Судалгаа хийх явцад гэнэт илэрсэн гайхалтай 10 нээлт

Хорвоогийн учир шалтгааныг олж тогтоож, нуугдсан үнэнийг илрүүлэхийн тулд эрдэмтэд судалгаа шинжилгээнд тулгуурлаж, сорилт туршилтын аргыг яс баримталдаг. Тиймдээ ч үр дүн нь ихэвчлэн тэдний бодсоноор гардаг. Гэвч зарим тохиолдолд судалгааны ажил эхэндээ урьдчилан тааварласнаар үргэлжилж байснаа гэнэт орвонгоороо эргэх нь бий. Санамсаргүйгээр урьд өмнө мэдэгдэж байгаагүй байгалийн үзэгдэл, нууцыг нээн илрүүлэх, эсвэл өмнө нь байсан таамгийг батлах гэх мэт. Цаашлаад боломжгүйг боломжтой болгож, эрт устаж үгүй болсон иргэншлийг илрүүлж, дэлхийд байдаггүй зүйлийг ч шинээр бүтээж болох юм.

Судалгаа хийх явцад гэнэт илэрсэн гайхалтай 10 нээлт
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Сансрын чулуулаг

2018 онд Оросын өмнөд нутагт унасан нэгэн солирыг тэндэхийн алт олборлогч нар олоод цул алт байна хэмээн баярлажээ. Гэвч тэрхүү солир лабораторийн ширээн дээр очсоны дараа тэд эндүүрсэн байсан нь тодорхой болсон юм. Эрдэсийн шинжилгээний үр дүнд алтны найрлага солирт байсангүй, харин шинжээч нарт шинээр нээгдсэн чулуулгыг нэрлэх ховорхон завшаан тохиосон аж.  

Солирын 98 хувийг камасит хэмээх зөвхөн задгай сансарт л нэгдэл үүсгэх боломжтой алт-никелийн хольц бүрдүүлж, бусад ердийн эрдсүүд үлдсэн найрлагад нь орсон аж. Уакитит хэмээх энэхүү шинэ чулуулгийг микроскопоор харахад бүрдүүлэгч эрдэсүүд нь элсний ширхэгээс даруй 25 дахин жижиг байсан тул ихэнх найрлага, шинж чанарыг нь ялгаж тогтоох боломжгүй байжээ. Харин карлсбергит болон осборнит хэмээх сансрын чулуулгуудтай төстэй шинжтэй байсан аж.

Дэлхий дээрээс уакитит илэрсэн анхны тохиолдол энэ байх өндөр магадлалтай бөгөөд шинжлэх ухааны талаас үзвэл нэгэн оньсого болоод байгаа найрлагад нь эрдэмтэд гол анхаарлаа хандуулж байна. Гэвч хачирхалтай байгаа зүйл нь ганц найрлага нь биш аж. Солир нь өөрөө асар их температурт үүссэн, цельсийн 1000 градусын халуунд хэлбэрээ олсон гэдгийг эрдэмтэд тогтоожээ.  

Сансрын чулуулаг

2 Газар амьсгалдаг

2018 онд хийсэн нэгэн судалгаагаар нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) дэлхийн хөрсөнд агаар мандалд байдгаас хоёр дахин их хэмжээтэйгээр агуулагддаг нь тогтоогджээ. Хөрсний бичил организмууд навч мэтийн байгалийн жижиг хаягдлуудыг байнга идэж, илжрүүлснээс хүлэмжийн хий үүсдэг. Ингэснээр газар CO2-ийг ургамалд шингээн ялгаруулж, “хөрсний амьсгаа” үүсдэг байна.

