Сурталчилгаа (15)
Хаах

Гитлерийн амьдралын тухай нарийн ширийн зүйлс олонд ил болжээ

2018-06-07, 15:05
10,694

Адольф Гитлерийн удирдлага дор ажиллахад ямар байсан бол? Гэхдээ түүнтэй мөр зэрэгцэн ажилладаг генерал, дарга нар бус харин өдөр бүр түүний царайг харж, хоолыг нь хийж өгч, орыг нь хураадаг гэрийн үйлчлэгч, ажилчдынх нь өнцгөөс харахад ямар байсан талаар мэдэхийг хүсэж байна уу? Энэ талаар өгүүлсэн Гитлерийн гэрийн үйлчлэгч, манаач, түүний туслах нарынх нь яриаг ном болгон хэвлүүлсэн аж. 

Гитлерийн амьдралын тухай нарийн ширийн зүйлс олонд ил болжээ

Херберт Дохринг (Herbert Dohring) 1935 онд Бергхоф уулан дахь Гитлерийн орогнох байранд манаачаар ажилд орсон бөгөөд түүний эхнэр тэнд тогооч хийдэг байжээ. Харин Анна Плайм (Anna Plaim) 1941 онд 20 настайдаа гэрийн үйлчлэгчээр тэнд ажиллаж эхэлсэн аж.  

Тэгвэл Карл Вилхелм Краус (Karl Wilhelm Krause)-ын хувьд Германы усан цэрэг байсан бөгөөд 1934 онд Гитлерийн туслах болохоор сонгогджээ. Тэрээр Гитлертэй маш ойр дотно, үргэлж хамт явдаг байсан тул "Сүүдэр" гэж дууддаг байсан гэнэ. Таван жилийн дараа ажлаасаа гарсан хойно нь ч найз нөхөд нь агуу дарангуйлагчийн талаар түүнд мэдээлсээр байжээ. Дохринг, Краус нар 2001 онд нас барсан бол Плайм одоо ч эсэн мэнд, 98 насыг зооглоод байна. Тэдний өгүүлсэн сонирхолтой дурсамжаас хуваалцъя.

Берлинд хамт хооллож буй Гитлер Эва хоёр

Манаач Херберт Дохринг 

1936 оны нэгэн өдөр миний эхнэр, тогооч Анна "Одоо шаргал үстэй залуухан бүсгүй ирнэ. Тэр бол Гитлерийн найз бүсгүй шүү" гэж хэлсэн юм. Би бүр гайхаж хоцорсон. Учир нь Гитлерийг найз бүсгүйтэй гэж хэн ч мэддэггүй байсан. Мэдээгүй ч өнгөрсөн. Эва Браун (Eva Braun)-ы талаар хэн ч хэнд ч ярих ёсгүй байв. 

Анх Эваг харахад тэр Гитлертэй хамт алхаж байсан. Тэр маш дэгжин, классик хувцасласан байсан ч бага зэрэг гунигтай яваа мэт санагдсан. Удсан ч үгүй Гитлер намайг дээд давхарт гарч ирж, материалуудыг нь цэгцлэхэд туслахыг шаардсан юм. Намайг очиход тэр ямар нэг төлөвлөгөө боловсруулж байгаа мэт бодолд автчихсан байв. Хэн нэгэн хаалга тогшсон боловч тэр сонсоогүй. Дахин нэг удаа тогшоод Эва өрөөнд орж ирээд Гитлертэй ярихад тэр уурлаж "Намайг маш их ажилтай байгааг харахгүй байна уу? Үргэлж хэрэггүй үед ирэх юм. Надад одоо чамайг гэх цаг зав алга" гэж хашгирсан. Эвагийн нүүр ягаарч, уурлангуй байдалтай толгойгоо огцом эргүүлээд гараад явчихсан шүү. 

Берлинд хамт хооллож буй Гитлер болон Эва Браун нар

Берлинд хамт хооллож буй Гитлер Эва хоёр

Гитлер их хачин хүн байсан. Өглөө ажлынхаа өрөөнөөс дуу аялан гарч ирвэл ааш зан нь сайхан байгаагийн шинж. Харин шүгэлдсээр гарч ирвэл Эва хүртэл замаас нь холдож, толгойгоо бөхийлгөдөг байлаа.

