Сурталчилгаа (15)
Хаах

Хүүхэд хүмүүжүүлэх цоо шинэ аргууд дэлхий нийтийн анхаарлыг татаж байна

Хүүхэд өсгөнө гэдэг амаргүй ажил. Үнэн худал нь мэдэгдэхгүй олон зөвлөгөө заавар дунд залуухан аав ээжүүд учраа олохгүй мунгинаж байна уу? Мундаг багш, сэтгэл зүйчид хүртэл хүүхэд хүмүүжлийн асуудалд янз бүрийн арга барил хэрэглэдэг. Гэхдээ тэдний ихэнх нь хүүхдээ хувь хүн гэж үзэж, эрх чөлөөг нь тэр хэмжээгээр олгох нь тэднийг бие даасан, аз жаргалтай нэгэн болгоход чухал нөлөө үзүүлдэг гэдэгт итгэдэг байна. Доорх мэдээллийг бид мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгчид болон судлаачдын туршлага дээр үндэслэн бэлтгэлээ. 

Хүүхэд хүмүүжүүлэх цоо шинэ аргууд дэлхий нийтийн анхаарлыг татаж байна

1 Мариа Монтессоригийн зохиосон Монтессори тогтолцоо

Мариа Монтессори бол Нобелийн шагналд хэд хэдэн удаа нэр дэвшсэн эмэгтэй бөгөөд түүний хүүхэдтэй харилцах арга барилыг дэлхийн олон орон сургалтандаа ашигладаг. Тэрээр өвчтэй хүүхдүүдийг судалдаг Италийн анагаахын их сургуулийг төгссөн хамгийн анхны эмэгтэй юм. 

Мариа Монтессоригийн хүүхдэд хандах арга барил:

  • Хүүхэд хүндлэл хүртэх эрхтэй тул захиргаадалтаас илүү эелдэг хүсэлтүүд тавиарай.
  • Хүүхдээ дээрээс нь харалгүй аль болох нүд рүү нь эгц харахыг хичээгээрэй. 
  • Хүүхдийнхээ өндөр, биед таарсан сандал, ширээ, хувцсанд нь таарсан өлгүүр зэргийг сонгоорой. Энэ нь тэднийг өөрсдөө юмаа хийхэд амар болгох болно. 
  • Хүүхэд тань өөрөө хийж чадах зүйлийг тэдний өмнөөс хийх хэрэггүй.
  • Хийсэн алдаа бүрт нь хүүхдээ шийтгээд байвал хүүхэд тань бүх зүйлд өөрийгөө буруутай мэт санана. 
  • Хүүхдээ багаас нь дэмжиж, дотоод мэдрэмжээ хуваалцахыг уриалах нь өөртөө итгэлтэй нэгэн болоход тусална. 
  • Гэрийн ажилдаа хүүхдээрээ туслуулж байгаарай. 
  • Хуванцар материалтай тоглоом бус байгалийн гаралтай материалтай тоглоом авч өгч байхыг зөвлөе. 

Мариа Монтессоригийн зохиосон Монтессори тогтолцоо

2 Лорис Малагуззигийн зохиосон Реггио хандлага

Италийн сэтгэл судлаач Лорис Малагуззи хүүхдүүдийг олон жил ажиглан судалсны эцэст тэднийг 100 "хэл"-ээр ярьдаг болохыг тогтоожээ. Энэ нь зураг зурах, дуулах, тоглох зэрэг олон арга замаар өөрийгөө илэрхийлэхийг хэлж буй. Харин томчууд 99 хэлийг нь ойлгох гэж оролддоггүй гэнэ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сонсож, эдгээр "хэл"-ийг өдөр тутмын амьдралдаа ашиглахыг тэдэнд заадаг байх ёстой.

Малагуззигийн арга барил: 

  • Буруу хариулт гэж байхгүй. Бүх хүний харах өнцөг өөр. Хүүхдийнхээ хариултыг буруу гэж дүгнэж хэлэх хэрэггүй. Тэднээс яагаад ингэж бодож байгааг нь асууж, өөр өнцгөөс хэрхэн дүгнэж болох тухай ярилцаарай. 
  • Ямар нэг зүйлийг тайлбарлахаасаа өмнө тэднээс үүний талаар мэдэх эсэхийг нь лавлан асуу. Хэрэв тэд мэддэг бол таны тайлбарыг сонсохгүй л болов уу. 
  • Нарийн мэдээлэл шаардсан асуултуудыг асуу. Энэ байдлаар хүүхдүүд хэрхэн өөрийн бодлоо зөв илэрхийлэх талаар суралцана. 
  • Хүүхдээрээ сонголт хийлгэ. Жишээ нь: Ямар өнгийн цүнх үүрмээр байгаа, ямар хувцас өмсөх гэх мэт. 

Лорис Малагуззигийн зохиосон Реггио хандлага

3 Рудольф Штейнерийн зохиосон Валдорф боловсрол

Валдорфын сургуулиудын гол зорилго нь хүүхэд өөрийн ажилч хичээнгүй, шинийг зохион бүтээх ур чадварыг нээн гаргах, өөртөө итгэлтэй нэгнийг бий болгох юм. Эдгээр сургуульд шалгалт авдаггүйн дээр дүн гэж байдаггүй. Гэхдээ л сурагчид нь энгийн сургуулийн хүүхдүүдийн шалгалтыг торохгүй давдаг гэнэ.