Ялгарсан CO2-ийг модод шингээдэг. Хэдий тийм боловч дэлхийн дулаарлын уршгаар газраас алдагдаж буй хийн хэмжээ улам ихсэж, ногоон ургамлын шингээх чадвар багасч байна. Эрдэмтэд экосистем дахь хур тунадас, температур, хөрсний байдал дээр тулгуурлан 2000 гаруй баримт цуглуулжээ. Судалгааны үр дүнд газар доорх бичил биетнүүдийн ажиллагаа эрчимжиж, сүүлийн 25 жилд дэлхийн хөрсний амьсгалах үйл явц 1.2 хувиар нэмэгдэхэд хүргэсэн юм.  Хэдийгээр бага тоо мэт сонсогдож байгаа ч зарцуулсан хугацааг нь авч үзвэл яах аргагүй анхаарах асуудал мөн. Хэрэв энэхүү амьсгалах явц удаан хугацаанд үргэлжилвэл ямар үр дүнд хүргэх вэ гэдэг дээр судлаачид тодорхой хариулт олоогүй байна. Харин CO2 ялгарах тусам хөрс халж, бичил биетнүүдэд улам их хүлэмжийн хий үүсгэх таатай боломжийг бүрдүүлж өгөх магадлал өндөр байгаа юм.

Газар амьсгалдаг

3 Үхлийн аюултай бяслаг

Археологич нар 2018 онд Египет дэх нэгэн бунханыг нээж үзээд, дэлхийн хамгийн эртний бяслаг байж болохоор бодисыг олжээ. Уг бунхан нь МЭӨ XIII зууны үед Мемфис хотын захирагч байсан Птамесийнх аж.

3200 гаруй жилийн настай энэхүү бяслагийг торхонд хийж, даавуунд ороон хадгалжээ. Шинжилгээгээр хонины юм уу, ямааны сүүгээр хийгдсэн бяслаг болох нь тогтоогдсон ч одоохондоо хэн ч үүнийг талхан дээр тавьж идэхийг зүрхлэхгүй л болов уу. Учир нь бяслаганд өнө удаан жилийн настай, үхлийн аюултай бактери агуулагддаг. Эртний Египетүүд хэрэв үүнээс амсаж үзсэн бол хэн ч байсан бруцеллёз өвчин тусах нь тодорхой байж. Ариутгаагүй сүүн бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварладаг.

Бунханы ханан дээрх зургууд таамгийг улам бататгаж байгаа юм. Эртний Египетийн ард түмэн өдөр тутмын амьдралдаа бяслаг хэрэглэж байсан эсэх нь өмнө нь тодорхой бус байсан юм. Гэхдээ хүмүүс бяслагаар наймаа хийж буйг дүрсэлсэн зургууд  хэд хэдэн бунхнаас олджээ.

Үхлийн аюултай бяслаг

4 Хүрлийн үе дэхь эрүүл мэндийн дэвшилтэт тогтолцоо

Оци хэмээх цогцос 1991 онд Альпийн нуруунаас олдож дэлхийг шуугиулж байв. Тэрээр энэ дэлхийд хамгийн их судлагдсан эртний хүн болжээ. 5300 настай Оцигийн бие бидэнд олон гайхалтай мэдээллийг өгөөд байгаа. Гэхдээ 2018 онд эрдэмтэд түүний биен дээрх 61 шивээс болон эд зүйлс дундаас нь олдсон “анхны тусламжийн” гэмээр иж бүрдэлд анхаарлаа хандуулжээ. Эрдэмтэд шивээснээс нь түүний амьдарч байсан нийгмийн талаар илүү мэдээлэл авахаар зорьж байгаа аж. Арьсыг нь бага зэрэг зүсээд дээр нь нүүрс үрэх аргаар түүнд шивээс хийсэн бөгөөд хүний биен дээрх зүү тавьдаг цэгүүдтэй шивээснүүдийн байрлал тохирч байгаа юм.

Өмнөх судалгааны явцад зүү тавих эмчилгээ Ази тивд бий болохоос 2000 жилийн өмнө, Хүрлийн үед Альпийн нуруунд үүсэн байж магадгүй гэж эрдэмтэд үзжээ.

Харин 2018 оны судалгаагаар Оцигийн нийгмийн хүмүүс эрүүл мэндийн салбарын маш хөгжингүй тогтолцоотой байсныг илрүүлэв. Шивээс гэхэд л нэлээн хүчин чармайлт орж хийгджээ. Үүнээс харахад Оци өвчин тусахад хандах тусгай бэлтгэгдсэн хүмүүс байсан нийгэмд амьдарсан бололтой. Хэрэв Хүрлийн үеийн зүү тавиурын эмчилгээ үнэхээр бодитой байсан бол энэ нь тэд анагаах ухаанд ахиц гаргахыг зорьж, судалгаа хийж, алдаанаасаа суралцаж байсан гэсэн үг юм. Оцигийн биеэс олдсон янз бүрийн хөвч ургамлууд нь түр зуурын боолтоос гадна антибиотик, халдваргүйжүүлэгчийн үүрэгтэй байжээ.

