Сурталчилгаа (15)
Хаах

Түүхэн дэх хамгийн цуутай мафийн толгойлогчдын азгүй төгсгөл

Хууль хяналтынхан, олны нүднээс далд өрнөдөг мафийн амьдрал олон жилийн турш хүн төрөлхтний гайхашрал, айдсыг төрүүлсээр ирсэн билээ. Харин яагаад ийм эрсдэлтэй, ээдрээтэй амьдралд хүмүүст таалагддаг юм бол? Мафи зүгээр ч нэг зохион байгуулалттай гэмт бүлгэм биш. Энэ бүлгэмийг гэмт хэргийн ертөнцийн "хаан" хэмээн үздэг. Тэдний амьдрал яг л Холливудын кино шиг адал явдалтай. 

Түүхэн дэх хамгийн цуутай мафийн толгойлогчдын азгүй төгсгөл

Улстөрчдөд хүн бүр төдийлөн дуртай байдаггүй ч, эсрэгээрээ зарим гэмт хэрэгтэн олны хайр, хүндэтгэлийг хүлээж чадсан байдаг. Учир нь тэдний намтар олны хүндэтгэлийг хүлээхэд тусалдаг байна. Түүхэнд дуулиан тарьсан хамгийн алдартай гэмт хэрэгтнүүдийг танд танилцуулъя.

1 Фрэнк Костелло (Frank Costello)

Фрэнк Костелло мафийн бусад алдартай гишүүдийн адилаар Италид төрсөн. Тэрээр Лучаногийн гэмт бүлгэмийн толгойлогч байсан юм. Фрэнк дөрвөн настай байхдаа Нью-Йорк руу нүүж, өсвөр насандаа гэмт хэргийн ертөнцөд хөлөө олж чадсан байна. Чарльз Лучаног 1936 онд шоронд хоригдсоны дараа Костелло маш эрчимтэйгээр албан тушаал ахиж, Лучаногийн байр суурийг эзэлжээ.

Фрэнкийг АНУ-ын албан бус Ерөнхий сайд хэмээн үздэг байжээ. Хэдийгээр гэмт бүлгэмийг толгойлж байгаа ч тэрээр мафи болон АНУ-ын Ардчилсан нам болох Таммани-Холлыг нэгтгэснээр улс төрд хөл тавихыг хүсэж байсан юм. Костелло Америк даяар хаа сайгүй казино, мөрийтэй тоглоомын газартай байсан бөгөөд Куба болон Карибын тэнгисийн ойр орчмын арлуудад ч түүний нэртэй газрууд байсан гэнэ. Тэрээр өөрийн хамт олны хүндэтгэлийг хүлээсэн алдартай нэгэн юм. 1972 оны “Загалмайлсан эцэг” киноны Вито Корлеонегийн дүрийг Фрэнкээс санаачилсан гэж үздэг байна. Хэдийгээр хүндэтгэлтэй, нэр хүндтэй байсан ч түүнд өс санасан хүмүүс ч цөөнгүй байжээ. Тиймээс 1957 онд тэрээр тархиндаа буудуулж гэмтэл авсан ч азаар амьд гарч чадсан юм.  Фрэнк 1973 онд зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ.

Фрэнк Костелло  (Frank Costello)

2 Жек Даймонд (Jack Diamond)

Жек Даймонд 1897 онд АНУ-ын Филадельфид төржээ. “Хуурай хууль”-ийн үеэр тэрээр нэлээд алдартай нэгэн байсан бөгөөд АНУ-ын гэмт бүлгэмийн томоохон гишүүн байсан юм. Нэг хэргээс нөгөө хэрэгт хурдан шилждэгээс гадна бүжиглэх дуртай байсан учир түүнийг “хөл” хэмээн хочлох болсон байна. Үүнээс гадна тэрээр зэрлэг балмад гэдгээрээ алдаршжээ. Жек Даймонд гэмт хэрэг, хууль бусаар согтууруулах ундаа борлуулах, дээрэм хийх зэргээрээ Нью-Йорк төдийгүй АНУ даяар алдартай байсан гэнэ.

