Хосууд гэрлэхээсээ өмнө юу хийх хэрэгтэй вэ?

Хос зүрхийг нийлүүлж, хорвоод хамт амьдрах хүнээ сонгож, гэр бүл болно гэдэг энэ ертөнц дээрх үгээр илэрхийлэмгүй дээдийн дээд жаргал билээ. Үүнтэй санал нийлэхгүй хүн нэгээхэн ч үгүй гэдэгт итгэлтэй байна. Гэвч гэрлэлт гэдэг сэтгэл хөдлөлөөр хандах зүйл яавч биш бөгөөд нухацтай бодсоны эцэст хосууд шийдвэр гаргах нь чухал юм. Түүнээс гадна, дурлалт хосуудад гэрлэхээсээ өмнө зайлшгүй хийх ёстой зүйлс гэж байдаг бөгөөд эдгээрийг хийснээр гэр бүл болох эсэхээ шийдэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацагаая.

Хосууд гэрлэхээсээ өмнө юу хийх хэрэгтэй вэ?

1 Хамтдаа амьдарч үзэх

Хамтдаа амьдарч үзэх нь хосуудын хувьд маш чухал зүйл юм. Учир нь хосууд учрахаасаа өмнө өөр өөрийн гэр бүлдээ тус тусын хүмүүжлээр хүн болж, харилцан адилгүй амьдралын хэв маягаар амьдарсаар ирсэн байдаг. Тиймээс хоорондоо дасан зохицож, бие биедээ уусан шингэхийн тулд нэгнийхээ сул болон давуу талуудыг сайтар мэдэж, өмнөө тулгарах асуудлуудыг хамтдаа даван туулах нь чухал байдаг. 

Хамтдаа амьдарч үзэх

2 Хүүхэдтэй болох тухай ярилцах

Хэрвээ та хайрттайгаа сүй тавьж, гэр бүл болохыг хүсч байгаа л бол, нэн тэргүүнд хүүхэдтэй болох тухай асуудлыг түүнтэй ярилцаж, нэг шийдэлд хүрсэн байх ёстой гэдгийг бүү мартаарай. Ямар ч хосуудын хувьд хүүхдийн асуудал чухал байр суурь эзэлдэг. Хүүхэдтэй болох асуудал дээр хосууд өөр бодолтой байвал, энэ нь гэр бүл болоход багагүй асуудал үүсгэдэг байна. 

Хүүхэдтэй болох тухай ярилцах

3 Хүнд хэцүү үеийг хамтдаа даван туулах

Хосууд хайртай, дотны хэн нэгэн нь хорвоогоос халих, санхүүгийн асуудалд орох, сэтгэл хямрах зэрэг амьдралд тохиолдох хүнд хэцүү үед цуг байж, саад бэрхшээлийг хамтдаа даван туулах хэрэгтэй юм. Энэ нь цаашдаа гэр бүл зохиохоор төлөвлөж буй хосуудад ихээхэн ач тустай аж. 

Хүнд хэцүү үеийг хамтдаа даван туулах

4 Нэгнийхээ эцэг, эхийн тухай сайн мэдэх

Үерхэл нөхөрлөлөөс дараагийн шат руу шилжиж, сүй тавьж, гэр бүл болоход хоёр талын эцэг, эхчүүд чухал байр суурь эзэлдэг. Хурим найр хийх, бал сар тэмдэглэх гэх мэтээр эцэг эхийн зүгээс хосуудын амьдралд оролцох шаардлага зайлшгүй тохиох нь бий. Иймд хайртынхаа эцэг, эхтэй танилцаж, тэдний талаар сайтар мэдэж байх нь чухал юм.

Нэгнийхээ эцэг, эхийн тухай сайн мэдэх

5 Нэгнийхээ гэр бүлийнхэнтэй цагийг хамтдаа өнгөрөөх

Дээр дурдсанчлан, хэрвээ хосууд сүй тавьж, гэр бүл болохоор зэхэж байгаа бол, нэгнийхээ эцэг, эх болон гэр бүлийнхэнтэй нь танилцаж, тодорхой хэмжээнд дотноссон байх хэрэгтэй аж. Баяр ёслолын үеэр нэгнийхээ гэр бүлийнхэнтэй хамт цагийг зугаатай өнгөрөөж, өөрийгөө хайртынхаа гэрийнхэнд ямар төрлийн хүн болохоо таниулж, мэдүүлэхээс гадна, түүний гэрийнхнийг ямар хүмүүс болохыг мэдэж авах болно. 