Хүрлийн үе дэхь эрүүл мэндийн дэвшилтэт тогтолцоо

5 Клеопатрагийн домог үнэн болох нь тогтоогдов

МЭӨ 69-өөс МЭӨ 30 оны хооронд амьдарч байсан Египетийн сүүлчийн хатан хаан Клеопатра асар их хөрөнгийг нэг л зоогон дээр үгүй хийж чадна гэж өөрийн амраг Ромын Марк Антонитой мөрийцсөн гэдэг. Харин тус хөрөнгөний хэмжээ эртний Ромын 10 сая сестерций байв. Домогт өгүүлснээр Клеопатра гол зоогийн үеэр дотор нь сувд хийсэн коктэйлийг уусан байна. Тэрээр дээрх үнэ бүхий сувдан ээмгээ тайлж аягатай цагаан цуу руу хийгээд уусахаар нь ууж мөрийгөө авсан гэдэг

Ромын нэрт зохиолч, гүн ухаанч Ахмад хэмээх Плини (НТ 23-79) энэхүү түүхийг бичиж үлдээсэн боловч судлаачид үүнийг эрс няцааж, ердөө л домог гэж үзжээ. Харин 2012 онд сувдтай коктейл байх боломжтой гэдгийг туршилтаар харагдав. Судлаачид цагаан цууг жирийн дэлгүүрийн лангуунаас авсан бөгөөд учир нь Клеопатрагийн ашигласан байж болох дарсны цуутай тэр нь хамгийн дөхөж очихоор байжээ. Том сувд дотор нь бүрэн уусч дуусах хүртэл 24-36 цаг өнгөрсөн байна. Харин цууг буцалгаад, сувдыг няцлаад дотор нь хийхэд уусах процесс 10 минутын дотор болоод дуусчээ.

Клеопатрагийн элдэв химийн урвал, хорны туршилт хийх хобби нь түүнийг өмнө нь сувдыг зөөлрүүлсэн байх магадлалтай гэдэг таамаг төрүүлсэн юм.

Клеопатрагийн домог үнэн болох нь тогтоогдов

6 Таксины жолоочийн тархи байнга өсч байдаг

2000 онд эрдэмтэд Лондон хотын таксины 16 жолоочийг шинжилгээнд оруулж, тархины бичлэг хийжээ. Судалгааны үр дүнд таксины жолоочийн тархи байнга өсч байдаг гэсэн гайхалтай баримт илрэв. Бусад мэргэжлийнхэнтэй харьцуулахад таксины жолоочийн өнчин тархи илүү том байдаг байна. Шувууд болон зарим амьтдад, тархины энэ хэсэг нь зүг чиг тогтоох зориулалттай байдаг. Тийм ч учраас өдөржин жолоо барьж, чиглэл цээжилж, үүнийгээ олон жил хийж байдаг жолооч нарын хувьд арга ч үгүй биз.  

Мөн түүнчлэн өнчин тархи хүний нэг мэргэжлээ удаан хийх тусам дасан зохицож, тэр чинээгээрээ томорч байдгийг тогтоосон байна. Хамгийн удаан жолоо барьсан хүмүүс хамгийн том тархитай гэсэн үг. Судалгааны явцад жолооч нар өөрсдийнхөө өөр гэдэг нь нэг их мэдэрдэггүй, харин Лондонд жолоо барина гэдэг асар их ой ухаан шаарддаг гэдгийг онцолжээ.

Энэхүү сонирхолтой судалгааны үр дүн тархины гэмтэлтэй болон "Паркинсоны" өвчтэй хүмүүсийг анагаахад найдлага төрүүлж байна. Мөн насанд хүрэгчдийн тархи нэгэнт учирсан гэмтэлийг өөрөө засах боломжгүй гэдэг ойлголтыг үгүйсгэж байгаа юм.