Дээрэм хийх нь илүү орлого оруулж байсан учир Даймонд том ачааны тэрэг тонох болж, газар доорх хонгилд согтууруулах ундаа худалдаалах болсон байна. Алдарт гэмт хэрэгтэн Натана Капланагийн амийг хороох захиалга Жекэд ирсэн нь Лучано, Шульц нартай мөр зэрэгцэхэд хүргэсэн юм. Хэдийгээр хүмүүс түүнээс айдаг байсан ч Жек хэд хэдэн удаа гэмт халдлагын бай болж, тэр болгонд уснаас үргэлж хуурай гарч чаддаг байв. Ингээд нэг өдөр Жекийг аз хаяж, 1931 онд тэрээр буудуулж амиа алдсан байна. Жекийн алуурчныг олж чадаагүй аж.

Жек Даймонд (Jack Diamond)

3 Жон Готти (John Joseph Gotti)

1980-1990 оны үед Нью-Йоркийн алдарт Гамбино гэмт бүлгэмийн толгойлогч байсан бөгөөд тэрээр дэлхий даяар алдартай нэгэн юм. Жон Готти маш ядуу орчинд өссөн 13 хүүхдийн нэг юм. Тиймээс гэмт бүлгэмийн ертөнцөд маш хурдан уусаж орж чадсан бөгөөд зартай гэмт хэрэгтэй Аньелло Деллакрочегийн удирдлага дор ажиллаж байсан гэнэ. 1980 онд Готтигийн хүү болох 12 настай Фрэнк рүү хөрш Жон Фавара дайрч, хүү газар дээрээ нас барсан аж. Хэдийгээр энэ нь санаандгүй тохиолдол байсан ч Жон Готти Фавараг олон удаа сүрдүүлж, нэг удаа түүн рүү бейсболын цохиуртай дайрсан байна.  Хэдэн сарын дараа Фавара сураггүй алга болж, түүний цогцсыг хэн ч олж чадаагүй юм.

Өөрийн төгс гадаад төрх, гэмт хэргээрээ Жон Готти шар хэвлэлийнхний бай болж, “Тефлоны дон” хэмээх хочтой болсон байна. Тэрээр хэд хэдэн удаа шоронд хоригдож байсан ч ихэвчлэн хэдхэн хоноод л гардаг байжээ. 1990 онд тагнуулын байгууллагын ашигласан сонсох төхөөрөмжийн ачаар Жон Готтиг хүн амины хэрэг хийсэн, бусдаас эд хөрөнгө дээрэмдсэн хэргээр баривчилсан байна. Жон Готти 2002 онд хоолойны хорт хавдраар шоронд байхдаа нас барсан аж.

Жон Готти  (John Joseph Gotti)

4 Фрэнк Синатра (Frank Sinatra)

Фрэнк Синатра гэмт хэрэгтэн Сэм Жианкан болон Лучаногийн хамтрагч байсан юм. Нэгэн удаа тэрээр "Хэрвээ би дуу хөгжимд дургүй байсан бол гэмт хэрэгтний ертөнцөд үлдэх байсан биз" гэж ярьжээ. 1946 онд Хавайн гэмт бүлгэмийн хуралдаанд оролцсоноор нь түүнийг гэмт хэргийн ертөнцтэй холбоотой болохыг мэдсэн байна. Синатрагийн нууц амьдрал олонд ил болсны дараа түүний хувийн хэрэгт 2403 хуудас мафийн талаар мэдээлэл бүрдсэн юм.

