Адольф Гитлер болон түүний нөхөд германчуудын тархийг ингэж угааж байжээ

Адольф Гитлер (Adolf Hitler) болон түүний нацист нам зорилгодоо хүрэхийн тулд суртал ухуулга ашигласан анхны хүмүүс биш юм. Дэлхийн I дайны үед британи болон германчууд өөрсдийн харгис хэрцгий явдлыг нуун далдалж, эсрэг талынхнаа хүн биш, адгуус хэмээн итгүүлэхээр оролддог байв. Гэхдээ тэдний уг арга нь нацистуудын ухуулга суртлын "машин"-ы хажууд жижигт тооцогдоно. Нацистуудын хувьд ухуулга суртал нэмэлт үйл ажиллагаа бус харин ч бүр зорилгынх нь гол цөм нь байсан бөгөөд ихээхэн хөрөнгө зарцуулж, нарийн төлөвлөсөн байдаг. Тийм ч учраас энэ нь маш үр дүнтэй байж, Германы ард иргэд ялагдах хүртлээ тууштай тэмцсэн юм. 

Адольф Гитлер болон түүний нөхөд германчуудын тархийг ингэж угааж байжээ
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Геббельсийн өдрийн тэмдэглэл

Йосеф Геббельс доголж явдаг болсон шалтгаанаа дэлхийн I дайны үед авсан шархнаас болсон гэж өгүүлдэг. Гэвч үнэндээ тэр төрөлхийн доголон бөгөөд үүнээсээ болж Германы армид элсэж чадаагүй гэдэг. 

Энэ бол хуурамч мэдээлэл тарааж өөрийнхөө амьдралыг авч явсан эрийн талаарх ганцхан жишээ. Гайхалтай илтгэгч, олон нийтийн үзэл бодлыг гярхай ажиглагч, Нацистын намын хамгийн анхны гишүүдийн нэг Йосеф Геббельс нь анхандаа Гитлерийн өрсөлдөгч байсан боловч Гитлер түүний чадварыг үнэлснээр хамтран ажиллах болсон юм. 

1933 онд Гитлер түүнийг Олон нийтийн гэгээрэл, ухуулга сурталчилгааны яамны сайд болгожээ. Ингэснээр тэр бүх Германы соёлын амьдралыг удирдах болсон бөгөөд иргэдийг ямар дуу сонсож болох, ямар бүтээлийг олон нийтэд дэлгэхийг хүртэл шийдэх болсон юм. 

Геббельсийн үнэнч байдал Гитлерийг 1945 оны тавдугаар сарын 1-нд Берлиний балгасанд амиа хорлосон хойно нь ч илэрч байв. Гитлерийн цогцсыг шатааж байхад хүртэл "Ухуулгын машин" тэрээр Германы ард иргэдийг унтарч бөхсөн ч зорилгодоо үнэнч байхыг шаардаж, сүрдүүлсээр байжээ. 

Түүнийг үхэхээсээ хэдэн сарын өмнөөс ялагдлаа хэдийнэ хүлээн зөвшөөрсөн байсныг бид 1944 оны арваннэгдүгээр сард хорвоо ертөнцтэй салах ёс хийсэн тэмдэглэлээс нь олж мэдсэн. Гэхдээ л тэр илүү олон мянган герман цэргийг хэрэггүй зүйлд амиа өгөхөөс нь өмнө сэргийлэх боломж олгоогүй юм. 

Геббельсийн өдрийн тэмдэглэл

2 Гитлерийн мөнгө олох арга

1924 онд Адольф Гитлер Засгийн газрыг түлхэн унагах оролдлого нь амжилтгүй болсны дараа хүнд шийтгэл хүртсэн юм. Түүнийг цаазлах ял оноосон байсан ч өрөвчхөн шүүгчийн ачаар таван жил шоронд хоригдох ялаар шийтгүүлжээ. Гэсэн ч тэрээр есхөн сарын дараа суллагдсан бөгөөд шоронд байх үедээ зайтай том өрөөнд тухалж, хэдэн зуун зочин хүлээн авч, цэцэрлэгт байнга алхдаг байжээ. 

Гитлер "Mein Kampf" буюу "Миний зовлон" хэмээх ном хэлж бичүүлэн цагийг өнгөрөөхдөө номныхоо нэлээд хэсэгт суртал ухуулга оруулж өгчээ. Тэрээр олон нийт түүний гол санаа, нарийн утгыг олж чадаагүй гэж маргалдсан байна. 

