Эверестийн оргил руу авирсан уулчдад тохиолдсон учир битүүлэг явдлууд

Дэлхийн дээвэр гэгддэг Гималайн нурууны ноён оргил Эверест далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт байдаг. Сүрлэг энэ оргилыг Жомолунгма ч гэж нэрлэдэг. Чухам энэ л өндөрлөгт гарахыг өөрийнхөө амьдралын утга учир, зорилгоо болгосон хүмүүс чамгүй олон. Гэхдээ ийш зүглэх хүмүүсийн аян зам тийм ч дардан байдаггүй билээ. Дэлхийн хамгийн тааварлашгүй нууцыг өөртөө агуулсан Эвересттэй холбоотой сонин хачин мэдээллүүдийг танд хүргэе.

Эверестийн оргил руу авирсан уулчдад тохиолдсон учир битүүлэг явдлууд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Эверест рүү өндөр өсгийттэй авирсан эр

Адал явдал эрэлхийлэгч, өөрийгөө сорих дуртай хүмүүс Гималайн нуруунд авирах нь түгээмэл. Гэхдээ Морис Уильсон (Maurice Wilson) хэмээх англи эр Эверестийн оргилын хойд энгэрт онгоцоор нисэж хүрээд, үлдсэн замыг авирч туулахаар төлөвлөжээ. Тэрээр Их Британид “Gypsy Moth” загварын онгоц жолоодож сурсан байлдагч байв. Гималайд авирахаасаа өмнө Морис Энэтхэгийн Даржилинг сууринд ууланд авирч, хоол сойх зэргээр бэлтгэлээ базааж байв. Өөрийгөө тэрээр маш сайн бэлтгэгдсэн гэж итгэжээ.

Гэвч удалгүй Морис онгоцоор нисэх санаагаа орхиж ууланд өөрөө авирч гарахаар шийдэж гэнэ. Ийнхүү 1934 оны тавдугаар сарын 22-ны өдөр тэр замдаа гарсан боловч амьд эргэж ирээгүй юм. Түүний өдрийн тэмдэглэлээс харахад хамгийн сүүлд тэрээр 30-ны өдөр тэмдэглэл бичжээ. Харин Морисын цогцсыг дараа жил нь олсон байна. Эмэгтэй хүний дотуур хувцас өмссөн байсан нь олныг багагүй гайхашруулсан юм. Харин 1960 онд хятад уулчид Морисын цогцос олдсон газраас холгүйхэн эмэгтэй хүний өсгийтэй гутал олжээ. Хожим Морисыг эмэгтэй хүний дүрд хувирах дуртай байсныг нь олж мэдсэн байна. Тэрээр Гималайн ууланд авирах хүсэлд автахаасаа өмнө Шинэ Зеландад эмэгтэй хувцасны дэлгүүрт ажилладаг байсан гэнэ.  

Эверест рүү өндөр өсгийттэй авирсан эр

2 Алмас

Хамгийн анх алмасын хөлийн мөрийг Гималайн уулнаас олсон гэдэг. Эртнээсээ Балба болон Төвдийн уугуул иргэдийн дунд алмас буюу цасан хүний талаар олон домог яриа гарсаар иржээ. Саяхныг хүртэл алмастай таарсан гэх хүний ярианд хүмүүс итгэдэг байлаа. Энэ бүх ярианаас хамгийн үнэмшилтэй нь Английн уулчин Эрик Шиптон (Eric Shipton) болон түүний судалгааны багийнхны Эверестийн оргил руу авирсан түүх юм. 1951 онд тус багийнхан 6000 метрийн өндөрт авирч байх үедээ алмасын хөлийн мөр олжээ. Энэ нь тухайн үедээ алмас байдаг гэдгийг батлах хамгийн том хөдөлшгүй баримт гэж олон хүн итгэж байв.

Хожим 2009 онд Америкийн телевизийн хөтлөгч Жошуа Гэйтс (Joshua Gates) өөрийн “Үнэний эрэлд” нэртэй телевизийн нэвтрүүлгээ Гималайн нуруунд хийж байхдаа 33 см урт, 25 см өргөн хөлийн мөр олжээ. Ийнхүү шинжээчид уг хөлийн мөрнөөс үл мэдэх биетийн ДНК-г илрүүлжээ.

Алмас

3 Оргил өөд хийсэн анхны авиралт

1924 онд Английн хоёр иргэн Жорж Мэллори (George Mallory), Сэнди Ирвин (Sandy Irvine) нар Эверестийн оргил руу авирсан дэлхийн анхны хүмүүс болохоор аян замдаа гарчээ. Тэднийг оргилоос 200-300 метрийн зайд байхыг дурангаар хамгийн сүүлд харжээ. Гэхдээ Мэллори, Ирвин хоёр буцаж ирээгүй юм. Тиймээс тэднийг Эверестэд гарсан анхны хүмүүс гэдгийг хэн ч нотолж чадахгүй болжээ.

