жижиг, дунд үйлдвэрлэл чамгүй хөгжиж байна. Уул уурхай, барилгын салбар ч зохих төвшинд өсөн хөгжиж байна. Даанч эрдэс баялгийн үнэ дэлхийд уначихлаа. Компани болон хувь хүмүүсийн бие даасан санал санаачлага ч их гарч байна. Санал санаачлага гэдэг хөгжлийн хөдөлгүүр. Одоогийн шинэ засгийг 100 хоногийн дотор харъя гэж бодож байсан. Гэвч 100 хоногийг харж чадахгүй тэсвэр алдаж байна. Шил шилээ дарсан нийгмийг айдаст автуулсан мэдэгдлүүд хийж эхэллээ. Гэтэл шинэ засаг хөгжүүлэх, хүндрэл бэрхшээлээс ямар арга замаар гаргах байр сууриа тоймтой ярихгүй байна.

Намайг 1977 онд дээд сургуулиа төгсөөд ирэхэд Монгол Улс газрын тостой, нефть нэрдэг үйлдвэрээ байгуулах талаар Содном дарга маань тухайн үеийн ОХУ – ын Төлөвлөгөөний хорооны дарга Байбаковтай ярьж, гуйж байсан. Өнөөдрийг болтол байхгүй л байна. Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай “1962 онд Дээд Сургуулиа төгсөөд ирэхэд нефть нэрэх үйлдвэр барина гэж улс даяараа ярьж байсан” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нефть нэрдэг үйлдвэр байхгүй, нефть, бензинээс хараат улс хэвээрээ л байна. Энэ бүхэн хөгжлийн бодлоготой байх, түүнийг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой. Анхнаасаа зөв тодорхойлоод амьдралд хэрэгжүүлчихсэн байсан бол бид жилдээ 1.5 - 2 миллиард ам. долларыг гадагшаа урсгахгүй байсан.

Энэ нь валютын нөөц, ханшийн хэлбэлзэлд өртөхгүй байх нэг хүчин зүйл. Мөн манайх шиг их зэстэй орон дэлхийд цөөхөн. Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суваргын зэс л гэнэ. Гэтэл зэсээ шороогоор нь зөөх юм. Зэсийг хайлуулаад янз бүрийн нэр төрлийн бүтээгдэхүүн хийвэл одоогийн шороогоор гаргаж байгаагаас доод тал нь 2 дахин, дээшээгээ 3 дахин өндөр үнээр зарж, валют гаднаас оруулж ирж болохоор. Манайд шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэр хийх бүрэн боломжтой. Шил хийх түүхий эд Монголд бий. Гэвч өнөөдөр барилгын цонхноос эхлээд бүх шилээ гаднаас авч байна. Тэгэхээр Монгол Улс өөрт байгаа түүхий эдээ ашиглаад хэд хэдэн чиглэлийн хүнд аж үйлдвэрийн буюу суурь аж үйлдвэрээ босгоод ажиллуулсан бол ажлын байр, төсвийн орлого нэмэгдэх байсан. Суурь аж үйлдвэрээ барихгүй болохоор манай эдийн засаг байнга хямралтай байх болно. Хүнээр жишвэл, байнгын цусны даралт өндөртэй, хэзээ хэзээгүй цус харвахад бэлэн гэсэн үг.

 

- Нөгөөтэйгүүр нийгмийн халамжийн бодлогод өөрчлөлт оруулж, халамжийг зорилтот бүлэгт нь хүргэх тал дээр анхаарч ажиллаж байх шиг байна. Үүний зөв бурууг дэнсэлбэл?