Рудольф Штейнерийн арга барил: 

  • Эцэг эх хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар сургасан нэг ч ном байдаггүй. Хүүхэд бүр онцгой тул хүүхдүүдтэйгээ өөр өөр арга барилаар харилцах хэрэгтэй. 
  • Сонирхолтой түүхүүд уйтгартай номноос илүү зүйлсийг хүүхдэд сургах болно. 
  • Хүүхдүүд байгальд илүү их цагийг өнгөрөөснөөр ажиглах чадвар нь хөгжиж, гоо сайхныг олж харж, байгальтайгаа хэрхэн уялдан амьдрах хэрэгтэйг сурна. 
  • Модон куба зэрэг энгийн тоглоомнууд хүүхдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг.
  • Өдөр бүр хийдэг зүйлс хүүхдэд аюулгүй мэдрэмж төрүүлж, зохион байгуулалттай байхад сургадаг. Тиймээс өглөө бүрийг шүлэг унших юм уу, ном унших гэхчилэн тодорхой дадлаар эхлүүлж хэвшээрэй. 

Рудольф Штейнерийн зохиосон Валдорф боловсрол

4 Александер Нэйллийн Саммерхил сургууль

Британичууд уг сургуулийг "асуудалтай" хэмээн үзсэн. Учир нь сурагчид заавал ямар нэг хичээл үзэхгүй байх эрхтэйгээс гадна хичээлдээ ирж суух ч албагүй гэнэ. Дунджаар, хүүхдүүд эхний гурван сар орчим юу ч хийхгүй өнгөрүүлээд эцэст нь хичээлдээ суудаг байна. Бидний ерөнхий боловсролын сургуульд заадаг зүйлүүдээс гадна хүүхдүүд фотошоп дээр хэрхэн ажиллах, ургамал ногоо тариалах, илбэ үзүүлж сурах зэрэг бусад чадварыг эзэмшдэг аж. 

Александер Нэйллийн арга барил: 

  • Бид хүүхдэдээ "Үгүй" гэж хэлэхэд хүүхдүүд амьдрал руу "Үгүй" гэж хэлж сурдаг. 
  • Хэцүү хүүхэд гэдэг бол амар амгалан байдлаа олдоггүй хүүхэд юм. Ийм хүүхэдтэй эцэг эхчүүд өөрөөсөө "Би хүүхдэдээ тусалдаг бил үү?", "Би түүнд итгэдэг үү?" гэсэн асуулт тавиад үзээрэй.
  • Хүүхэд өөрөө өөрийнхөө амьдралаар амьдрах ёстой. Багш, эцэг эхийн бэлдэж өгсөн амьдрал биш.
  • Хүүхэд сургуульдаа тааруулж бус сургууль хүүхдэд тааруулж ажиллах ёстой. 
  • Ямар ч хүнд эрх чөлөөг олгох нь зүй ёсны хэрэг. Эрх чөлөөтэй байх, хүссэн зүйлээ хийх нь хоёр өөр ойлголт юм шүү. 
  • Эцэг эхчүүд хүүхдийнхээ гаргасан алдааны муу үр дүнг хэлж тэднийг айлгах гэж оролддог. Гэхдээ үүнээс илүүтэйгээр тэднийг юунаас ч айх хэрэггүй гэж зааж сургах нь чухал. 

Александер Нэйллийн Саммерхил сургууль

5 Жон Девигийн санаачилсан Инструментализм

АНУ-д сурган хүмүүжүүлэгч Жон Девиг "Дэвшилтэт боловсролын эцэг" гэж үздэг. Тэрээр сургуулийн гол зорилго нь аливаад дасан зохицох байдлаар ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө аваад гарчих чадварыг заах явдал гэж итгэдэг. Тийм учраас сургуульд ном сурах бичгээс хичээл заахаас илүүтэйгээр тодорхой үүрэг даалгавар биелүүлэх байдлаар сургалт явуулах хэрэгтэй гэжээ. 

Девигийн арга барил: 

  • Ямар нэг зүйл заалгахын оронд хүүхдүүд өөрсдөө ямар нэг зүйл хийж байх ёстой. Үйл хөдлөл үр дүнг бий болгоно. 
  • Хүүхдүүдийг алдаа гаргаад ичиж эмээдэг зантай болгож болгохгүй. Алдаа биднийг илүү сайн болоход тусалдаг. 
  • Бүхий л шинжлэх ухааны ололт дэвшлүүд нь хэн нэгэн өөрийн төсөөлөн бодох чадвараа ашиглахаас айгаагүй учраас бий болсон. 

Жон Девигийн санаачилсан Инструментализм

6 Селестин Фрейнетийн арга барил

Фрейнет 24 настайдаа өөрийн гэсэн хувийн сургуулиа нээжээ. Тэр өсөлт хөгжилтийн хоцрогдолтой хүүхдүүдэд тусалж байсан бөгөөд түүний сургууль даалгавар өгдөггүй, ном хэрэглэдэггүй аж. Гэсэн хэдий ч сурагчид нь маш гайхалтай үр дүн үзүүлж, бие бялдрын болоод боловсролын хувьд хангалттай хөгжсөн байдаг гэнэ. 

Фрейнетийн арга барил:

  • Хамгийн сайхан үйл ажиллагааг ч хэн нэгний шахалтаар хийвэл шийтгэл шиг санагдана.
  • Шийтгэл нь шийтгүүлж байгаа болоод шийтгэж байгаа хэн хэндээ ичмээр хэрэг.
  • Гэрийн ажлыг эрт хийж сурах тусмаа хүүхэд тэр хэмжээгээр ирээдүйд өөртөө итгэлтэй болдог. 
  • Шийтгэж, хориглохын оронд хүүхэдтэйгээ та тохиролцоо хийгээрэй. Хүүхэд тань ч гэсэн өөрийнх нь үзэл бодол хамаардаг гэдгийг харах хэрэгтэй. 

Селестин Фрейнетийн арга барил

28
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()