Үүнээс гадна тэрээр Жон Кеннедийг Ерөнхийлөгч болохоос өмнө түүнтэй холбоотой байсан аж. Фрэнк Синатра өөрийн гэмт хэргийн холбоо сүлбээг ашиглан Кеннедид Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт байгуулахад нь тусалсан хэмээн хүмүүс үздэг. Фрэнк, Роберт Кеннеди нар хамтран гэмт хэргийн ертөнцтэй тэмцэж байсан нь мафийн гишүүдийн түүнд итгэх итгэлийг үгүй хийсэн аж. Тиймээс Жианкан түүнээс нүүрээ бууруулжээ. Энэ үед тагнуулынхан тайвширсан аж. Хэдийгээр олон баримтаар түүнийг гэмт хэргийн ертөнцтэй холбоотой гэдгийг баталсан ч Синатра өөрийн хэргийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Фрэнк Синатра (Frank Sinatra)

5 Микки Коэн (Mickey Cohen)

Майер Харрис Коэн буюу Микки нь олон жилийн турш Лос-Анжелесийн цагдаа нарын толгойны өвчин болж байсан юм. Тэрээр Нью-Йорк болон бусад мужид гэмт хэргийн томоохон нөлөөтэй нэгэн байжээ. Нью-Йоркт төрж, зургаан настай байхад нь гэр бүлийнхэн нь Лос-Анжелес руу нүүсэн байна. Хэдийгээр Микки Коэн боксоор хичээллэж байсан ч гэмт хэргийн ертөнцтэй холбогдохын тулд спортоо орхиж, Чикагод Аль Капонетай хамтран ажиллах болжээ.

“Хуурай хууль”-ийн үеэр хэд хэдэн амжилттай үйл ажиллагаа гардан зохион байгуулсан түүнийг Аль Капоне сайшааж, Багси Сигелийг хөнөөлгөхөөр Лас-Вегас руу явуулсан байна. Сигелийн аллага Коэны сэтгэл санаанд маш гүнзгий нөлөөлсөн бөгөөд цагдаа нар зэрлэг балмад гэмт хэрэгтнийг ажиглах болсон гэнэ. Коэн хэд хэдэн удаа халдлагад өртсөн учир гэртээ хамгаалалтын дохиолол тавиулж, бараг л цайз мэт болгосон аж. Ингээд дараа нь тэрээр Жонни Стомпанато хэмээх бие хамгаалагч хөлслөн авчээ.

1961 онд Миккиг татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр Алькатрасын хорих анги руу явуулсан байна. Алькатрасын шоронгоос батлан даалтаар гарч чадсан цор ганц хүн бол Микки байсан юм. Олон халдлагад өртөн, шархдаж байсан ч Коэн 62 насандаа унтаж байхдаа хорвоог орхижээ.

Микки Коэн (Mickey Cohen)

6 Хенри Хилл (Henry Hill, Sr.)

Хенри Хиллийн дүрээс “The Nice Guys” киноны гол дүрийг сэдэвлэсэн байна. Тэрээр “Би үргэлж гэмт хэрэгтэн болохыг хүсдэг байсан” гэж хэлсэн удаатай. Хилл 1943 онд Нью-Йоркийн жирийн нэгэн гэр бүлд төрсөн юм. Хүүхэд байхаасаа Луккезетэй хамтран ажиллах болж, маш хурдан тушаал дэвшиж байжээ. Гэхдээ ирланд болон итали гарал нь түүнийг өндөр албан тушаал хашихад саад болж байсан гэнэ.

Нэгэн удаа Хенри Хилл мөрийтэй тоглоом тоглож хожсон бөгөөд хожигдсон хүн нь мөнгөө өгөхгүй байсан учир түүнийг зодсон байна. Ингээд Хиллийг баривчилж, 10 жилийн хорих ял оноожээ. Энэ үед торны цаана буй амьдрал, гадна амьдралаас төдийлөн ялгарахгүй болохыг ойлгосон байна.  Шоронгоос суллагдсаныхаа дараа Хилл хар тамхи худалдаж байгаад дахин баривчлагджээ. Тэрээр өөртэйгөө хамтран ажилладаг бүх гэмт хэрэгтнийг барьж өгсөн байна. Тиймээс 1980 онд Хенриг улсын хамгаалалтанд авсан боловч хоёр жилийн дараа тэрээр нуугдаж байсан газраа ил болгосон учир түүний хамгаалалтыг болиулжээ. Хэдий улсын хамгаалалтанд байхаа больсон ч Хенри 69 насандаа 2012 онд зүрхний өвчнөөс болж нас барсан гэнэ.

