Бидний дунд амьдарч байсан цус сорогчдын тухай аймшигт түүх

Цус сорогч гэхээр ихэвчлэн Дракула (Dracula) болон Влад (Vlad) хамгийн түрүүнд санаанд орж ирдэг. Залуучуудын хувьд гэвэл “True Blood”, “The Lost Boys” зэрэг шоунууд, эсвэл “Бүрэнхий” киноны гялалзсан цус сорогч санаанд нь орох байх. Гэхдээ бидний мэддэггүй бодит явдал, түүхэн хүмүүсээс гаралтай жинхэнэ цус сорогчид үнэхээр байдаг ажээ. Ингээд эдгээр аймшигт хүмүүсийн хэн болохыг хамтдаа сонирхъё.

Бидний дунд амьдарч байсан цус сорогчдын тухай аймшигт түүх

1 Питер Плогоёовиц (Peter Plogojowitz)

Питер Плогоёовиц нь 1700 оны үед нас барсан Серби хүн юм. Гэхдээ зарим эх сурвалжаар бол тэр үхээгүй ажээ. Түүнийг нас барснаас хойшхи 2 сар гаруйн дотор 9 хүн үл мэдэгдэх өвчнөөр нас барсан ба бүгд Питер Плогоёовиц зүүдэнд нь ирж багалзуурдаад байсан гэлцэж байжээ. Питер Плогоёовицийн хүү мөн л учир битүүлгээр нас барахаасаа өмнө аав нь нас бараад 3 хоносны дараа гал тогоондоо ороод ирчихсэн хоол нэхэж байхыг харсан гэж ярьсан юм. Харин Питер Плогоёовицийн эхнэр, нөхөр нь нэг шөнө ирээд гутал өг гэж нэхсэний дараа гэрээ орхин зугтсан байна. Тосгоныхон цэргүүдийг дуудаж авчраад Питер Плогоёовицийн булшийг ухаж гаргах үед тэр амьсгалж байсан ба нүд нь нээлттэй, хөдөлж байжээ. Ингээд тэд цээжинд нь гадас шааж, цогцсыг нь шатаасан байна. Үүний дараа хүмүүсийн гэнэтийн үхэл болон хар дарсан зүүд зогсчээ.

Питер Плогоёовиц (Peter Plogojowitz)

2 Алнвик (Alnwick) цайзын цус сорогч

Алнвик цайзын цус сорогч бол хамгийн эртний цус сорогч юм. Брам Стокерийн (Bram Stoker) Дракула зохиолоос 800 жилийн өмнө Английн түүхч Виллиам Ньюбург (William Newburgh)  араар тавьсан эхнэрээ тагнаж явсан эр дээвэр дээрээсээ унаж нас барсныхаа дараа амилсан талаар бичиж үлдээсэн ба мөнөөх эр өмхийрч, үжирсэн цогцос болсон ч хөл дээрээ явж, гай зовлон тарааж байжээ. Дараа нь сүмийн санваартан дагалдагчдаа цуглуулан цус сорогчийн булшийг хайж олсон байна. Тэд булшийг нээж, цогцсонд хүрз зооход бүлээн цус олгойдож, амьд хүний цус ууж байсан гэсэн сэжгийг нь баталж өгчээ. Харин цогцсыг нь шатаасны дараа дайралтууд зогссон байна.

Алнвик (Alnwick) цайзын цус сорогч

3 Хайгэйтийн (Highgate) цус сорогч

1969 онд Лондон хотын Хайгэйтийн оршуулгын газрын ойролцоо цусаа юүлж, хүзүүндээ шархадсан үхсэн амьтад үзэгдэх болсны дараа гэрчүүд муу ёрын энерги цацруулсан, хүн ховсдом харцтай өндөр хар юм харсан гэж мэдүүлж байв. Нэг хүн оршуулгын газраас гарч явахдаа толгой нь эргэж төөрч будилсан тухайгаа ярьжээ. Нэг мэдсэн Хайгэйтийн цус сорогч өөдөөс нь хараад зогсож байсан ба тэр хөшөө шиг хөдөлгөөнгүй болж, шаасан гадас шиг байрандаа гацаж орхижээ. Удалгүй цус сорогч яваад өгсөн гэнэ. Хэвлэл мэдээллээр шуугиан ихэд тарьсан тул цус сорогчдын ангуучид тус оршуулгын газрыг хичээнгүйлэн нэгжиж, нэлээд хэдэн булш ухсаны дараа дээрхи яриа эцэстээ намжжээ.