Таксины жолоочийн тархи физикийн хувьд ямар ч байсан өөрчлөгджээ. Ингэснээр ирээдүйд засал эмчилгээний салбарт орчны стимуляцыг ашиглах, өөрөөр хэлбэл зүг чигийн мэдрэмжээр тархины гэмтлийг эмчлэх үүд нээгдэж байгаа юм.

Таксины жолоочийн тархи байнга өсч байдаг

7 Дэлхий дээрх хамгийн эртний өнгө

Байгаль дээрх хамгийн эртний өнгө юу вэ гэсэн асуултанд ихэнх хүмүүс бор эсвэл хар гэж хариулдаг. Эртний бүхий л чулуужмал олдворууд, ургамлууд тиймэрхүү өнгөтэй байдаг тул тэгж хариулах нь арга ч үгүй биз. Гэтэл 2018 онд эрдэмтэд биологийн хувьд дэлхий дээрх хамгийн анхны өнгө бол бүдэг ягаан гэдгийг тогтоожээ.

Сахарын цөлийн элсэн доорх 1 тэрбум жилийн настай занарын давхаргаас эрдэмтэд дээж авч шинжилсэн байна. Эртний амьд биетүүдийн үлдэгдлийг гарган авахын тулд уг чулуулгийг тэд нунтаглажээ. Тэр бүх организмуудаас үлдэж хоцорсон зүйл нь тод ягаан өнгөтэй пигментүүд байв. Тэдгээр нь өнө удаан жилийн өмнөх фотосинтез явуулах чадвартай бичил организмуудын хлорофилл чулуужмалууд байсан юм.

Нээлтийг хийсний дараа эрдэмтдийн эргэлзээ гайхлаар солигдож, тэрхүү ягаан нунтаг нь удаан хугацаанд тархи гашилгасан оньсогоны тайлал болох нь тодорхой болжээ. Амьтад одоогийн байгаа төрхөө олтол (600 сая жилийн өмнө) яагаад ийм удсаныг хэн ч өмнө нь мэдэж байсангүй. Харин одоо хариулт нь гарч ирж байна.

Ягаан өнгийн молекул үүссэн шалтгаан нь "cyanobacteria" хэмээх бичил биетэн байж. Тэдгээр нь тухайн үед далай дахь идэш тэжээлийн гол эх үүсвэр байсан юм. Гэвч том биет амьтдын хоол болоход хэтэрхий бичил байсан тул тэдний хувьсалд огт нөлөөлөхөөргүй байсан аж.

Дэлхий дээрх хамгийн эртний өнгө

8 Гэрлийн шинэ төлөв

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл гэрэл гэдэг өдрийн нар эсвэл өрөөнийхөө чийдэнг асаах төдий энгийн зүйл биш аж. Гэрэл өөр өөр өнгөтэйгээс гадна өөрийн тэнхлэгээ тойрч эргэдэг долгионтой байдаг. Үүнийг өнцгийн моментум гэдэг бөгөөд Планкийн тогтмол тооноос байнга хоёр дахин илүү байхаар хэмжигдэнэ. Гэтэл эрдэмтэд саяхан энэхүү хуулийг үгүйсгэх нээлтийг санамсаргүйгээр хийжээ.

2016 онд эрдэмтэд талстууд дундуур гэрэл тусгах туршилт хийсэн байна.  Эхэндээ мушгиа хэлбэр бүхий гэрлийн цацрагийг гаргаж авч оптикийн шинжлэх ухааны ойлголтыг илүү дөхөм болгохыг зорьж байв. Тэд нэг цацрагийг тусдаа шинжлээд түүний өнцгийн моментум тал хэмжээтэй байхыг ажигласан байна. Гэрлийн энэхүү шинэ төлөв тэдний өмнөх ойлголтыг орвонгоор нь эргүүлжээ. Энэ нээлт нь гэрлийн долгион ямар ч байж болно гэдгийг баталсан юм. Харин үүнийг хэрэглээний хувьд авч үзвэл шилэн кабель, интернет холболтын технологид илүү хурдтай, аюулгүй сонголт болох боломжтой юм.