Нэгнийхээ гэр бүлийнхэнтэй цагийг хамтдаа өнгөрөөх

6 Санхүүгийн асуудлаа ярилцах

Өр, зээл болон сургалтын төлбөр гэх мэт нэгнийхээ санхүүгийн асуудлын тухай сайтар мэдэж байх хэрэгтэй бөгөөд энэ нь хосуудын ирээдүйн амьдралд ихээхэн чухал нөлөөг үзүүлдэг. Учир нь хосууд нэг гэрт орсноор, эдийн засгийн асуудлаа хамтдаа шийдвэрлэж, хоёр талаас эд хөрөнгөө нийлүүлж, нэг санхүүтэй болдог билээ. Иймд нэгнийхээ мөнгөтэй холбоотой асуудалд хэрхэн хандаж байгаа болон ямар зүйлд хэдэн төгрөг зарцуулж байгааг нь гэр бүл болохоосоо өмнө мэдэж байхад төдийлөн буруудахгүй болов уу.

Санхүүгийн асуудлаа ярилцах

7 Хуримтлал үүсгэх

Хуримтлал үүсгэх нь ирээдүйд гарч болох олон эрсдлээс хамгаалаад зогсохгүй, санхүүгийн хараат бус байдлыг бий болгох зэрэг олон давуу талтай билээ. Тэр тусмаа ойрын хугацаанд гэр бүл болохоор төлөвлөж байгаа хосуудын хувьд хуримтлал үүсгэх нь зайлшгүй хийх ёстой зүйлсийн нэг юм. Ирээдүйд өөрсдийн гэсэн орон байр, унах унаа, тэр ч бүү хэл үр хүүхэдтэй болно шүү дээ. Тэр үед хуримтлуулсан мөнгө тань хэрэг болох нь гарцаагүй юм. 

Хуримтлал үүсгэх

8 Хамтдаа амьтан тэжээх

Магадгүй та хоёрын аль нэг нь амьтан тэжээх дургүй байж болох юм. Гэвч ирээдүйд хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол, нохой, эсвэл муур авч, тэжээх хэрэгтэй аж. Амьтан тэжээх, хүүхэдтэй болох хоёр хоорондоо ямар хамаатай билээ гэж бодож байна уу? Тэгвэл хариултыг нь хэлж өгье. Амьтан тэжээснээр та хоёр хамтдаа өөрсдөөсөө гадна, дахиад өөр нэгний амьдралыг хариуцаж байна гэсэн үг юм. Түүнийг өсгөх, хооллох, асарч хамгаалахдаа хоорондоо хэрхэн ойлголцож байгаа нь хожим хүүхэдтэй болох үед ихээхэн хэрэг болох болно. 

Хамтдаа амьтан тэжээх

9 Хамтдаа хүүхэд харах

Хэрвээ та хоёр амьтан тэжээх бодолгүй байгаа бол, ах, эгчийнхээ хүүхдийг хэсэг хугацаанд хамтдаа харж өгөөрэй. Ингэснээр ирээдүйд өөрсдийнхөө хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэхэд тань тустайгаас гадна, хүүхэдтэй холбоотой асуудлууд дээр дадлага туршлагатай болсон байх юм. 

Хамтдаа хүүхэд харах

10 Карьераа төлөвлөх

Ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр амьдралаа босгож, авч явна гэдэг бүтэшгүй зүйл билээ. Иймд хосуудын аль аль нь ажил хийж, мөнгө олох хэрэгтэй болдог. Гэхдээ хамгийн чухал асуудал нь ямар ажлыг хэдий хэр хугацаанд хийх, ажил мэргэжлийн хувьд дэвших хүсэлтэй байгаа эсэхээ хоорондоо сайтар ярилцаж, хамтдаа нэг шийдвэрт хүрэх хэрэгтэй аж. Хэрвээ хосууд энэ асуудалд харилцан адилгүй байр суурьтай байвал, гэр бүл болоход төвөгтэй байдал үүсэх нь бий. 

Карьераа төлөвлөх

11 Нэгнийхээ найз нөхөдтэй танилцах

Найз гэдэг хүний амьдралд учрах хамгийн эрхэм чухал хүмүүсийн нэг яах аргагүй мөн билээ. Иймд нэгнийхээ найз нөхдийн тухай сайтар мэдэж байх нь чухал юм. Хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж, бие биетэйгээ илүү сайн танилцаж, дотно нөхөрлөөрэй. Учир нь тэд та хоёрын хуримын гэрчүүд болохыг ч үгүйсгэхгүй шүү дээ.