Хайгэйтийн (Highgate) цус сорогч

4 Сава Саванович (Sava Savanovic)

Сава бол хуучин тээрэм дээр амьдардаг Сербийн цус сорогч юм. Тэр харанхуй болсон хойно тээрмийн ойролцоо ирсэн гэнэн итгэмтгий аялагчид болон тээрэмчдээр хооллодог байсан аж. Саванович бусад шиг алуулж, эсвэл хөөгдөөгүй юм. Нутгийнхны яриагаар бол тэр гэнэт л халдан довтлохоо больжээ. Харин тээрэм үеэс үед дамжин өвлөгдсөөр байсан ч, шинэ эзэд нь гар хүрч, засч сэлбэхээсээ айдаг байсан тул эцэстээ нурж унасан байна. Харин одоо Сава урт удаан нойрноосоо сэрсэн ба Сербийн нутгаар тэнүүчлэн шинэ гэрээ хайж яваа гэнэ.

Сава Саванович (Sava Savanovic)

5 Кроглин Гранжийн (Croglin Grange) цус сорогч

1800 оны үед Кранвеллийн (Cranwell) гэр бүл Кумбрийн (Cumbria) Кроглин дэнж (Groglin Range) дээр суурьшсанаас энэ явдал эхтэй. Кранвелл хатагтай цэцэрлэгт нь нэг хачин гэрэл асаад байгааг анзаарсан ч тоогоогүй байна. Гэтэл мөнөөх гэрэл цонхных нь хажууд асах үед тэр энэ гэрлийг гэрэл бус нүд болохыг нь ухаарчээ. 

Кранвелл хатагтай айсандаа таг хөшсөн ба өмхийрч үжирсэн гар цонхных нь оньсыг нэг нэгээр нь мулталж эхэлжээ. Дүү нар нь эгчийгээ хашхирахыг сонсоод яг цагаа олж гүйлдэн ирсэн байна. Тэднийг ирэх үед  эгчийнх нь хүзүүнээс цус гоожиж байсан ба муур шиг дүрс харанхуйд уусан алга болжээ. 

Дүү нар нь цус сорогчийг устгахаар шийдэж, хэд хоногийн дараа занга тавив. Кранвелл хатагтай мөнөөх өрөөндөө унтаж байгаа дүр үзүүлэн хэвтэж байтал цус сорогч дахин цонхоор орж ирсэн ба дүү нар нь харайлдан гарч ирээд гар буугаар буудсан байна. Цус сорогч муухай орилоод зугтааж орхижээ. Дараагийн өдөр оршуулгын газрыг нэгжиж үзвэл сэндийчсэн нэг булшин дотор онгорхой авс байсан ба дотор нь хэлхээтэй яс, шинэхэн сумны шархтай өмхийрсөн хүүр байжээ. Мэдээж ах дүү нар цогцсыг шатаасан байна.

Кроглин Гранжийн (Croglin Grange) цус сорогч

6 Жюрэ Грандо (Jure Grando)

Жюрэ Грандо бол 1656 онд Хорват (Croatia)-д нас барсан фермер юм. Тэр үхсэнээсээ хойш 16 жилийн турш нутгийн оршин суугчид руу халдан довтолсон ба нутгийнхан түүнийг "strigon" буюу цус сорогч гэж нэрлэдэг байв. Жюро Грандо бол хамгийн анхны цус сорогч нэр зүүсэн хүн юм. Тэр шөнө болохоор тосгоноор хэрэн тэнүүчилж, айлын хаалга тогшдог байжээ.

Хаалга тогшсон айлынхан нь бүгд үхнэ. Харин ингэж тэнүүчлээгүй үедээ бэлэвсэн эхнэр дээрээ очиж ор хөнжлийн ажил хийхийг шаарддаг байв. Яваандаа хүмүүс үхэшгүй мангасаас залхаж, нутгийн санваартан шуудхан түүн дээр явж очоод загалмай үзүүлсэн тул Грандо яаж ч чадалгүй ялагдсан байна. Нутгийнхан түүнийг булшинд нь буцаан хийж булж, цогцосноос ангижирчээ.