1999 онд Америкийн уулчин Конрад Анкер (Conrad Anker) анхны хоёр уулчны цогцсыг олох эрлийн ажлыг эхлүүлжээ. Тэрээр даалгавраа амжилттай биелүүлж Мэллоригийн хөлдсөн биеийг олсон ч, Ирвиний цогцсыг олоогүй байна. Мөн тэднийг оргил дээр гарсан гэх баримт, тэмдэглэл огт олоогүй гэнэ. Мэллори эхнэртээ хэрвээ оргил дээр гарах юм бол хамт авахуулсан зургаа тэнд тавина гэж амлаж байсан аж. Харин Конрад Мэллоригийн биеэс эхнэртэйгээ авахуулсан зургийг нь олоогүй байна.

Оргил өөд хийсэн анхны авиралт

4 Хоёр дахь авиралт

1952 онд Оросын шинжилгээний баг Эверестийн оргил руу Төвдийн талаас буюу хойд жигүүрээр нь авирч гарахыг оролджээ. Тухайн үед оросууд Эверестийн оргил дээр Ленин болон Сталины хөшөөг сүндэрлүүлэхээр төлөвлөсөн гэгдэж байв. Тэд хамгийн сүүлд 8000 метрийн өндөрт гарсан гэдэг тэмдэглэл байдаг бөгөөд тэд мөн л сураг тасарчээ.

Гэхдээ оросууд дээрх явдлыг огт болоогүй гэдэг юм. Гэсэн ч Оросын уулчин Евгений Гиппенрейтер өөрийн гаргасан нэгэн сэтгүүлд 1952 онд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг оргил өөд авирсан гэж бичжээ.

Хоёр дахь авиралт

5 Гурав дахь оролдлого

1975 оны есдүгээр сард Доугал Хастон (Dougal Haston), Доуг Скотт (Doug Scott) хэмээх англи уулчид Эверестийн оргил өөд авирч байгаад тэндээ нэг шөнө хонох хэрэгтэй болжээ. Тэд өглөө амьд сэрэх үгүйдээ эргэлзсэн ч нүх ухаж дотор нь орж хамтдаа хэвтсэн гэнэ. Удалгүй тэд хүчил төрөгчийн дутагдалд орж, дээр нь өлбөрч үхэх шахжээ.

Ухаан алдаж үхэх гэж байхад нь тэднийг хэн нэгэн тэвэрч дулаацуулсан гэнэ.  Өглөө сэрэхэд хэн ч байгаагүй аж. Эверестэд авирсан олон хүн энэ мэт адилхан зүйл ярьдаг бөгөөд тэдэнд дэм болж, дулаацуулж, бүр оргил өөд гарахад нь тусалсан ч гэж хүмүүс хэлэх нь бий.

Гурав дахь оролдлого

6 Фрэнк Смитийн хачирхалтай яриа

1933 онд Английн уулчин Фрэнк Смит (Frank Smythe) Эверестийн оргил руу гарах анхны оролдлогынхоо үеэрээ 8565 метрийн өндөрт гараад хачин жигтэй зүйл харсан байна.

“... тэнгэрт хоёр зүйл нисэж байхыг би харсан. Тэд бөмбөлөг шиг хэлбэртэй мөртлөө далавчтай байсан. Тэд маш удаан хэрнээ ийш тийш нисэж байлаа” гэж хэлсэн юм.

Энэ явдлаас өмнө Смитийг уулын энгэрт авиралт хийж байхад хажууд нь нэгэн юм нисээд, ажиглаад байгаа мэт санагдсан гэнэ. Хажууд нь үл үзэгдэгч хүн яваад байгаа юм шиг санагдсан учраас хоолоо хүртэл хувааж өгсөн гэнэ. Тэр нь чухам юу байсан юм бол?

Фрэнк Смитийн хачирхалтай яриа

7 Хэн нь түрүүлж Эверестийн оргил дээр гарсан бэ?

Мэллори, Ирвин, Оросын уулчдын хэн нь ч уулын оргил дээр гарсан гэх нотолгоо байхгүй. Гэхдээ Эверестийн оргил руу хамгийн анх гарсан Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари (Edmund Hillary) болон Балбын уулчин Шерпа Тэнзин Норгэй (Sherpa Tenzing Norgay) хоёр яг хэн нь түрүүлж оргил дээр гарсан тухайгаа нууцалж, хоёул нэгэн зэрэг гарсан гэж олон нийтэд мэдэгдэх гэрээ байгуулжээ.

Тэдний авиралтын дараа Балбын нийслэл Катманду хотод өөрийн орны иргэн Тэнзинийг түрүүлж гарсан гэх суртал ухуулгын зурагт хуудас цацагдаж байв. Тус зурагт хуудсанд Хилларигийн олс байнга гацаж байсан тул Тэнзин түүнд удаа дараа тусалж байсан, яах аргагүй Тэнзин түрүүлж гарсан гэж бичсэн байв. Хожим Тэнзин ч мөн хоёр хүүдээ өөрийгөө түрүүлж оргил дээр гарсан гэж нууцаар хэлсэн байна.

