Одоог хүртэл олдоогүй байгаа сураггүй алга болсон хүмүүс

2018-08-07, 15:38
4,700

Дэлхийн хэмжээнд жилд найман сая хүүхэд алга болдог гэсэн статистик тоо баримт байдаг. Тэдгээрийн ихэнх нь аав ээждээ эсэн мэнд буцаж ирдэг ч тодорхой хувь нь сураггүй алга болдог гэнэ. Насанд хүрсэн хүмүүс ч сураггүй болох тохиолдол цөөнгүй гардаг. Жишээ нь, АНУ-д л гэхэд сураггүй бологсодтой холбоотой 100 мянга гаруй хэрэг бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээрийн 60 орчим хувь нь 18-аас дээш насныхан аж. Энэ удаа бид танд Америк болон Канадад ор сураггүй алга болсон 10 хүний талаар танилцуулах гэж байна. 

Одоог хүртэл олдоогүй байгаа сураггүй алга болсон хүмүүс

1 Ямар ч ул мөргүй алга болсон Мелани Мелансон

14 настай Мелани Мелансон 1989 оны аравдугаар сарын 27-нд Вобурны модон дунд болсон үдэшлэгт оролцжээ. Энэ нь 20 орчим хүүхэд оролцсон жижиг хэмжээний цуглаан байв. Үдэшлэг дууссаны дараа оройн 23.00 цагийн орчимд Мелани танихгүй хоёр хөвгүүнтэй хамт ойд байгаа харагджээ. Гэхдээ хөвгүүдийг харихаар явах үед Мелани тэдэнтэй цуг байгаагүй гэнэ.

Гэр бүлийнхэн нь болон цагдаа нар охиныг тэр шөнөө ой модонд бусдад хорлогдсон гэж үзэж байгаа аж. Хэд хэдэн удаа энэхүү газрыг шалгаж үзсэн боловч ямар нэг сэжүүр илрээгүй байна. 

Ямар ч ул мөргүй алга болсон Мелани Мелансон

2 Хүүгээ эх нь санаатайгаар төөрүүлсэн үү?

2011 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Жулиа В.Бирюкова (Julia V. Biryukova) өөрийн хоёр настай хүү Скай (Sky)-г Вашингтоны "Overlake Hospital Medical Center" эмнэлэгт үзүүлэхээр авч явжээ. Машинд бас түүний дөрвөн настай охин цуг явсан гэнэ. Гэтэл машиных нь бензин дууссан  гэж бүсгүй хүүхдүүддээ хэлээд машинаа зогсоосон байна. 

Жулиа Скайг машиндаа үлдээгээд, охиноо тэврэн шахахуун түгээгүүрийн газар олохоор 1.6 км газар алхжээ. Гэхдээ колонк дээр очоод бензин авалгүй найз руугаа залгаад тэднийг ирж авахыг хүссэн байна. Цаг орчмын дараа машин дээрээ эргээд ирэхэд нь Скай алга болсон байжээ. 

Цагдаа нар түүний машины бензин дуусаагүй, хэвийн ажиллаж байгааг шалгаж мэдээд Жулиаг сэжиглэж эхэлсэн байна. Тэр өглөөний 09.50 цагт цагдаа руу залгаж, хүүгээ алга болсныг мэдэгдсэн ч гэрчүүд түүний машиныг 08.00 цагийн үед хүүхэдгүй явж байхыг нь харсан гэж мэдүүлэг өгчээ. Үүнээс гадна Жулиа цагдаатай шууд харилцахаас татгалзсан юм. Мөн мөрдлөгийн  үеэр Жулиа хүүхдүүдээ харах хүнгүй үлдээдэг, заримдаа бүр 11 цагийн турш гэртээ ирдэггүй байсныг илрүүлсэн байна. Хачирхалтай нь Жулиаг хэзээ ч сэжигтнээр татаж, байцаагаагүй аж. 

Хүүгээ эх нь санаатайгаар төөрүүлсэн үү?

