2017 оны хамгийн шилдэг хүүхдүүд

Тэд амьдралд хэрэгцээтэй техник хэрэгсэл зохион бүтээх, ашгийн бус байгууллага үүсгэн байгуулах, насанд ч хүрээгүй байж биенээсээ давсан зорилгын төлөө мөнгө цуглуулж бусдад хандивласан зэрэг гайхалтай сайхан түүхийг бүтээсэн энэ оны шилдэг 17 хүүхдийг танилцуулж байна.

2017 оны хамгийн шилдэг хүүхдүүд

17 Тэр найздаа сүү авж өгөхийн тулд хадгалж байсан бүх мөнгөө үрсэн

Саншайн Олфке гэх энэ бяцхан охин цасны мотоцикл авахаар мөнгөө цуглуулж байсан ч, зорилгодоо хүрэхээсээ өмнө хадгалж байсан мөнгөө зарцуулах шаардлагатай болсон байна. Нэгэн өдөр, цуглуулсан мөнгөө бүгдийг нь гахайгаасаа гаргаж авч байхыг нь харсан эмээ нь түүнээс юу хийх гэж байгаа талаар нь асуухад, сүү авах хэрэгтэй ч мөнгө нь хүрэхгүй байгаа найздаа туслах гэж байгаагаа хэлжээ.  Good News Network-ийн мэдээлснээр, Мичиган дахь сургуулийн сүү нь ердөө 45-хан центээр зарагддаг аж. Энэ бүхэн ингээд зогссонгүй. Найзынхаа ганцхан өдрийн сүүг авж өгөөд барахгүй, бусад хүүхдүүдийн ч гэсэн бүтэн жилийн сүүний хэрэгцээг хангахын тулд GoFundMe гэх хандив цуглуулах цахим хуудсанд бүртгүүлж, энэ зорилгодоо ч амжилттай хүрч чадсан байна. 

Тэр найздаа сүү авж өгөхийн тулд хадгалж байсан бүх мөнгөө үрсэн

16 Хүүхдүүдэд сайн дураар ажиллах боломж олгохын тулд мэдээллийн сан байгуулжээ

14 настай ихэр жаалууд сайн дурын ажил хийх гэсэн боловч олоход хэцүү байсан учраас энэ асуудлыг шийдэхийг хүсжээ. Жак болон Макс Клейн нар өсвөр үеийнхэнд зориулан нас, сонирхол, байршил зэрэгтээ тохируулж, сайн дурын ажил хайх боломжтой  Kids That Do Good гэх цахим мэдээллийн сан байгуулсан байна. Эдгээр сайн дурын ажилд нь орон гэргүй хүмүүст туслах, Талархлын баярын өдрөөр ядууст хоол тараах, хавдрын эсрэг хандив цуглуулах зэрэг ажлууд багтдаг аж. Энэ бүхэн тэдний гэр бүлийнхний найз, өмнө нь тогооч байсан хүн гэртээ хоол хийж гэр оронгүй, ядуу хүмүүст тараадаг байсан сайхан сэтгэлээс нь үүдэлтэй байжээ. "Бид түүнээс ажилд нь туслахыг хүссэн ч тэр биднийг хэтэрхий балчир байна гэсэн" хэмээн Макс ярьсан байна. Ингээд тэд өдөрт 100 хүн зочилдог, амьтны асрах газар, фермер зэрэг байгууллагууд нэгдэж, хамтран ажиллахыг хүсэх болсон цахим хуудсаа нээсэн байна. KTDG цахим хуудас нь хамгийн сүүлд "Багш, сурган хүмүүжүүлэгч" гэсэн ангиллыг нэмсэн бөгөөд үүнд нь хичээлийн төлөвлөгөө, зөвлөгөө, мэдээлэл, сайн дурын ажил хийх боломжууд зэрэг багтжээ.