Гитлер, Эва хоёр энгийн үед бол хэзээ ч хосууд болохооргүй хүмүүс юм шиг надад санагддаг байсан. Эва Гитлерийн үргэлж очдог байсан зургийн студид нарийн бичиг хийдэг байсан. Дарга нь түүнийг Гитлертэй холбож өгсөн юм билээ. Тэд уулзаж эхэлснээс хойш бүсгүй хэд хэдэн удаа амиа хорлох гэж завдсан. 1932 онд өөрийнхөө хүзүү рүү буудсан бол гурван жилийн дараа 35 ширхэг нойрны эм уусан байсан. Тийм ч учраас Гитлер Эваг хаяж чаддаггүй байсан байх гэж би боддог. 

Гитлер үнэндээ их ганцаарддаг байсан. Амралтын өдрүүдээр зочингүй, Эва өөр ажилтай бол босс (миний дууддагаар) дээд давхарт ажиллаж, заримдаа бүр үүрийн 04.00 цаг хүртэл хэлэх үгээ бэлддэг байсан. 

Эва бид хоёрын харилцаа тун давгүй байсан. Тэр заримдаа надтай буудлагын тэмцээн зохиож, би түүнийг хожуулахын тулд албаар байгаа зөрүүлж бууддаг байлаа. Гэхдээ тэр үргэлж надад түвэг уддаг байсан юм. Дайнаас болоод бүх юм хомс байхад тэр дандаа л дээд зэрэглэлийн тансаг зүйл хүсдэг байв. Хүмүүс идэх хоолгүй өлбөрч үхэхдээ тулж байхад Эва яст мэлхийний шөл, шинэхэн шахсан жүржийн шүүс уудаг нь миний дургүйг их хүргэдэг байлаа. Мөн тэрээр ихэнхдээ уйдсан шинжтэй байдаг байж билээ. Мэдээж Бергхоф дахь амьдрал Эвад үнэхээр гунигтай уйтай санагддаг байсан болов уу. Царайлаг залуу харах бүртээ Эва согтуу юм шиг болчихдог байсан шүү.  

Адольф Гитлер үеэл Гели Раубалын хамт

Гитлер болон түүний үеэл дүү Гели Раубал (Geli Raubal) нарын харилцаа огт өөр. Гели Бергхофт амьдардаг байсан. Миний эхнэр Анна түүнд үйлчилдэг байсан бөгөөд өрөө нь маш энгийн, нэг модон ор, сандал, толин хаалгатай модон тавиур л байсан байх.  

Тэд ихэнх үед хамт байх болсон талаар миний эхнэр Анна надад 1931 онд дурссан юм. Нэг өдөр эхнэрийг маань өрөөнд нь ороход тэд тэврэлдчихсэн буйдан дээр сууж байсан гэсэн. Гитлерийн Мюнхэн дэх байранд Гели өөрийгөө буудаж амиа хороосон. Үүний шалтгаан нь Гитлер түүнийг Вена явуулахыг хүсээгүй тул маргалдсанаас болсон гэдэг. Түүний үхэл Гитлерт маш хүнд туссан. 

Адольф Гитлер үеэл Гели Раубалын хамт

Тэр бүсгүйн оршуулганд оролцоогүй ч хэдэн өдрийн дараа бүсгүйн цогцсыг Вена руу хүргүүлсэн байна. Үүний дараа Гитлер Бергхоф дахь Гелигийн өрөөнд бүхэл бүтэн долоо хонож, нэг ч удаа гараагүй. Энэ үеэрээ эхнэрт маань өөрийгөө буудчихмаар байна гэж хэлж байсан удаатай. Хоол идэхгүй байсан ч Анна ятгаж байгаад жаахан хоол идүүлсэн байдаг. Дараа нь Гелигийн өрөөг бэлэг сэлт хадгалах өрөө болгож, Гитлерт ирсэн бэлэгнүүдийг хураадаг болсон. Нэг хэсэг энэ өрөөнд түүний үеэлийг амьдарч байсныг нууцалж, сүүлд засвар хийхэд Гитлер тэр өрөөнд гар хүрэхийг хориглож, юуг нь ч засуулаагүй юм. 

