Гитлерийг эсэргүүцэгч залуусын түүх

Адольф Гитлер 12 жилийн турш Герман улсыг удирдсан бөгөөд түүний дарангуйлал, харгис дэглэмийн эрин үе дэлхийг бүхэлд нь өөрчилсөн билээ. Маш олон герман хүн Гитлерт хууртагдсан юм. Анхандаа ард түмэн түүнийг урт хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн хямралаас гаргаж, улс орноо дахин агуу гүрэн болгоно хэмээн найдаж байсан ч тэр бүхэн талаар болсон аж. Нацистууд залуу үеийнхэнд тэс өөр ирээдүй өгнө гэж амлахад сая сая хүүхдүүд түүнийг дэмжсэн клуб, бүлэглэлд элсчээ. Гэхдээ Гитлерийн суртал ухуулганд итгээгүй, түүнийг эсэргүүцсэн залуус ч цөөнгүй байсан юм. Энэ талаарх мэдээллийг танд хүргэе. 

Гитлерийг эсэргүүцэгч залуусын түүх
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Хелмуд Хубенер 17-тойдоо цаазлуулжээ

1939 онд Нацистууд гадаадын радионуудыг хориглосон хууль гаргажээ. BBC болон Холбоотны улсын бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авбал цаазаар авна гэж  тэд сүрдүүлдэг байжээ. 

Зураг дээр дунд нь зогсож байгаа хүү болох 16 настай Хелмуд Хубенер (Helmuth Hubener) 1941 онд нууцаар "BBC" радиог сонсох болсон байна. Тэрээр Британийн дайны үеийн тайланг радиогоор сонсон Германыхтай харьцуулж үзээд хууртагдаж байгаагаа олж мэджээ. "BBC"-гээр аль аль талын ялалт, ялагдлыг талаар мэдээлж байхад Германы мэдээгээр зөвхөн өөрсдийн ялалтаа тунхагладаг байв. 

Тэр өөрийн хамгийн сайн найзууд болох зураг дээр байгаа хоёр хүүтэй нууц уулзалт зохион байгуулдаг байжээ. Тэд уулзан радиогийн нэвтрүүлэг сонсдог байсан бөгөөд тэр үед Хелмуд "Алуурчин Гитлер", "Тэд танд худлаа ярьж байгаа гэдгийг та мэдэх үү?" гэсэн гарчигтай өгүүллүүдийг бичсэн байна. 

Хелмуд өгүүллээ сурталчилгааны хуудсан дээр хэвлэж, хоёр найзаараа хаа сайгүй тараалгасан байна. Тэд айлуудын үүдэнд, шуудангийн хайрцагт, утасны бүхээгт хүртэл нааж байсан гэнэ. Эцэст нь тэднийг гурвууланг нь барьж хорьсон бөгөөд 1942 оны аравдугаар сарын 27-нд Хелмудыг 17-хон настайд нь цаазалжээ. 

Хелмуд Хубенер 17-тойдоо цаазлуулжээ

2 "Цагаан сарнай" хөдөлгөөний удирдагч ах дүү хоёр

Ханс Школ хэмээх хүү Гитлерийг дэмжигч залуу үеийнхний бүлэглэлд нэгдэж, 155 хөвгүүнийг удирддаг ахлагч болжээ. Тэрээр мөн ирээдүйн удирдагчдыг бэлтгэдэг багавтар бүлэглэлийг мөн хариуцдаг байсан ч аажим аажмаар энэ бүхнээс холдож эхэлсэн юм. 

1942 онд Ханс болон түүнтэй хамт суралцдаг анагаахын ангийн оюутнууд "Цагаан сарнай" хөдөлгөөнийг эхлүүлжээ. Иргэдийн тархийг угаасан хүчтэй суртал ухуулгын хажуугаар хүмүүст үнэнийг хүргэх гэж оюутнууд хичээсээр байв. Мянга мянган сурталчилгааны хуудсыг гар ажиллагаатай хувилагч машинаар олшруулж, тамгатай дугтуйд хийн, тэд дурын хаягаар илгээдэг байлаа. Гитлер Христийн шашныг устгаж, Нацистын шашнаар солих гэж байна хэмээн Хансын дүү София Школ сэжиглэж, ахынхаа хөдөлгөөнд нэгджээ. 

