Сурталчилгаа (15)
Хаах

“National Geographic”-ын оны шилдэг гэрэл зургаар монгол охины хөрөг шалгарчээ

“National Geographic” сэтгүүлээс зарласан гэрэл зургийн уралдааны шилдэг арван гэрэл зураг тодорчээ. Байгаль, хот, хүмүүс гэсэн ангилалд шалгарсан шилдэг зургуудыг бид танд танилцуулж байна. Ойролцоогоор тус шалгаруулалтад 13 мянган гэрэл зураг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аж. Бүх ангиллаас шалгарсан шилдгийн шилдэг зургийг 10 мянган ам.долларын шагнал дагалддаг нь энэхүү уралдааныг нэр хүндтэй болгосон билээ. Аялагчдын дуранд буусан үзэсгэлэнтэй дүр зургийг хараад таны сэтгэл хөдөлнө гэдэгт бид эргэлзэхгүй байна. 

“National Geographic”-ын оны шилдэг гэрэл зургаар монгол охины хөрөг шалгарчээ

1 Шилдгийн шилдэг зураг - “Лусын дагина”

Байгалийн сэдэвт зургийн нэгдүгээр байр. Зургийг Рэйко Такахаши (Reiko Takahashi) авчээ.

“Японы Кумежима арлын ойролцоо би усанд шумбаж яваад бөгтөр халим тугалтайгаа сэлж байхтай таарсан юм. Тугал ээжийгээ даган сэлж байсан ч үе үе бидэн дээр ирж байлаа. Бидэнд их л уриалгахан зан гаргаж байсан болов уу. Тийм үзэсгэлэнтэй аварга амьтан тугалтайгаа ёроолгүй далайд сэлж байгаа дүр төрхийг хараад миний сэтгэл  үнэхээр их хөдөлсөн. Шууд л энэ дүр төрхийг үүрд санаж авмаар санагдаад зургийг нь авсан юм” гэж Рэйко хэлжээ.

Шилдгийн шилдэг зураг - “Лусын дагина”

2 Байгалийн сэдэвт зургийн хоёрдугаар байр - “Нисэж буй фламингонууд”

Зургийг Хао жэй (hao j.) авчээ. “Мянга мянган фламинго Танзани дахь Натрон нуурын эргээс дүүлэн нисэж байсан юм. Фламинго нисэхээсээ урьтаж усны гадаргуу дээгүүр хөөрөхийн тулд хэсэг гүйдэг. Энэ үед тэдний урт улаан хөл нь усны гадаргууг зурж байлаа. Нисдэг тэргээр энэ үзэгдлийг дээрээс харахад яг л усны замаг шиг харагдаж байсан юм” гэж гэрэл зурагчин өгүүлжээ.

Байгалийн сэдэвт зургийн хоёрдугаар байр - “Нисэж буй фламингонууд”

3 Байгалийн сэдэвт зургийн гуравдугаар байр – “Ангараг”

Зургийг Марко Грасси (Marco Grassi) авчээ.

“Италийн хойд хэсгийн Өмнөд Тирол нутагт орших энэхүү өвөрмөц  байгалийн зургийг авсан юм. Тэдгээрийг дэлхийн шовгор оройт пирамид гэж нэрлэдэг. Хэдэн зууны өмнө аянга цахилгаан, бороо салхинд элэгдэж бий болсон энэ газрыг харахад яг л өөр гариг дээр очсон мэт санагдана.

Бороо, нуранги, элэгдлийн үр дүнд уулын бэл ийм шовх оройтой болжээ. Жилийн дөрвөн улирал ээлжлэн одож, агаарын хэм өөрчлөгдөхөд эдгээр шовгор пирамидууд устаж үгүй болсоор байгаа” гэж Марко хэллээ.

Байгалийн сэдэвт зургийн гуравдугаар байр – “Ангараг”

4 Хотын сэдэвт зургийн нэгдүгээр байр – “Кюшү, Нагасаки хотын бас нэгэн бороотой өдөр”

Зургийг Хиро Курашина (Hiro Kurashina) авчээ. Нагасаки хотын гудамжны галт тэрэгнээс харагдах бороотой өдрийн дүр зураг. 

“Энэ намуухан бороотой өдөр Нагасаки хотын гудамж миний харцыг булаасан юм. Токио, Осака зэрэг Японы бусад завгүй хотуудаас Нагасаки ялгарч байгаа нь сонирхолтой санагдсан” гэж Хиро хэлжээ.

Хотын сэдэвт зургийн нэгдүгээр байр – “Кюшү, Нагасаки хотын бас нэгэн бороотой өдөр”

5 Хотын сэдэвт зургийн хоёрдугаар байр – “Нарны геометр”

Зургийг Энрико Пескантини (Enrico Pescantini) авсан байна.

Мексик улсын эртний Теотиуакан хот. “Хотын нэр бурхдын барьсан газар гэсэн утгатай. Археологийн үнэ цэнэтэй энэ газар очоод та яг л тийм мэдрэмж авна. Дэлхийн гурав дахь пирамидыг нарны бурханд зориулж ийнхүү барьсан байна. Энэ хот дээгүүр нар мандаж ийнхүү гайхамшигтай дүр зургийг бий болгож байгаа нь гайхалтай санагдсан юм. Эртний соёлт нийгмийн бүтээсэн геометрийн гайхамшгийг та зургаас харж байна” гэж зурагчин өгүүлжээ.

Хотын сэдэвт зургийн хоёрдугаар байр – “Нарны геометр”

6 Хотын сэдэвт зургийн гуравдугаар байр - “Тусгал”

Зургийг  Ганиш Прасад (Gaanesh Prasad) авсан юм.  