Хенри Хилл (Henry Hill, Sr.)

7 Жеймс Балжер (James Bulger)

Бас нэгэн Алькатрасын хорих ангийн гишүүн бол Жеймс Балжер юм. Тэрээр цайвар үстэй байсан учир Уайти гэж хочлох болжээ. Балжер Бостонд төрсөн бөгөөд гэрээсээ хэд хэдэн удаа зугтаж, гудамжны циркийнхэнтэй холбогдож эцэг эхийнхээ санааг зовоож байсан гэнэ. Анх Балжерийг 14 настай байхад баривчилсан боловч тэрээр хашраагүй бөгөөд тэрээр 1974 онд мафийнхантай холбогдсон байна.

Хэдийгээр Балжер мафийн гишүүдтэй хамтран ажилладаг байсан ч Тагнуулын ерөнхий газрынханд өөрийн хамтрагч Патриаркийн талаар мэдээлэл өгч байсан гэнэ. Харамсалтай нь цагдаа нарын анхаарлаа түүн рүү илүү хандуулах болсон юм. Ингээд Балжер Бостоноос зугтах хэрэгтэй болж, 15 жилийн турш ор сураггүй байжээ.

Балжерийг 2011 онд баривчилж, хэд хэдэн гэмт хэрэг, 19 аллага, мөнгө хүүлэх, хар тамхи борлуулсан гэх үндэслэлээр ял оноосон байна. Хоёр сарын турш үргэлжилсэн шүүх хурлын ачаар түүнд насан туршид нь хорих ял тогтоож, Бостон тайван хот болсон аж.

Жеймс Балжер (James Bulger)

8 Багси Сигел (Bugsy Siegel)

Лас-Вегас дахь казиногоороо алдартай Бенжамин Сигельбаум (Benjamin Siegelbaum) буюу Багси Сигел орчин үеийн түүхэн дэх хамгийн алдартай гэмт хэрэгтнүүдийн нэг юм. Бруклиний гэмт хэрэгтнүүдтэй нийлж анхны гараагаа эхэлсэн тэрээр гэмт хэрэгтэн Меер Ланскитай танилцаж, захиалгат аллага үйлдэх "Murder Inc" хэмээх холбоо байгуулсан байна. Энэхүү холбоонд еврей гаралтай гэмт хэрэгтнүүд багтаж байжээ.

Илүү алдартай болж эхэлмэгцээ Багси Сигел Нью-Йоркийн хуучны зартай нөхөд буюу, өндөр настай гэмт хэрэгтнүүдийн амийг хороохоор шийдэж, Жо Массериягийн амийг хороох үйл ажиллагаанд хүртэл оролцсон байна. Олон гэмт бүлгэмтэй тэрсэлдсэний эцэст Багси Сигел их хэмжээний мөнгө олох болж, Холливудад хэд хэдэн танилтай болоод амжжээ. Лас-Вегас дахь “Фламинго” зочид буудлынхаа ачаар тэрээр дэлхий даяар алдартай болсон юм. 1.5 сая долларын төсөвтэй буудлын үйл ажиллагааны хөрөнгө оруулалт гэмт хэрэгтнүүдийн хөрөнгөөс бүтсэн байна. Гэхдээ барилгын явцад энэ төсөв хэд дахин нэмэгдсэн учир Багси Сигелийн хамтран ажиллагч Лански түүнийг мөнгө хулгайлж, хууль ёсны бизнест эргэлдүүлж байна хэмээн буруутгасан аж. Багси Сигелийг гэртээ байхад нь буудаж амь насыг нь зэрлэгээр хороосон бөгөөд Лански өөрийгөө энэ хэрэгт буруугүй хэмээн нотолж, дараа нь “Фламинго” зочид буудлыг удирдах болсон байна.