Ханс болон түүний найзууд фронт дээр ажиллах болсны улмаас "Цагаан сарнай" бүлэглэлийн үйл ажиллагаа түр хугацаанд завсарласан бөгөөд дайны талбарт зүтгэсэн нь германчуудыг сэрээх хүслийг нь тэдгээр залууст улам бүр бадрааж өгчээ. Германы сонин хэвлэл дээр ялалтынхаа талаар магтан дуулж байсан ч үнэн хэрэгтээ ялагдаж байгаа гэдгийг залуус мэдэж байв. Сургуульдаа буцаж ирээд залуус Гитлерийг эсэргүүцэх хөдөлгөөнөө улам бүр идэвхжүүлсэн юм. 

1943 оны хоёрдугаар сарын 18-нд Ханс, София хоёр Мюнхений их сургууль дээр өглөө эрт ирж хуудсаа тараажээ. Бүх хуудсаа тараах гэж улайрсан тэд дээвэр рүү авирч, оюутнуудын дээрээс шидсэн байна. 

Гэвч Нацистын офицер тэднийг зогсоон, барьж хорьжээ. Дөрвөн өдрийн дараа ах дүүсийг цаазалсан юм. Софиягийн сүүлийн үгс нь "Биднээр дамжуулан мянга мянган хүн сэрж, хөдөлж эхлээд байхад бидний үхэл ямар хамаатай юм бэ?" гэсэн байдаг. 

"Цагаан сарнай" хөдөлгөөний удирдагч ах дүү хоёр

3 Дани залуусаас бүрдсэн Черчилль бүлэглэл

1940 онд германчуудыг Дани улс руу дайрахад 14 настай Нуд Педерсен (Knud Pedersen) хүү асар их дургүйцэн уурлаж байжээ. 1941 онд Нуд (дээд эгнээний баруун захад байгаа хүү) болон түүний ангийн долоон сурагч "Aalborg Cathedral" сургууль дээр уулзаж, өөрсдийн баатар гэж үздэг Уинстон Черчиллийн нэрээр нэрлэсэн бүлэглэлээ байгуулжээ.

Тэд өөрсдийн эсэргүүцлээ гэгээн цагаан өдөр цэнхэр будгаар эхлүүлсэн юм. Герман дахь гудамжны шугам, Нацистын удирдагч нарын цэргийн хорооны хашаа зэрэг дээр цэнхэр будаг цацаж, зам заасан тэмдэгнүүдийг эсрэг тийш чиглүүлэх, эвдлэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байв. 

Мөн германчуудаас зэвсгийг нь хулгайлж, тэсэрч дэлбэрэх аюултай болгожээ. Хулгайлсан зэвсгүүдээ тэд сүмийн сургууль дотор нууж, хадгалдаг байсан бөгөөд нацистууд үүнийг нь олж илрүүлээд, бүгдийг нь баривчлан, Нюборг дахь хорих лагер руу явуулсан байна. 

1942, 1943 онд Данийн эсэргүүцлийн үйл ажиллагааны ихэнхийг нь Черчиллийн бүлэглэл зохион байгуулсан байдаг. 1944 он гэхэд Данид нууц үйл ажиллагаа улам ихэссэн байна. Хулгайлсан буу ээвсгээ айлууд хашаандаа булж, нууц сонин дээр дайны талаарх үнэнийг илчлэхэд ард иргэд Германы удирдах албан тушаалтуудын эсрэг жагсаал цуглаанд өргөнөөр оролцох болсон юм. 