Тэнзинийг нас барснаас хойш 17 жилийн дараа Хиллари мэдэгдэл хийхдээ "Бид өглөө 06.30 цагт замдаа гарсан. Бид бие биетэйгээ олсоор холбогдсон байсан юм. Тэнзин миний ард явж байсан. Бид хэзээ ч хэн нь түрүүлж оргилд гарах талаар ярилцаагүй. Учир нь бид багийн хүчээр уулын оргил өөд авирсан юм. Гэхдээ би түрүүлж оргил дээр гарсан. Тэнзин миний ард гурван метрийн зайд явж байсан” гэж хэлсэн юм.

Тэнзин нас барсан байсан учраас Хилларигийн хэлснийг үгүйсгэж эсвэл баталж чадаагүй. Гэхдээ өнөөг хүртэл Эверестийн оргил дээр Шинэ Зеланд бус, харин балба хүн түрүүлж гарсан гэж  дэлхий нийтээрээ итгэдэг.

Хэн нь түрүүлж Эверестийн оргил дээр гарсан бэ?

8 Эверестийн сүнс

2004 оны тавдугаар сарын 21-ний өдөр Балбын иргэн Шерпа Пемба Дорже хэмээх залуу 8 цаг 10 минут авирч, Эверестийн оргил дээр гарч чадсан бөгөөд тус оргил руу хамгийн богино хугацаанд авирсан дэлхийн анхны хүн болжээ. Үүнээс гурав хоногийн дараа буюу 24-ний өдөр Эверест рүү өмнөд хэсгээс нь дахин гарч байхдаа тэрээр хөлдөж үхсэн олон хүний цогцостой таарчээ. Энэ үед тэрээр сүнстэй таарсан гэнэ.

“Хэсэг авирсны дараа над руу хар сүүдэртэй сүнс ойртож байхыг би харсан. Над руу гараа сунгаад идэх юм хүсэх шиг болсон. Миний бодлоор Гималайн ууланд авирч байгаад осолдож нас барсан хүмүүсийн сүнс байх. Олстой авирч байгаад хөл алдан унаж нас барсан хүмүүсийн цогцос одоо хэр нь олсноосоо дүүжлээстэй байдаг” гэж Пемба хэлсэн юм.

Гималайн ууланд амьдардаг нутгийн иргэд ууланд осолдож нас барсан хүмүүсийн биеийг оршуулах хүртэл тэдний сүнс ууланд хоргодсоор байдаг гэж итгэдэг. Гималайд авирч байгаад осолдсон хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон гэнэ.

Эверестийн сүнс

9 Эверестэд авирахаасаа өмнө хорвоог орхисон Ули Штек

2017 оны дөрөвдүгээр сард Шведийн уулчин Ули Штек (Ueli Steck) хэмээх залуу Эверестийн оргил өөд авирахаасаа өмнө бэлтгэл хийж байхдаа нас баржээ. Тэрээр маш чадварлаг нэгэн төдийгүй уулчид дундаа Майкл Жордан (Michael Jordan)-д тооцогддог байсан гэнэ. Түүнийг түүхэн дэх хамгийн хурдан, чадварлаг уулчин байсан гэлцдэг. Гэтэл ийм чадварлаг уулчин Эверестийн оргил өөд авирахаасаа өмнө яагаад нас барсан юм бэ гэж та асуух байх.

Тэрбээр бэлтгэл хийж байхдаа хөл алдан унасан юм байна. Тухайн бэлтгэл хийж байсан Гималайн ууланд Ули Штек өмнө нь авирч байсан туршлагатай юм. Мөн тэр хэсэг жуулчид ч саадгүй авирч болох газарт тооцогддог. Олон улсын уулчдын холбоо чадварлаг нэгэн гишүүнээ чухам юуны улмаас нас барсан талаарх нарийн шалтгааныг олж мэдэхийг хүссэн боловч одоо хэр нь хариулт аваагүй юм.  

Эверестэд авирахаасаа өмнө хорвоог орхисон Ули Штек

10 2017 онд болсон дуулиан

2017 оны тавдугаар сарын 22-ны өдөр Эверестийн амралтын баазаас холгүйхэн нэгэн майхнаас дөрвөн цогцос олжээ. Тэднийг өндрийн өвчнөөс болж нас барцгаасан гэдэг. Гурав хоногийн өмнө Эверестийн ууланд нас барсан Словакийн уулчны цогцсыг авч явсан хүмүүс тэднийг олсон байнажээ. Гэхдээ тухайн үед ууланд авирахаар бүртгүүлсэн хүмүүсээс алга болсон хүн байгаагүй нь хачирхалтай. Ийнхүү тэр дөрвөн хүн хэн байсан тухай дуулиан дэгдсэн юм.

Балбын аялал жуулчлалын яамнаас дээрх үйл явдалтай холбоотойгоор хийсэн мэдэгдэлдээ нас барсан дөрвөн хүнийг 2016 онд алга болсон хүмүүс гэж хэлсэн байна. Гэсэн ч тэд 2016 онд ууланд авираад осолдсон, эсвэл алга болсон хүмүүсийн тоонд багтаагүй аж. Ийнхүү одоо хэр нь тэдний хэн байсныг олж мэдээгүй хэвээр байгаа юм.  

2017 онд болсон дуулиан

17
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()