Хүүхдүүдэд сайн дураар ажиллах боломж олгохын тулд мэдээллийн сан байгуулжээ

15 Бүгчим машинд үлдсэн хүүхдүүдийн амийг аврах төхөөрөмж

Зуны халуунд битүү машин дотроо хүүхдээ үлдээх нь зүрхний шигдээс үүсгэж, хүүхдийн амь насанд аюул учруулдгийг 10 настай Бишоф Карри хүү ч мэддэг. Ийм осол аваар гарах эрсдэлтэй учраас тэр үүнийг шийдэх төхөөрөмж бүтээсэн юм. Энэхүү төхөөрөмжийн нэрийг “Oasis” гэдэг бөгөөд суудалдаа холбоход хүүхдийн нүүр рүү хүйтэн агаар үлээх маягаар ажилладаг аж. Мөн үүгээр ч зогсохгүй хүүхэд аюулд орсон үед түргэн тусламж дуудах боломжтой. Уг санааг олон хүн дэмжиж, GoFundMe цахим хуудаснаа 46.000$-ийг патент авахад нь туслах зорилгоор хандивлажээ. Дараа жилийн зун гэхэд энэ бүтээл бидний гар дээр бодитоор бий болно гэж найдаж байна.

Бүгчим машинд үлдсэн хүүхдүүдийн амийг аврах төхөөрөмж

14 Тэр бусдаас өөр хүүхдүүдэд урам зориг өгсөн

Жак Брадли бол аутизмын өвчтэй Кентаки мужын Лоусвилле дахь ахлах сургуулийн сурагч бөгөөд энэ жил сургуулийн үйл ажиллагаа бүх сурагчдад үр өгөөжтэй байх тал дээр анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг олон нийттэй харилцахад нь дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна. Тэрээр Prichard Committee Student Voice Team-ийн гишүүн бөгөөд сургалтын орчны талаар судалгаа шинжилгээ хийдэг ажээ. Түүний Hechinger Report-д бичсэн нийтлэл нь жилийн хамгийн их уншигчтай нийтлэлээр тодорсон бөгөөд уг асуудлыг үндэстний хэмжээнд авч үзэхийг хүсжээ. Жак болон түүний ээж Жүдит Брэдли нар хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад улсаас олгогдсон эрхийн асуудлыг хөндөж, зохих ёсны тусламж дэмжлэгийг зүй ёсоор өгөхийг Кентаки мужын Боловсролын салбарт сануулахын зэрэгцээ JACKBENIMBLE хэмээх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан, ашгийн бус цахим сүлжээний хуудсыг нээн ажиллуулж байна.

Тэр бусдаас өөр хүүхдүүдэд урам зориг өгсөн

13 Зэрлэг байгалиа хамгаалах чин хүсэлт охин

Далласт амьдардаг 18 настай Аннабел Карен Кларкын үйл ажиллагаа эрвээхий нүүдэллэх үеэр хаан эрвээхийг татахын тулд сургуулийнхаа ойр орчимд сүүн өвс тарьснаар эхэлсэн юм. Түүний энэ үйлдэл нь байгаль орчноо хамгаалах ажил хэргийн суурь нь болж, үүгээрээ  TeenVogue.com-ын нийтлэлд гарчээ. Мөн тэрээр АНУ болон дэлхийн байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны дэмжигч, удирдагч болон ажиллаж,  World Wildlife Fund’s Panda Ambassador program-ын "Супер активист" цолоор шагнагдсан байна. Үүнээс гадна сургууль дээрээ өөрийн гэсэн World Wildlife Fund Club-ыг үүсгэн байгуулсан бөгөөд түүний дэлхий нийтийн анхаарлыг зөв зүйлд хандуулж буй шинэ шийдэл, удирдах ур чадвар, судалгаа шинжилгээний арга барил зэргийг харгалзан үзэж "Hendrix College Book Award" шагналыг олгожээ. Одоо тэрээр "Wake Forest University"-д элсэн ороод, амжилттай суралцаж байгаа төдийгүй оюутны хэд хэдэн төлөвлөгөөт ажилд идэвхтэй оролцож, бусад оюутан сурагчдыг байгалиа хамгаалах хөдөлгөөнт үйл ажиллагаанд хамрагдахыг уриалж байгаа аж. Тэрээр залуучуудыг онлайнаар санал өгөх, тусламж болох арга замд суралцах зэргээр их бага гэж ялгалгүй байгаль хамгаалах ажилд гар бие оролцох хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.