Жил бүр арванхоёроос нэгдүгээр сарын хооронд өглөө эрт Дубай хотын дээгүүр манан татдаг. Би үргэлж өндөр байшингийн орой дээрээс маш гоё зураг авахыг хүсдэг байсан. Харамсалтай нь би өндөр цамхагийн дээр гарч чадаагүй юм. Оронд нь өндөр барилгын дээд давхрын цонхоор шагайж зураг авахыг оролдсон.

Хот тэр чигтээ үзэсгэлэнтэй харагдаж байгаад би их баярласан. Авсан зургаа хартал шилэн цонхны тусгалд хурдны зам үнэхээр үзэсгэлэнтэй гарсанд би өөрийгөө их азтайд тооцсон” гэж Ганиш хэллээ.

Хотын сэдэвт зургийн гуравдугаар байр -  “Тусгал”

7 Хотын сэдэвт зургийн дөрөвдүгээр байр – “Хөл үймээн дунд ганцаараа”

Зургийг Гэри Кумминс (Gary Cummins) авчээ.

“Энэхүү гэрэл зургаас Хонконгийн дүр төрхийг олж харж болно. Шигүү баригдсан барилга. Бага газар нутагтай хэрнээ маш олон хүн амтай.”

"Би ганцаараа аялдаг хүн. Тиймээс энэ зураг надад их ойр санагдсан. Би Хонконг хоттой сайтар танилцаж амжаагүй ч энэ зургийг хараад бүгдийн үзсэн мэт санагдсан” гэж Гэри Кимминс хэллээ.

Хотын сэдэвт зургийн дөрөвдүгээр байр – “Хөл үймээн дунд ганцаараа”

8 Хүмүүс сэдэвт зургийн нэгдүгээр байр – “Цайны уламжлал”

Зургийг Алессандра Мениконзи (Alessandra Meniconzi) авчээ.

“Би удаан хугацааны турш монголчуудын бүргэд агнадаг уламжлалт аргыг биширч ирсэн. 2018 оны гуравдугаар сард бүргэдийн анчин нэгэн гэр бүлийг нүүдэллэж байхтай нь таарсан юм. Тэд өвөлжөөнөөс хаваржаа руугаа нүүж байсан билээ.”

“Монгол Улс маш сийрэг хүн амтай мөн маш найрсаг, уриалгахан хүмүүс юм. Казах соёлд зочин хүлээж авах уламжлал нь тун элэгсэг. Цай бол зөвхөн уух зүйл биш. Харин өв соёл, тайвшрал, ёслолыг илэрхийлдэг юм.”

“Монголын хүйтэн өвөл Дамел охин үстэй дээл өмсөж, дулаацахын тулд аяга цай ууж байна” гэж зурагчин хэллээ.

Хүмүүс сэдэвт зургийн нэгдүгээр байр – “Цайны уламжлал”

9 Хүмүүс сэдэвт зургийн хоёрдугаар байр – “Би чиний арыг даана”

Зургийг Тати Итат (Tati Itat) авсан байна.

“Миний амьдардаг Колумбын Эстрела хотод 2016 оноос хойш Гаитигийн цагаачид, дүрвэгсэд их ирдэг болсон юм. Би зарим гэр бүлтэй дотны найз болсон. Ялангуяа ихэр эгч дүүс Лэйда, Лайлэ (Leïda, Laëlle)-тэй сайн найзууд юм.”

“Энд амьдрах нь тэдэнд их таалагдаж байгаа бөгөөд төрөлх эх орноос нь огт өөр гэдгийг хэлсэн юм. Охид загвар өмсөгч, багш болох мөрөөдөлтэй. Тэгж байж Гаитигаас бусад хамаатнуудаа Бразилд авчрах боломжтой гэнэ. Энэ өдөр охид гэрийнхээ гадаа жүжиглэж тоглож байлаа. Лайлэ Лэйдагийн нүүрэнд хүрч, хаашаа харж байрлал авах ёстойг хэлж байх үед би энэ зургийг авсан” гэж Тати хэллээ.

Хүмүүс сэдэвт зургийн хоёрдугаар байр – “Би чиний арыг даана”

10 Хүмүүс сэдэвт зургийн гуравдугаар байр – “Хүч сорьсон аялал”

Зургийг Танвир Хассан Рохан (Tanveer Hassan Rohan) авсан байна.

“Бангладешийн Дака нисэх онгоцны буудлын дэргэдэх галт тэрэгний буудал дээрээс энэ зургийг авсан юм. Хүмүүс хот суурин дахь төрөл төрөгсөдтэйгөө уулзахын тулд сүүлийн галт тэргэнд амжиж суухыг хичээж байна.

Тэдний дундаас нэг залуу миний анхаарлыг ихээхэн татсан юм. Тэрээр урдаа гэр бүлээ тэврэн, гараараа галт тэрэгний хаалганы бариулаас зуурч байв. Энэ үед галт тэрэг аажмаар хөдөлж эхэлсэн. Энэ гэр бүл галт тэргэнд суух тасалбартай  хэдий ч хөл тавих зайгүй зорчигчдоос болоод суудалдаа очиж чадахгүй байжээ.

Гэхдээ түүн шиг олон хүн байлаа. Дакад ажил хийхийн тулд гэр бүл, найз нөхөд, төрсөн газраа орхин тус хотыг зорьдог маш олон хүн бий аж. Тэгээд амралт, баярын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ уулзах завшааныг алдахгүйн тулд  бүхнийг умартан, зовлон зүдгүүрийг тэсэн галт тэргэнд суудаг” гэж зурагчин хэллээ.

Хүмүүс сэдэвт зургийн гуравдугаар байр – “Хүч сорьсон аялал”

19
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()