Дэлхийн номер нэг нисэх онгоцны буудлаар зочилсон фото тэмдэглэл

Их Британийн “Skytrax” байгууллагаас гаргасан үнэлгээгээр Сингапурын "Чанги" (Changi) олон улсын нисэх онгоцны буудал зургаа дахь жилдээ дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудлаар шалгарчээ. "Business Insider" мэдээллийн сайтын сэтгүүлч Харисон Жейкобс /Harrison Jacobs/ уг нисэх онгоцны буудлаар үйлчлүүлсэн талаарх сэтгэгдлээ хуваалцсаныг уншигчдадаа орчуулан хүргэе.

Дэлхийн номер нэг нисэх онгоцны буудлаар зочилсон фото тэмдэглэл
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

Олон улсын онгоцны буудлуудын үйлчилгээнд үнэлэлт дүгнэлт өгдөг Их Британийн “Skytrax” байгууллага нь 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Сингапур улсын "Чанги" онгоцны буудлыг дэлхийн номер нэг онгоцны буудлаар зургаа дахь жилдээ тодрууллаа. Нийт 13 сая хүнээс зургаан сарын турш санал асуулга авсны үндсэн дээр дэлхийн 500 гаруй онгоцны буудалд тэд үнэлэлт дүгнэлт өгдөг байна. “Business Insider” мэдээллийн сайтын сэтгүүлч миний бие олон улсын сурвалжлага хийх явцдаа өөрөөсөө “Энгийн нэгэн аялагчийн хувьд дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудал гэж юу вэ?” гэж асуулаа.

"Чанги" нисэх буудлын хувьд өндөр зэрэглэлийн таатай тохилог орчинтой. Үүнд үнэгүй кино театр, эрвээхэйн хүлэмж, дээвэр дээрх усан сан, 21 цагийн рашаан сувиллын газрыг дурдаж болно. Гэхдээ намайг юу хүлээж байгаа талаар би таамаглаж ч чадаагүй юм. Ер нь онгоцны буудал тийм ч таатай газар биш билээ.

"Чанги" нисэх буудлаар гурван удаа зорчиход шилдэг буудал гэдэг нь яалт ч үгүй мэдрэгдэж байсан юм. Хэрвээ та хангалттай хугацаанд нисэх буудалтай танилцвал ая тухыг нь бишрээд барахгүй ээ. Би байнга яарч, сандарч явдаг болохоор сайн үзэж, танилцаж үнэндээ чадаагүй юм. Гэхдээ онгоцны буудлын цэвэрхэн орчин, хүчин чадал болоод үйлчлүүлэгч төвтэй харилцаа нь бусад бүх буудлаас ялгарч чадаж байсан.

Өнгөрөгч аравдугаар сард нээгдсэн "Терминал 4"-өөр зорчиход буюу таксинаас буугаад өөрийн суух нислэгийн хаалган дээр очиход надад 15 минут л хангалттай байсан юм. АНУ-ын Нью-Йоркийн Жон Ф. Кеннидийн нэрэмжит нисэх онгоцны буудлын шалганаар яаран сандарч явдаг миний хувьд "Чанги" бол шинэ нээлт л гэсэн үг.

 

1

Сингапурын  "Чанги" онгоцны буудал нь дэлхий дээрх хамгийн олон хүн үйлчлүүлдэг нисэх буудлуудын нэг бөгөөд өнгөрсөн жилд нийт 62.2 сая хүн зорчсон байна. Ази тивээр зорчих нисэх онгоцнуудын гол зогсоол нь юм. Би гурван ч удаа "Чанги" буудлаар дамжин нислэг үйлдэж байсан. Хэдий дэлхийн шилдэг буудлаар тодорсныг нь мэдэж байсан ч ямар ч таамаг, төсөөлөл байгаагүй юм.

2

Онгоцны буудалд цагийг тав тухтай өнгөрөөх олон газар бий. Нээлтээ хийгээд удаагүй шинэ кино үзэх боломжтой үнэгүй кино театр "Терминал 2" болон "Терминал 3"-т байдаг. Намайг тэнд байрлах хугацаанд "Justice League", "The Post", "Despicable Me 3" зэрэг кино гарч байсан.

3

"Терминал 1" нь дээвэр дээрээ усан сантай бөгөөд 13-17 сингапур доллар төлөөд үйлчлүүлэх бүрэн боломжтой. Тэр ч бүү хэл жакузи, шүршүүр болон уушийн газартай.

4

"Терминал 3"-т 1960-аад оны үеийн интерьер дизайн зохиомжтой Сингапурын алдартай хоолны газрууд бий. Мөн үндэсний сайхан амттай хоолнуудыг хямд үнээр хийж өгдөг юм.