Дани залуусаас бүрдсэн Черчилль бүлэглэл

4 Еврейчүүдийн төлөө өөрийгөө зольсон Иринэ Гуд

Иринэ Гуд хэмээх энэ эмэгтэй Нацистын дарга Эдуард Ругемер (Eduard Rugemer)-ийн гэрт амьдардаг гэрийн үйлчлэгч байв. Польшуудын эсэргүүцлийг дэмжигч байсан тэрээр өмнө нь ажилчдын байр байсан барилгын хамгийн доод давхарт 12 еврей хүнийг орогнуулдаг байжээ. 

Найман сарын турш бүх зүйл хэвийн байсан ч ахлагч Ругемер нэг удаа гал тогоондоо гурван еврейтэй таарсан байна. Тэрээр Иринэд нэгэн санал тавьсан бөгөөд өөрийнх нь амраг болбол еврейчүүдийг үлдэж болно гэж хэлсэн аж. Хэдийгээр доромжлуулсан мэт санагдсан боловч бүсгүй саналыг нь хүлээн авчээ. 

Иринэ энэхүү тохиролцоогоо сүмийн номлогчид хэлсэн байдаг. Тэрээр хэдэн жилийн дараа номлогчийн шүүмжлэлийг дурсан ярихдаа "Би түүнийг "Чамд ямар ч сонголт байгаагүй. Хүний амь нас хамгийн чухал" гэж хэлнэ байх хэмээн бодож байсан ч тэр надад "Бүгдийг нь барьж өгөх хэрэгтэй. Чиний амьдрал хамгийн чухал" гэж хэлсэн. Харин би үүнтэй санал нийлэхгүй" хэмээжээ. 

Иринэ Гуд амьдралынхаа сүүлийн 30 жилийг сургуулийн хүүхдүүдэд өөрийн түүхээ ярьж өгөхөөр  АНУ даяар аялж өнгөрүүлжээ. 

Еврейчүүдийн төлөө өөрийгөө зольсон Иринэ Гуд

5 Олон хүн гэртээ орогнуулж, амийг нь аварсан Стефаниа Подгорска

14 настайдаа Стефаниа Подгорска (Stefania Podgorska) Польш дахь еврей гэр бүл Диамантынхантай цуг амьдарч байжээ. Диамантынхан хорих лагерт хоригдох болсон тул Стефаниаг гэртээ амьдрахыг гуйсан байдаг. Стефаниа тэдэнд хоол хүнс хулгайгаар аваачиж өгдөг байсан боловч хатагтай Диамантыг Освенцим лагер руу шилжүүлжээ.

Хэдэн долоо хоногийн дараа нэгэн шөнө Макс Диамант (Max Diamant) хаалгыг нь тогшсон байна. Макс галт тэрэгнээс үсэрч зугтжээ. Хэдийгээр Стефаниа үхлийн ялтай гэдгийг нь мэдэж байсан ч түүнийг гэртээ орогнуулжээ. Түүний ахын сүйт бүсгүй ч бас хорих лагераас оргож, тэдний гэрт ирж нуугдсан бөгөөд богино хугацаанд өөр 11 еврей байшинд ирж амьдарчээ. 

Сүүлийн найман сарын хугацаанд Стефаниа Нацистын удирдагчийн тушаалаар гэртээ хоёр герман сувилагчийг найз залуусынх нь хамт амьдруулсан байна. Еврейчүүд үг дуугүй, анир чимээгүйгээр дайн дуустал  тэднийд орогножээ. Тэд бүгд амьд гарсан юм. 

Дайны дараа Макс Диамант нэрээ сольж Жосеф Бурзмински болгон Стефаниаг өөртэйгөө гэрлэхийг хүссэн байна. Тэд хожим АНУ руу нүүжээ. 