Зэрлэг байгалиа хамгаалах чин хүсэлт охин

12 Тог цахилгаангүй айл өрхүүдэд нарны энергиэр ажилладаг цахилгаан үүсгүүрээр тусалжээ

Колорадо мужийн Сентенниалд амьдардаг Абби Вийкс гэх 18 настай энэ охин ядуу айл өрхүүдийг нарны энергиэр ажилладаг цахилгаан үүсвэрээр хангажээ. Түүний багийнхан Уганда дахь "Nyaka AIDS" гэх өнчин хүүхдүүдийн сургуулийг цахилгаанаар хангах төхөөрөмжийг амжилттай суурилуулан ажиллуулж байгаа бөгөөд Өмнөд Дакота дахь бага сургууль дараачийн зорилтот ажил нь болжээ. 3 жилийн өмнө үүсгэн байгуулсан түүний багийнхан сургуулийнхаа хоолны газрын пенополистиролоор хийгдсэн хоол зөөх тавцанг дахин хэрэглэж болох материалаар сонгох ажлыг амжилттай хэрэгжүүлээд зогсохгүй нэг удаагийн хэрэглээний торыг татвартай болгох саналыг мужийн удирдлагууддаа өргөн барьсан байна. 

Тог цахилгаангүй айл өрхүүдэд нарны энергиэр ажилладаг цахилгаан үүсгүүрээр тусалжээ

11 Хандив цуглуулах гэж алхжээ

Нью Хэмфшайр, Бэдфордоос гаралтай 5 настай А.Ж.Троиано гэх бяцхан жаал хүү Харвид эцэг эх нь Техасыг дайрсан Харви хар шуурганы талаар ярьж, үерийн зураг үзүүлж, гамшгийн дараа үүссэн нөхцөл байдал, ялангуяа хүүхдүүдэд ямар хэцүү байсан талаар тайлбарлажээ. Үүнийг сонссон жаал хүү эмээ өвөөтэйгээ хамт 3.2км газар алхаж, American Red Cross гэх үерт өртсөн айлуудад туслах санд өргөхөөр хандивын мөнгө цуглуулсан байна. Тэр үүндээ зориулан өмнөх өдөр нь зурагт хуудас хийгээд маргааш нь цэцэрлэгээсээ ирээд  шууд л хандив цуглуулахаар явжээ. Троиано энэ үйл ажиллагаагаар 200$ цуглуулсан бөгөөд түүний эмээ нь "Ганцаараа ч гэсэн хүн ямар их өөрчлөлт авчирж болох вэ гэдгийн дөнгөж эхлэл гэдгийг тэр ойлгоосой гэж хүсэж байна" хэмээн өгүүлсэн юм. 

Хандив цуглуулах гэж алхжээ

10 Мичиган мужын Флинт хотын усны аюулгүй байдлыг гартаа авсан бяцхан охин

11 настай Гитанжали Рао охин шинжлэх ухааны үзэсгэлэнд зориулан ундны усан дахь хар тугалга илрүүлэх чадвартай төхөөрөмж зохион бүтээсэн байна. Тэрээр улсаас арга хэмжээ авахыг хүлээж байсан бөгөөд ахицтай дэвшилт гараагүй учраас өөрөө ийм төхөөрөмж бүтээхээр шийджээ. Түүний 3 хэсгээс бүрдэх энэ бүтээл нь ирэх зунаас ус цэвэршүүлэх хамгийн хэрэгтэй төхөөрөмж болж, олон мянган хүнийг эрүүл саруул байхад нь туслах болно гэдэгт бид итгэлтэй байна.

