Аймшигт түүхийг өгүүлэх гэрэл зургууд

Орчлон ертөнцийн өөр нэг хэсэгт болж буй үйл явдал, нөхцөл байдал, түүхийн талаарх зургуудыг бид өмнө нь ховорхон үздэг байж. Харин одоо олон нийтийн сүлжээгээр дамжуулан хаанаас ч ямар ч үйл явдлын мэдээлэл, зургийг хүлээн авах боломжтой болжээ. Энэ нь нэг талаараа сайн ч нөгөө талаас аймшигтай. Зарим зургийн бодит түүхийг мэдэх хүртэл хүмүүс түүнийг энгийн зураг мэтээр хүлээж авдаг шүү дээ. Энэ үүднээс та бүхэнд аймшигт түүхтэй ч энгийн харагдах зургуудын талаар хүргэж байна.

Аймшигт түүхийг өгүүлэх гэрэл зургууд
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

10 Фрэдриксбург (The Fredericksburg) -ийн мөсөн байшин

Америкийн иргэний дайны үеэр холбооны цэргүүд бут цохигдсон Фредриксбургийн тулааны дараах түр зуурын эвлэрлийн үеэр холбооны цэргүүд нас барсан нөхдийнхөө цогцсыг тэндээс цэвэрлэх хэрэгтэй болов. Гэвч 12 сарын тэсгэм хүйтэн цаг агаар тэдний ажлыг улам хэцүү болгож, булшны нүх ухагсад ч ядарсан байв. Тиймээс тэр хавиар цогцсуудыг хадгалах өөр газар хайцгааж Ноён Уолласын орхигдсон мөсөн байшинг олжээ. Тэрхүү байшин нь доорх зургийн баруун хэсэгт харагдаж буй намхан урт байшин юм.

Бяцхан ёслол үйлдсэний дараа үхсэн ахан дүүсийнхээ цогцсуудыг байшинд оруулж эхэлжээ. Тэнд байсан хэд хэдэн гэрчийн нүд харанхуйлсан гэх бөгөөд нэгэн цэргийн дүрсэлснээр:

“Тэд цогцсуудыг чирч 4.5м гүн мөсөн байшинд оруулж хаясан. Дээр дээрээс нь давхарлан хадагдсан хөл, толгой, гар, нурууг нь нөгөөгийнх нь нүүрэн дээр тавьж, цувсан дотор эрхтнийг нь хажууд нь шидэж байсан. Зуу зуун цэргийн цогцос тэнд хаягдсан бөгөөд тэр үеийн дүр зураг төсөөлөхөд ч бэрх үнэхээр аймшигтай байсан” гэдэг.  

Фрэдриксбург (The Fredericksburg) -ийн мөсөн байшин

9 Лаусон (Lawson) –ы гэр бүлийн хөрөг

Хөрөг зураг дээр гэр бүлийн бараг бүх гишүүд орсон байх бөгөөд харахад энгийн л нэгэн зураг байна. Гэвч тэд бүгд цог жавхаагүй харагдах бөгөөд баруун хэсэгт зогсох аав нь л ганцаараа алсыг харсан байна. Түүнийг Чарльз Лаусон гэх бөгөөд энэхүү зургийг авахуулахаас өмнө тэр гэр бүлийнхнээ хороохоор аль хэдийн шийдчихсэн байжээ.

