Сурталчилгаа (15)
Хаах

Түүхэнд нэрээ мөнхөлсөн 10 нинжа

Нинжа нарыг хөлсний алуурчин, эсвэл тагнуулчид гэдгээр нь хүмүүс ихэвчлэн төсөөлдөг. Японы Сенгокугийн эрин (1500-аад оны үе)-ий үед амьдарч байсан тэдний тухай албан ёсны баримтууд цөөн байдаг ч амнаас ам дамжсан домог яриа хэдэн зууны туршид хөвөрсөөр өдийг хүрчээ. Энэ удаад бид бодитоор оршиж, түүхэнд нэрээ үлдээж чадсан 10 нинжагийн тухай мэдээллийг бэлтгэлээ. Гэхдээ зарим мэдээллийн үнэн эсэхэд судлаачид маргаантай байдгийг нуух юун. 

Түүхэнд нэрээ мөнхөлсөн 10 нинжа

1 Кидо Язаемон (Кido Yazaemon)

Кидо Язаемон 1539 оны орчим Ига нинжа нарын нэг болон мэндэлжээ. Тэрбээр Танегашима нэртэй цахиур бууг бүрэн эзэмшсэн нинжа байсан гэдгээр нь япончууд дурсдаг. Энэхүү буу нь нинжануудын дунд их алдартай галт зэвсэг бөгөөд түүний хүн хороох хамгийн гол зэвсэг нь байв. Язаемон нинжа нь 1579 онд феодалын эзэн Ода Нобунагагийн (Oda Nobunaga) амийг хөнөөхөөр завдаж, гал тавьжээ. Гэсэн ч Нобунага зугтааж амжсан бөгөөд уурссан нинжа оронд нь Нобунагагийн долоон хамсаатны амийг нь бүрэлгэсэн гэдэг. 

Кидо Язаемон (Кido Yazaemon)

2 Киригакурэ Сайзо (Kirigakure Saizo)

Мөн л Ига нинжануудын нэг. Нэг удаа Сайзо нэрт жанжин Тоёотоми Хидоёоши (Toyotomi Hideyoshi)-г хороох захиалга авч, унтаж байхад нь жадаар сүлбэхийг завдсан ч оролдлого нь талаар болж эсрэгээрээ Тоёотомигийн бүлэгт бүслэгдэн бууж өгчээ. Ингээд Киригакурэ Сайзо Хидоёошигийн бүлэгт үнэнчээр хүчин зүтгэх болсон гэдэг. Гэхдээ Сайзогийн тухай зарим эх сурвалжуудад, тухайн үед зориуд баригдаж, тагнуул хийсэн гэж бичсэн байдаг.

Киригакурэ Сайзо (Kirigakure Saizo)

3 Томо Сукесада (Tomo Sukesada)

Томо Сукесада нь эртний тулааны урлагийн Кога сургуулийн мастер бөгөөд Том Рью тулааны урлагийн эцэг юм. 1562 оны үед Ода Нобунагагийн даалгавраар Токугава Ияасу (Tokugawa Iyeasu) хэмээгч жанжин Окехазамагийн байлдаанаас амьд үлдсэн Имагава овгийн үлдэгдлийг цэвэрлэх ажиллагааг хийж байлаа. Бууж өгөхийг хүсээгүй Имагавагийн овог эгц цавчим ангалд байрлах Токугава Ияасу мэдлийн Каминогоу харшид нэвтрэн орсон бөгөөд тэнд байсан Ияасугийн гэр бүлийнхнийг барьцаалж, бууж өгөхийг шаардав. Эцэст нь Ияасу 80 Кога нинжаг хөлслөн авч харш руу дайрчээ. Тэрхүү нинжа нарыг Сукесада удирдаж явсан бөгөөд харшид гал гарч, 200 хүн амь үрэгдсэн юм.

Томо Сукесада (Tomo Sukesada)

4 Фужибаяаши Нагато (Fujibayashi Nagato)

Домогт өгүүлснээр Нагато нь Ига нинжануудын хамгийн агуу гурван тулаанчны нэг бөгөөд бүлгийнхээ хоёрдугаар толгойлогч байжээ. Харамсалтай нь түүний тухай баримт тийм ч олон байдаггүй. 1581 онд Ода Нобунага нь Ига болон Кога нинжануудыг хүйс тэмтрэх зорилгоор Ига аймаг руу довтолжээ. Дайралтаас амьд үлдсэн хүмүүс Токугава Ияасугийн боол болсон бөгөөд энэ үеэр Фужибаяаши Нагато үрэгдсэн байна. Хэдийгээр түүний тухай хангалттай баримт байхгүй ч  Нагато нь Бансеншукай хэмээгдэх нинжагийн нууц тулааны урлагийг бий болгосон гэж үздэг. 

Фужибаяаши Нагато (Fujibayashi Nagato)

5 Mочизуки Чиүмэ (Mochizuki Chiyome)

Мочизуки Чиүмэ нь хамгийн алдартай эмэгтэй нинжа юм. Тэрээр язгууртан эмэгтэй байсан бөгөөд Мочизуки Нобумаса (Mozikuchi Nobumusa) хэмээх самурайн эхнэр байсан бөгөөд түүнийг Кога нинжа бүлгийнх байсан гэдэг цуу яриа бий. XVI зууны үед нөхрөө дайнд явсны дараа Mочизуки Чиүмэ нөхрийнхөө авга ах Такеда Шинген (Takada Shingen)-ий удирдлага дор эмэгтэй тагнуулчаар бэлтгэгдэж сурсан байна. Үүний дараа тэрээр Назу тосгонд дайнаас болж өнчирч хоцорсон 300 залуу эмэгтэйг өөрийн багтаа элсүүлжээ. Нутгийнхан харин түүнийг дайны хохирогчдын асрамжийн газар ажиллуулж байна гэдэгт итгэсэн гэдэг. Үнэндээ Mочизуки Чиүмэ тагнуулын сүлжээг байгуулсан бөгөөд түүний сургасан эмэгтэй нинжа нар үзэсгэлэнт охин, мико (нинжа охин), гейшагийн дүрээр тагнуул хийдэг байв. Тус нууц сүлжээ нь авга ах Шингенийг 1573 онд нас барах хүртэл ажилласаар байсан гэдэг. 

