Та үүнийг мэдэх үү?

Бүсгүйчүүд анх бий болсон цагаасаа л гоо сайхныг бэлгэдэж, үзэсгэлэнтэй байхыг хичээсээр ирсэн гэхэд хилсдэхгүй биз ээ. Тэгвэл өнөө үед бүсгүйчүүдийн хэрэглэдэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг чухам хэн бүтээсэн, хэдэн онд бий болсон, хамгийн анх ямар хүмүүс хэрэглэдэг байсныг мэдэх нь танд сонин байж мэдэх юм. Жишээ нь сормуусны будгийг анх МЭӨ 4000 онд хэрэглэдэг байсныг та мэдэх үү? Тэгвэл та бидний бэлтгэсэн мэдээг уншаад үзээрэй. Мэдлэгт тань нэмэр болох нь гарцаагүй.

Та үүнийг мэдэх үү?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Хуурай шампунь

Археологич, түүхчид хуурай шампуний ул мөрийг XV зууны Азиас олсон юм. Тэд үсэндээ шаварлаг нунтаг зүйл түрхдэг байжээ. Харин 1700-аад оны үед Америкчууд дэгжин загварын хиймэл үснийхээ өнгийг сэргээхийн тулд цардуул түрхдэг байсан аж. Ингээд хиймэл үс хоцрогдох үед 1918 онд Америкийн эм зүйн газар хуурай шампунийг дахин нээж, дайны үед үс цэвэрлэх хурдан, үр дүнтэй арга болж хувирсан юм. Дараа нь 1960-аад оны үед хуурай шампунь дахин нэрд гарсан бөгөөд одоо зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдийн хэрэглээнд ч нэвтэрсэн билээ.

Хуурай шампунь

2 Ангижруулагч

Олон зууны туршид байгалийн гаралтай тос, ангижруулагчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Гэхдээ хатан хаан Викторияагийн үед энэ тос нь хэтэрхий тослог байсан тул хувцас, буйдан зэргийг бохирдуулдаг байсан гэнэ. Хожим нь 1900 онд Парисын үзэсгэлэн дээр анх орчин үеийн ангижруулагчийг танилцуулсан бөгөөд үүнийг Эдуард Пино (Edouard Pinaud) гэгч зохион бүтээсэн байна. Үүний дараа Пиногоос санаа авсан химичид найрлаганд нь силикон, алкохол зэрэг бодисыг нэмж, үсийг зөөлрүүлэх шидтэй болгосон байна.

Ангижруулагч

3 Сормуусны будаг

Сормуусны будаг таны бодсоноос ч урт түүхтэй. МЭӨ 4000 онд хүмүүс нүд, хөмсөг, сормуусаа хар өнгөтэй харагдуулахын тулд "kohl" гэгч зүйл хэрэглэдэг байсан аж. Нүдээ ингэж хар болгож будсанаар муу сүнсийг зайлуулж, өөрийн сүнсээ хамгаалдаг гэж эртний хүмүүс үздэг байсан ба эр, эмгүй бүгд хэрэглэдэг байжээ. "Khol"-ийн найрлаганд хүхрийн хүдэр, ногоолин, модны нүүрс болон зөгийн бал ордог ба Египетээс дамжин, Вавилон, Грек болон Ромын эзэнт гүрэнд түгэн тархсан юм. Харин Викторияагийн эрин үед бүсгүйчүүд урт, хар сормуустай болохын тулд үнсийг жимсний үртэй хольж, түрхдэг байв. Ингээд XIX зуунд Атлантын далайн хоёр захад буюу Парист Евгений Риммел (Eugene Rimmel), Америкт Т.Л.Уиллиамс (T.L.Williams) нар сормуусны будгийг зохион бүтээсэн юм. Евгенийгийн бүтээл явсаар "Remmel" брэнд болсон бол Уиллиамс болон эгч нь "Maybelline"-ийг үндэслэсэн билээ.