- Дэлхий дээр үнэ өртөггүй юм гэж бараг байхгүй. Тиймээс хавтгайруулсан нийгмийн халамж гэдгийг цөөрүүлэх нь зөв. Наад захын жишээ дурдахад, гадаадад сурч байгаа оюутнууд аль ч оронд автобус, метронд мөнгөө төлөөд л сууж байгаа шүү дээ. Зүүний үзлийн хавтгайруулсан халамжийн бодлогыг болиулна гэж ярьж, хэлж байгааг нь дэмжиж байгаа. Мэдээж хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь өгч байх нь төрийн зөв бодлого. Ер нь энэ Засгийн газар их савлагаатай байна. Миний харж буйгаар онол мэдэхгүй, ном уншдаггүй хүмүүс засаглаж байгаа юм болов уу даа. Дэлхийн түүхэнд улс орнууд эдийн засгийн хямралд нэг бус удаа өртөж байсан, хямралаас хэрхэн яаж гарах арга замыг ном сударт аль хэдий нь биччихсэн байдаг. Жишээлбэл, эдийн засгийн онолоор татварын тоо, хэмжээ нь бага, татвар төлөгчдийн бааз суурь нь их байх тусмаа төсвийн орлого ихэсдэг учиртай. Тухайлбал, алтанд ногдуулдаг рояльтын татвар гэж бий. Миний хувьд тухайн үеийн Эдийн засгийн байнгын хорооны дарга байсан Б.Гарамгайбаатар, Ганбат нарын хүмүүстэй уулзаж Орос, Хятадууд рояльтын татвар гэж 3 хувийг авдаг. Тэгэхээр эд нараас арай бага 2.5 хувиар ч юм уу татвараа авдаг болчихвол алтаа хулгайн аргаар гадагшаа гаргадаг урсгал чинь зогсчихно шүү дээ гэж хэлж байсан. Хэлж байснаар ч болсон. Гэтэл энэ засаг алтны татварыг 5 хувь болтол нь нэмнэ гэж байна. Энэ үйлдэл нь хэрэгжвэл сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар нэмэгдүүлнэ гэж байгаа. Хэрэв тэгвэл компани, байгууллагаас эхлээд иргэд ч сөхөрнө. Ажилгүй, үүдээ барих компаний тоо өсч, ажилгүйдэл нэмэгдэнэ. Дэлхий эдийн засгийн хямралд автчихаад байхад ажилгүй болгоно гэдэг шууд хямрал руу түлхэж байна гэсэн үг. Тэгэхээр дээр дурдсанчлан, эдийн засгийн хямралыг давж туулах шинэ засгийн бодлогод эерэг ч, сөрөг ч зүйл байна

 

- Таны хувьд эдийн засгийн хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй гэдгийг хэлсээр ч ирсэн. Сая ч хэллээ. Энэ бүхнийг засаж залруулах боломж байгаа болов уу. Цаг хугацаа л их шаардагдах байх?

- Хүний л оюун санааны илэрхийлэл учир боломж бололцоо байсаар байгаа. Цаг алдалгүй л хийх ёстой.

 

- Гадны банкууд орж ирэх цаг болсон гэж ярих боллоо. Үнэхээр гадны банкууд манай банк санхүүгийн зах зээлд орж ирэх нь ашигтай юу?. Монголын эдийн засаг, ард иргэдийн амьдралд үзүүлэх бодит нөлөөлөл нь юу байх вэ?