"Mein Kampf"-ыг хаа сайгүй тарааж, дөнгөж гэрлэсэн хосуудад хүртэл хуримын бэлэг болгож Засгийн газраас өгдөг байв. Энэ ном нь Гитлерийг ХХ зууны хамгийн их ашиг орлоготой зохиолч болгож ч мэдэхээр байлаа. Үнэхээр ч түүнийг баяжуулж чадсан юм. Германчуудын мэдээгүй байсан нэг зүйл нь Засгийн газраас өгсөн ном бүрийн төлбөрийг Гитлер халаасалж байсан явдал юм. 

Гитлерийн мөнгө олох арга

3 Хэний ч мэдэхгүй Гитлер

Шоронгоос суллагдсаныхаа дараа Гитлер Засгийн газрыг хүчээр буулган авах гэж оролдохоо больсон юм. Харин түүний шинэ стратеги нь сонгуулийн санал хураалтаар эрх мэдлийг гартаа авах  байв. Мэдээж улс даяар түүнийг үзэн ядаж, харгис ширүүн, өдөөн хатгагч гэдгээрээ тэр алдартай байсан юм. Жинхэнэ нацистууд бол Гитлерт ийм болохоор нь дуртай байсан ч сонгогчдын дийлэнх олонхийн хувьд таатай санагдсангүй.

Хэрвээ Гитлерийг сонгуульд ялуулахыг хүсвэл нацистууд түүний олон нийтэд харагдах байдлыг зөөлрүүлэх хэрэгтэй болов. Үүний тулд 1932 онд "Хэний ч мэдэхгүй Гитлер" хэмээх ном хэвлүүлжээ. Уг номонд Гитлерийн хувийн гэрэл зурагчин Генрих Гофманы авсан, түүнийг халамжтай, соёлтой, ухаалаг нэгэн мэтээр харуулсан буюу Гитлерийг амарч байгаа, нохойгоо эрхлүүлж байгаа, хувийн номын сандаа ном уншиж байгаа, олон нийттэй уулзаж байгаа үеийн зэрэг 100 гаруй зураг хэвлэгдсэн байна. 

Хэний ч мэдэхгүй Гитлер

4 Рейхстагийн гал түймэр

1933 оны хоёрдугаар сарын 27-нд Германы парламентын ордон Рейхстаг түймэрт автжээ. Цагдаа нар Маринус Ван дер Люббе гэх залуу гал тавьсныг тогтоосон ч үнэхээр тэр мөн эсэх нь тодорхой бус хэвээр үлдсэн байна. 

Нацистууд үүнийг коммунистууд улсын эрх мэдлийг булаах гэсэн дайралт байсан гэж үздэг. Харин зарим нь нацистууд өөрсдөө гал тавьсан гэж итгэдэг. Учир нь цаг хугацааны хувьд итгэмээргүй тааламжтай үед таарсан байна. Гитлер энэ үеэр парламентын гишүүдтэй зөвлөлдөхгүйгээр хууль батлах журмыг батлуулахаар санал хураалт явуулжээ. Рейхстагийн түймэр нацист намд ухуулга сурталчилгаагаа явуулах боломж олгосон аж. 

Геббельс коммунист дэглэмийг бий болгох хэрэгтэй гэсэн хэнээрхлээ эхлүүлсэн бөгөөд нацистуудын ухуулгын үр дүнд бий болсон айдас хүйдсийн дунд Гитлер ч мөн өөрийн улс төрийн өрсөлдөгчдөө айлган сүрдүүлж, баривчлах боломжтой болов. Гитлерийн өрсөлдөгчдөөс бүрдсэн Германы парламентын гишүүд айсандаа шууд саналаа өгчээ. Уг журам батлагдаж, Гитлер дарангуйлагчийн эрх мэдлийг гартаа авав. 

Рейхстагийн гал түймэр

5 Нацистын олимп

1936 оны Зуны олимпын наадмыг зохион байгуулах зөвшөөрлийг Гитлер эрх мэдэлтэй болохоосоо өмнө авсан байна. Нацистууд эрх мэдлийг гартаа авснаар энэ үйл ажиллагаа эсэргүүцэлтэй тулгараад байсан ч төлөвлөсөн ёсоор зохион байгуулагдаж, зөвхөн ЗХУ л оролцоогүй юм. 

Гитлер хэдийнэ дайнд бэлдэж эхлээд байсан ч Герман улсыг хөгжил цэцэглэлт бүхий, энх тайван улс мэтээр харуулах гэж Олимпын наадмыг ашиглажээ. 

Нацистууд Берлиний олимпод зориулж асар том цэнгэлдэх хүрээлэн шинээр барьж, маш их хөрөнгө зарсан юм. Энэ олимпыг анх удаа телевизээр дамжуулсан төдийгүй олимпын бамбарыг анх удаа Грекээс буухиа маягаар авчирсан байдаг. 

