Голомт банк Өвөр Монголын банктай хамтран банк хоорондын хадгаламжийн болон зээлийн гэрээ байгууллаа

2018 оны долдугаар сарын 5-ны өдөр Голомт банк нь БНХАУ-ын Өвөр Монголын банктай 2017 онд байгуулсан банк хоорондын хадгаламжийн гэрээг сунгаж, банк хоорондын зээлийн гэрээг шинээр байгууллаа. Уг гэрээний дагуу Өвөр Монголын банк нь Голомт банкинд юань, ам.доллар болон төгрөгийн богино хугацааны эх үүсвэр олгох юм. Ингэснээр Голомт банк нь эх үүсвэрийн зардлаа бууруулж, харилцагчдадаа илүү таатай нөхцөлтэй зээл олгох боломж бүрдэж байна. Мөн хоёр улсын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн түншлэл, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлж буйгаараа чухал ач холбогдолтой юм.

Голомт банк Өвөр Монголын банктай хамтран банк хоорондын хадгаламжийн болон зээлийн гэрээ байгууллаа

Монгол Улстай гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажилладаг Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд ӨМӨЗО-д байрладаг. Тиймээс тус банк нь газар зүйн онцлогтоо тулгуурлан Монгол Улстай хамтран ажилладаг эдгээр аж ахуйн нэгжтэй нягт хамтран ажиллаж, бүх төрлийн банкны үйлчилгээг үзүүлж ирсэн юм.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг хэлэхдээ “Бид маш богино хугацаанд хамтын ажиллагаагаа амжилттай өрнүүлж, банк санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа хүргэж байна. Хоёр улсын эдийн засаг, гадаад худалдааны хамтын ажиллагаа эрчимжиж буй энэ үед цаашид төслийн санхүүжилт, синдикат зээл зэрэг илүү өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг ханган ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурьдав.  

Өвөр Монголын банк нь 1999 онд ӨМӨЗО-ны Засгийн газрын хөрөнгө оруулалттай байгуулагдсан орон нутгийн банк бөгөөд  Монгол Улсаас анх удаа 2014 онд Голомт банктай юань болон ам.долларын гадаад төлбөр тооцооны хамтын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Эдүгээ гадаад худалдааны санхүүжилт, төгрөгийн төлбөр тооцоо, валют арилжаа, харилцан туршлага судлах хөтөлбөрүүд зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна. 

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.