5

Бүх терминалд үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн байдаг. Ер нь хүмүүс Сингапурыг “Цэцэрлэгт хүрээлэнгийн хот” гэж нэрлэдэг байна. Учир нь маш  олон тооны хүлэмж, цэцэрлэг, ногоон байгууламжууд олонтой. "Терминал 2" наран цэцгийн хүрээлэнтэй.

6

"Терминал 2"-т мөн мөрөг загасны цөөрөм байдаг.

7

"Терминал 3"-т очвол 1000 гаруй төрлийн эрвээхэй харж алжаал, ядаргаагаа тайлах боломж бүхий хүлэмж бий.

8

Үнэнийг хэлэхэд би хэзээ ч ийм олон сайхан зүйлийг нисэх буудалд харж байгаагүй юм. Миний бүх нислэг шинэ "Терминал 4"-өөр дамжиж байсан л даа. Уг терминалыг аравдугаар сард нээсэн бөгөөд одоогийн байдлаар “Vietnam Airlines”, “Cathay Pacific”, “Cebu Pacific Air”, “Korean Air”, “Spring Airlines”, болон “AirAsia” зэрэг тээврийн компаниуд нислэг үйлдэж байна. Жилд 16 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай юм байна.

9

Нисэх буудлын харилцаа холбооны захирал Деннис Им "Терминал 4"-т бусад терминалын хамгийн шилдэг шинж чанаруудыг багтаахыг оролдсон бөгөөд нэг дороос бүх зүйлийг үзэж боломж олгохыг хичээсэн гэж хэлжээ. Тус терминалын бүтээн байгуулалтын ажилд 737.5 сая доллар зарцуулсан төдийгүй дэвшилтэт технологид суурилсан гэдгийг онцоллоо.

10

Миний хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол өндөр тааз болон маш сэлүүхэн шалган нэвтрүүлэх хэсэг байлаа. Бүх шалганы тоолуур миний цээж хэсгээр татаж байсан бөгөөд ойр орчмыг нь ямар ч асуудалгүй харах боломжтой юм билээ.

11

"Чанги" буудлын хамгийн шуурхай дамжин өнгөрөх шугам нь "Терминал 4"-т байдаг аж. Аялагчид дараагийн онгоцонд суухын тулд заавал олон хүнтэй харилцаж, билетээ бичүүлж цаг алдах шаардлагагүй гэсэн санаанд шинэ шугам тулгуурласан байна.

12

Автомат машинаар билетээ бичүүлж, худалдан авч, тээшний шошго авах боломжтой юм байна. Өмнөд Солонгосын нийслэл Сөүлийн чиглэлд нислэгийн билет авахаар өглөө эрт очиход автомат машины урд ямар ч дараалал байгаагүй юм. Тус машин ашиглахад хялбар бөгөөд шуурхай үйлчилдэг.

13

Автомат тээшний шалган. Мөн адил автомат машинтай бөгөөд паспорт, билетээ уншуулна. Таны тээшийг жинлээд, доторхыг нь шалгана. Гэхдээ тээшний жин зөвшөөрөгдсөн хэмжээнээс 0.1 кг-аар илүү гарвал машинаас гуйж болохгүй нь л харамсалтай. Эргээд л тээшээ янзлах хэрэгтэй болно. Тээш тань ямар ч асуудалгүй тохиолдолд онгойлгохыг гуйхгүй.

14

Онгоцны буудал олон гоё дэлгүүр, хоолны газартай. "Чанги" буудал хотын төвөөс машинаар 20 минут яваад хүрэх газар байрладаг тул ялангуяа баярын улиралд сингапурчууд хоол идэж, дэлгүүр хэсэхээр энд ирдэг юм. Мэдээж онгоцны буудлын дэлгүүрүүдэд татваргүй бараа зардаг.

15

"Терминал 4" нь маш цөөхөн ажилтантай хэдий ч төгс нисэх буудлын тод жишээ гэж Сингапурын “Straits times”  сэтгүүлд тайлбарласан байна. Бусад терминалаас 20 хувь цөөн ажилтантай юм. Цэвэрлэгээний автомат машин хүртэл тэнд бий гэнэ.

16

Гаалийн шалган нь хүртэл автомат гээд бод доо. Хурууны хээгээ уншуулсан сингапур иргэд, байнгын оршин суугчид, аялагчид шууд автомат гаалийн машиныг ашиглах боломжтой. Тэд таны нүүр, царайг танин, хурууны хээ таарч байгаа эсэхийг шалгаж тэр ч байтугай таны биеийн байдлыг шалгадаг. Зорчигчид ниссэний дараа тэд бүх мэдээллийг устгадаг.