Мичиган мужын Флинт хотын усны аюулгүй байдлыг гартаа авсан бяцхан охин

9 Хуванцар хог хаягдлын эсрэг тэмцэгч хүү

Серфингээр хичээллэгч, 17 настай Жаксон Хинклэ хуванцар хог хаягдлын далайд үзүүлж байгаа хор хөнөөлийн талаар үргэлж санаа зовнидог байжээ. Харин энэ жил үүнийг шийдэх анхны алхмаа хийсэн хэмээн TeenVogue-д мэдээлсэн бөгөөд тэрээр Экологийн төвийн Усны үр ашгийн асуудлын төлөөлөгч болон ажиллаж, "Dakota Access Pipeline" тосны сувгийн эсрэг хөдөлгөөн өрнүүлжээ. Одоо тэр Калифорни, Хавай, Вашингтон, Канадын сургуулиудад салбартай байгаль орчноо хамгаалах "Team Zissou" клубийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Мөн Жаксон өөрийн хотдоо дахин ашиглах боломжтой усны савыг өдөр тутамдаа хэрэглэхийг уриалсан аяныг удирдан явуулж байгаа аж. Энэ талаараа "Манай багийнхан ресторан, хоолны газруудыг цаасан материалтай усны сав худалдаанд гаргахыг уриалж байгаа төдийгүй хүмүүсийн усны саванд ус хийж өгдөг газруудыг бий болгохоор зорьж ажиллаж байгаа" гэсэн байна.

Хуванцар хог хаягдлын эсрэг тэмцэгч хүү

8 Хорт хавдрыг ялсан охин дугуйгаар хичээллэхийг уриалж байна

3 настайдаа анхан шатны тархины хорт хавдартай хэмээн оношлогдож байсан Саманта Жановер охин одоо 16 настай. Хорт хавдрын явц удаан байсан бөгөөд маш ховор тохиолддог учраас энэ талаар судалгаа шинжилгээ бага хийгдэж, эм тариа ч хомс байлаа. Химийн эмчилгээ л ганц сонголт нь байсан тул Самми 3 настайдаа 15 сарын турш химийн эмчилгээнд орсон байна. 6 сарын дараа түүний хавдар дахин сэргэсэн тул 2 дахь удаагаа химийн эмчилгээнд явжээ. Харин одоо түүний аавын хэлснээр, охин өөртэй нь адилхан өвчтэй хүүхдүүдэд урам зориг өгөх, химийн эмчилгээний улмаас үүссэн асуудал, сэтгэл санааны байдлыг хэрхэн давах зэрэг тал дээр зөвлөгөө тусламж хүргэх гэж хичээж байгаа гэжээ. 2017 онд "Самантагын баг" гэх дугуйн баг "Pan-Mass Challenge" тэмцээнд оролцож 300 гаруй км зам туулан, 327 мянган ам.долларын хандивыг Самантаг аварсан эмнэлэгт өргөжээ. Самми энэ багийн хамгийн бяцхан гишүүн байсан бөгөөд хандивын мөнгөө 100% эмч нарт болон хавдрын судалгаанд зарцуулахыг хүссэн ажээ. 

Хорт хавдрыг ялсан охин дугуйгаар хичээллэхийг уриалж байна

7 Ирвэсний тоо толгойг хамгаалагч хүү

Сеатл мужийн 10 настай Жорис Хутчисон хүү ирвэсийг устаж үгүй болохоос сэргийлэх ажилд энэ жилийг зориулжээ. Тэрээр амьтдын байршлыг илрүүлэн, хамгаалах боломж олгодог GPS төхөөрөмж худалдан авахын тулд уух юм, цэцэг, подволк зарж, скэйт үдэшлэг, гэрийнхээ гражд хуучин зүйлүүдээ зарах худалдаа зэргийг зохион байгуулж 14 мянган ам.доллар цуглуулж чадсан байна. Олсон бүх мөнгөө Намибиа дахь зэрлэг байгаль хамгаалах байгууллага болох "N/a’an ku se"-д хандивласан төдийгүй энэ газарт ээжтэйгээ хамт өнгөрсөн 3 зуны турш сайн дураараа ажилласан ажээ. Багийн хамгийн бяцхан гишүүн учраас Жорис ихэнхдээ хоол хийх, тор цэвэрлэх, бэртэж гэмтсэн эсвэл тэжээмэл ирвэсэнд зориулсан нэмэлт тэжээл бэлтгэх гэх мэт ажлыг гардан хийдэг байжээ. Уг байгууллага нь фармеруудыг зэрлэг амьтад руу гал нээхгүй байхыг уриалж, малыг нь алсан амьтдыг алахын оронд байрлал тогтоох төхөөрөмж зүүлгээд тавьж явуулахыг хүсдэг байна. "Жоохон хүүхэд ч ямарваа нэг зүйлд бага ч гэсэн өөрчлөлт хийж болдог гэдгийг би мэдсэн" хэмээн Жорис хүү Залуу баатруудад олгодог "Gloria Barron" шагналыг гардаж авах үеэрээ хэлжээ.