3 Үдэшлэгт яваад сураггүй болсон Мэдисон Скотт

2011 оны тавдугаар сарын 28-нд Канадын иргэн, 20 настай Мэдисон Скотт (Madison Scott) найз нарынхаа хамт Хогсбак нуурын ойролцоо үдэшлэгт оролцохоор явсан аж. Тэрээр бага зэрэг оройтож очсон бөгөөд үдэшлэг тарах үед Мэдисон машиныхаа хажууд майхан барьж хонохоор үлдсэн байна.

Харин хоёр хоногийн дараа Мэдисон гэртээ ирээгүй тул эцэг эх нь түүнийг хайхаар нуур руу явжээ. Тэд охины машины хажууд майхан нь нурсан байсныг олсон бөгөөд машин дотроос нь түрийвчнээс өөр зүйл юу ч олоогүй гэнэ. Түүний гар утас, машины түлхүүр байхгүй байжээ. 

Мэдисон "Нулимсаар дүүрсэн зам" буюу өмнө нь тэнд хүн алга болж, аллага гарч байсан 16 дугаар хурдны замын ойролцоо ийнхүү сураггүй болжээ. Түүнд чухам юу тохиолдсоныг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм.

Үдэшлэгт яваад сураггүй болсон Мэдисон Скотт

4 Гэрээслэл үлдээгээд явсан Гренжер Тэйлор

1980 оны арваннэгдүгээр сарын 29-ний үдэш Канадын Дункан хотод амьдардаг 32 настай Гренжер Тэйлор (Granger Taylor) эцэг эхдээ захидал бичээд сууж байв. Захидалдаа тэрээр салах ёс хийсэн утгатай зүйлс бичсэн бөгөөд гэрээ орхиод зүүдэнд нь үзэгдсэн харь гаригийн онгоцонд сууж 42 сарын турш сансраар аялна гэсэн байв. Мөн тэрээр өөрийн бүх эд хөрөнгөө тэдэнд үлдээж байна гэж бичжээ. Захианыхаа ард тэр нэгэн хачирхалтай газрын зургийг бас зурсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр Гренжер Тэйлор хамгийн сүүлд ойролцоох хоолны газарт явж байгаа харагдсан аж. 

Тэрээр сураггүй алга болохоосоо өмнө өөрийн дуртай сансрын хөлгөө бодит хэмжээтэй бүтээж, үргэлж тэндээ унтдаг байжээ. Маш ухаалаг хэдий ч ичимхий, этгээд зантай энэ залуу ягаан өнгийн ачааны машин унадаг байсан аж. Мөн Тэйлор гарын дүйтэй, юу л бол юуг засах чадвараараа алдартай байв. 

1986 оны гуравдугаар сард Тэйлорын гэрийн хажууханд байдаг Превост уулын орчимд дэлбэрэлт үүсэж, хүний араг яс олджээ. Тэйлор модны хожуул дэлбэлэх зорилгоор ачааныхаа машинд динамит авч явдаг байсан бөгөөд цагдаа нар олдсон ясыг түүнийх хэмээн дүгнэсэн юм. Гэхдээ цагдаа нарын энэ таамагт Тэйлорын дотны найзууд итгэдэггүй. Тэр орой чухам юуны тулд гэрээсээ гарсан нь одоо хүртэл нууц байсаар байна. 

Гэрээслэл үлдээгээд явсан Гренжер Тэйлор

5 Ребекка Паулин Гэри хүүдээ гомджээ

АНУ-ын Луйзана мужийн оршин суугч 12 настай Жэйми Виллиамс (Jamie Williams) ээжийгээ гомдоох зүйл хэлсэндээ одоо ч харамсаж явдаг гэнэ. Энэ явдал одоогоос 30 жилийн өмнө болжээ. 1988 оны Зул сарын баяраар Жэйми эмээгийнх рүүгээ явахаар болж, ээж Ребеккагаа хамт яваач гэж ятгаж, улмаар тэд маргалдсан байна. Ээж нь хүүтэйгээ хамт явахаас дургүйцсэн аж. Тиймээс Жэйми автобусанд суумагцаа "Би таныг үхээсэй гэж хүсэж байна" хэмээн чангаар хашгирсан бөгөөд энэ нь түүний ээждээ хэлсэн хамгийн сүүлчийн үг байжээ. 