Багси Сигел (Bugsy Siegel)

9 Вито Женовезе (Vito Genovese)

Дон Вито хочтой Вито Женовезе нь итали-америк гаралтай гэмт хэрэгтэн юм. "Хуурай хууль”-ийн үеэр болон түүний дараахь хэдэн жилийн турш тэрээр алдартай байсан юм. Түүнийг "Боссын босс" гэж нэрлэх тохиолдол ч байсан аж. Вито Женовезе өөрийн нэрээр нэрлэсэн "Женовезе" бүлгэмийн толгойлогч байсан бөгөөд мансууруулах бодисыг дэлхий дахинд тарааснаараа алдартай.

Вито Женовезе Италид төрсөн боловч гэрийнхэн нь 1913 онд Нью-Йорк руу нүүсэн байна. Гэмт хэргийн ертөнцөд хялбар ууссан тэрээр Лучаногийн хамтаар алдарт гэмт хэрэгтэн Сальваторе Маранцаногийн амийг хороожээ. Цагдаа нараас зугтаж Вито Женовезе төрөлх нутагтаа очсон бөгөөд тэнд Бенито Муссолинитой хамтран ажиллах болсон байна. Дэлхийн II дайн дуусмагц тэр эргэн Нью-Йоркт ирж өөрийн үйл ажиллагааг үргэлжлүүлж, хүн бүрийн айдаг хүн болжээ. 1959 онд түүнийг хар тамхи борлуулсан хэргээр баривчилж, 15 жилийн хорих ял оноосон аж. 1969 онд Вито зүрхний шигдээс өвчнөөр 71 насандаа нас барсан байна.

Вито Женовезе (Vito Genovese)

10 Чарльз Лучано (Charles «Lucky» Luciano)

Чарльз Лучано ихэнхдээ бусад гэмт бүлгэмийнхэнтэй хамтарч, гэмт хэрэг үйлддэг байснаараа алдартай. “Азтай Лучано” хэмээх хочтой болсон шалтгаан нь тэрээр хүнд шархыг даван туулж амьд гарч чадсанд оршино. Түүнийг орчин үеийн гэмт хэргийн ертөнцийн үүсгэн байгуулагч хэмээн нэрлэдэг.  Өөрийн ноёрхлыг тогтоож байх хугацаандаа тэрээр томоохон хоёр гэмт хэрэгтний амийг хороож, гэмт хэрэг зохион байгуулах үйл ажиллагаанд шинэчлэлт хийжээ.

Урт удаан хугацааны турш тансаг амьдралаар амьдарсан Лучаног Америк даяар танихгүй хүн гэж үгүй. Өөрийн гадаад төрх, тансаг амьдралаар тэрээр бүсгүйчүүдийн анхаарлыг татах болсон учир түүнд садар самуун, биеэ үнэлэлтийн хэргийг тохжээ.  Ингээд хоригдсон ч Лучано өөрийн үйл ажиллагааг зогсоогоогүй бөгөөд шоронд ч, наранд ч идэвхтэй ажиллаж байсан гэнэ. Хорих ангид тэрээр хувийн тогоочтой байсан гэх яриа хүртэл бий. Суллагдсаных нь дараа Лучаног Итали руу явуулж, гэмт хэрэгтэн залуу Хаванад амьдрах болсон гэнэ. Тэрээр 1962 онд 64 насандаа зүрхний өвчнөөр нас барсан аж.