- Үүнийг ил, далд гэсэн хоёр талаас нь авч үзэх ёстой байх. Ил талаас нь авч үзвэл, гадны банк орж ирвэл манай эдийн засгийн хөгжилд түлхэц болно. Далд талаас нь үзвэл, Саяхан Тажик улсаас Хятад улс, газар нутгийн хэсгийг нь өрөндөө булааж авсан явдал шиг юм болно. Гэхдээ гаднын банк оруулж ирэх тохиолдолд байгуулах гэрээндээ тодорхой хязгаарлалт , нөхцөл, болзол тавьж байж оруулж ирэх ёстой. Хуучны Бирм буюу одоогийн Мьянмар улсад л гэхэд Төв банк нь гадны банк орж ирж салбараа байгуулахыг зөвшөөрсөн. Гэхдээ 4 - 5 болзол тавьсан байдаг. Тодруулбал, тус банкны ганцхан салбар үйл ажиллагаа явуулах, энэхүү банкны салбар нь жижиглэнгийн салбарт орохгүй, том бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийнэ. Валютаар зээл олгож болох ч үндэсний мөнгөн тэмдэгтээр олгож болохгүй. Эцэст нь, 30 - 40 жилийн хугацаатай 20 миллиард ам.долларыг жилийн 1 хүрэхгүй хувийн хүүтэй Төв банкинд нь зээл олгоно, Төв банк нь энэ зээлүүлсэн мөнгийг рейтингээр нь дотоодын арилжааны банкууддаа зээлүүлж, улс орныхоо банк санхүүгийн салбарыг хөл дээр нь баттай зогсоох болно гэсэн болзол тавьсан. Ингэж өөрийнхөө улсын санхүүгийн системийг өөд нь татаж байгаа гэсэн үг. Хямд эх үүсвэрээр удаан хугацааны, их дүнтэй зээл авчихвал дотоодын арилжааны банкууд цэмбийгээд л явчихна шүү дээ.

Хуучин социалист орнуудын жишээнээс харж байхад бүгд үндэсний арилжааны банкуудгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, гадныхан худалдаад авчихсан. Тэр ард түмэн тэр чигээрээ зовхи нь доошоо болчихсон байсан, үүнийг миний бие Унгар, Болгар улсад албан ажлаар явж байхдаа, тэдний банкируудтай ярилцаж байхдаа ойлголт авч, мэдэрч байлаа. Хямрал болохоор барууны банкууд нь зээлээ олгохоо зогсоочихдог. Ямар сайндаа хэдхэн жилийн өмнө Унгарын тухайн үеийн Засгийн газар нь барууны орнуудад авсан зээл, хүүгээ төлөхгүй гэж “тэнэгтэж” байхав дээ. Нэгэнт зээл өгсөн юм бол зээлээ, хүүтэй нь буцааж авах л ёстой. Олон улсын стандарт, хууль гэж бий. Тийм байдалд улс орноо хүргэж болохгүй. Гадны банк оруулж болно. Гэхдээ тодорхой хязгаарлалт, нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдээ гэрээндээ тусгаж өгөх ёстой гэдгийг л хэлэх гээд байна. Оруулж ирвэл зөв, эсхүл буруу гэж ярихын оронд манай улсад ашигтай хувилбараар нь, үндэсний аюулгүй байдалд харшлахааргүй байдлаар гадны банкуудыг оруулж болно гэсэн л байр суурьтай байна.

 

- Худалдаа хөгжлийн банк үндэсний банк мөн үү?

- 95.22% хувь үндэсний банк. Одоогийн МАХН - ын дарга Н.Энхбаярыг хязгааргүй “хаанчилж” байх үед буюу 2000 – 2002 онд Худалдаа, хөгжлийн банкийг хувьчлал нэрийн дор Оффшор бүсэд бүртгүүлсэн байдаг. Дараа нь 2006 оны сүүлчээр монгол хүн тэнд байгаа компанийг тэр нэрээр нь, тэр статусаар нь л худалдаж авсан хэрэг. Тэгэхээр гадны улсад бүртгэлтэйгээс биш монголын үндэсний банк шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүн одоо бол энэ банктай ямар ч холбоогүй.

 

- Ярилцлагынхаа өнгө аясыг Мэдрээ гэдэг хүний хувийн амьдрал, мөн чанар луу шилжүүлье. Таны одоогийн ид насны төрхийг бид мэднэ. Харин залуу Мэдрээ ямар хүн байв. Анх хэрхэн эдийн засгийн мэргэжил сонгон суралцахаар сэтгэл шулуудаж байв?