Зул сарын баяраар ч хүү ээжтэйгээ утсаар яриагүй гэнэ. 1989 оны нэгдүгээр сар дөнгөж гармагц Ребеккагийн байр түрээслэгч гэрт нь очиж хаалгыг нь тогшиход хэн ч тайлсангүй. Ребекка хаа нэг тийш явах гэж байсан мэт эд зүйлсээ боож багласнаас гадна ваннанд ус дүүргэж орхисон байжээ. Харин Ребекка тэнд байсангүй. 

Байрны эзний шаардлагаар Ребеккагийн ах байрыг сулласан бөгөөд энэ явцдаа чухал нотлох баримтуудыг устгасан байх магадлалтай. Жэйми одоо хүртэл ээжийгээ эрж хайсаар байгаа гэсэн. 

Ребекка Паулин Гэри хүүдээ гомджээ

6 Тоглолт үзэхээр яваад эргэж ирээгүй Дэйл Динвидди

1992 оны есдүгээр сарын 24-нд 23 настай Дэйл Динвидди (Dail Dinwiddie) Колумбиа дахь Виллиамс-Брайс цэнгэлдэх хүрээлэнд болсон "U2" хамтлагийн тоглолтыг үзэхээр явжээ. Тоглолт дууссаны дараа тэрээр найзуудынхаа хамт "Five Points" бааранд орсон гэнэ. Шөнийн 01.00 цагийн орчимд найз нар нь түүнийг байхгүй байгааг нь анзаарчээ. Гэртээ харьсан байх гэж бодсон найзууд нь тэр үед төдийлөн тоогоогүй өнгөрсөн байна. 

Дэйлийг хамгийн сүүлд харсан хүн нь баарны бүжигчин  гэнэ. Тэр гарахынхаа өмнө түүнтэй салах ёс хийжээ. Дэйлийг үүнээс хойш хэн ч хараагүй, мөн түүний талаар ямар ч сураг чимээ гараагүй байна. Эцэг эх маргааш өглөө нь цагдаад мэдэгдэж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. "U2" хамтлагийнхан хүртэл хоёр долоо хоногийн дараа болсон тоглолтынхоо үеэр түүний зургийг том дэлгэцэн дээр тавьж, эрэн хайх ажиллагаанд оролцжээ. 

Өнөөдрийг хүртэл Дэйлийн эцэг эх цагдаа нартай холбоотой байж, охинд нь юу болсон талаар олж мэдэхийг хүссэн хэвээр байгаа юм. Түүнийг алга болсноос хойш цагдаа нар 1000 гаруй сэжигтэнг тодруулж, шалгаж үзсэн боловч үр дүнд хүрээгүй тул хэргийг эцэслэн хаагаагүй аж. 

Тоглолт үзэхээр яваад эргэж ирээгүй Дэйл Динвидди

7 Кателин Акенс ганцаараа байхыг хүссэн үү?

2015 оны арванхоёрдугаар сарын 5-нд 19 настай Кателин Акенс (Katelin Akens) Аризона дахь гэр рүүгээ буцахаар Роналд Рейганы онгоцны буудал дээр нислэгээ хүлээж байжээ. 

Кателиний ээж өдрийн 01.50 цагийн орчимд "Онгоцны буудал дээр байна. Утасны цэнэг бараг дуусаж байна" гэсэн зурвас түүнээс хүлээн авсан аж. Харин оройн 19.15 цагт "Ганцаараа байхыг хүсэж байна" гэсэн зурвас ээждээ илгээснээр охиныг гэртээ хариагүй болохыг нь олж мэджээ. 

Цагдаа нар түүнийг хайж эхлээд, нисэх буудлаас 80 км-ийн зайтай газраас Кателиний ачааг олсон байна. Түүний утас, зарим хувцас нь байхгүй байсан ч хэтэвч, онгоцны тасалбар нь олджээ. Цагдаа нар хойд аавыг нь сэжигтнээр татан шалгасан боловч нотлох баритгүйн улмаас суллажээ. Охин үхсэн, амьд эсэхийг одоо хүртэл тогтоож чадаагүй байгаа гэнэ. 