Лаусоныхон ядуу амьдралтай байсан бөгөөд Хойд Каролинад тамхины фермийн аж ахуй эрхэлдэг байжээ. Чарльзд тэдний ядуу амьдрал маш их дарамт болдог байсан ба өөр нэг шалтгаан нь зураг дээр арын эгнээний зүүн талаасаа хоёрт зогсож буй Мэри охиноо бие давхар болсон хэмээн буруутгаж байсан ажээ. 1929 оны зул сарын баярын үд дундад тэрээр байшингийн арын амбаарт буу аван нуугдаж авга ахынх руугаа явах өөрийн охид болох Керри (урд эгнээний, хамгийн баруун талд) болон Мэйбэл (урд эгнээний зүүн талаасаа хоёр дахь) нарыг хүлээжээ. Охидыг гарч ирэхэд шийдвэртэйгээр буудаж, бууныхаа ар талаар цохин нэг мөр дуусгажээ. Байшин руу буцан орж эхнэр Фэнни (хойд эгнээний хамгийн баруун талд) –гээ урд довжоон дээрээ буудан хөнөөж. Охин Мэри үүнийг харан хашгирах үед түүнийг төрөөгүй хүүхэдтэй нь хамт буудан хөнөөсөн байна. Бяцхан хөвгүүд Жэймс (урд эгнээний, хамгийн зүүн талд) болон Рэймонд (урд эгнээний баруун талаасаа хоёр дахь нь) нар зугтаж чадсан хэдий ч Чарльз тэднийг аймшигт нуугдах тоглоом шиг агнан алжээ. Сүүлийнх нь бяцхан Мэри Лу (эхнэр Фэннигийн гар дээрх) охин байсан бөгөөд Чарльз түүнийг сумны гарзгүйгээр дуусгаад дараа нь ойд өөрийгөө хөнөөсөн байна. Хүү Артур Лаусон (хойд эгнээний хамгийн зүүн талынх) тухайн үед байшинд байгаагүй учраас цор ганцаар амьд үлджээ.

Үйл явдлын дараа 7 хоногийн дотор энэхүү зураг сэтгэцийн өвчтэй өрхийн тэргүүнийхээ гарт хүйс тэмтрэгдсэн гэр бүл гэсэн гарчигтайгаар орон даяар таржээ.

Лаусон (Lawson) –ы гэр бүлийн хөрөг

8 Үхлийн экспедиц

Дэлхий дээрх алс холын бүх экспедицүүд аюултай зүйлсээр дүүрэн байдаг. Тэдний олонх нь, ялангуяа эрт дээр үеийнхэн хүрэх газраа хүрч чаддаггүй байсан. Харин Британий ахмад Роберт Форкон Скоттоор удирдуулсан “Терра Нова” экспедиц зорьсон газартаа хүрч чадсан юм. Тэрээр 1911 оны сүүлээр өөр дөрвөн хүнийг амжилттай удирдан, Өмнөд туйлд хүрчээ. Энэхүү гэрэл зураг нь ялалтынх байх ёстой байтал бүгдээрээ хөгжиж, хөөрсөн зүйлгүй харин ч цонхигор ядруу харагдана. Тэдний атираатсан хөмсөгнөөс цөхрөл гуниг мэдрэгдэх ажээ. Тэд хүнд хэцүү аяллаасаа болон ядарч сульдсан байж. Мөн энэ бол туйлд түрүүлж хүрэх Британи, Норвегийн багийн хоорондын өрсөлдөөн байсан гэдгийг мэдэж байсан агаад тэд хожигджээ. Бас тэдний буцах замд гатлашгүй бэрх саадууд хүлээж байгааг мэдэж байсан учраас итгэл найдвараа алдсан байсан гэдэг.  

Үнэхээр ч тийм байсан. Норвегийн багийнхан аль хэдийн тэднээс хол тасарчихсан байсан учраас найдах тусламж юу ч байгаагүй ажээ. Багийнхан өмнө зүгрүү аялахдаа аль хэдийн нүдгүй шуурганд цохигдож, хүнсний хомсдолд орсон байсан бөгөөд хойд зүгрүү буцах аялал нь бүр ч бага хангамж, энергитэй учраас дааж давшгүй байх нь тодорхой байв. Хэдэн долоо хоногийн турш алхаж, бие эрхтэн нь хөлджээ. Цаг агаарын хүнд байдлаас болж хангамжийн баазаа олж чадахгүй цаг алдаснаас замдаа хоёр нь нас барсан байна. Үлдсэн гурван гишүүн нь хангамжийн баазаас 18км –ийн дотор амиа алдсан юм. Тэд ойрхон ирснээ мэдэж байсан ч олж чадаагүй. Багийн ахлагч Скотт сүүлчийн тэмдэглэлдээ:

