Сурталчилгаа (15)
Хаах

Тяньаньмэний талбайд болсон цуст хядлагын тухай аймшигт 10 баримт

2018-08-10, 16:54
11,180

Тяньаньмэний талбайд 1989 онд болсон хүйс тэмтрэлт бол Хятадын ард иргэдийн мартахыг хүсдэг аймшигт үйл явдал билээ. Оюутнууд эрх чөлөө, шударга ёс, авлигын эсрэг үй олноороо цуглан тайван жагсаал эхлүүлсэн боловч хожим энэ нь цус асгаруулсан аймшигт аллага болон хувирч, түүхийн нэг хар толбо болон үлдсэн юм. Тэгвэл бид танд энэ үйл явдлын талаарх хүмүүсийн тэр бүр мэддэггүй баримтуудыг орчуулан хүргэж байна.

Тяньаньмэний талбайд болсон  цуст хядлагын тухай аймшигт 10 баримт

1 Цагдаа нар Синьхуа хаалганы өмнө 300 оюутныг зодсон

Тяньаньмэний талбайд хядлага болохоос сарын өмнө Хориотой хотын Синьхуа хаалганы өмнө цагдаа хүчнийхэн жагсагчдад анх хүч хэрэглэжээ. Бээжинд байдаг бүх их сургуулийн оюутнууд эсэргүүцлээ илэрхийлэхээр цугласан бөгөөд ойролцоогоор 10 мянга гаруй залуус бүгд нэгэн дуугаар “Ардчилал мандтугай!” хэмээн хашгирч, Ерөнхий сайд Ли Пен (Li Peng)-ийг гарч ирэхийг шаардаж байв.

Энэ үед эмх журам сахиулахаар гарч ирсэн цагдаагийн 1000 гаруй алба хаагч тухайн цуглааныг удирдаж байсан гол 300 хүнийг бүсэлж авчээ. Энэ үед бүх зүйл хяналтаас гарч, бүслэгдсэн хэдийгээ аврахаар оюутнууд цагдаагийнхан руу чулуу шидэцгээжээ. Эхэндээ хууль сахиулагчид иргэдэд хүч ашиглахгүй байх тушаалтай байсан авч удалгүй өөрчлөгдсөн аж.

Албаны хүмүүс оюутнуудыг сургуулийнх нь дотуур байранд нь хүргэхээр Синьхуа хаалга руу том автобус явуулсан ч 300 гаруй оюутан эсэргүүцсэн байна. Тиймээс тэднийг цагдаагийн албан хаагчид нэвширтэл зодож, цус нөжтэйгөө холилдсон чигт нь автобусанд чихэж суулгасан байна. Ийнхүү тайван жагсаал хурцадмал болох эхний суурь тавигджээ.

Цагдаа нар Синьхуа хаалганы өмнө 300 оюутныг зодсон

2 Босогчид цэргүүдэд хоол авчирсан

Синьхуа хаалганы урд болсон бусармаг явдлын дараа ч босогчид цэргүүдтэй хүндэтгэлтэй харьцаж байв. Зарим нь цэргүүдэд хоол хүртэл хийж авчирч өгч байсан гэдэг.

Тавдугаар сарын 19-ний өдөр буюу жагсаал цуглаан эхлүүлснээс хойш нэг сарын дараа Хятадын Засгийн газар жагсаалд оролцож байгаа оюутнуудыг хянуулахаар зэвсэгт хүчнээ илгээжээ. Цэргүүд босогчдыг хянахын тулд хүмүүсийг бүсэлж, хойш түрэх даалгавартай байв. Тэгтэл эсрэгээрээ цэргүүдийг хойш түрж эхэлсэн ч тухайн үед тэдний жагсагчдад хор хөнөөл учруулж, хүч хэрэглээгүй юм.

Нэгэн цэргийн албан хаагч өөрийн дурсамж яриандаа “Бидэнд оюутнуудыг муу хүмүүс гэж хэлж байсан ч тэд харин ч сайхан сэтгэлтэй хүмүүс байсан” гэж ярьжээ. Хожим тэр цэргүүд энгийн иргэд рүү гал нээнэ гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ.

Босогчид цэргүүдэд хоол авчирсан

3 Хүч хэрэглэхээс татгалзсан генералыг баривчилсан

Намын удирдах албан тушаалтнууд босогчдыг дарахаар цэргийнхнийг явуулахаасаа өмнө цэргийн удирдах албан тушаалтнуудад өөрийн иргэд рүүгээ хүч хэрэглэх шаардлага гарвал эргэлзэх зүйлгүй тушаалыг гүйцэтгэ гэж тушаасан байна.