17

Аюулгүй байдлын үзлэг хамгийн гайхалтай нь байсан. Зарим нисэх буудалд урт дараалалд хүлээж, биед байгаа бүх металл, гутлаа тайлж, компютерээ ч гаргаж шалгуулах болдог шүү дээ. Үнэхээр төвөгтэй. Харин "Терминал 4"-өөр үйлчлүүлэхэд “CT” илрүүлэгч систем нь бие дэх бүх металл зүйлийг тань тайлах шаардлагагүйгээр шалгадаг. Энэ нь цагийг маш их хэмнэдэг.

18

Аялагчдын тав тухад ихээхэн санаа тавьсан нь харагдана. Шалган нэвтрүүлэх хоёр дамжлагатай. Нэг нь шууд дамжуулах, нөгөө нь  шаардлагатай нөхцөлд дахин ашиглах зориулалттай. Мөн хуванцрыг илрүүлэгч систем, хаях савтай. Ингэснээр олон хүний ажлыг хөнгөвчилдөг.

19

Аюулгүйн бүсээр нэвтэрсний дараа танд санал болгох чихэр ч мөн тэнд бий. Энэ мэт энгийн зүйлээрээ ч "Чанги" нисэх буудал бусдаас ялгардаг юм. "Чанги" нисэх буудлын ерөнхий захирал Ли Сов Хиан “Нисэх буудал гэдэг бол маш их боломж бололцоог бий болгох талбар юм. Манай улс бусад улс орныг холбох ёстой. Манайхаар зочлоод баяртай байгаасай гэж хүсэж байна” гэж хэллээ.

20

"Чанги" буудлын онлайн дэлгүүрээс худалдан авалт хийхийг хүсвэл аюулгүйн бүсээр шалгуулж нэвтэрснийхээ дараа “iShop” автомашиныг ашиглах боломжтой.

21

Дутагдалтай ганц тал нь дэлгүүр хэссэнийхээ дараа өөрийн суух нислэгийн терминал руугаа ихээхэн хол алхах шаардлагатай юм билээ. Дэлгүүр хэсэх дургүй хүнд бол хэцүү л даалгавар.

22

Татваргүй барааны дэлгүүрээр хэсэх зуур тань коктейл баар тааралдана. Та хүссэн архиараа коктейл найруулж ууж болно.

23

Та хэрвээ Солонгос, Японы косметик, үнэртэй ус сонирхдог бол татваргүй барааны дэлгүүрт элбэг тааралдана.

24

Дэлгүүр дунд нэгдсэн том төлбөрийн цэг байдаг.

25

Орчин үеийн нисэх буудлуудтай адил "Терминал 4" нь маш том худалдааны их дэлгүүртэй.  Гэхдээ маш сэлүүхэн санагдсан шүү. Ихэнх терминал дахь дэлгүүрүүд маш их хүнтэй, явахад түвэгтэй байдаг. 

26

"Терминал 4"-өөр зорчиход маш тав тухтай. Гадуур зугаалж байхад таардаг кофе ууж суудаг газар шил санагдана. Терминал тэр чигтээ хивс дэвссэн нь дулаан уур амьсгал, чимээгүй тайван орчныг бүрдүүлжээ.

27

“Swarovski”, “Kate Spade” гэх мэт дэлгүүрээр ороход онгоцны буудалд биш өөр хаа нэгтээ явж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Электрон барааны дэлгүүр ч мөн тэнд байдаг. 

28

Надад хамгийн их таалагдсан дэлгүүр бол “TWG Tea Boutique” байлаа. Ханандаа янз бүрийн цайг алтан торхонд хийж, өрж тавьсан бөгөөд толины тусгалд ойсон нь төөрөгдөл үүсгэхээр харагдуулж байв.

29

Ерөнхий захирал тус нисэх онгоцны буудлын амжилтын нууц бол “Бид санаа тавьж, чин сэтгэлээсээ анхаарсан” гэж хэллээ. Хоосон яриа мэт боловч танхим, талбайгаар нь явж үзэхэд интернэт холболт, сандал ширээнээсээ эхлээд өндөр ач холбогдол өгсөн нь харагдана.

30

Онгоцны буудал даяар хаа сайгүй урлагийн олон бүтээл харагдана.

31

Доорх зураг дээрх бүтээлийг “Petal Clouds” гэж нэрлэдэг бөгөөд үүлэн хэлбэртэй зүйлс нь байнгын эргэлдэж байдаг. Энэ нь хөгжим, гэрэл, хэлбэр дүрсний төгс зохицол юм. Үүний эргэлдэж байгааг нь харах сэтгэлд чимэгтэй байсан шүү.