Өдөр бүр бид 18км –ийн цаадах бааз руугаа эрлээ эхлүүлж байгаа ч майхны хаалганы цаана хуйларсан, хунгарласан маш их цас байна. Одоо бид ямар ч сайн сайхан зүйлд найдаж чадахааргүй болсон мэт санагдаж байна. Эцсээ хүртэл явах ч гэлээ бид улам ядарч, сульдана. Бас мэдээж төгсгөл ойрхон ирж.

Хэдий харамсалтай ч би ахиж бичиж чадахгүй бололтой.

Р. СКОТТ.

Бурхныг бодож хайртай хүмүүсийг минь харж хандаарай.

Аврах баг 8 сарын дараа буюу дэндүү хоцорч очин хангамжийн бааз болон мишокондоо нас барсан багийнхны цогцсыг олсон байна. Тэдний өөрсөддөө авч үлдсэн гэрэл зургийн аппаратнаас нь энэхүү зургийг авчээ.

Үхлийн экспедиц

7 Уулан дээрх шуурга

Дээр үеийн гар утасны аппаратаар авсан зураг шиг энэ зураг чанар муутай харагдана. Эхлээд харахад энэ зураг нь хэн нэгний хөдөө авсан энгийн зураг шиг байх авч байгалийн аюултай үзэгдэл зураг дээр дүрслэгдсэн байгаа. Үнэндээ зургийн аппарат нь өндөр чанартай байсан бөгөөд Вашингтон мужийн түүхэн дэх хамгийн аймшигт байгалийн аюултай үзэгдлийн зургийг баталгаажуулсан юм.

Тус муж улсын баруун өмнөд хэсэгт Сэйнт Хеленс нэртэй  унтарсан галт уул байдаг. 1980 онд тэрхүү галт уул сар бүрийн сүүлээр хүнгэнэж, уугидаг байж. Нутгийн оршин суугчид нүүлгэн шилжүүлэлтээс татгалзаж, галт уулын аюулыг үл тоож байсан бөгөөд геологчид болон галт уул судлаачид айдсаа үл тоон галт уулыг дэргэдээс нь судалж, ажиглаж байжээ.

Зарим гэрэл зурагчид энэхүү үйл явдлыг баталгаажуулан авч үлдэхийн тулд аймшигт аварга “цутгуурын” дэргэд очсоор байсан юм. Тэдний нэг нь Роберт Ландсбург (Robert Landsburg) байлаа.

National Geographicсэтгүүлд чөлөөт сэтгүүлчээр ажилладаг Ландсбург уулын аялал хийж явсан бөгөөд 5 сарын 18-ны өглөө түүний хувьд жирийн л нэгэн өглөө байв. Нам гүм бааздаа өглөө сэрээд ойролцоох төгөлд очин зураг даржээ. Гэвч 8 цаг 32 минутад бүх зүйл өөрчлөгдөж 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт уулын бэлээс эхлэн чичирхийлж эхлэв. Хормын дараа магм, галт уулын хий, үнс дэлбэрчээ.

Ландсбург нэгэн зэрэг биширч, айдаст автсан ч зургаа дарсаар л байж. Ирж буй үхлээс зугтах аргагүй болсон гэдгээ төд удалгүй ухаарсан Ландсбург хувь тавилантайгаа эвлэрэн ажлаа тайван хийж дуусгасан байна. Тэгээд зургийн аппаратаа хөлнөөс нь салгаж үүргэвчиндээ хийгээд өөрөө дээр нь хэвтжээ. Өөрөөр хэлбэл тэрхүү үнэт хальснуудаа биеэрээ хамгаалсан юм.

Тэр өдөр 57 хүн нас барсан бөгөөд Ландсбург тэдний нэг байв. Харин түүний гайхалтай гэрэл зургийн хальснууд гэмтэлгүй үлдсэн байна.