Ирвэсний тоо толгойг хамгаалагч хүү

6 Амьтдыг аврахын тулд чөлөөт цагаа зарцуулдаг охин

Нью Йорк дахь нэг биш, хоёр биш, бүр гурван ч амьтан хамгаалах байгууллагат сайн дураар ажилладаг Ава Калисе охин 14 настай. Амралтын өдрүүдээр унтаж байхын оронд Ава 6 цагт босож асрамжийн нохойнуудад өглөөний бясалгал зааж сургаж, өдөрт хэд хэдэн удаа энэхүү бясалгалаа хийдэг байна. Түүний хувьд өөрөө 1кг хүрэхгүй үгүйтэй дутуу төрсөн, байгалиас заяагдсан тэмцэгч охин ажээ. Түүний ээж охиныхоо талаар "Тэр амьтдын арга эвийг олохдоо үнэхээр гаргууд. Их өвчтэй, айж цочирдсон амьтдыг ч тэр яаж ийгээд тайвшруулж, хэвийн болгож чаддаг" хэмээн өгүүлжээ.

Амьтдыг аврахын тулд чөлөөт цагаа зарцуулдаг охин

5 Эрчим хүчний эх үүсвэр үүсгэгч

16-тай Ханна Хэрбст 7-р ангид байхдаа түүний захидлаар харилцдаг Этиоп дахь найз Рүд нь эрчим хүч, эмнэлгийн тусламж үйлчилгээ, бохир усны шугам нь хүртэл асуудалтай газар амьдардаг болохыг мэджээ. "Би бага байхдаа л байгаль орчны асуудал их чухал гэдгийг мэддэг байсан. Хүүхэлдэйгээр тоглохоосоо илүү гадаа гарч чулуу хайхыг илүүд үздэг хүүхэд байсан" хэмээн TeenVogue-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрээр BEACON гэх нэртэй усны хөдөлгөөнт биеийн эрчим хүчний кинетик хөдөлгөөнийг хэрэглээний эрчим хүчний үүсгэвэр болгон шилжүүлэгч төхөөрөмжийг зохион бүтээжээ. Үүний 90% нь 2 литрийн ундааны сав, нэг удаагийн халбага зэрэг олдоц ихтэй материал аж. Цаашдаа BEACON-ыг хөгжингүй орнуудад далайн усыг давсгүйжүүлж цэвэр ус болгох, далайд зүг чиг олоход зориулагдсан цахилгаан тэмдэг зэрэгт ашиглах боломжтой гэж Ханна үзэж байгаа юм. 

Эрчим хүчний эх үүсвэр үүсгэгч

4 7 хоногт 5 хүний амь аварчээ

Стефан Виллиамс 8-хан настай ч 2017 онд 5 хүний амь аварсан ачтан билээ. Зөв газраа зөв цагтаа байснаас гадна Виллиамс живж буй 3 хүн хараад чухам юу хийхээ ч маш сайн мэдэж байсан юм. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа 2 хүүхэд аюулд орсныг хараад өөрөө аврах гэж оролдсон боловч нөхцөл байдал хурц байсан тул аврах баг дуудаж, хүүхдүүдийг аварсан байна.

