Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн хамгийн шилдэг 10 цэргийн сургууль

2018-10-08, 12:12
3,556

Цэрэг зэвсгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг их гүрнүүд батлан хамгаалахын сургалтын онцгой хөтөлбөрийг хэрэгжүүлж, шилдэг офицерууд, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дээд зэргээр анхаардаг. Ингээд эгнээнээсээ олон удирдагчдыг төрүүлэн гаргасан дэлхийд тэргүүлдэг шилдэг 10 цэргийн сургуулийг танилцуулж байна. Жич: Мэргэжлийн зэвсэгт хүчин бэлтгэх өндөр түвшний тусгай хөтөлбөртэй АНУ-ын цэргийн сургуулиудыг энэ жагсаалтад багтаагаагүй болно.

Дэлхийн хамгийн шилдэг 10 цэргийн сургууль

10 Канадын эзэн хааны батлан хамгаалахын коллеж

Цэрэг армийн арвин түүхтэй Канад улсын цорын ганц төрийн өмчит батлан хамгаалахын сургууль болох энэхүү коллеж нь Канадын эзэн хааны агаарын цэргийн хүчин, Канадын эзэн хааны тэнгисийн цэргийн хүчин, Канадын зэвсэгт хүчинд өндөр түвшинд нэр төртэйгөөр алба хаах сонсогчдыг сургаж, бэлтгэн гаргах зорилтыг тавин 1876 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.

Канадын Онтарио мужид байрлах тус коллеж цэргийн боловсролын 34 хөтөлбөрт элсэлт авдаг. Офицерийн сургуулийн хөтөлбөр 5 жил байх бөгөөд бүх сонсогчдын сургалтын зардлыг төрөөс дааж, нэмэлт хэрэгцээнд нь зориулан сар болгон тэтгэлэг олгодог аж. Сургуулийн кампус дээрх үйл ажиллагаа АНУ-ынхтай төстэй. Сонсогчдын дунд цолны эрэмбэ байх бөгөөд эхний жилийн цэрэгжилтийн дэглэм тун хатуу. Кампусаас гарах, эргэлт авах хүртэл хориотой байдаг аж. Харин дамжаа ахих тусам сонсогч нарт ирэх ачаалал багасдаг байна.

Канадын эзэн хааны батлан хамгаалахын коллеж

9 Бельгийн эзэн хааны цэргийн академи

Европын гэлтгүй дэлхийн батлан хамгаалахын салбарт Бельги улс голлох үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн НАТО-ийн төв байр Бельгийн нутагт оршдогийг та бүхэн мэдэх байх.

Тус улсын үндэсний батлан хамгаалахын сургуулийг “Бельгийн эзэн хааны цэргийн академи” гэдэг. 1834 онд Францын дээд мэргэжил олгох жишгийн дагуу байгуулагдсан тус академи нь улсын батлан хамгаалахын салбарт удирдан чиглүүлэх албыг өндөр түвшинд гүйцэтгэх офицеруудыг бэлтгэхийг зорьдог. Академийн төв байр Брюссель хотод байрлах бөгөөд бакалавр, магистрын зэргийг таван жилд олгох (бакалаврын 3, магистрын 2) хөтөлбөртэй. Элсэгчид эхлээд ур чадварын шалгалтад заавал тэнцэж байж онолын шалгалт өгөн академид элсэх эрхтэй болно. Бусад цэргийн сургуулиудын жишгийн адил сонсогчдын сургалтын төлбөр, зардлыг улсаас бүрэн хэмжээнд даана.

Сонсогчдын цэрэгжилтийн байдал Америктай харьцуулбал харьцангуй зөөлөн. Сонсогчид амралтын өдрүүдээр кампусаас гарах боломжтой бөгөөд долоо хоногт дор хаяж 5 цагийг бие бялдрын хөгжил, спортын ажиллагаанд зарцуулах ёстой байдаг. Мөн тэд суралцах хугацаандаа хоёр удаа хээрийн дадлагажилтад оролцдог байна.

Бельгийн эзэн хааны цэргийн академи

8 Агульяс Неграсын цэргийн академи (Academia Militar das Agulhas Negras) - Бразил

1792 онд байгуулагдсан, Бразилийн Рио-де-Жанейро мужийн Резенде хотод байрлах энэхүү сургуулийг Өмнөд Америк тивийн хамгийн алдартай цэргийн сургууль гэхэд болно.

Агульяс Неграсын цэргийн академид элсэхийг хүссэн сурагчид дунд сургуульдаа бэлтгэл сургалтанд хамрагдсан байх ёстой байдаг. Тус сургууль Бразилийн зэвсэгт хүчинд зүтгэх үүрэгтэй дээд зэргээр бэлтгэгдсэн офицеруудыг төрүүлэх зорилготой тул элсэх шалгуур маш өндөртэй.

Сургалтын хөтөлбөр гурван түвшнээс бүрддэг. Эхний түвшинд сонсогчдод онолын мэдлэг олгох, хоёрдугаар түвшинд бие бялдрын хөгжил, тэсвэр тэвчээрийг сайжруулахад анхаарах бол эцсийн түвшинд командлалын чадварт сургахад тулгуурладаг.  