Уулан дээрх шуурга

6 Халуун орны амар амгалан

Энэ зураг нь далайн эргийн амралтын үеийн хуучин VHS соронзон хальс шиг харагдана. Далайн эргээр зугаалж яваа хүмүүсийг нь харахад амралт зугаалга шиг л байгаа биз? Гэвч ахин нэг сайн ажиглаарай. Гүехэн устай хэсгийн цаадах том зүйлийг хардаа. Тэрхүү хөлөг онгоц тэдний дээрээс унах үед тэд сүйрлийн зам дээр зогсож байснаа мэдэх болно.

Индонез, Тайландын баруун эргээр 2004 онд нутгийн загасчид, гадаадын жуулчид гээд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Зул сарын баяр тайван, эгэл жирийн болж өнгөрч. Гэсэн хэдий ч маргааш нь газар хөдлөлтөөр идэвхжсэн цунами болсон байна. Шинжээчдийн үзэж байгаагаар цунамигийн эрчим хүч дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэж байсан бүх бөмбөгнүүдийнхээс хоёр дахин их байсан байна.

Ихэвчлэн тохиолддог шиг урсацын нөлөөгөөр эргээс ус татран давалгаа томорчээ. Далайн эрэг дээр байсан хүмүүс үүнийг хор хөнөөлгүй, байгалийн энгийн үзэгдэл гэж бодож. Зуу зуун хүмүүс юу болохыг хүлээн харж зогссон байна. Зарим нь тоосон шинжгүй далайн эргээр зугаалж, зоос цуглуулж явсан гэдэг. Давалгаа наашлахад бүх зүйл орвонгоороо эргэн, арчигдсан бөгөөд тэнд байсан үй түмэн хүмүүсийн дөрөвний нэг нь нас баржээ. Тэгэхээр энэ зураг дээрх зарим хүмүүст хэдхэн секундын л амьдрал үлдсэн байж.

 

Халуун орны амар амгалан

5 Хос цамхгийн сүүлчийн өглөө

2001 оны 9 сарын 11 –н хэмээх он сар түүхийн номонд томоор бичигдэн үлдсэн. Үйл явдлын дараа дэлхий ч маш ихээр өөрчлөгдсөн бөгөөд барууны орнууд орчин үеийн бодит аюул болох терроризмтэй нүүр тулсан юм. Тэр өдөр ойролцоогоор 3000 хүн нас барж тэдгээр хүмүүсийн гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон дунд нөхөж баршгүй гарз хохирол учирч, Нью Йорк хотын бэлэг тэмдэг болсон хос цамхаг үүрд алга болсон билээ.

Гэрэл зурагчин Дэвид Мондерэр (David Monderer) хос цамхгийн зургийг авахыг хүсч сар гаруйн турш сайхан зураг гарахад тохиромжтой цаг агаар бүхий өдрийг хүлээжээ. Цэлмэг нартай мягмар гарагийн өглөө түүний хувьд төгс санагдаж Манхэттэний гүүрэн дээр гаран энэхүү зургийг дарсан байна.

Зургийг харахад л доторх их ажил өрнөсөн, өглөөний уулзалт, халуун кофетой өглөөг нь төсөөлөхүйц байгаа биз дээ? Гэвч үхэл тээсэн хоёр нисэх онгоц үүлгүй тэнгэрийн тэртээгээс ирж явааг тэд яахан мэдэх билээ.

Хос цамхгийн сүүлчийн өглөө

4 Аляск дахь амралт

Зураг дээрх залуу бохир заваан ч гэлээ амар тайван харагдаж байна. Түүний ард хаягдсан автобус байх бөгөөд Аляск гэсэн хаягтай харагдана. Энэ зургийг харсан хүн нутгийн нэгэн залуу амарч суугаа эсвэл жуулчин залуу зургийн гоё фон гэж бодоод авахуулжээ гэж хэлэхээр харагдана. Гэвч хэн ч түүнийг аажим аажмаар өлсөж үхэж байгааг тааварлахгүй болов уу.