Олон хүн гэртээ орогнуулж, амийг нь аварсан Стефаниа Подгорска

6 Эсэргүүцлийн бүлэглэлийн идэвхтэй гишүүн Диет Эман

Нацистууд Недерландыг эзлэх тэр үед Диет Эман хуримаа хийхээр төлөвлөж байсан гэдэг. Гэтэл цэргүүд еврейчүүдийн хороолол руу дайрч, цонхыг нь хагалан, галдан шатааж байхыг харсан байна. Удалгүй түүний найз нөхөд албан ёсоор нүүлгэн шилжүүлэх тухай захидал хүлээн авчээ. Тэднийг ганцхан чемодан зүйлс авч явахыг зөвшөөрсөн бөгөөд  хорих лагер руу явуулж байгааг нь мэджээ. 

Тэрээр сүйт залуугийн хамтаар тэндээс зугтан Данийн эсэргүүцлийн бүлэглэлд элсэж, еврейчүүдэд нуугдах газар олж өгөх, германчуудаас бичиг баримт, төлбөрийн карт хулгайлах зэрэгт тусалж байв. Мөн тэд Нацистын нутаг дээр онгоцтойгоо унасан нисгэгчдэд туслан хоол хүнсээр хангадаг байжээ. 

1944 оны тавдугаар сард Эман Рэйвнсбрукийн хорих лагер руу ачигджээ. Дөрвөн сар өнгөрсний дараа тэрээр өөрийгөө ямар ч аюулгүй нэгэн хэмээн нацистуудад итгүүлж чадсан бөгөөд сулласан даруйд харин эсэргүүцлийн ажилдаа эргэн орсон юм. 

Эсэргүүцлийн бүлэглэлийн идэвхтэй гишүүн Диет Эман

7 Аймшигт туршилтуудыг биеэрээ амссан Хортенс Даман

Германчууд Бельгийг эзлэхэд Хортенс Даман (Hortense Daman) дөнгөж 14 настай байсан  аж. Тэрээр "La Libre Belgique" буюу "Бельгийг чөлөөл" гэсэн нууц сонин тарааж эсэргүүцлийн ажлаа эхлүүлжээ. Удалгүй тэр маш чухал захидлуудыг улс даяар зөөвөрлөх болсон байна. 

Хортенс маш сайн дамжуулагч байсан бөгөөд ямар ч дарамттай нөхцөлд маш тайван байж чаддаг аж. Мөн германчууд үзэсгэлэнтэй шаргал үст охины царай төрхөнд нь хууртагддаг байжээ. Түүний ээж хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан тул хоол хүнс хүргэж өгөх нэрээр тагнуулын ажлаа явуулахад нь маш сайхан халхавч болдог байв. 

Нэг өдөр өндөгний дор тэсрэх бөмбөг нуун хүргэж өгч байхдаа тэр Германы офицерт шалгуулжээ. Харин бүсгүй түүнд өндөг санал болгоход офицер өндгийг нь аваад, түүнийг явуулсан байна. 

Хортенсийн гэр бүлийнхнийг фашистууд хуурч баривчилсан байна. Түүнийг ээжийнх нь хамт Рэйвнсбрукийн хорих лагер руу явуулсан бол аавыг нь Букенвалд руу цөлжээ. Хортенс шоронд байх үедээ маш аймшигтай туршилтуудын субъект болсон байна. Азаар тэр эцэг эхийнхээ хамт амьд гарч чаджээ. 

Аймшигт туршилтуудыг биеэрээ амссан Хортенс Даман

8 Германаар сайн ярьдаг нь Фернанда Кеуфгенсийг аварчээ

1942 онд Фернанда Кеуфгенс Польш дахь Германы байлдааны зэвсгийн үйлдвэр рүү ажиллахаар томилогдон галт тэргэнд суужээ. Хэрвээ түүнийг явахгүй бол аавыг нь хорино гэж сүрдүүлсэн байна. Фернанда болон өөр гурван хүн хамтдаа Германы хил рүү нэвтрэхээсээ өмнө галт тэрэгнээс үсрэн бууж зугтсан байна. 