Тэдний дундаас генерал Шу Чиншиан (Xu Qinxian) эсэргүүцсэн бөгөөд үүнийхээ хариуд шийтгэл хүлээжээ. Өөрийг нь ямар ирээдүй хүлээж байсныг мэдсэн ч тэрээр иргэдийнхээ өмнөөс гал нээхгүй гэсэн байр сууриндаа бат зогссон юм. Ийнхүү Шу Чиншиан Бээжин рүү дахин хэзээ ч нэвтрэхгүй байх мөн таван жил хорих ял сонссон ажээ.

Хүч хэрэглэхээс татгалзсан  генералыг баривчилсан

4 Цэргүүдэд гал нээх тушаал огт өгөөгүй байсан

Засгийн газрын гишүүд цэргүүдэд хамгийн анх гал нээх тушаал өгсөн эсэхээ нууцалдаг. Цэргүүдийг хүн буудсан тохиолдолд ямар ч хуулийн хариуцлага ногдуулахгүй гэж хэлсэн байна. Эцсийн бүлэгт цэргүүд өөрсдөө гал нээх санаачилгыг гаргасан гэж хэлээд өөрсдөдөө бүх бурууг хүлээсэн байдаг. Гэсэн ч зарим цэргүүд гал нээж айлгаснаас биш хүн огт буудах зорилго байгаагүй гэж хэлжээ. Хүн алах зориг байлдагч бүрт байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ гал нээж айлгасан цэргүүд рүү хүмүүс чулуу, тоосго шидэхэд уурласандаа тэд гал нээсэн тохиолдол ч бий.

“Хэн ч бидэнд зайлшгүй гал нээ гэж тушаагаагүй. Бид зүгээр л хүмүүсийг айлгахыг хүссэн. Гэтэл зарим цэргүүд уурласандаа замдаа таарсан бүх хүнийг буудаж байсан” гэж нэгэн цэрэг дурсан ярьсан юм.

Ийнхүү Тяньаньмэний хядлага жинхэнэ утгаараа эхэлжээ.

Цэргүүдэд гал нээх тушаал огт өгөөгүй байсан

5 Танкууд амьд хүний дээгүүр гарч байв

Тяньаньмэний талбайн хядлага эхлэх үед үймээн самуун гарсан ч талбай дээр цөөн хүн үлджээ.  Засгийн газраас хийн бөмбөг, гал нээж, танк явуулах тушаал өгөхөд хүн бүр амь тэмцэн зугтсан юм. Хэчнээн хол зугтсан ч цэргүүд тэдний хойноос хөөн гүйцэж, буудан хороож байв.

Нэг оюутан тэр үед юу болсон талаар ийнхүү өгүүлжээ. Үймээн эхлэхэд түүний хоёр найз цэргүүдийн нүдэн өртөхгүйн тулд юу ч болоогүй мэт тайвнаар гэр рүүгээ алхсан байна. Гэтэл танктай цэргүүд хүрч ирээд тэднийг шууд дайрч алжээ. Нэг найз нь газар дээрээ нас барсан бол нөгөөхийнх нь хөл, бөгсөн биеийг бяцалсан байна. Ийнхүү тэр оюутан насаараа тахир дутуу болсон гэнэ.

Танканд нийт 11 оюутан даруулж үхсэн гэдэг бөгөөд Фан Жэн (Fang Zheng) хэмээх нэг залуу үүнийг баталжээ. Тухайн үед тэрээр танканд дайруулах гэж байсан охиныг аварч байгаад нэг хөлөө танканд даруулж алджээ. Залуу зээрэнцэг шидэгч тамирчин байсан аж. 

Танкууд амьд хүний дээгүүр гарч байв

6 Танк эвдэлсэн бүлэг хүмүүс

Тяньаньмэний хядлагын үеэр нэг танк замаасаа хазайж, жолоодлогоо алдахад хэсэг бүлэг хүмүүс хойноос нь хөөжээ. Танкны жолооч аль болох олон хүний замаас гарах гэж хичээсэн ч санаандгүйгээр хэсэг босогчдыг дайрч алсан аж. Иймд хүмүүс маш ихээр бухимдаж, танкан дээр гарч жолоочийг үхтэл нь зодоод, танкийг галдан шатаасан байна. Бусад танкчид энэ үед хэтэрхий хол байсан тул энэ явдлыг тэр мөчид мэдээгүй юм. Гэхдээ ийм зүйл болсныг мэдээд босогчид руу илүү хүчтэй гал нээсэн байна.

Танк эвдэлсэн бүлэг хүмүүс

7 Чөндү хотод үүнээс ч илүү аймаар зүйл болсон

Хэдий түүхэнд энэ хядлагын нэрийг Тяньаньмэний талбайд болсон гэдгээр нь хамаатуулж нэрлэдэг боловч энэ үеэр Чөндү хотод үүнээс ч илүү хэрцгий явдал болсныг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Чөндү хотын Тяньфүгийн талбайд ч мөн эхэндээ тайван жагсаал болж байсан боловч Бээжинд юу болж байгааг иргэд мэдсэний дараа бүх зүйл өөрчлөгджээ. Тяньфүгийн талбайг бага Тяньаньмэн ч гэж нэрлэх нь бий.

