1
Бичиг хэргийн дэлгүүрт хэмнэлт хийх
Бичиг хэргийн дэлгүүрийн бараа бөөний үнээрээ илүү хямдхан байдаг. Тиймээс та бусад эцэг, эхчүүдтэй мөнгөө нийлүүлж байгаад, бөөнөөр нь худалдан авахыг хичээгээрэй.
2
Хичээл хийх орчныг нь бүрдүүлэх
Хүүхдээ хичээлд нь дуртай, гэрийн даалгавраа төвөгшөөлгүйгээр хийдэг болгохыг хүсч байвал заавал тусд нь хичээлийн ширээ, сандал бэлдэж өгөөрэй. Хүүхэд өөрийн гэсэн хичээлийн ширээтэй, тухтай сандалтай байвал аяндаа л хичээж эхлэх болно. Мөн хүүхдийн хичээл хийдэг өрөөнд компьютер, зурагт гэх мэт анхаарлыг нь сарниулах зүйлсийг битгий байрлуулаарай.
Түүнчлэн сандлыг сонгохдоо дээрх шаардлагуудад нийцсэн, тухтай, биеийн онцлогт таарсан байхыг нь бодолцоорой. Бидний зөвлөж буй дээрх сандалд яагаад гарын тавиур байхгүй байгааг та магадгүй асуух байх. Учир нь хүүхэд гарын тавиур дээр ихэвчлэн нэг гараа тавьж суухыг тухтай гэж үздэг учраас, энэ нь далий сууж, яваандаа нуруу далийхад хүргэдэг аж.
3
Өдөрт хийх ажлуудынх нь төлөвлөгөөг гаргаж өг
Хүүхдийг хичээлдээ идэвхтэй, сэргэлэн цовоо эрүүл энх байлгахын гол үндэс нь өдөр тутмын тогтсон нэг хэв маяг юм. Та хүүхдэдээ хийх ёстой ажлуудынх нь төлөвлөгөөг гаргаж өгч, түүнийгээ мөрдүүлж байвал хүүхэд тухайн хуваарь, ачаалалд хурдан дасаж, ядрахгүй байх болно.
4
Дэндүү их анхаарах хэрэггүй
Зарим эцэг эхчүүд, хүүхдийнхээ боловсролд анхаарч байна гээд маш их хичээлээр шахаад байдаг. Энэ нь хүүхдийн хичээлдээ дургүй болох гол шалтгаан болдог байна. Тиймээс та зөвхөн хэрэгцээтэй үед нь л хүүхдэдээ хичээлийг нь зааж өгч, аль болох өөрөөр нь, бие даан хийлгэж байгаарай.
5
Хичээлийн туслах хэрэгсэл
Цүнхийг худалдан авахдаа өнгө, загварыг нь бодолцохоос гадна жин, нуруунд эвтэйхэн байдлыг нь хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Мөн сургуульд өмсөх хувцас худалдан авахдаа эцэг эхчүүд та бүхэн зөвхөн материал, чанарыг нь шалгаж, харин өнгө, загварыг нь хүүхдээр өөрөөр нь сонгуулаарай. Ингэвэл таны хүүхэд хувцсандаа сэтгэл хангалуун үлдэхээс гадна хичээлдээ ч дуртай явах болно.
6
Сэтгэл санааг нь эртнээс бэлд
Хүүхэд зуны турш тоглож, наадаж байгаад гэнэт олон цагийн хичээлд суугаад эхлэхээрээ маш их ядарч, хичээлдээ дургүй болох болно. Тиймээс хичээл эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө, өдөрт бага багаар цээж бичиг бичүүлж, амархан тоо бодуулж байгаарай. Энэ нь хүүхдэд өмнө жил үзсэн хичээлүүдээ санахад нь туслах төдийгүй гарын булинг нь дасгах болно.
Мөн хүүхдийн хичээлдээ дуртай болох нэг үндэслэл нь ангийнх нь найз, нөхөд байдаг. Тиймээс та хичээл эхлэхээс хэд хоногийн өмнө хүүхдээ ангийнх нь хүүхдүүдтэй уулзуулж, тоглуулаарай.
7
Нүдний харааг нь шалгуул
Хүүхдийн хичээлдээ идэвхгүй болох, сурлага муудах нэгэн шалтгаан нь багшийнхаа самбар дээр бичсэн зүйлийг харахгүй байх явдал юм. Ялангуяа таны хүүхэд бага зэрэг ичимхий бол самбар дээрх бичгийг харахгүй байгаагаа багшдаа, эцэг эхдээ хэлэхгүй, нуугаад байж магадгүй. Тиймээс хүүхдийнхээ нүдний харааг жилд 1-2 удаа тогтмол шалгуулж байгаарай.
8
Хэт их ачааалал өгөх хэрэггүй
Шинэ хичээлийн жилийн эхлэлд хүүхэд бие махбод, толгой тархи нь сургуулийн амьдралд дасахгүй байгаагаас үүдэн тодорхой хэмжээгээр стресстэж байдаг. Харин зарим эцэг эхчүүд, хүүхдээ 9 сарын 1-ны өдрөөс эхлээд л тоо томшгүй олон дугуйлан секцүүдэд бүртгүүлэн, хичээллүүлж эхлэх нь бий. Энэ нь хүүхдийг маш их ядрааж байдаг тул та шинэ хичээлийн жил эхлэснээс ядаж хэдэн долоо хоног өнгөрсний дараа хүүхдээ дугуйлан секцүүдэд явуулаарай.
9
Хүүхдээ "онц ав" гэж дарамтлах хэрэггүй
Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ заавал онц сур, заавал шилдэг нь бай гэж захидаг. Энэ нь яг үнэндээ захиас бус, хүүхдийн хувьд маш том сэтгэлийн дарамт болдог юм. Тиймээс та хүүхдээ онц авах бус, үр дүнтэй, хэрэгцээтэй мэдлэг хуримтлуулахыг л шаардаарай.
10
Байрлалыг нь ажигла
Хичээл хийх үедээ далий суух болон хэтэрхий хүнд цүнх үүрэх нь хүүхдийн нурууны хөгжилд маш муугаар нөлөөлдөг. Тиймээс та хүүхдийнхээ цүнхний хүндийг байнга шалгаж, хэрэгцээгүй зүйлсийг нь гэртээ үлдээхийг шаардахын сацуу, хичээл хийгээд сууж байхад нь цэх суулгахыг хичээгээрэй.
11
Шинэ орчинд дасахад нь тусла
Бага ангид сурдаг хүүхдээ, нэн ялангуяа нэгдүгээр ангид шинээр орж байгаа хүүхдээ эцэг эхчүүд сургуульд нь өөрсдөө хүргэж өгч, бяцхан үрсээ ангийнхан болон багш нартай нь танилцуулахыг хичээгээрэй. Учир нь хүүхэд огт танихгүй, шинэ орчинд ороод ирэхээрээ маш их айж, ганцаарддаг.
12
Гэрийн ажилд ч бас сурга
Хүүхдээ бага гэлтгүй хувцсаа эвхэх, гутлаа зэрэгцүүлж тавих, энгийн хоол, зууш бэлдэх, аяга таваг угаах зэрэг гэр орны ажилд сургаарай. Гэрийн ажилд хүүхдээ багаас нь сургах нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, эцэг эхчүүдийн ч ачааллыг багасгах болно.