Сурталчилгаа (15)
Хаах

Гейша нарын тухай бидний төсөөлж ч байгаагүй баримтууд

Японы түүхэн дэх хамгийн тод дүр зургуудын нэг бол яах аргагүй "гейша" (Geisha) юм. Гейша гэхээр хамгийн түрүүнд цагаан энгэсэгтэй өө сэвгүй царай, час улаан уруул, харц булаам нүд, хээнцэр кимоно өмссөн эмэгтэйн дүр хүн болгоны толгойд буудаг. Гэхдээ нэг том асуудал бий. Гейша гэх нэрийг сонсоод хүмүүс Японы биеэ үнэлэгч гэж ойлгодог. Гэхдээ энэ нь буруу юм. Гейша нь урлаг, мэргэжил болтлоо хөгжсөн юм. Ингээд Гейша нарын талаар таны мэдэхгүй баримтуудыг сонирхуулъя. 

Гейша нарын тухай бидний төсөөлж ч байгаагүй баримтууд

1 Хамгийн анх эрэгтэй хүн гейша байсан

1751 оныг хүртэл бүх гейша эрэгтэй байжээ. Учир нь сүүлийн 500 жилийн турш энэ ажлыг эрчүүд хийж ирсэн учраас эмэгтэй гейша нарыг эвэртэй туулай харсан мэт хүлээн авдаг байв. Хамгийн анх эмэгтэй хүн гейша болоход түүнийг “Эмэгтэй гейша” гэж дууддаг байсан аж.

Эмэгтэйчүүдэд ажлын байраа бүрэн тавьж өгтлөө эрэгтэй гейша нар бараг 100-гаад жил болжээ. XIII зууны эхэн үеэс гейша нар (эрэгтэй) анх бий болж, баяр ёслолын үеэр ноёдод цай аягалж, дуу дуулж, онигоо ярьж өгч, хамгийн чухал хүн мэтээр өөрийгөө мэдрэхэд нь тусалдаг байсан юм. Гэхдээ тэднийг 1600 оныг хүртэл гейша гэж дууддаггүй байсан гэнэ. 

Харин 1600-гаад оноос эхлэн тэдгээр эрчүүд өөрсдийгөө гейша гэж дуудах болсон бөгөөд дээд зэрэглэлийн үйлчлүүлэгчдийг хүлээж авдаг улаан дэнлүүний гудамж ажиллуулах болжээ.  

Хожим 1800-гаад оноос эхлэн эмэгтэй хүн гейша нарын ажлыг хийх болсон юм байна. Өнөөдрийг хүртэл япончууд эмэгтэй гейшаг “geiko” хэмээн эмэгтэйлэг нэрээр дууддаг аж.

Хамгийн анх эрэгтэй хүн гейша байсан

2 Гейша нар биеэ үнэлэгчид биш

Бидний төсөөлдөг шиг гейша нар биеэ үнэлдэггүй байсан гэнэ. Харин ч эсрэгээрээ тэднийг үйлчлүүлэгч нартайгаа бэлгийн харилцаанд орохыг нь хориглодог байсан юм.

Үйлчлүүлэгчид жинхэнэ биеэ үнэлэгчидтэй унтахаар дараалалд зогсон хүлээж байх зуур гейша нар саатуулж, хөгжөөж үйлчилдэг байсан гэнэ. Үйлчлүүлэгчид ээлжээ хүлээж байх зуур гейша нар дуулж, бүжиглэж, эрчүүдтэй сээтгэнэдэг байв.  

Тэдний гол зорилго нь үйлчлүүлэгчид хүлээхээс залхаад яваад өгөх вий гэхээс сэргийлж, сатааруулахад оршиж байв. Зарим эмсийн хүрээлэнд гейша нарыг үйлчлүүлэгчидтэйгээ хэт ойр сууж, биеэ үнэлэгчдийн ажлыг булаах вий хэмээн цээрлэдэг байжээ.  

Гейша нар хийдэг ажлаараа бахархдаг байсан бөгөөд XIX зуунд гейша нар “Бид биеэ биш урлаг үзүүлдэг” хэмээх уриатай байв.

“Бид хэзээ ч мөнгөний төлөө биеэ үнэлдэггүй байсан. Тэр бол бидний хийдэг ажил биш, өөр хүүхнүүдийн хийдэг зүйл” гэж нэг гейша хэлжээ.

Гейша нар биеэ үнэлэгчид биш

3 Гейша гэдэг нь уран бүтээлч гэсэн утгатай

“Geiko” гэдэг нь уран бүтээлч гэсэн утгатай юм. Урлаг, хүүхэд гэсэн хоёр үгийг нийлүүлсэн аж. Тэгэхээр гейша ч мөн адил уран бүтээлч гэсэн утгатай.