Еврейчүүдийг дэлгүүр рүү орохыг хориглосон самбаруудыг түр хугацаагаар буулгаж, семитийн эсрэг үзэл бүхий сонинуудыг зарахыг түр хугацаагаар хоригложээ. Мөн еврей нарыг Германы олимпын багт орж өрсөлдөх боломжийг нээлттэй болгосон байна. 

Африк америк гаралтай Жессе Овенс уг олимпын онцлох нэгэн байсанд Гитлер таагүй хандаж байсан ч уг олимп нь нацистуудад маш чухал ухуулга сурталчилгаа болж чадсан юм. Бүх хүний анхаарал Герман руу чиглэж, олон хүн үзсэн зүйлдээ сэтгэл хангалуун байжээ. 

Нацистын олимп

6 Герман "Титаник"

Гитлер, Геббельс хоёр Холливудын алдартай кинонуудад дуртай байсан хэдий ч германчуудыг эдгээр киног үзэхийг хориглодог байжээ. Нацистын Германы үед америк кинонуудыг маш ховор гаргадаг байсан ч 1941 онд бүр мөсөн хоригложээ. 

Геббельс кино боловсролоор дамжуулан германчуудыг сурталчилгаагаар бөмбөгдөж байсан юм. Нацистын Германы үед нийт 1000 гаруй кино бүтээсэн байдаг. 1943 онд дайны давалгаа нацистууд руу чиглэж эхэлсэн үеэр "Титаник" киноны зураг авалтыг эхлүүлжээ. 

Кинон дээр герман баатар аюулын талаар анхааруулсаар байхад Британийн ховдог шунахай капиталистууд усан онгоцыг аюулд оруулдгаар үйл явдал өрнөдөг уг бүтээл шүүмжлэл, асуудлаар дүүрэн байв. 

Геббельс нацистуудыг шүүмжилсэн найруулагч Хэрберт Селфинийг баривчлуулжээ. Тэрээр Хэрберт Селфиний талаар дурдахыг ч хориглосон боловч хувийн алуурчнаар түүнийг алуулсан гэх цуурхлыг зогсоож чадаагүй юм. 

Киног шинэ найруулагчийн удирдлага дор өндөр өртгөөр бүтээсэн ч олон нийтэд хүргэж чадаагүй аж. Киног хийж дуусах үед Герман руу их хэмжээний агаарын дайралт ирж байсан бөгөөд Геббельс ийм хүнд хэцүү үед гунигтай кино гаргах нь байдлыг улам дордуулна гэж үзжээ. 1958 онд Холливудын бүтээсэн "А Night to Remember" кинонд уг бүтээлийн зураг авалтын зарим хэсгийг нь оруулж өгсөн байдаг. 

Герман "Титаник"

7 Гитлер өөрөө өөрийнхөө ухуулганд орсон нь

Нацистуудын суртал ухуулга нь Гитлерийг дэлхийн түүхийн агуу ухаантан, бараг л алдаа гаргадаггүй гайхалтай нэгэн байсан хэмээн иргэдийнхээ "тархийг угаадаг". 

Гитлер дөнгөж гарч ирж байхдаа иймэрхүү ухуулгыг маш үр дүнтэй гэж үзэж байсан бөгөөд иргэд ч үүнд шууд итгэдэг байжээ. 

1940 онд Францыг амжилттай эзлэн түрэмгийлэх төлөвлөгөөг Эрик вон Мэнстэйн (Erich von Manstein) гаргасан боловч Гитлер энэ гавьяаг өөртөө "нааж",  нийтэд зарласан байдаг. Германы түүхэн дэх хамгийн агуу цэргийн стратегич гэдэг ухуулгандаа итгэсэн тэрээр генералууддаа өөрийнх нь бүх тушаалыг дагахыг шаардаж, үгүй бол шийтгэнэ хэмээн сүрдүүлэх болов. Тушаал нь алдаатай үгүйг огт харгалзаж үздэггүй байсан бөгөөд үнэндээ ихэнх шийдвэр нь алдаа эндэгдэл, хор хохирол дагуулдаг байлаа. 

1939 оны Польшийг эзлэх довтолгоонд тэр оролцоогүй юм. 1944 онд Гитлер дэлхийн түүхнээ тохиосон томоохон дайны фронтыг алсаас удирдах гэж оролджээ. Дайны талбарт байгаа маршал, генералуудыг хэдэн зуун киллометрийн цаана байгаа Берлингээс удирдаж, газрын зураг харж байгаад тушаал буулган, түүнийгээ мөрдөхийг дагахыг шаардана. Германы баруун фронтын ахлах коммандлагч Герд вон Рундстет хожим нь Холбоотнуудад олзлогдоод байх үедээ Гитлерийг өрөөнийхөө гадаа зогсож байгаа хамгаалагч нараа л солихоос цаашгүй гэж доромжилсон байдаг. 