Чарльз Лучано (Charles «Lucky» Luciano)

11 Мария Личчарди (Mariya Lichardi)

Хэдийгээр гэмт хэргийн ертөнцийн ихэнх нь эрчүүд байдаг ч эмэгтэй хүн огт байгаагүй гэж хэлж болохгүй. Мария Личчарди 1951 онд Италид төрж, "Личчарди неаполитан" бүлгэмийг толгойлж байсан юм. Мария “Загалмайлсан ээж” нэрээрээ өдийг хүртэл Итали даяар алдартай бөгөөд ихэнхдээ хар тамхи борлуулдаг байжээ. Түүний нөхөр болон хоёр ахыг нь баривчилсны дараа Мария нь гэмт бүлгэмээ толгойлох болсон гэнэ. Бүлгэмийн гишүүдэд энэ шийдвэр таалагдахгүй байсан ч тэрээр өөрийн хүч хөдөлмөрийг шавхаж хэд хэдэн гэмт бүлгэмийг нэгтгэн, хар тамхины ертөнцөд томоохон өөрчлөлт хийсэн юм.

Хар тамхины худалдаанаас гадна тэрээр хүний наймааны хэргээрээ алдартай. Албанийн насанд хүрээгүй охидыг худалдаалж, неаполитан бүлгэм биеэ үнэлэлтээр ашиг орлого олох ёсгүй гэсэн дүрмийг зөрчсөн юм. Ингээд хар тамхи худалдаалах үйл ажиллагаа нь саатсанаар Марияг эрэн сурвалжилж, 2001 онд баривчилсан байна. Одоо Мария хоригдож байгаа бөгөөд гэмт бүлгэмээ удирдсан хэвээр байгаа гэх яриа бий.

Мария Личчарди (Mariya Lichardi)

12 Фрэнк Нитти (Frank Nitti)

Аль Капонег баригдсаны дараа гэмт хэргийн ертөнцөд хүчээ авсан нэгэн бол Фрэнк Нитти юм. Нитти Италид төрсөн боловч түүнийг долоон настай байхад нь гэрийнхэн нь АНУ-д ирсэн байна. Өсвөр наснаасаа гэмт хэрэгт холбогдсоноор Аль Капонегийн анхаарлыг татах болжээ.  Ийнхүү тэрээр гэмт хэргийн ертөнцөд хөл тавьсан юм.

“Хуурай хууль”-ийн үеийн үеэр Нитти Аль Капонетой хамтардаг байсан учир Чикагогийн гэмт хэргийн ертөнцөд "Chicago Outfit"-д хөлөө олсон байна. Нитти гэмт хэрэг үйлдэхээс илүү зохион байгуулж, чиглүүлж өгдөг байсан гэнэ. 1931 онд Нитти болон Капоне нарыг татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр хоригдсон аж. 

Шоронгоос суллагдаад Нитти "Chicago Outfit"-ын толгойлогч болсон аж. "Chicago Outfit"-ын үйл  ажиллагаа суларч, хэрэг бишдэх үед Нитти тархи руугаа буудаж амиа хорлосон байна. Нитти амьсгал хураатлаа харанхуйд байхаас айдаг нэгэн байжээ.

Фрэнк Нитти  (Frank Nitti)

13 Сэм Жианкана (Sam Giancana)

Чикагогийн хамгийн алдартай гэмт хэрэгтнүүдийн нэг бол Сэм Жианкана буюу Муни юм. Аль Капонегийн жолоочоор анх ажлынхаа гарааг эхэлсэн тэрээр удалгүй томчуудтай холбоо тогтоожээ. Тэдний тоонд Кеннедигийн бүлгэмийнхэн хүртэл багтаж байжээ. Кубын тэргүүн Фидель Кастро руу халдсан халдлагын дараа Сэмийг гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр дуудсан байна. Учир нь тэд Сэмийг нууц мэдээллийг мэдэж байгаа хэмээн үзжээ.