Гейша нар авьяас чадвараа хөгжүүлэхийн тулд маш их хөдөлмөрлөдөг. Хэдэн ч настай байсан өдөр бүр хөгжмийн зэмсэг дээр сургуулилалт хийдэг байжээ.

Тэдний ихэнх нь чавхдаст хөгжим тоглохын дээр өөрсдөө аяыг нь зохиодог байв. Ихэвчлэн гунигтай, уянгын дуу байсан тухай түүхэнд тэмдэглэжээ. Удаан, уян налархай бүжиглэдэг нь ч мөн ямар нэгэн түүх илэрхийлж байсан гэнэ.

Гейша нарыг балчир буюу зургаан наснаас нь эхлэн дуу, бүжгээр хичээллүүлж, бэлтгэдэг байсан аж. Гейша нарын хүрээлэн өөрийн гэсэн сурган хүмүүжүүлдэг дэг сургуультай байв. Охид нас биед хүрч, өөрийгөө гейша гэж дуудуулахын тулд дунджаар тав буюу түүнээс дээш жил сургуулилалт хийдэг юм байна.

Гейша гэдэг нь уран бүтээлч гэсэн утгатай

4 Бусдыг татахын тулд биеэ үнэлэгчид өөрсдийгөө гейша гэж дууддаг байсан

Дэлхийн хүмүүс гейша нарыг биеэ үнэлэгчид гэж боддог байсанд хэргийн учир бий. Дэлхийн II дайны дараа Америкийн цэргүүдийг биеэ үнэлэгчид ихээхэн хоргоодог байж. Тэд өөрсдийгөө гейша гэж худал хэлдэг байв.

Тэд гейша биш байсан боловч дайны дараа Японд амьдрал хэцүү байсан учир хоолны мөнгөө олохын тулд тэд гейша нарын нэрийг барьж биеэ үнэлэх болсон байна.1949 онд гэхэд Японд байсан америк цэргүүдийн 80 хувь нь япон эмэгтэйчүүдтэй нэг оронд орсон байв. Ийнхүү биеэ үнэлэгчдийг гейша гэдэг юм байна гэсэн ойлголтыг залуус өөрсдөдөө бүрэн суулгажээ.  

Бусдыг татахын тулд биеэ үнэлэгчид өөрсдийгөө гейша гэж дууддаг байсан

5 Гейша бол насанд хүрээгүй охид

Кимоно өмсөж, нүүрээ будан үсээ гоёмсог зассан охидыг үзэсгэлэнтэй гейша гэж төсөөлдөг байх. Гэвч гейша нар зөвхөн онцгой баяр ёслолын үеэр л нүүрэндээ цагаан энгэсэг түрхдэг байжээ. Харин энгийн үед жирийн эмэгтэйгээс ялгарахааргүй нүүрээ буддаг гэнэ.

Гэхдээ нүүрээ цагаанаар будсан гейша нар нь тухайн үед насанд хүрээгүй охид байсан аж. Тэднийг “maiko” гэж нэрлэдэг байв. Гейша болохоор бэлтгэгдэж байгаа охидыг ялгахын тулд ийнхүү цагаан энгэсэг түрхдэг байжээ.

Гейша нар туршлагатай байх тусмаа энгийн хувцасладаг бол залуу байх тусмаа чамин кимоно өмсөж, үсээ гоё засдаг байв. Харин он жил өнгөрч нас биед хүрээд нүүрний цагаан будгаа арилгадаг гэнэ.

Ихэнх “maiko” нар нь 13 настай охид байжээ.

Гейша бол насанд хүрээгүй охид

6 Эрэгтэй дүртэй эмэгтэй гейша нар

Эрэгтэй гейша нараас гадна “shirabyoshi” нэртэй эмэгтэйчүүдийн бүлгэм байжээ. Тэд эрэгтэй хүний дүрд хувирсан эмэгтэй хүмүүс юм. Үйлчлүүлэгчид анзаарах вий гэхээс тэд их эмээдэг байв.

“Shirabyoshi” нар гейша шиг бүжигчин эмс аж. Тэд нүүрэндээ цагаан энгэсэг түрхэж, түүх ярьж, үзүүлбэр үзүүлж, хөгжим тоглож зочдыг хөгжөөдөг байсан гэнэ. Яг л гейша нар шиг боловч эрэгтэй самурайн хувцас өмсдөг байжээ.