- Нийслэлийн 14 - р дунд сургуулийг онц дүнтэй төгсөж байв. Жаахан Мэдрээгийн хувьд ийм тийм мэргэжлийн талаар ойлголт байдаггүй байсан. Харин конкурс өгөхөд инженер, эдийн засгийн чиглэлээр суралцах талаар ээж (маам гэж дууддаг) маань зөвлөсөн. Хүүхэд байхдаа ангийн дарга, эвлэлийн үүрийн дарга, бүлгэмийн зөвлөлийн дарга, сурагчдын зөвлөлийн дарга, эвлэлийн үүрийн товчооны гишүүн, сургууль, дүүргийн хөлбөмбөгийн шигшээ багийн капитан гээд л лидер, манлайлагч байсан гээд хэлчихвэл өөрийгөө магтсан болчихгүй байх. Харин “атман” бол байгаагүй. Гэхдээ бас хир баргийн хүнд дээрэлхүүлэхгүй хүүхэд байв.

 

- Ажлынхаа гараагаа хаанаас эхэлж байв?

- Улсын төлөвлөгөөний комиссын нэр дээрээс ЗХУ - ын Харьков хотын Инженер - Эдийн засгийн дээд сургуульд 1972 онд суралцахаар явсан. 1977 онд сургуулиа төгсөж ирээд Улсын төлөвлөгөөний комисстоо анхлан ажилласан.

 

- Банк санхүүгийн салбарт 30 орчим жил тасралтгүй ажилласан атлаа хамгийн шуналгүй, мөнгөтэй учраа олчихсон хүн гэж нэг биш удаа танай банкны ажилтнууд чинь ярьж байхыг сонссон. Энэ суурь хүмүүжилтэй тань холбоотой юу. Магадгүй мөнгө та хоёрын учирсан, ойлголцсон түүх одоо үеийнхэнд тун сонирхолтой байх?.

- Гэрийн хүмүүжил буюу суурь хүмүүжилтэй холбоотой ч байж мэдэх юм. Генийн ч юм байдаг байх. Нэг тохиолдлыг манай банкны ажилтнууд жишээ болгож их ярьдаг юм шиг байгаа юм. Миний өмнөх Гүйцэтгэх захирал 1998 онд Төрийн өмчийн хорооноос жилийн үр дүнгийн урамшуулал гэж авсныхаа 10 хувийг 300 гаруй ажилтнууддаа өгөөд өөрөө 90 хувийг авсан юм. Тухайн үед би өөрөө дэд захирлаар нь ажиллаж байсан, ямар ёс суртахуунгүй хүн бэ? гэж л дотроо дүгнэж, тэр хүнтэй муудалцаж байлаа. Дараагийн жил нь намайг Гүйцэтгэх захирлаар томилогдоод ажиллаж байхад ТӨХороо мөн л надад урамшуулал өгсний 5 хувийг нь миний бие өөртөө аваад 95 хувийг нь ажилтнууддаа хуваарилсан.

Манайхан ядахдаа 10 хувийг авахгүй юм уу гэж байсан. 5 хувь тухайн үед 20 гаруй сая төгрөг болж байсан. Наддаа л болсон. Энэ бол цэвэр ёс суртахуунтай холбоотой. Би ганцаараа ажиллаагүй шүү дээ. Бусад хамтран ажилласан дарга,- захирал, мэргэжилтэн, ажилтнуудаас эхлээд жолооч, үйлчлэгч, эдийн засагч, ня - бо бүхий л хүний хөдөлмөрийн оролцоотой бий болсон үр дүнг хамтдаа л хүртэх нь шударга биз дээ.

“Өөртөө өрөм сүүг нь Өрөөлд хусам шавхрууг нь”, “Ганц хүн айл болдоггүй. Ганц мод гал болдоггүй” гэх зэргээр Монголчууд ярьдаг. Ганцаараа бүтээнэ гэж байхгүй. Хамтарч л хийнэ, хамтарч байж л бүтээнэ, үр дүнд хүрнэ. Миний хувьд бусдыг сайн урамшуулж чаддаг юм болов уу даа. Надад уул уурхайн лиценз, газрын гэрчилгээ гэж байхгүй, мөн ганзагын наймаа хийж байсангүй. Яг цэвэр Монголд зах зээлийн эдийн засгийн дагуу өөрөө өөртөө хөдөлмөрлөж мөнгөтэй учраа олсон.