Жюрэ Грандо (Jure Grando)

7 Мелроуз (Melrose) эдлэнгийн "Hunderprest"

"Hunderprest" бол XI зууны үед Шотландын хил дээрхи Мелроуз эдлэнгийн санваартанд өгсөн хоч юм. Тэр морь унаж, анч ноходтой ан хийх дуртай байсан тул ийм хочтой болжээ. "Hunderprest" гэдэг нь нохойн санваартан гэсэн үг. Мелроуз эдлэнгийн цус сорогчийн түүх 1138 он хавьцаа өрнөжээ. "Hunderprest" амьд байхдаа өөдгүй амьтан байсан бол үхсэн хойноо эргэж амилаад гэмгүй хүмүүсийн цусыг ууж, сарьсан багваахай болж хувирдаг болсон аж. Хийдийн гэлэнгүүд түүнийг үхэж өгөхгүй энэ тэрүүгээр гүйгээд байхыг нь харсан ба тэр удалгүй хуучин эхнэр дээрээ очиж, нэг оронд ордог болсон байна. 

Тэр шөнө дунд босч ирдэг байсан тул хийдийн гэлэн, санваартнууд нэг өдөр булшийг нь харуулдаж байгаад толгойд нь сүх зоож орхижээ. Дараа нь цогцсыг нь шатааж, үнсийг нь хийсгэсэн байна. Гэхдээ зарим нэг хүний яриагаар бол тэр одоо ч гэсэн тэр хавьд ангуучилсаар байдаг гэнэ.

Мелроуз (Melrose) эдлэнгийн "Hunderprest"

8 Шинэ Английн цус сорогчид

1990 онд Коннектикутэд нэгэн аймшигтай булш олдохоос өмнө Америкт цус сорогчийн тухай яриа байдаггүй байжээ. Тэр оршуулгын газар дандаа 1700 оны үед амьдарч байсан фермерүүдийг оршуулсан байв. Гэтэл нэг цогцосны толгойг тасдаж, араг ясыг нь далайн дээрэмчний далбаан дээрхи зураг шиг болгосон байжээ. Тэр булш 10 жилийн настай байсны зэрэгцээ үнэ цэнэтэй зүйл огт хулгайлагдаагүй байв.

Энэ явдал Жевет (Jewett) хотод 29 цогцост задлан хийж, шатаасан явдалтай давхацсан ба үүнийг ямар нэг цус сорогчийг устгах зан үйл байсан гэж үздэг юм. Эдгээрээс хамгийн алдартай нь Мерси Браун (Mercy Brown) гэгч охины явдал. Тэр  сүрьеэгээр нас барсаны дараа гэр бүлийнхэн нь толгой дараалан өвчнөөр нас барж эхэлсэн байна. Гэр бүлийнхнийх нь үхлүүд огтхон ч муудаж ялзраагүй Мерси Брауны цогцосыг булшнаас нь гарган ирж, шатаах хүртэл үргэлжилжээ.

Шинэ Английн цус сорогчид

9 Горбалын (Gorbal) цус сорогч

Энэ дом яриа Шотландын Гласгов (Glasgow) хотод Горбалын оршуулгын газар төмөр шүдтэй цус сорогч үзэгдсэнээс үүдэлтэй. Цус сорогч 2 хүүхэд хулгайлсан бөгөөд хэдэн цагийн дараа хутга, модоор зэвсэглэсэн хүүхдүүд цус сорогчийг агнахаар оршуулгын газар цуглажээ. Гэвч тэр олдоогүй юм.

Горбалын (Gorbal) цус сорогч

10 Элизабет Батори (Elizabeth Bathory) буюу цуст гүнгийн ахайтан

Элизабет Батори бол Владын дараа орох хамгийн алдартай цус сорогч юм. Влад яг ч цус сордоггүй байсан бол Элизабет Батори үнэхээр цусан далайд амьдарч байсан байж магадгүй. Тэр XVI зууны Румын улсын гүнгийн ахайтан байсан ба хүн тарчилгаж таашаал авдаг нэгэн байв. Жишээлэхэд хүний уруул, хурууг төмөр хадаасаар хадаж, хүйтэн усанд хөлдөөж, эсвэл цасанд осгоож алдаг байжээ.

Тэр залуу насаа хадгалахын тулд залуу бүсгүйчүүдийн цусанд усанд ордог болсноос хойш түүнийг цус сордог гэх яриа газар авчээ. Хожим нь түүнийг цайз дотор нь амьсгалах зай болон хоол өгөх жаахан нүх үлдээсэн давчуу өрөөнд амьдаар нь битүүлж хорьсон ба хоригдсоноосоо хойш хэдэн жилийн дараа тэр нас барсан байна.

Элизабет Батори (Elizabeth Bathory) буюу цуст гүнгийн ахайтан

72
таалагдаж байна

66
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()