Гитлер өөрөө өөрийнхөө ухуулганд орсон нь

8 Еврейчүүдийн хорих лагер Терезиенштадт

1944 он гэхэд Гитлерийн Германд амьдардаг еврейчүүдэд ямар нэгэн аймшигтай зүйл тохиолдсон нь бүгдэд тодорхой болсон юм. Нацистууд хэдэн сая хүн цаазалсан эд мөрийн баримтаа устгахад хүндрэлтэй болж, Геббельс хүртэл санаандгүйгээр үнэнийг дурдаж орхижээ. Тэрээр дайныг уриалсан илтгэлдээ еврейчүүдийг устгах ёстой гэж хэлсэн ч даруй засан залруулж еврейчүүдийг нүүн шилжүүлнэ гэжээ. 

1944 оны зургадугаар сард нацистууд Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийнхнийг еврейчүүдийг хорьж байсан "Терезиенштадт" лагерт орж үзэхийг нь зөвшөөрсөн байна. Үүний өмнө тэд хорих лагер бол маш тухтай тохитой газар гэдэг сэтгэгдэл төрүүлэхээр болгож бэлтгэжээ. Улаан загалмайн  ажилчдыг кафе, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалуулж, еврейчүүдийг оролцуулан зохиосон хөл бөмбөгийн тэмцээн, урлагийн тоглолт хүртэл үзүүлжээ. 

Улаан загалмайн нийгэмлэгийнхэн еврейчүүдийг амар амгалан байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэвч тэднийг дөнгөж явмагц еврей хоригдлуудыг Освенцим руу нүүлгэн шилжүүлэв. Тэднээс маш цөөхөн нь л дайны төгсгөлийг үзсэн байдаг. 

9 Колберг тосгоныхны тухай кино

1944 он гэхэд Нацистын Герман бараг л ялагдал хүлээгээд байсан. Холбоотны цэргүүд Германыг өдөр шөнөгүй тэсрэх бөмбөгөөр булж, Оросын зүүн зүгээс зогсолтгүй довтолж, Британи, Америкийн цэргүүд хамтран Баруун Европын довтолгоонд бэлдэж байв. 

Геббельс ялахдахаа мэдэж байсан ч германчуудыг эцсээ хүртэл тулалдах хэрэгтэй хэмээн цаг үргэлж ятгаж, нөөц бололцоо нь багасаад ирэх үед "Колберг" гэх кино бүтээхээр болжээ. Тухайн үедээ энэ нь хамгийн өндөр өртгөөр бүтсэн кино байсан ч нацистууд олон нийтэд бараг үзүүлээгүй учраас төдийлөн танигдаагүй юм. 200 мянган хүн гар бие оролцсон гэгддэг эл дэлгэцийн бүтээлд тулааны талбарын зураг авахын тулд  50 мянган цэргийг оруулжээ. 

Кинонд Напелеоны дайны үеийн тухай өгүүлдэг. Колберг тосгоныхон бууж өгөлгүй эрэлхэгээр тулалддаг бөгөөд зэр зэвсэг хүн хүчээр өөрсдөөс нь бүх талаар хүчирхэг байсан Францын талыг буулгаж авч буй тухай гардаг байна. Киноны гол санаа нь германчууд тийм ч амар хялбар хүмүүс биш шүү гэсэн мессеж өгөхөд чиглэжээ. 

Колберг тосгон 1945 оны гуравдугаар сард Оросын цэргүүдэд эзлэгдсэн юм. 

10 Хүн чоно

1945 оны эхэн үед Холбоотнууд Германы зүрхэнд хүрч, тэд хэзээ мөдгүй нуран унахад ойрхон байлаа. Хоол хүнс, шатахууны хангамж багасаж, сургууль цэцэрлэг үүдээ барьж, ном хэвлэгдэхээ больсон ч нацистуудын ухуулга явагдсаар л байлаа. 

Гайхамшигт зэвсгээр дайны давалгааг эргүүлнэ гэсэн санаагаар Геббельс шинэ зүйл сэдэв. Холбоотны армийнхантай тулалдах өөр нэгэн цэргийн салаа бэлэн зогсож байгаа гэсэн ухуулгыг нацистууд явуулж эхэлсэн юм. Үүнийгээ "Хүн чононууд" гэж тэд нэрлэжээ. Германчууд дайн тулаанаас залхаад байсан тул ямар нэг бэлтгэл сургуулилалт, зэвсэг хэрэглэлээр тэднийг бараг хангаагүй аж. Хүн чононууд Аахен хотын даргын аминд хүрсэн гэдгээс өөр бодит баримт байдаггүй. 

Геббельсийн сүүлчийн ухуулга нь харин ч бүр эсрэгээрээ германчуудыг Зөвлөлтийн армийнхны гарт оруулж орхижээ. 

Хүн чоно

6
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()