Кателин Акенс ганцаараа байхыг хүссэн үү?

8 Алдагдсан охин Ёханна Сир

1978 оны наймдугаар сарын 13-нд 18 сартай Ёханна Сир (Yohanna Cyr) Монтреал дахь гэрээсээ алга болжээ. Түүний ээж Лилиан энэ үед гэртээ байгаагүй бөгөөд охиноо найз залуугийнхаа асрамжинд үлдээсэн байсан аж. Найз залуу нь охин алга болсон талаар ойлгомжгүй зүйлс ярьжээ. Харин Ёханнаг алга болдог өдөр найз залуу нь том төмөр хайрцаг өргөөд явж байхыг нэгэн эмэгтэй харсан аж. 

Хамгийн хачирхалтай нь түүний найз залууг цагдаа нар огтхон ч сэжигтнээр татаагүй бөгөөд охин одоо хүртэл олдоогүй аж. 2016 оны наймдугаар сард Лилиан руу өөрийгөө түүний охин байж магадгүй гэсэн нэгэн бүсгүй холбогджээ. ДНХ-ийн шинжилгээ хийлгэхэд түүний охин биш гэдэг нь тогтоогдсон юм. 

Алдагдсан охин Ёханна Сир

9 Тамми МкКормик Флорида руу зугтсан уу?

1986 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Нью-Йоркийн Саратога Спрингст амьдардаг 13 настай Тамми МкКормик (Tammie McCormick) охин алга болжээ. Тэрээр энэ өдөр сургуулийнхаа автобуснаас хоцорсон бөгөөд эгчдээ замаасаа унаа олоод сургуульдаа оччихно гэж хэлсэн байна. Харамсалтай нь охин сургуульдаа очоогүй төдийгүй дахин хэн ч түүнийг олж хараагүй юм.  

Түүний ээж охиноо найзындаа очсон байж магадгүй гэж бодоод хоёр өдрийн дараа цагдаа нарт мэдэгдсэн байна. Охины найзуудаас мэдүүлэг авахад Тамми өмнө нь Флорида руу зугтах төлөвлөгөөтэй байсан талаар нь цухас дурджээ. 

2011 онд цагдаа нар Тамми охиныг Артур Мэйсон Слэйбау (Arthur Mason Slaybaugh) гэх хүн хөнөөсөн гэсэн мэдэгдэл хийсэн бөгөөд зарим гэрч тэднийг бие биенээ мэддэг байсан, алга болсон өдрөө түүний гэр рүү явсан байж болох юм гэж мэдүүлжээ. Хэрвээ тэр үнэхээр алуулсан бол ямар нэг нотлох баримт байх ёстой. Гэтэл шалгалтаар сэжигтний гэрээс ямар нэг сэжигтэй зүйл олдоогүй аж.

Тамми МкКормик Флорида руу зугтсан уу?

10 Стэйси Анн Аррас гэнэтхэн алга болжээ

1981 оны долдугаар сарын 25-нд Стэйси Анн Аррас (Stacy Ann Arras) аавтайгаа хамт Калифорнийн Ёосемитэ цэцэрлэгт хүрээлэн дэх "Sunrise High Sierra Camp"-д түр буудаллажээ. Тэд морьтой явж байсан бөгөөд морьтой өөр хүмүүс ч тэнд цөөнгүй байсан гэнэ. 

Тэднийг камп руу ормогц Стэйси ойролцоох нуурын дэргэд очиж зураг авч болох эсэхийг ааваасаа асуусан байна. Аав нь харин 14 настай охинтойгоо хамт явахаар шийдээд, алхах замдаа ядарсан тул амрахаар үлджээ. Охин түүнийг орхиж яваад, бүр мөсөн алга болжээ. Цагдаа нар мөрдлөг хийсний дараа түүний камерны линзийг л олсон бөгөөд охин ор сураггүй болжээ. Стэйсигийг түүхийг алга болсон хүмүүсийн нарийн түүхийг түүвэрлэн гаргасан "Missing 411" хэмээх номонд оруулсан байна.

Стэйси Анн Аррас гэнэтхэн алга болжээ

7
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()