1990 онд зах зээлийн эдийн засагтай болохын төлөө, ардчилсан улс болохын төлөө тэмцсэн. Үүнийхээ дагуу компани байгуулсан уу гэвэл Худалдаа, Хөгжлийн Банк гэдэг компани байгуулсан. Ажилчдаа хувьцаатай болгож, жил болгон хувьцаан дээрээсээ ногдол ашиг гэж хүртдэг болгосон. Тэгэхээр би нийгэмтэйгээ хөл нийлүүлж, нийгмийнхээ үзэл санаа агуулгад өөрөө ч, ажилтнуудаа ч ажил орлоготой болгосон гэж бодож байгаа. Ер нь зарчмаа баривал, хөдөлмөр хийсэн хүнд хөдөлмөрлөсний хөлс урамшууллыг нь өгөх хэрэгтэй биздээ, энэ бол менежрүүдийн хийх ажил.

 

- Амжилттай яваа эр хүний ард сайн ханийн дэмжлэг түшиг байдаг гэдэг. Гэргийнхээ тухай ярихгүй юу?. Гэргийдээ өгч байсан бас гэргийгээсэээ авч байсан хамгийн үнэ цэнэтэй бэлэг юу вэ?

- Миний эхнэр бол надаас илүү хал үзэж хашир суусан хүн, ганзагын наймаанаас эхлээд лабортори ажиллуулж байгаа гээд л бодоход. Их дайчин. Би бол амьдрал дээр марзан алиа тал руугаа хүн шүү дээ. Харин эхнэр маань намайг бодвол аливаад няхуур, нямбай, тооцоотой. Ёстой л эхнэр, нөхрүүд дутуугаа нөхдөг гэж үнэн байх. Надаа бол маш ухаалаг бүсгүй. Учирснаас илүү хань гэж байдаггүй. Тийм л хань. Бид хоёр ивээл жилтэй. Надаас найм дүү. Химич мэргэжилтэй. Бид чинь хэнз хүүхэдтэй. Тэр маань хамгийн үнэ цэнэтэй бэлэг. Ер нь айлын хэнз хүүхэд гэр бүлд дуу шуугиан нэмж, халуун дулаан, сайхан мэдрэмж өгдөг юм байна. Том хүүхдүүд маань санхүү эдийн засгаар төгссөн. Гадаадад мэргэжил дээшлүүлж суралцаж байна даа.

 

- Та хөлбөмбөг тоглож байсан, идэвхтэй фанат хүн. Энэ спортын юу нь гайхалтай сэтгэлийг тань татдаг юм бол?

- Гартаа зүү утас бариад цамцны товч оёх, хөлдөө зүү утас бариад товч хадах аль нь хэцүү бэ. Тэгэхээр хөлбөмбөг их хүнд. Манай гэр Алдар спорт хорооны ойролцоо байсан. Бид нарын хүүхэд нас тэнд л өнгөрсөн. Ах нарыг тоглохыг л дуурайдаг. Багш ч үгүй, дасгалжуулагч ч байхгүй гудамжны хөлбөмбөгчин гэсэн үг. Маш их хөдөлмөр, багийн ажиллагаа шаарддаг чухал спорт. Гадаадад бол бэлтгэл хийхгүй, их зан гаргаж байгаа тамирчид шууд шахагдана. Шил шилээ дарсан дараагийн залгамж үе байдаг учир тамирчид нь хөгжсөөр байдаг. Тэгэхээр манай монголын спортод мөн л хөгжүүлэх бодлого чухал. Бааз суурьгүй өнгөн талын зүйл хийгээд нэмэргүй шүү дээ.

- Таны хувьд балет их сонирхдог. Дэмжлэг үзүүлдэг гэж сонссон?