Чөндүгийн гудамжаар босогчид “Зургадугаар сарын 4-ний хядлага”, "Бид үхэхээс айхгүй” бичигтэй ухуулгын дарцагт сурталчилгаа нааж байв. Мөн тэд цагдаа нар руу чулуу шидэж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Хариуд нь цагдаагийн албан хаагчид нулимс асгаруулах хий шүршиж, бүх зүйл замбраагүй болж эхлэв.

Энгийн иргэд цагдаа нарын хооронд хүчтэй мөргөлдөөн болж, бие биенээ үхтэл нь зодож, машинаар дайрч байсан аж. Чөндүгийн бослогын үеэр  1800 хүн бэртэж, найман хүн нас барж мөн маш олон хүн ор сураггүй алга болсон гэнэ.  

Чөндү хотод үүнээс ч илүү аймаар зүйл болсон

8 Гэрэл зурагчид зодуулж, дээрэмдүүлсэн

Бээжингийн бүх гэрэл зурагчид энэ үйл явдлын дүр зургийг хальсандаа үлдээх гэж оролдож байв. Харин үүнд Засгийн газар ихээхэн дургүй байсан юм. Тэд дэлхий нийтэд энэ үйл явдлын баримт болж үлдэх гэрэл зураг үлдээхийг хүсээгүй аж. Тиймээс Олон нийтийн аюулгүй байдлын товчооны албан хаагчдыг (тэднийг зарим үед нууц цагдаа нар ч гэдэг) бүх гэрэл зурагчдыг хянах арга хэмжээ авахуулсан аж.

Доорх зургийг авсан гэрэл зурагчин Чарли Коул (Charlie Cole) зураг авах гэж байгаад бараг амиа алдах шахсан байна. Зочид буудлын дээвэр дээр гарч энэ зургийг авсан бөгөөд түүний араас Олон нийтийн аюулгүй байдлын товчооныхон хөөж гүйцэн, толгой руу нь  цохиж, нэвширтэл зодоод, аппаратыг нь булаан авчээ.

Гэхдээ Чарли камерыг нь өгөхийг тэднээс өвдөг сөгдөн гуйж бүх зургаа өгнө гэж хэлээд хуурамч  хальсаа оронд нь өгчээ. Ингээд зочид буудлынхаа өрөө рүү хар хурдаараа зугтахад, буруу хальс өгснийг нь гадарласан нөхөд мөн л араас нь хөөж паспорт, хальс, камерыг нь булаажээ.

Чарли энэ үед ч жинхэнэ хальсаа авч үлдэж чадсан байна. Ийнхүү дэлхий нийтэд түүх өгүүлсэн аймшигт зургийг тэр хожим дэлгэсэн юм.

Гэрэл зурагчид зодуулж, дээрэмдүүлсэн

9 Олон нийтийн аюулгүй байдлын товчооныхон танкны урд зогсох хүнийг барьсан

Гэрэл зурагчин Чарли Коул танкны урд зогсох хүний зургийг хальсандаа багтаасан цорын ганц хүн биш ээ. Доорх бичлэг дээр тухайн үед яг юу болсон нь илүү тодорхой харагдаж аж.  Өөдөөс нь ирэх 25 танкийн цувааны урд тэр залуу эрэлхэгээр зогссон байна. Гэтэл нэгэн дугуйтай эр ирж түүнийг хойноос нь татаад аваад явж байгаа харагдана. Гэхдээ олон хүн дугуйтай эрийг Олон нийтийн аюулгүй байдлын товчооны нууц албан хаагч гэдэгт итгэлтэй байдаг. Өнөөг хэр нь танкийн урд зогсох энэ эр хэн байсан, үүний дараа түүнд юу тохиолдсон нь тодорхойгүй хэвээр байгаа. 

10 Дэн Сяопин амь үрэгдсэн цагдаа нарыг магтан дуулсан

Тяньаньмэний талбайн хядлагаас хойш дөрөв хоногийн дараа буюу зургадугаар сарын 9-ний өдөр Дэнь Сяопин нас барсан цагдаа, цэрэг армийнхныг “ардын хамгаалагчид” гэж нэрлээд тэднийг хүндэтгэн гүн эмгэнэл илэрхийлэн хэсэг дуугаа хураахыг ард иргэдээс хүсчээ.

Харин цагдаа нарын гарт амиа алдсан энгийн иргэдийг тэрээр “нийгмийн хог шавхруу” гэж нэрлэсэн юм. “Бидний дайсан ямар хэрцгий гэдгийг мартаж болохгүй” гэж Дэн Сяопин хэлсэн ч дайсан гэж чухам хэнийг нэрлэснээ тайлбарлаагүй юм.

Дэн Сяопин амь үрэгдсэн цагдаа нарыг магтан дуулсан

12
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()