Тэд яагаад ийн дүрээ хувиргадаг байсныг хэн ч сайн мэдэхгүй боловч тухайн үед самурай нар ийм зүйлд дуртай байсан гэж зарим судлаач таамагладаг юм. Дээр үед самурай нар ижил хүйстнээ сонирхдог төдийгүй өсвөр насны хөвгүүдтэй нэг оронд ордог байсан гэнэ.  

Эрэгтэй дүртэй эмэгтэй гейша нар

7 Гейша нарын толгой орой хэсэгтээ халзан байв

Японд ихэнх гейша нар толгойн орой хэсэгтээ халзан байсан тул ажлаа хийхдээ хиймэл үс зүүн нуудаг байв.  

Тэднийг “maiko” байхад нь толгой нь халцарч эхэлдэг гэнэ. Толгойгоо тойруулан үсээ олон дахин шууж боосноос болж үс нь унаж, дахин ургадаггүй байсан гэнэ.  Гэхдээ тэд халзан толгойгоо хүч хөдөлмөрийн үр шим гэж үздэг байна. Олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд ийм халзан болдог учир, харин ч түүгээрээ бахархдаг гэнэ.

Гейша нарын толгой орой хэсэгтээ халзан байв

8 Гейша нар хөгшрөх тусам илүү хүсэмжит болдог

Гейша нар бүгд залуу охид байгаагүй юм. Нас нэмэх тусам тэдний үнэлэмж өсдөг аж. Дэлхийн хамгийн алдартай гейша нар 50, 60 настай байдаг.

Гейша нар хөгшрөх тусмаа өөрсдийгөө үзэсгэлэнтэй болдог гэж үздэг тул нүүрээ огт будахаа больдог юм. Залуу гейша нар энгэсэг түрхсэн хэвээр байдаг бол 30 нас хүрээд нүүрээ огт будахгүй байсан ч болдог юм байна.

Хүнтэй гэрлээд гейша нар тэтгэвэрт гардаг. Гэхдээ хүсвэл ажлаа хийсээр байж болдог. Өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа дэлхийн хамгийн хөгшин гейша 94 настай Юко Асакуса (Yuko Asakusa) юм. Тэрээр 16 настайгаасаа гейшагаар ажиллаж буй. Юко хатагтай ихэнхдээ улстөрчид, баян бизнесмэнүүдэд үйлчилдэг бөгөөд хүмүүс түүний туршлагыг ихэд үнэлдэг гэнэ.

Гейша нар хөгшрөх тусам илүү хүсэмжит болдог

9 Эрт үед гейша нарыг маш хэрцгий аргаар сургадаг байв

Дээхнэ үед ядуу гэр бүлд төрсөн эсвэл, өнчин охид л ихэнхдээ гейша болдог байв. Гэр бүл нь охидыг эмсийн хүрээлэнд зардаг байсан ажээ. Охид зургаан наснаасаа эхлэн хатуу дэглэмтэй сургуулилалт хийж эхэлдэг.

Өдгөө 250 гаруй залуу гейша Киото хотод бэлтгэгдэж байдаг буй гэдэг. 100 жилийн өмнө энэ газарт 2000 гаруй охид суралцаж байжээ. Орчин үед гейша нарыг 15 нас хүрэхэд нь л хичээл зааж эхэлдэг бөгөөд хүнд хэцүү сорилт давдаггүй гэнэ. Зарим эмсийн хүрээлэн гейша нарыг өдөрт нь сургадаг болжээ.

1998 оны үед зарим нэг эцэг эхчүүд охидоо хүнд хэцүү гейшагийн сургалтад явуулах санаачилга гаргаж байсан бөгөөд тийм эцэг эхчүүдэд шоронд хорих ял оноодог болжээ. 

Эрт үед гейша нарыг маш хэрцгий аргаар сургадаг байв

10 Эрэгтэй гейша нар одоо ч байдаг

Өнөөдөр Японд эрэгтэй хүмүүс гейша болох нь тийм ч ховор үзэгдэл биш аж. Токиогийн Кабуки Чо дүүрэгт ойролцоогоор 7000 эрэгтэй гейша ажилладаг гэсэн судалгаа бий.  

1960 оноос эхлэн баян гэрийн эзэгтэй нарт эрэгтэй гейша нар үйлчлэх шаардлага гарсан байна. Ийнхүү эрэгтэй гейша нар дахин эрэлттэй болжээ. Гэхдээ эмэгтэй гейша нар шиг дуулж, бүжиглэх авьяас багатай ч яриа хөөрөө өрнүүлж, эмэгтэйчүүдийг хөгжөөхдөө гаргууд гэнэ. 

Эрэгтэй гейша нар одоо ч байдаг

15
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()