Нэгнийхээ найз нөхөдтэй танилцах

12 Нэгнийхээ найз нөхөд болон гэр бүлийнхэнтэй нь хамт зугаалах

Ингэснээр та хайртынхаа хамгийн эрхэм дотно хүмүүсийг сайн мэдэж авахаас гадна, тэдэнтэй хэрхэн ойлголцож, үзэл бодол таарах эсэхээ мэдэж авах боломжтой юм. Энэ нь магадгүй танд зөв хүнтэйгээ учирсан эсэхийг тань хэлж өгөх ч юм билүү?

Нэгнийхээ найз нөхөд болон гэр бүлийнхэнтэй нь хамт зугаалах

13 Хамтдаа аялах

Жүжигчин Билл Мюррей хэлэхдээ: "Хэрвээ чи хэн нэгэнтэй гэрлэхээр шийдсэн бол, яг одоо хувцсаа баглаад, түүнтэй хамт дэлхийгээр тойрон аялаарай. Энэ урт хугацаанд та хоёрт олон зүйл тохиолдох болно. Тэдгээр саад бэрхшээлүүдийг хамтдаа даван туулж, буцаад ирж чадах аваас эргэлзэх зүйлгүй гэр бүл болох хэрэгтэй." хэмээсэн байна. 

Гэрлэлт гэдэг сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал яавч биш билээ. Тиймээс дэр нэгтгэх гэж байгаа хүнээ сайтар судалж, өөрт тохирох эсэхийг бүрэн гүйцэд таньж, мэдэх хэрэгтэй юм. Харин хамтдаа аялснаар үүнийг төвөггүй мэдэх боломжтой ажээ.

Хамтдаа аялах

14 Шударга хандах

Ирээдүйд хосуудын амьдралд сайн, муу олон зүйлс тохиолдоно. Хүн төгс биш учраас заримдаа алдаж, онохыг алийг тэр гэхэв. Тэр үед асуудалд хөнгөн хуумгай хандалгүй, шударга байх хэрэгтэй. Иймд гэр бүл болохоосоо өмнө нэгэндээ шударга хандах ёстой бөгөөд гэрлэхээр төлөвлөж байгаа хосууд болохоос биш, дөнгөж анх удаагаа бие биетэйгээ танилцаж байгаа хүмүүс биш гэдгээ сайтар ухамсарлаарай.

Шударга хандах

15 Асуудлыг шийдвэрлэх арга ухаанд суралцах

Хүмүүсийн ихэнх нь төгс хосууд хэзээ ч салдаггүй бөгөөд үүний учир шалтгаан нь тэд хоорондоо юу ч болж байсан, хэрэлдэж, маргалддаггүйтэй холбоотой гэж ойлгох нь бий. Гэвч энэ нь буруу юм. Харин ч эсрэгээрээ төгс хосууд хоорондоо маргалдаж, ам зөрдөг бөгөөд ингэхдээ асуудалд нухацтай хандаж, уужуу тайвнаар үзэл бодлоо солилцдог байна. Энэ нь хосуудын харилцааг улам бэхжүүлж, урт удаан хугацаанд хамтдаа байх үндэс болдог аж. Мөн энэ төрлийн хосууд асуудлыг шийдвэрлэлгүй хэзээ ч орхидоггүй бөгөөд заавал ямар нэгэн шийдэл олохыг эрмэлздэг байна. Тиймээс гэрлэхээсээ өмнө тулгарч буй асуудлуудаа хамтдаа "дипломат" арга замаар хэлэлцэх гээд үзээрэй. 

Асуудлыг шийдвэрлэх арга ухаанд суралцах

16 Гэр бүл төлөвлөх

Гэр бүл төлөвлөлтөнд хосууд дэр нэгтгэсний дараа нэгнийхээ хувийн орон зай руу хэт халдахгүй байх, эрх чөлөөг нь хааж боогдуулахгүй байх, дур сонирхол, хоббиг нь үгүй хийхгүй байх зэрэг асуудлууд хамаарна. Иймд үерхэл, гэрлэлтийг хооронд нь сайтар ялгаж, салгаж, ойлгох хэрэгтэй юм. Гэр бүл болсноор та хоёр нэг хүн болж байна гэж ойлгож болох бөгөөд энэ үед зөвхөн таныг илтгэж, тодорхойлдог шинж чанаруудын зарим нь үгүй болж ч мэдэх юм. Тиймээс энэ талаар сайтар ярилцаж, ойлгох хэрэгтэй ажээ.

Гэр бүл төлөвлөх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()