Гелиг нас барснаас хойш есөн жилийн дараа буюу 1940 онд эхнэр маань үеэлийнх нь зургийг олсноо Гитлерт үзүүлэхэд тэр хачин царай гаргаад "Анна, би энэ зургийг авч болох уу? Дайн дуусмагц би эргүүлээд өгье" гэж гуйсан байдаг. Хэдийгээр Эва Браун хэдхэн өрөөний цаана байсан ч Гитлер үеэл дүүдээ хайртай байсан, хайрласаар байсан гэдэг нь ойлгомжтой байсан юм. 

Жолооч Карл Вилхелм Краус 

Гитлертэй хийсэн ажилд орох ярилцлага маань ердөө 4-5 минут л үргэлжилсэн. Тэр надтай гар бариад татгалзсан хариу өгсөн юм. Хэд хоногийн дараа "Reich Chancellery"-ын цэцэрлэгт зочидтой хамт цай ууж байхад нь би түүнтэй таарсан юм. Тэр гэнэтхэн хоёр сандал авч цэцэрлэгийн голд тавиад намайг суухыг хүссэн. Тэгээд миний хийх ёстой зүйлс, үүргийн талаар мэдээлэл өгөөд "Энд харсан, сонссон зүйлээ хэнд ч хэлэх ёсгүй шүү" гэж нэмж хэлсэн. Миний үүрэгт ажлуудын нэг нь Гитлерийн хувцасны шүүгээг янзлах байсан. Түүний энгийн хувцаснууд нь маш удаан өмссөн, өөр хүн бол тоож ч харахааргүй болчихсон байсан. Гутал нь ч ялгаагүй. Урт түрийтэй хуучин гутлаасаа салахыг хүсдэггүй байж билээ. 

Би бүр гурван ч шинэ гутал авчирч өгсөн ч хуучныгаа өмссөөр л байдаг байсан. Мөн тэр маш зөрүүд учраас цайвар өнгөтэй хослол дээр нь тохируулж авсан хүрэн гутлыг ердөө өмсөөгүй. Хар гутал нь ямар ч зохимжгүй харагддаг байлаа. Зангианы хувьд өдөр бүр хоёрыг бэлдэж тавьдаг байсан. Мэдээж тэр бэлдэж тавьснаас шал өөр зангиа зүүгээд явчихдаг. Эрвээхий зангиаг би түүнд зангидаж өгдөг байсан. 25 секундээс удвал тэрээр дургүйцдэг. Нэг өдөр миний хийсэн зүйлийг магтаад, дараахан нь яг тэр зүйлээ үзэн яддаг тийм л хачин хүн байлаа. Үүний жишээ гэвэл, тэр өдөрт 2-3 удаа дотуур өмдөө сольдог байсан. Гэхдээ заримдаа гурван өдөр ч солихгүй явах тохиолдол бий. Ямартай ч би оёдолчноос дотуур хувцас хийж байсан материалын үлдэгдлээр нь хэд хэдийг дахин хийлгэж аваад түүний өрөөнд бэлдэж тавьж байсан юм. Гэтэл маргааш өглөө нь тэр намайг өрөөнд нь яваад ормогц нөгөө дотуур хувцаснуудаа өөдөөс шидээд "Энэ юмнуудаа аваад гар. Ёстой өмсөх арга алга" гэсэн. Би өөрөө тэднийг өмссөн. Харин хэдэн долоо хоногийн дараа Гитлер шинэ дотуур хувцасгүй байсныг гэнэт мэдээд өмссөн ч гэсэн угаасан өнөөх дотуур өмднүүдээ өрөөнд нь бэлдэж тавиад, загнуулахдаа бэлдээд байж байлаа. Гэтэл тэр надад нэг ч үг хэлэлгүй өмсчихсөн. Ингээд бодохоор зарим үед их хүүхэд шиг аашилдаг байсан шүү.  

Адольф Гитлер Бергхоф дахь ажлын өрөөндөө

Хэдэн жилийн туршид Гитлерийн эгч Фрау Раубал (Frau Raubal) Бергхоф дахь байрыг хариуцсан боловч 1936 онд явсан. Учир нь Гитлерт шинэ эхнэр олж өгөх гэхэд нь Гитлер дургүйцэж, үүнээс болоод тэд ширүүн маргалдсан юм. Гэхдээ Гитлер эмэгтэй хүнд дургүй биш байсан гэдгийг би амлаж чадна шүү. Тэрээр үзэсгэлэнтэй жүжигчин, дуучин харах үедээ тэдэнтэй танилцахыг хүсэж асуудаг байсан. Бас гадуур аялж зугаалах, ажилтай явж байх үеэрээ харсан бүсгүйчүүдийг "Бурхан минь, ямар үзэсгэлэнтэй юм бэ" гэж уулга алддаг байв. 