- Гавьяат жүжигчин, балетчин Э.Оюунбат бид хоёр “Усны гудамж” – ны цэцэрлэгийн нэг анги. Монголдоо нэртэй хоёр ч балетчин найз маань бурхан болооч болсон. Батхүрэл, мөн О.Батсайхан гээд тухайн үедээ хамгийн царайлаг балетчин байсан даа. Тэд миний найз. Арван жилийн гадаадын уран зохиолын багш маань тухайн үед биднийг шинээр тоглож байсан “Дон кихот”, “Фауст” - аас эхлээд бүхий л бүжгэн жүжиг, дуурийг үз гэдэг байлаа. Энэ мэт найз нөхөд, орчин нөлөөлсөн ч байж мэдэх юм. Нэг л мэдэхэд балетын урлагт дуртай болчихсон байсан. Одоо бол боломж бололцоогоороо л дэмжээд явдаг.

- Спорт сонирхдог хүний тань хувьд мөн хөндлөнгийн ажиглагч иргэний хувьд асууж байна л даа. Сая “Rio 2016” олимпд манай хоёр дасгалжуулагчийн авир дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо. Үүнийг хүмүүс янз бүрээр хүлээж авлаа. Таны хувьд юу гэж дүгнэв?

- Ёстой ёс зүйгүй үйлдэл гэж дүгнэж байна. Нэгдүгээрт, цагаа бүрэн дуусгах ёстой. Хоёрдугаарт, ялсан ч бай, ялагдсан ч бай өрсөлдөгч талаа хүндэтгэх хэрэгтэй. Спорт хүнийг тэсвэр хатуужилтай, ёс суртахуунтай болгодог. Гэтэл дасгалжуулагчид нь тийм үйлдэл гаргаж байгаа нь Монголчууд нийгмээрээ ёс суртахуунгүй болж байгаагийн л нэг илрэл. Бүх спорт дүрэмтэй, дасгалжуулагч нь шүүгчийг эс зөвшөөрөхөд хүртэл дүрэмтэй. Дүрмээр тогтоосон цагтаа спортын сэтгэхүйгээр тэмцээнээ дуусгах талд нь тамирчиндаа хэлж зөвлөх гэж л дэвжээний хажууд суулгадаг байх. Тамирчин маань бол харин сайн байсан шүү, хажуугаас нь хэлж зөвлөх хүмүүс нь сэтгэлийн хөдлөлөө дар, цагаа дуустал тэмцэлтэй, тамирчны бус гэх юм уу цаг дуусаагүй байхад баяр тэмдэглээд эхлэхгүй байхад нь жаахан л туслаад өгсөн болоосой гэж харамсаж л суулаа даа.

- Хамгийн сүүлийн асуулт гэдгийг тодотгох нь зүйтэй байх. Эр хүний амьдралд ер нь юу илүүдэж юу дутаж болохгүй вэ. Монгол эр хүний мөн чанар төгс байдалд ойрхон яваа хүн учраас асууж байна л даа?

- Монгол улсын хөгжихгүй байгаа, ёс суртахуунгүй байгаа нь эрчүүдээс нь болж байгаа юм болов уу гэж мунхаглаж сууна. Эрчүүд нь төр улсаа алсын хараатай, ноён нуруутай, бодлоготой, жудагтай авч явж хөгжүүлж чадахгүй байна. Улс орноо ч тэр, байгууллагаа ч, гэр бүлээ ч тэр өөдтэй авч явж чадахгүй эрчүүд олон байна. Өнгө мөнгө, эрх мэдэл, шунал тачаалдаа хэт автагдчихсан. Гэтэл ихэнх эмэгтэйчүүд нуруун дээрээ ачааны хүндийг үүрч байна. Манай улс дэлхийн 209 орны 187 - д хөгжлөөрөө эрэмбэлэгдэж байна. Гэтэл 3 - хан сая хүн амтай. Хязгааргүй их баялагтай шүү дээ. Ийм л дүр зурагтай байхад өөрсдийгөө өөдтэй сайхан байгаа гэж маргах ямар ч үндэс байхгүй.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.