Галт тэрэгнээс буугаад Фернанда Бельгийн эсэргүүцлийн бүлэглэлд ажилладаг авга ах Хубертийгээ хайж хөдөө тосгоноор хэдэн зуун километр алхсан байна. Тэрээр эцэст нь ахыгаа олж, өөрийг нь бүлэглэлдээ элсүүлэхийг гуйсан аж. 

Фернанда еврейчүүдийг Бельгиэс оргуулах хуурамч бичиг баримт тараах, хоолны талон өгөх зэргээр тэдэнд тусалдаг байв. Нацистууд түүнийг олон удаа шалгасан байдаг ч бүсгүй германаар сайн ярьдаг байсан учраас тэд түүнд итгээд явуулчихдаг байжээ. 

Германаар сайн ярьдаг нь Фернанда Кеуфгенсийг аварчээ

9 "Swing Youth"-ын залуус

1940 оны гуравдугаар сарын 2-нд Германы цагдаа нар Хамбург дэх нэгэн үдэшлэгийг бусниулжээ. Их Британи болон Америкийн хориотой дуу хөгжмийн аянд бүжиглэж байсан өсвөр насныхныг тэд барьж хорьсон байна. 

"The Swing Youth" бүлэглэлийн залуус нацистуудын амьдралын хэв маягийг үгүйсгэж, Германы үндсэрхэг үзлээс илүү Британи, Америкийн соёлыг илүүд үзэж байгаа нь илт байлаа. Дүрэмт хувцас өмсөж, жагсаалд оролцож, тогтмол нэгэн хэвийн үс засалттай байхаас татгалзжээ. Хэдийгээр "Swing Youth" нь нээлттэй байдлаар нацистуудыг шүүмжлээгүй ч германчууд тэднийг улс оронд нь аюул занал учруулна хэмээн үзжээ. 

"SS"-ийн удирдагч Хэйнрич Химмлер (Heinrich Himmler) тэдгээр залуусыг бүгдийг нь хорих лагер руу явуулах тушаал өгсөн бөгөөд тэдэнд зориулан 1940 онд Морингенд шинэ хорих нээжээ. Харин 1942 онд охидын хорих лагерыг мөн байгуулсан байна. 

"Swing Youth"-ын залуус

10 "Edelweiss Pirates" бүлгэмийнхэн

1930-аад оны үед "Edelweiss Pirates" хэмээх ууланд аялагчдын бүлгэм байгуулагджээ. Тэд ч мөн Нацистын хатуу чанга дүрэм журам, дэг жаягийг дагахаас татгалзаж байв. Гитлерийн залуу үеийнхнийг хамруулсан элдэв арга хэмжээнд оролцохгүйн тулд тэд сургуулиасаа гаржээ. Тэдний ихэнх нь коммунист гэр бүлд өссөн бөгөөд багаасаа л ядуу тарчиг амьдралыг туулсан байна. Мөн дийлэнх нь гэр бүлийнхнийгээ улс төрийн үзэл бодлоосоо болж хоригдож, алуулж байхыг хүртэл харсан аж. 

"Edelweiss Pirates"-ийнхэн Гитлерийг дэмжигч залуустай үргэлж гудамжинд шөргөөцөлдөж, зодолддог байсан юм. Урт үс, тод цамцаар нь тэднийг ялгахад амар байв. Малгай болон цамцныхаа захан дээр "Edelweiss" буюу цагаан уул цэцгийг тэд эмблем болгон хадсан байдаг. 

Дайн хүрээгээ тэлэх тусам тэд эсэргүүцлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болж, нацистын эсрэг суртал ухуулгыг гудамж, барилгын ханан дээр бичин, хоол, тэсрэх бөмбөг хулгайлж эсэргүүцлийн бүлэглэлд өгдөг байлаа. Мөн Германы армийг орхисон хүмүүст орон байр бэлдэж өгдөг байжээ. Нацистуудын хараанд өртсөн л бол өршөөлгүйгээр тэднийг цаазалдаг байсан аж.

"Edelweiss Pirates" бүлгэмийнхэн

12
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()