Сормуусны будаг

4 Уруулын будаг

XIX зууны үед жинхэнэ эмэгтэй хүн нүүрээ буддаггүй гэсэн үзэл ноёлж байв. Зөвхөн жүжигчид болон "шөнийн ажил" хийдэг бүсгүйчүүд нүүрээ буддаг байсан бөгөөд 1850-иад онд хэвлэл мэдээллээр нүүрээ будах нь буруу хэмээн сурталчилдаг байсан юм. Гэхдээ тухайн үед Мексик болон төв Америкийн кактусан дээр амьдардаг шавьжнаас час улаан өнгө гарган авч, уруулын будгийг хийсэн ба XIX зууны сүүл үе гэхэд Францын гоо сайхны бүтээгдэхүүний компани уруулын будаг үйлдвэрлэдэг болсон байна. Ингээд хамгийн анх 1884 онд Парис хотноо уруулын будаг борлуулагдаж эхэлсэн юм. Тухайн үед будгийг тосон туулга болон зөгийн балны тосоор хийж, гялгар цаасанд ороон зардаг байсны дээр бүсгүйчүүд гэрийн аргаар уруулын будаг хийж, түрхдэг байжээ.

Уруулын будаг

5 Ариун цэврийн хэрэглэл

Америкийн 100 долларын дэвсгэрт дээр дүрээ мөнхөлсөн Бенжамин Франклин (Benjamin Franklin) ариун цэврийн хэрэглэлийг зохион бүтээсэн юм. Тухайн үед тэрбээр дайны шархдагсдын цусыг тогтоох, шингээх зориулалттайгаар хэд хэдэн давхарга бүхий хэрэглэл бий болгосон байна. Ингээд хэдэн арван жилийн дараа үүнээс санаа авсан хүмүүс тусгайлан савласан ариун цэврийн хэрэглэлийг бүсгүйчүүдэд зориулан худалдаанд гаргасан билээ.

Ариун цэврийн хэрэглэл

6 Жирэмслэлтээс хамгаалах эм

Григорий Пинкус (Gregory Pincus), Жон Рок (John Rock) нар хамгийн анхны жирэмслэлтээс хамгаалах бүтээгдэхүүнийг зохион бүтээсэн юм. Дараа нь Карл Жерасси (Carl Djerassi), Жорж Розенкранц (George Rosenkranz) нар орчин үеийн жирэмслэлтээс хамгаалах эмийг бий болгосон бөгөөд зохион бүтээх явцад эмэгтэй хүн оролцоогүй юм. 

Жирэмслэлтээс хамгаалах эм

7 Гар цүнх

Гар цүнх нэлээд хожуу үүссэн. Хамгийн анх чихрийн бизнес эрхэлдэг Самуэл Паркинсон (Samuel Parkinson) гэгч эр Лондонгийн арьсан эдлэлийн үйлдвэрт хандан, эхнэрийнхээ хувийн эд зүйлийг зөөвөрлөх боломжтой гар цүнх хийж өгөхийг хүссэнээр өнөөгийн бидний мэдэх, эмэгтэйчүүдийн найдвартай туслах бий болсон түүхтэй. Арьсан эдлэлийн үйлдвэр мөнөөх эрийн хүсэлтийг биелүүлж өгөөд үүнийгээ загвар болгон ашиглаж, цүнх үйлдвэрлэх болсон юм. Мэдээж 1840 онд энэ үйл явдал болохоос өмнө чемодан байсан ч гэлээ, үүнээс хойш загварлаг, авсаархан гар цүнх бий болсон билээ.

Гар цүнх

8 Трико

Дундад зууны үед триког даавуу болон торгоор хийдэг байсны зэрэгцээ зөвхөн дээдсийн хэрэглээ байсан юм. Харин "Dupont" гэх компани шинээр бий болсон нейлон материалаар трико хийвэл гайхалтай ашиг олж болно хэмээн сэтгэсний үндсэн дээр хямд зардалтай трико бий болж, бүсгүй бүр үүгээр гангарах болсон юм.

Трико

9 Тампон

Та бидний сайн мэдэх "Tampax" компанийн эзэн нь Гертруд Тендрих (Gertrude Tendrich) хэмээх эмэгтэй байдаг билээ. Гэвч Колорадо мужийн эмч Ийрл Хаас (Earle Haas) гэгч эр хамгийн анх тампоныг зохион бүтээсэн бөгөөд өөрөө бизнесээ эрхлэн явуулахыг оролдсон ч, хүссэн үр дүндээ хүрч чадаагүйн улмаас Гертрудад зарсан байна.