7 хоногт 5 хүний амь аварчээ

3 Хүүхдүүдийн эрүүл байдлыг анхаарсан нь

11 настай Саванна Лорфу Кармү охин бол зохиолч, зохион байгуулагч, өөрчлөн байгуулагч, идэвхтэн төдийгүй ирээдүйд чадварлаг зүрх судасны эмч болох магадлалтай гэгддэг. Зүрхний хагалгаанд орох гэж байсан багшийгаа эмнэлэгт эргэж очоод эмч нартай уулзсаны дараа зүрх хүний биед ямар чухал болохыг тэр мэдэж авчээ. Охиныхоо сонирхлыг дэмжсэн эцэг, эхийнхээ ачаар Саванна 3 хүүхэд болгоны 1 нь зүрхний өвчний үндэс суурь болсон таргалалттай байгааг анзаарсан байна. Үүнийхээ дараа тэрээр YouTube хуудаснаа эрүүл, аз жаргалтай амьдрах арга барил олгох бичлэгүүдийг хуваалцаж эхэлсэн юм. 2016 онд, түүний "Happy Heart Advice" хуудас нь "Эрүүл зүрх" аяныг зохион байгуулж, 300 гаруй хүүхэд, гэр бүлд эрүүл амьдралыг хэв маягийг хэвшүүлэхэд тусалжээ. 6 сард болсон 9 дэхь удаагийн "Biennial Obesity Conference" хуралдаанд Саванна урилгаар оролцож, эрүүл хооллолтыг өдөр тутамдаа хэрхэн хэрэгжүүлэх тухай мэдээлэл өгсөн бөгөөд түүний эдгээр үйл хэргийг нь АНУ-ын Зүрх судасны нийгэмлэгээс өндрөөр үнэлэн, хүндэт шагнал олгожээ. Одоогийн байдлаар тэрээр хоол хүнс сонгох ажлыг хялбаршуулахаар гар утасны апп гаргахаар ажиллаж байгаа юм.

Хүүхдүүдийн эрүүл байдлыг анхаарсан нь

2 Орон гэргүй хүмүүст тусалсан жаал хүү

Чикаго мужийн 9 настай Жакхил Жэксон хүү өөрийн хотын орон гэргүйчүүдэд туслахаар “Project I Am” төслийн үүсгэн байгуулагч юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 3000 гаруй тооны ариун цэврийн бүтээгдэхүүн, алчуур, оймс, амттан зэрэг багтсан "Асрамжийн уут"-ыг тараасан байна. Мөн тэрээр хэрэглэхгүй эд зүйлсээ хандивлах, уут боох үйл ажиллагаануудыг зохион байгуулж, үүнд нь түүний гэр бүлийн гишүүд, 4-р ангийн найзууд нь болон холбооны гишүүд ирж тусалдаг ажээ. Ингээд зогсохгүй Жэксон гэр оронгүй хүмүүсийг харж ханддаг байгууллагуудтай хамтран ажиллаж, Асрамжийн уутаа тарааж, орон гэргүй хүмүүстэй ярилцаж цагийг өнгөрөөдөг байна. Тэрээр хүүхдүүдийг өөрсдийн дуртай зүйлээ олж, үүгээрээ дэлхий дахинд өөрчлөлт хийхийг уриалж, "Би сургууль болон холбоон дээрээ хүүхдүүдэд үргэлж гайхалтай зүйл хийхийн тулд том болохоо хүлээх хэрэггүй гэдгийг сануулдаг. Чи одоо ч гэсэн гайхамшгийг бүтээж чадна" хэмээн Залуу баатруудад олгодог "Gloria Barron" шагналыг гардан авах үеэрээ хэлжээ. 

Орон гэргүй хүмүүст тусалсан жаал хүү

1 Технологийн тусламжтайгаар харах боломжийг нээсэн охин

Калифорниа мужын Саннивэйл дэхь Стратфорд сургуулийн 8-р ангийн сурагч Анника Висвэш нэгхэн настайдаа тодорхойгүй шалтгааны улмаас харааны чадамжаа алдсан байна. Хэдэн жилийн турш түүний харааг сайжруулах гэж эмчилгээ, мэс засал хийсэн бөгөөд өөрийн биеэр зовлонг мэдэрсэн охин дэлхий дахинаа 12 сая хүүхэд зовдог энэхүү өвчнийг эдгээх, ямар нэг байдлаар туслах арга олохоор шийджээ. Ингээд Анника "Oculus Patch Assistant" буюу дэвшилтэт технологийн мэдээлэгч, ухаалаг утасны апп, урьдчилан таамаглагч бүхий алгоритмын машин зэргийг ашиглан хараагүйдлийг эмчлэх боломжтой төхөөрөмжийг бүтээсэн юм. Нүдний маск нь энэ төрлийн өвчнийг эмчлэх гол хэрэглэгдэхүүн бөгөөд охины бүтээлийг ашигласнаар маск зүүх хугацааг 100-200 цагаар багасгаж болох ажээ. Тэрээр одоогийн байдлаар "Palo Alto Foundation"-д бүтээлээ бодит туршилтанд оруулахаар эмч нартай хамтран ажиллаж байна.

Технологийн тусламжтайгаар харах боломжийг нээсэн охин

29
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()