32

Энэхүү бичил цэцэрлэг дэлгүүрүүдийн дунд оршдог бөгөөд орчныхоо уур амьсгалд их таатай нөлөө үзүүлдэг.

33

Тус онгоцны буудлаар үйлчлүүлэх бүрдээ ариун цэврийн өрөөний цэвэр орчныг гайхан алмайрч байлаа. Онгоцны буудлын ариун цэврийн өрөө бохир байх нь түгээмэл байдаг шүү дээ.

34

"Чанги" нисэх буудал санал хүсэлтийн системийг шинэ түвшинд аваачсан юм. Ариун цэврийн өрөөний гадаа хуруу мэдрэгч самбар дээр үйлчлүүлэгч өөрийн сэтгэл ханамжийн талаар үнэлгээ өгч болно. Таны санал буудлын харгалзах ахлах ажилтны утсанд шууд очдог бөгөөд асуудлыг тань нэн даруй шийдвэрлэх боломж олгодог. Энэ төрлийн самбар нь мөн аюулгүйн шалган, гаалийн шалган дээр байрладаг юм.

35

Ариун цэврийн өрөөний гадаа халуун, хүйтэн ус хийж авах боломжтой цорго бий. Цай, кофе найруулж уух хүсэлтэй хүмүүст их тохиромжтой.

36

Терминалын төв дунд Сингапурын “Peranakan” соёлыг илтгэсэн барилгын фасад байдаг. Фасадын доор ихэвчлэн Сингапурын нэртэй, томоохон брэнд дэлгүүрүүд байна. Дундах хоёр фасад нь лэд гэрэлтэй, дотроо “Peranakan” соёлыг илтгэн харуулсан зурагтай. “Peranakan” нь хэдэн зууны өмнө Хятадаас цагаачилсан Сингапур, Малайз иргэдээс гаралтай юм.

37

Терминалын хоёрдугаар давхарт “Peranakan”-ы түүхийг үзүүлсэн музей байдаг. Энэ музейг Үндэсний өвийн зөвлөлтэй хамтран байгуулжээ. Сингапурт богино хугацаагаар зочилж байгаа бол энэ музейг үзэн тэдний соёлтой танилцаарай.

38

Нэгдүгээр зэрэглэлийн карт эзэмшсэн тохиолдолд тусгай лоунжаар үйлчлүүлэх эрхтэй. Мөн нэг өдрийн эрхтэйгээр үйлчлүүлэхийг хүссэн хүнд энэ нь 50 сингапур доллар бөгөөд ойролцоогоор 37 ам.доллар юм. Үнэгүй шар айраг, дарс, кофе, нарийн боов, өглөөний цайны эрхтэй.

39

Хоёрдугаар давхарт тусгай үйлчлүүлэгчдийн танхимын хажууд зураг дээрх сандал дээр унтаж болно.

40

Бүх терминалтай танилцсаны дараа би онгоцноосоо хоцрох шахсан. Гэхдээ суух хаалгаа олох үнэхээр хялбар байсан шүү. Онгоцондоо суух танхимыг “Модоор хүрээлсэн танхим” гэж нэрлэдэг гэнэ. Учир нь олон том  том модтой.

41

Таны одоо байгаа газраас онгоцондоо суух хаалга хүртэл хэдэн минут алхах нь хүртэл харагдах учир тун амар юм гээч. 

42

Бүх зорчигчид онгоцондоо суучихсан, би хамгийн сүүлийн зорчигч боллоо. Гэхдээ энэ мэдээж хамаагүй л дээ. Тасалбараа шууд л машинд уншуулж ороход болох байсан учир цаг алдсангүй. Билетээ уншуулаад, камер руу харж өөрийгөө таниулахад таны онгоцонд суух хаалгыг нээх болно.

43

Хэрвээ надад дахиад жаахан хугацаа байсан бол хүлээлгийн танхимд онгоц нисэж, буухыг харах байлаа.

44

Намайг дараа дахин энэ онгоцны буудалд ирэхэд шинэ бүтээн байгуулалт бэлэн болсон байх биз ээ. 2019 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн “Jewel Changi” нь Терминал 1, 2, 3-ыг шилэн барилгаар холбох юм.

45

Тус барилга нь хүлэмжээр дүүрсэн, 300 дэлгүүр, рестораныг багтаасан, “Yotel” зочид буудал, ширэнгэн ойгоос сэдэвлэсэн оройн цэцэрлэг, төөрдөг байшин мөн дэлхийн хамгийн өндөр тасалгааны хүрхрээтэй байх гэнэ. Удахгүй энэ нисэх буудал жуулчдын очих дуртай газар болох нь дамжиггүй.

54
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()