Хэрэгт зөвхөн Сэм Жианканы нэр холбогдоод зогсохгүй гэмт бүлгэмийнхэн Жон Ф.Кеннедийг сонгуульд ялалт байгуулахын төлөө энэ алхмыг хийсэн гэх яриа ч бий. Сэм Жианкана болон Кеннеди нар их дотно холбоотой байсан учир Фрэнк Синатра Засгийн газрын анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн занга байх магадлалтай гэж үзжээ.

Жон Кеннедигийн амийг хороох хэрэгт Сэм Жианканы бүлгэмийнхнийг оролцсон гэж үзсэн учир энэхүү бүлгэмийн үйл ажиллагаа дампуурч эхэлсэн байна. Ингээд Тагнуулын ерөнхий газар болон бусад гэмт бүлгэмээс зугтаж амьдарсан Сэм гэртээ хоолоо хийж байхдаа дагзандаа буудуулж амиа алджээ.

Сэм Жианкана (Sam Giancana)

14 Меер Лански (Meyer Lansky)

Лучанотой адил алдар нэртэй Меер Лански буюу Меер Сухомлянский нь тухайн үед Орост хамааралтай байсан Гродно хотод төрсөн байна.  Хүүхэд байхаасаа АНУ-ыг зорьсон түүнд гудамжны амьдрал нь амттай санагджээ. Лански өөрийгөө хамгаалж чаддагаас гадна маш ухаантай нэгэн байсан гэнэ.  АНУ-д эрчимтэй хөгжиж буй гэмт хэргийн бүлгэмийн гишүүн болж, тун удалгүй АНУ, Куба болон бусад оронд нэлээд алдартай байжээ.

Лански томоохон гэмт хэрэгтэн болох Лучано, Багси Сигел нартай холбоотой байсан учраас бараг л бүх хүн түүнийг таньдаг, түүнээс айдаг байсан гэнэ. “Хуурай хууль”-ийн үеэр Лански согтууруулах ундаа хууль бусаар зарж, нэлээд орлоготой ажилласан байна.  Ийнхүү түүний бизнес хөгжиж эхэлмэгц, Лански тэтгэвэрт гарахаар шийдэж, Израиль руу цагаачилжээ. Гэвч хоёр жилийн дараа түүнийг АНУ руу хөөж,  Лански 80 насандаа уушгины  хавдраар нас барсан учир хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээгээгүй аж.

Меер Лански (Meyer Lansky)

15 Аль Капоне (Alphonse Gabriel «Great Al» Capone)

Альфонсо Габриэль Капоне нь дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай гэмт хэрэгтэн учир түүнийг танихгүй хүн бараг л үгүй болов уу.  Тэрээр хангалуун айлын хүү байсан бөгөөд 14 насандаа багшийгаа цохьсоноор сургуулиасаа хөөгдөж, гэмт хэргийн ертөнцөд хөл тавьсан байна.

Жонни Торрио Капоне алдарт гэмт хэрэгтний удирдлага дор Аль Капоне гэмт хэргийн ертөнцөд томоохон байр суурь эзлэх болжээ. Үүнээс гадна тэрээр согтууруулах ундаа хууль бусаар худалдаалах, аллага гэх мэт гэмт хэргийг маш цэвэрхэн хийж байсан хэдий ч цагдаа нараас хялбархан зугтаж байсан юм.

Аль Капонегийн нэр бүлэг аллагын хэрэгт холбогдсоноор тоглоом дууссан байна. Энэхүү аллагын үеэр бусад гэмт хэргийн бүлгэмийн  хэд хэдэн гишүүн амь насаа алджээ. Цагдаа нар түүнд аллагын хэргийг шууд оноож чадахгүй байсан учир татвараас зайлсхийсэн хэргээр баривчилж, 11 жилийн турш хорих ял оноосон аж. Гэвч шоронд хоригдох үедээ түүний бие муудсан учир батлан даалтанд гаргасан байна. Ингээд 1947 онд Аль Капоне зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ.

Аль Капоне (Alphonse Gabriel «Great Al» Capone)

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()