Гэрлийн шинэ төлөв

9 Дэлхий дээрх хамгийн цэвэр усны дусал

Өөрийгөө цэвэрлэдэг гадаргуу буюу титаны давхар исэлтэй (TiO2) гадаргуун дээр яагаад молекулын бүрхүүл тогтдог нь эрдэмтдэд сонирхолтой санагджээ. Гэхдээ агаар ус хоёр л ямар нэгэн байдлаар нөлөөлдөг байх гэдгээс өөр ойлголтгүй байсан юм.

Усыг үүнд хамааруулж үзэх нь осолтой байв. Амьдрал тэтгэгч шингэний хувьд цэв цэвэр байдалтай байна гэж хаана ч байдаггүй аж. Туршилтанд усыг хэрэглэхэд хэцүү, учир нь бохирдол үр дүнд нөлөөлж магадгүй байв. Цэвэр ус гэж байдаггүй ч эрдэмтэд түүхэн дэхь хамгийн цэвэр ганц дусал усыг гаргаж авч чадсан юм. Үүний тулд эрс тэс нөхцөлд шингэнийг шүүх төхөөрөмжийг зохион бүтээжээ. Өрөөг Цельсийн -140 хэм хүртэл хөргөсний дараа цэвэршүүлсэн усны уурыг өрөөнд оруулсан байна. Эхлээд савааны үзүүр дээр мөс тогтжээ. Мөсийг хайлуулахад ганц дусал доор нь байрлуулсан титаны давхар исэл дээр дуссан бөгөөд үзэхэд ямар ч молекулын үлдэц гадаргуу дээр тогтоогүй байсан аж. Ингээд агаар “буруутан” болжээ.

Нэмэлт туршилтаар титан дээрх толбоноос устай холбоотой бодис олдоогүй байна. Харин ургамлаас гаралтай хүчил илэрчээ. Ургамлын ургах үед ялгарсан хүчил өөрийгөө цэвэрлэдэг гадаргуу дээр наалдах чадвартай бололтой.

Дэлхий дээрх хамгийн цэвэр усны дусал

10 Хачирхалтай супернова (одны сүүрэл)

Зарим тохиолдолд том одод үхэхдээ супернова хэмээх үзэсгэлэнтэй мананцарыг үүсгэдэг байна.  2014 онд "iPTF14hls" хэмээх суперноваг олох үедээ сансар судлаачид урьд өмнө байгаагүй зүйлийн гэрч болж байна гэдгээ огт мэдэхгүй юм. Бусад одтойгоо адил "iPTF14hls" 100 өдрийн дараа алга болох ёстой байв. Гэтэл таван сарын дараа, 2015 онд мананцар улам тодроод байгаа нь ажиглагдсан аж. Энэхүү супернова удаж байж үхэх магадлалтай болов.

Дахиад хоёр жил өнгөрсний дараа тэр ердөө 60 өдрийн настай болох нь гэнэт тодорхой болжээ. Харин дэлбэрэлт нь эрт болсон байх магадлалтай. Хачирхалтай нь "iPTF14hls" нь 1954 онд гарч ирсэн өөр нэгэн суперноватай яг ижилхэн байрлалд байв. Хэрвээ тэд нэг зүйл гэж үзвэл энэ үзэгдэл дор хаяж 60 жилийн турш үргэлжилсэн байх нь.

Үүний судалгаа эрдэмтдийн мэддэг бүхнийг уралдуулж эхлэжээ. Яагаад "iPTF14hls" мэдэгдэхүйц бүдгэрч тодордог, яагаад асар их энерги ялгаруулдаг, яагаад ийм том (80-140 нарны масс) мананцар үүсгэсэн од өмнө нь харагдаагүй вэ гэдэгт тогтсон хариулт алга байна. Ялангуяа ялгаруулж буй энергийнх нь хэмжээ үнэхээр алмайруулж байгаа юм. Тодруулбал энэ нь манай галактикийг тогтоон барьж байдаг энергийн хэмжээтэй дүйж  байгаа аж. Онолын хувьд иймэрхүү хэд хэдэн бөөгнөрсөн супернова ямар ч галактикийг үгүй хийх чадалтай юм.

Хачирхалтай супернова (одны сүүрэл)

26
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()