Гитлерийн дургүй зүйл нь бүсгүйчүүд улс төрд орох явдал байсан юм. Учир нь тэрээр улс төрийг зөвхөн эрчүүдэд үлдээх ёстой гэдэгт бат итгэдэг байлаа. 

Эва Брауны хувьд бид би түүнийг сайн мэддэг байсан. Гэхдээ бидний харилцаа яг л муур, нохой шиг байсан. Гитлер, Эва хоёр нэг их хамтдаа байдаггүй байсан юм. 1934-1937 онд тэд нэг ч удаа хамтдаа Берлинд ирээгүй. Дайн эхэлснээс хойш харилцаа нь жаахан сайжирсан хэдий ч Эва Берлинд хоёр, гурван удаа ирэхдээ цөөхөн хоноод буцдаг байсан. Тэр хэзээ ч Гитлерийн албан өрөөнд ирж байгаагүйгээс гадна албан ёсны хүлээн авалтанд уригддаггүй байв. 

Адольф Гитлер Бергхоф дахь ажлын өрөөндөө

Гэрийн үйлчлэгч Анна Плайм

Гэрийн үйлчлэгч Анна Плайм 

Шударгаар хэлэхэд Бергхофт байх нь Эвад үнэхээр уйтгартай байсан. Түүнд эрчүүдтэй хамт байх л сайхан байсан болов уу. Харин Гитлерийг Бергхофт байхгүй үед дан эмэгтэйчүүд л үлддэг байлаа. Нэг удаа Эвагийн эгч Гретл, багын найз Фрау Шнайдер, бас нэг зочид буудлын эзэн Фрау Дрэсэн нар зочилж ирсэн юм. Фрау Шнайдер гурван нас, мөн долоон сартай хоёр хүүхэд, асрагчийнхаа хамт ирсэн. Гэтэл асрагч нь хүүхдүүдийг мөс шиг хүйтэн усанд оруулсан. Мэдээж хүүхдүүд маш их уйлсан. Асрагч нь үүнийгээ тайлбарлахдаа хүүхдүүдийг багаас нь чийрэгжүүлэх хэрэгтэй гэсэн юм. Миний бодлоор Эвагийн найзууд, эгч нар нь түүний амьдралыг арай дээр болгож байсан мэт санагддаг. 

Гитлер Бергхофт байх үедээ гурван цагийн зайтай байдаг цэцэрлэгт очиж Эва болон бусад зочидтой хамт цай уудаг байсан. Ихэнхдээ тэд Гитлерийн дуртай бяслагтай бялууг иддэг байлаа. Бусад үед Гитлер ажлынхаа өрөөнд бүх цагаа өнгөрөөдөг байсан. Эва заримдаа түүнийг баярлуулах гэж янз бүрийн юм сэддэг байв. Харамсалтай нь түүнийг нээх ойшоодоггүй байсан нь илт байдаг. Би тэднийг хөтлөлцөж, үнсэлцэж байсныг би нэг ч удаа харж байгаагүй. Бас өдрийн цагаар тэдний ор огтхон ч хөндөгддөггүй байсан гэдгийг би баталж чадна. Гэхдээ л тэднийг дотно харилцаатай байсныг би Бергхофт ажилладаг байсан бэр эгч Гретэлээсээ сонссон. Тэр надад Гитлер, Эва хоёрын өрөөг холбосон жижигхэн өрөөг харуулсан юм. Тэнд матрын арьсан чемоданууд өрөөстэй байдаг. Гитлерийн ор нэг хүнийх боловч Эвагийнх арай том, бас буйдан болгож болдог байсан юм. Үүнээс гадна Гретел Эва Браунд сарын тэмдэг хойшлуулдаг эм авчирч өгдөг байсан гэж ярьж байсан юм. 

Гэрийн үйлчлэгч Анна Плайм

12
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()