Тампон

10 Усны хувцас

Усны хувцсыг францын Жак Хейм (Jackues Heim), Луис Реард (Louis Reard) нар 1946 онд зохион бүтээжээ. Гэхдээ археологийн олдворыг үндэслэж үзвэл МЭӨ 5600 онд нэгэн охин тэнгэр хоёр ирвэсийн голд усны хувцас маягийн өмсгөл өмсөн сууж байгаа нь харагддаг. Дараа нь Грек, Ромын эзэнт гүрний үед бүсгүйчүүд спортын үйл ажиллагаанд оролцохдоо усны хувцас шиг зүйл өмсдөг байсан аж. Гэхдээ 1920-30 оны үед хүмүүс наранд биеэ шарах болсон тул усны хувцасны эрэлт бий болсон билээ.

Усны хувцас

11 Гуя чангалагч

1970 онд Сюзан Сомерсоор сурталчлуулан олны хүртээл болсон гуя чангалагчийг Жошуа Рейнолдс (Joshua Reynolds) гэгч эр зохион бүтээсэн юм. Энэ дасгалыг хийж үзээгүй эмэгтэй хүн гэж ховор биз ээ. Гэхдээ үр дүнтэй эсэхийг нь яг таг мэдэхгүй ч, одоог хүртэл хүн болгон тус төхөөрөмжийг худалдаж авсаар байгаа нь үнэн юм.

Гуя чангалагч

12 Үсний будаг

1700-аад оны үед хүмүүс хиймэл үс хэрэглэдэг байсан билээ. Тэд энэхүү онцгой гангараагаа буддаг байсан бөгөөд орчин үеийн үсний будгийг франц эр болох Южин Шюллер (Eugene Schuller) зохион бүтээсэн байна. Тэр бол алдарт "L.Oreal" компаний үндэслэгч ажээ.

Үсний будаг

13 Шингэн пудр

Хатан хаан Элизабетийн үед цагаан арьсыг үзэсгэлэнтэйд тооцдог байв. Тиймээс тухайн үеийн бүсгүйчүүд шохой мэт цагаанаар нүүрээ будаж, үхсэн мэт цонхигор харагдах дуртай байсан аж. Үүнээс улбаалан хамгийн анхны шингэн пудрийг Герман эр зохион бүтээсэн билээ.

Шингэн пудр

14 Энгэсэг

Анхны энгэсэг мөн л цагаан өнгөтэй байсан юм. Үүнийг гейша болон жүжигчид хэрэглэдэг байжээ. Харин Холливууд бий болоод удаагүй байхад нүүр будагч Макс Фактор (Max Factor) гэгч эр нүүрний энгэсэг ганцхан төрөл байгаад уурсан, өөрөө төрөл бүрийн энгэсэг бүтээхээр шийдсэн байна. Ингээд тэр санасандаа хүрснээр зогсохгүй, дэлхий дахинд алдартай гоо сайхны бүтээгдэхүүний компани болтлоо өсөн дэвжсэн юм.

Энгэсэг

15 Өндөр өсгийт

Өндөр өсгийтийг эрт үед нийгмийн дээд давхаргынхан өмсдөг байв. II зууны үед Египетчүүд, мөн Европын сэргэн мандлын үед эр, эмгүй өндөр өсгийт өмсдөг байжээ. Алдарт Медичийн удмынхан өндөр өсгийт өмсдөг байснаар зогсохгүй 1580-аад оны үед баячуудыг "сайн өсгийт" хэмээн нэрлэдэг байсан аж. Үүнээс хойш 100 жилийн дараа Францын XIV Луй хаан зөвхөн язгууртнууд өндөр өсгийт өмсөнө гэсэн зарлиг гаргаж байжээ. Харин Францын хувьсгалын дараа өндөр өсгийт хэрэглээнээс гарсан ч, бидний эрин үед үндэс угсаа, хөрөнгө чинээ ялгалгүйгээр эргэн ирсэн нь үнэн билээ.

Өндөр өсгийт

Надад хамгийн гайхалтай нь сормуусны будаг байлаа. Харин танд?

48
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()