Агульяс Неграсын цэргийн академи (Academia Militar das Agulhas Negras) - Бразил

7 Японы үндэсний батлан хамгаалахын академи

Цэрэг дайны баялаг түүхтэй Япон улсын Үндэсний батлан хамгаалахын академи нь зэвсэгт хүчний нэр төр, сүр хүчийг үнэт зүйлээ болгодог. Сонирхолтой нь олон хүмүүс Японд батлан хамгаалахын байнгын анги нэгтгэлүүд байхгүй гэж боддог. Дэлхийн II дайны дараа Япон улс зэвсэгт хүчнээ тараасан нь үнэн боловч хүйтэн дайны үед Америкийн шахалтаар дахин байгуулсан ажээ. 

Канагава мужийн Иокосукад байрлах Үндэсний батлан хамгаалахын академи нь 1953 онд байгуулагдсан бөгөөд офицер болж, улсынхаа батлан хамгаалах албанд зүтгэх хүсэлтэй залуусыг элсүүлэн дээд боловсролын хөтөлбөрөөр сургадаг хэдий ч академиас бакалавр, магистрын зэрэг албан ёсоор олгодоггүй ажээ. Харин төгсөгчид Японы үндэсний боловсролын институцэд хүсэлт гарган эрдмийн зэрэг авч болдог.

Сургалтын явцад гарах бүх зардлыг төр хариуцдаг бөгөөд элсэлтийн босго өндөр, өрсөлдөөн ихтэй. 

Суралцах нийт хугацаандаа сонсогчид маш бага буюу 1000 цагийг цэрэгжилтийн бэлтгэлд зарцуулдаг. Долоо хоногт хоёр цаг биеийн хүчний бэлтгэл хийж, тусдаа 6 долоо хоногийн цэргийн эрдмийн хичээлийг судлах ёстой байдаг.

Японы үндэсний батлан хамгаалахын академи

6 Холбооны зэвсэгт хүчний их сургууль (Герман)

ХБНГУ-ын батлан хамгаалах салбар дэлхийд чадвараараа гайхагддаг. Тиймдээ ч дээд түвшинд бэлтгэгдсэн командлагч нараас бүрдсэн мэргэжлийн бие бүрэлдэхүүнийг төрүүлэн гаргах нь Германы зэвсэгт хүчний гол бодлого юм. 

Тус их сургууль нь бакалавр, магистрын зэргийг олгох бөгөөд цэргийн эрдэм гэхээс илүү академик ур чадварыг чухалчилдаг. Эрдмийн зэргийг олгох хөтөлбөрийн хугацаа харьцангуй богино бөгөөд магистрын зэргийг дөрвөн жил суралцаад авч болдог. Сургалтын зардлыг төр бүрэн даах бөгөөд сонсогчид нь сар бүр тэтгэлэг авдаг. Командын сургуулийг төгсөгчид дор хаяж 13 жил батлан хамгаалах албанд хүчин зүтгэх ёстой.

Холбооны зэвсэгт хүчний их сургуулийн сонсогчийн амьдрал бусад энгийн их сургуулийн оюутныхаас төдийлөн ялгараад байдаггүйгээрээ онцлог. Сонсогчид дүрэмт хувцас заавал өмсөх албагүй, судлах хичээлээ сонгож, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдаж болохын сацуу чанга хатуу биеийн хүчний бэлтгэл хийдэггүй. Долоо хоногийн зөвхөн Лхагва гарагт л цэргийн эрдмийн хичээлд суудаг байна. Харин олон төрлийн спорт секцүүдэд хамрагдаж, бие бялдраа хөгжүүлэхийг сонсогчдоос шаарддаг байна.

Холбооны зэвсэгт хүчний их сургууль (Герман)

5 БНСУ-ын батлан хамгаалахын академи

БНСУ-ын зэвсэгт хүчин Солонгосын хойгийн дайнаас хойш байнгын бэлэн байдалд байгаа. Болзошгүй дайралтанд бэлтгэлтэй байж хариу үйлдлийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх чадвар бүхий бие бүрэлдэхүүнтэй байх үүднээс БНСУ-ын батлан хамгаалахын академийг (KMA) байгуулжээ. 

Тус академи нь сургалтын хөтөлбөрөө зэвсэгт хүчний, тэнгисийн цэргийн, агаарын хүчний гэсэн гурван салбарт хуваан үйл ажиллагаа явуулж бакалаврын зэрэг олгодог. Элсэлтийн шалгуур маш өндөр, сонсогчид бие бялдрын, ур чадварын, ерөнхий эрдмийн олон сорилыг давж байж сургуулийн босгыг алхах ёстой. Мөн олон улсын түвшний цэрэг дайны ажиллагаанд оролцоход зайлшгүй шаардлагатай тул мэргэжлийн англи хэлний сургалтанд онцгой анхаарал хандуулдаг. 