Түүнийг Кристофер Маккандлэс (Christopher McCandless) гэдэг. Даруухан зантай энэ залуу эрх чөлөөт сэтгэлгээгээрээ алдартай бөгөөд түүнээс сэдэвлэн “Into the Wild” нэртэй ном болон кино бүтжээ. Тэрээр орчин үеийн нийгмийн гав гижнийг таслан жинхэнэ маягаар амьдрах чин хүсэлтэй байсан бөгөөд 1992 онд Аляск руу хөдөлжээ. Тэнд очисноор зэрлэг байгальтай илүү ойр, холбоотой амьдарч болно гэж тэр боджээ.

Харамсалтай нь байгаль түүнд энэрэнгүй хандсангүй. Онгон, зэрлэг байгальд хэрхэн амьдрах наад захын мэдлэггүй, хангамжгүй Маккандлэс идэж болох өвс ногоо тарьж, хэд хэдэн удаа амжилттай ан хийж чадсан боловч хүнсээ хэрхэн хадгалах талаар ямар ч төлөвлөгөө, мэдлэг байгаагүй учраас нөхцөл байдал хүндэрсэн байна. 3 сарын дараа тэрээр соёл иргэншилт ертөнцөд эргэн ирэхээр шийдсэн ч үерлэсэн голын эрэгт ирж гацжээ. 1.6км дотор гол гатлах ямар ч арга байхгүйг мэдсэн тэрээр зураг дээрх хаягдсан автобусандаа эргэн ирж, хувь тавилангаа хүлээн авахаар шийджээ.

Уулчин Маккандлэсийг олох үед тэрээр нас бараад ойролцоогоор 3 долоо хоносон байж. Түүний эцэнхий бие нь 30кг л хүрч байсан ба цөөхөн эд хогшил дундаас нь ороолттой хальс олдсон юм. Тэр хальснаас энэхүү зургийг авчээ.

Аляск дахь амралт

3 Хойд нутгийн амар амгалан

Аляскад ирэх бүртээ тэртээх 2003 он руу очоод ирдэг. Зураг дээрээс бид зугаалж яваа аз жаргалтай хосуудыг харж байна.

Эрэгтэйн нэрийг Тимоти Трийдуэлл (Timothy Treadwell) гэдэг бөгөөд байгаль хамгаалахад бүхий л амьдралаа зориулсан нэгэн. Тэрээр Катмай үндэсний хүрээлэн (Katmai National Park) –рүү хойд америкийн саарал баавгайн талаар баримтат кино хийхээр найз бүсгүй Эми Хюгюнард (Amie Huguenard) -тайгаа аялалд гарчээ. Трийдуэлл араатан амьтдад элэгтэй нэгэн байсан бөгөөд бүхий л амьтад эв найртайгаар хамтран оршин тогтнож чадна гэж үздэг байж. Энэ нь түүнийг зэрлэг байгалийн нэг хэсэг болох аюултай зам руу хөтөлсөн юм.

Өмнөх аяллуудаасаа тэрээр баавгайнууд ямар ч аюулгүй бөгөөд өөрийг нь гэмтээхгүй гэдэгт бат итгэсэн байж. Гэтэл энэ нь түүний амийг авах том алдаа байсан юм. 2003 оны 10 сарын 6, энэ зургийг дарснаас хэдхэн өдрийн дараа Трийдуэлл, Хюгюнард нарын кэмп өлсөглөн бор баавгайнуудын халдлагад өртжээ. Эхлээд Трийдуэлл дараа нь найз бүсгүй нь энэрэх сэтгэлгүй араатнуудын саварт зовж тарчлан нас барсан байна.