Mочизуки Чиүмэ (Mochizuki Chiyome)

6 Ишикава Гоемон (Ishikawa Goemon)

Ишикава Гоемоныг Ига, Кога бүлгийн аль нь болох нь өдийг хүртэл тогтоогоогүй юм. Тэрбээр 1558 онд төрсөн бөгөөд Робингүүдийн Япон хувилбар гэлтэй баячуудыг дээрэмдэж, ядууст өглөг өгдөг байжээ. Хэдийгээр баттай нотолгоо байхгүй ч домог яриагаар Ишикава Гоемон нь Робингүүд болохоосоо өмнө Ига нинжа Сандаю Мочизукигийн шавь байсан гэдэг. Тэрбээр Кансай дахь дээрэмчдийн бүлгийн толгойлогч болж, феодал ноёд, лам хуврагууд, худалдаачдыг дээрэмдэж, ядуу тариачдад өгдөг байв. Уурссан ноёд түүнийг бусад нинжа нараар алуулахыг оролдсон ч бүтэлгүйтжээ. Гэвч удалгүй тэрээр баригдаж, 1594 онд амьдаараа шатаж үхсэн юм.

Ишикава Гоемон (Ishikawa Goemon)

7 Mомочи Сандаю (Momochi Sandayu)

Mомочи Сандаю нь Ишигава Гоемонтой адил тэнэмэл нинжа байжээ. Гэвч тэрээр Ига Риү тулааны урлагийг үндэслэгчдийн нэг бөгөөд Ига овгийн агуу гурван дайчдын нэгд тооцогддог. Жинхэнэ нэр нь Момчи Танбэ Ясумицү гэдэг ч зарим эх сурвалжуудад өөр тусдаа хүн байсан гэж бичсэн байдаг. Mомочи Сандаюг Теншо Ига дайны үеэр алагдсан гэж түүхчид үздэг аж. 

Mомочи Сандаю (Momochi Sandayu)

8 Фума Котаро (Fuma Kotaro)

Фумагийн удирддаг байсан нинжагийн бүлгэм нь Ига, Кога нинжануудаас хараат бус бие даасан хосгүй эрдэм чадалтай нинжа нар байжээ. Тэрээр бүлгийн толгойлогчдоос хамгийн алдартай нь бөгөөд тухайн үедээ 200 нинжа нарыг удирддаг байв.  1590 онд Хожо гэгч этгээд Фумагийн хүчийг сулруулж эхэлсэн бөгөөд 1603 онд түүнийг нас барсан гэж тэмдэглэсэн байдаг.

Фума Котаро (Fuma Kotaro)

9 Kато Данзо (Cato Danzo)

Като Данзо нь хосгүй чадалтай нинжа байсан бөгөөд яг л түүний ачаар нинжа нарыг ид шидийн хүчтэй гэсэн домог үүсэж байжээ. Олны нүдэн дээр бухтай барилддаг, цэцэг ногоо ургуулж нүд ирмэхийн ургуулдаг, бүр агаарт нисдэг байсан гэдэг домог бий. Өнөө үед судлаачид Kато Данзог ховсны мастер байсан гэж таамагладаг. Түүний дайсан Үсүги Кеншин нь нэг удаа түүнийг шалгахаар зарцаараа сэлмийг нь хулгайлуулж, өндөр хамгаалалттай ордонд нуужээ. Данзо үүнийг мэдэж, ордон руу төвөггүй орж, сэлмээ эргүүлэн авсан байна. Хэдийгээр Кеншин найрамдахыг хүссэн ч Данзо зөвшөөрөөгүй гэдэг. Эцэст нь Кеншин түүнийг хилс хэрэгт гүтгэж 1569 онд Данзо цаазлуулж үхсэн ажээ. 

Kато Данзо (Cato Danzo)

10 Хаттори Ханзо (Hattori Hanzo)

Хаттори Ханзо нь  магадгүй бүх цаг үеийн хамгийн алдартай нинжа байх. Тэрбээр Токугава Ияасүгийн самурай байсан бөгөөд Ияасүг Японыг эзлэхэд нь хамгийн их тусалж дэмжсэн хүмүүсийн нэг юм. 1570 онд тэрээр 13-хан цэрэгтэй Токугава Ияасүгийн цайзыг хамгаалснаар нэр алдар нь Япон даяар цуурайтав. Үүний дараа 1582 онд нэгэн тулааны үеэр Ияасүгийн гэр бүлийг дайсны савраас аварсан гэдэг. Ханзо нь жадаар гайхамшигтай тулалддаг байсан бөгөөд Токувагийн удмынханд бүхий л амьдралынхаа турш үйлчилжээ. Түүнийг 1596 онд нас барсны дараа, залгамжлагчид нь “Хаттори Ханзо” хэмээх нэгэн шашны уламжлалыг бий болгож нэрийг нь мөнхөлсөн гэдэг.

Хаттори Ханзо (Hattori Hanzo)

18
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()