Энэ зураг бол тэдний сүүлчийн зураг боловч Трийдуэллийн видео камер халдлагын үеэр ажиллаж байсан байна. Гэвч зөвхөн дуу нь бичигдэж үлдсэн бөгөөд үхлийн хашгираан, уйлаанаар дүүрэн байсан байна.

Хойд нутгийн амар амгалан

2 Армийн сүүлийн бэлтгэл

Энэ зургаас дээр үеийн морьт цэргүүдийг харж байна. Энэ цэргүүд 19-р зууны үеийнх мэт харагдаж байгаа ч энэ зургийг 1939 онд даржээ. Польшийн цэргүүд үхлийн хавцлын ирмэг дээр өөрсдөө ч мэдэлгүй зогсож байгаа нь энэ аж.

Цэргийн албан ёсны бэлтгэлийн нэг хэсэг болгон Польшийн бүх цэргийн албан хаагчид маневр хийх, үйл ажиллагаагаа явуулах зэргээр бэлтгэнэ. Морьт цэргүүдийн үүрэг бол тагнах, зам заах, буудах болон шаардлагатай үед хөлөөрөө тулалдах байв. Энэ зураг дээрх олон хүмүүс Германтай эвлэрэх талаар санаа зовж байсан ч Британи, Франц, Польшийн холбоотнууд түрэмгийлэгчдийг түргэн шуурхай устгуулахаар тусламжийн цэрэг илгээсэн гэдэгт итгэлтэй байв.

Харамсалтай нь тэд эндүүрсэн байлаа. Арми хэдэн долоо хоногийн турш тулалдсан ч барууны орнууд дайн дуустал ямар ч тусламж үзүүлээгүй аж. Польшийн арми дангаар тулалдаж, дангаар ялагдаж, хүйс тэмтрүүлжээ.

Зураг дээрх морин цэргүүд танкийн урсгал болон механикжсан явган цэргийн хүчээр арчигдах болно. Ингэж тэд хүчит хар шуурга ирэхийг ажиглан зогсох багваахай цэцэг шиг улс орныхоо ялагдсан цэргүүдийн бэлэг тэмдэг болсон юм.  

Армийн сүүлийн бэлтгэл

1 Агшин зуурын эв найрамдал

Гар барих бол энхтайван, нөхөрлөлийн энгийн бэлэгдэл билээ. Зураг дээр Арчдюк Франц Фердинанд (Archduke Franz Ferdinand) өөрийн иргэдийнхээ нэгний гарыг халуун дулаанаар атгаж байна. Энэ өдөр 1914 оны 6 сарын 28 байсан юм.

Үүнээс хэдхэн цагийн дараа эхнэртэйгээ алуурчдын суманд өртөж амь насаа алдана гэдгээ тэр мэдээгүй явсан. Мөн тэдний үхэл европ тивийг бүхэлд нь айдаст автуулж, дэлхийн дайны эхлэл болно гэдгийг ч мэдээгүй. Бас тэрээр тэрхүү дайны нөлөөгөөр фашизм, коммунизм, дэлхийн бусад дайн, нийгмийн задрал, соёлын нуралт, атомын довтолгоо, түүхэн дампуурлаас үүссэн аймшигтай шинэ сөргөлдөөнт ертөнц үүсэхийг ч төсөөлөөгүй билээ.

The New York Times сонинд 1915 онд “Тэдгээр хоёр сум дэлхийг зэвсэглэхэд хүргэсэн бөгөөд тэр дайн нь гурван тивд сүйрэлд авчирч бусад хоёр тивд ноцтой хохирол учруулсан. Түгшүүрийн дохио далайн хамгийн алслагдсан арал дээр ч сонсогдож байв. " хэмээн бичжээ.

Энэхүү зураг 1914 онд юу болсныг өнөөдөр бидэнд сануулж байна. Хэрвээ 1914 оны 6 сарын 28-ны үйл явдал өөрөөр өрнөсөн бол юу болох байсныг таамаглахад хэцүү. Гэвч гал авалцах нь зайлшгүй байсан билээ.

Агшин зуурын эв найрамдал

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()