Сонсогчид дотуур байранд байрлаж, анги нэгтгэлүүдэд хуваагдан цэргийн дэглэмээр суралцдаг. Корпус дээрх хэв маяг Америктай төстэй ч сонсогчид хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсээс хэдхэн километр зайтай байрлах тул умардаас халдан довтлох тохиолдолд хамгаалах армийн тэргүүн эгнээнд байх ёстойгоо ухамсарлаж хичээл сургалт, бэлтгэлдээ илүү нухацтай хандаж сонор сэрэмжийг чухалчилдаг. 

БНСУ-ын батлан хамгаалахын академи

4 Сан-Сирийн тусгай цэргийн сургууль (École Spéciale Militaire de Saint-Cyr) - Франц

1803 онд Наполеон Бонапартын байгуулсан Сан-Сирийн тусгай цэргийн сургууль нь Францад өндөр түвшинд бэлтгэгдсэн чадварлаг цэргийн удирдагч нарыг төрүүлэн гаргах нэр төртэй албыг гүйцэтгэсээр байна. Бриттани мужид байрлах тус сургууль нь Францын батлан хамгаалахын тэргүүлэх академи гэж тооцогддог. Тиймдээ ч "Ялагчдыг л сургана"  гэсэн уриатай байдаг. 

Тус сургуульд бакалаврын хөтөлбөр байхгүй, харин урлагийн болон шинжлэх ухааны магистрын хөтөлбөр зэргийг төгсөгчиддөө олгодог. Элсэгчид бакалаврын болон түүнтэй дүйцэх зэрэгтэй байхаас гадна ур чадварын болон ярилцлагын шалгалтанд тэнцсэн байх ёстой. 

Цэргийн командлалын, биеийн хүчний, ерөнхий эрдмийн сургалтанд тулгуурласан гурван жилийн хөтөлбөртэй. Эхний жилд цэргийн эрдэм, сүүлийн хоёр жилд академик чадварыг хөгжүүлэхэд анхаарна. Жил бүр нэгээс гурван долоо хоногийн амралтыг цэргийн сургуулилт хийж өнгөрөөнө. Суралцаж буй сонсогч бүрийг офицерийн үүрэг хүлээсэнд тооцдог. Сонсогчид төгсөнгүүтээ дэслэгч цол авах бөгөөд үргэлжлүүлэн өөр өөрийн салбарын онцлогт тохирсон нэмэлт сургалтанд хамрагддаг. Энэ бүхний дараа тэд анги нэгтгэл удирдах эрхтэй болно. 

Сан-Сирийн тусгай цэргийн сургууль (École Spéciale Militaire de Saint-Cyr) - Франц

3 Австралийн батлан хамгаалахын академи

Австралийн зэвсэгт хүчин тоо, хэмжээний хувьд бага ч чадварын хувьд бусдаас дутахгүй. 

Харин Австрали дахь цэргийн боловсролын үйл ажиллагаа харьцангуй хожуу буюу 1986 онд Австралийн батлан хамгаалахын академи (ADFA) байгуулагдсанаар эхэлжээ. 

Австралийн Канберра хотод орших тус академи нь  сонсогчдын цэргийн эрдмийг эрхэмлэдэг. Инженерчлэл, урлаг, шинжлэх ухааны бакалаврын зэргүүдийг олгодог. Мөн Австралийн зэвсэгт хүчний гурван салбарын (армийн, агаарын, тэнгисийн) бүгдийг нь хамарсан сургалт явуулдаг. 

Сургалтын нэг өдрийн үйл ажиллагаа бусад ихэнх цэргийн сургуулиудтай адил хичээл, цэрэгжилтийн бэлтгэл, сургуулилтаас бүрддэг. Сонсогчид анги нэгтгэлүүдэд хуваагдаж, дүрэмт хувцас өмсөнө. Мөн амралтын өдрүүдээр кампусаас гарч болно. Хамгийн гайхалтай нь сонсогч бүр тусдаа өрөөнүүдэд байрладаг аж.

Австралийн батлан хамгаалахын академи

2 Египетийн батлан хамгаалахын академи

Сүүлийн үед олон улсын тавцанд Египет улсын батлан хамгаалах салбар голлох анхаарлыг татаж байгаа. 

1811 онд Каир хотод байгуулагдсан тус улсын батлан хамгаалах академи нь Хойд Африк, Ойрхи Дорнод дахь хамгийн эртний болоод хамгийн алдартай цэргийн сургууль юм. Сонирхолтой нь 1936 он хүртэл зөвхөн нийгмийн дээд давхаргынхан л тус академид элсэх боломжтой байжээ. 

Төгсөгчид офицер цолтойгоор Египетийн армид шууд ордог. Мөн Египетийн зэвсэгт хүчний бусад салбаруудад хүчин зүтгэх офицеруудыг бэлтгэдэг байна. Арабын бусад орнуудаас ялгаатай нь тус академид эмэгтэйчүүд сурч болохоос гадна сургалтын чанар, тоног төхөөрөмж зэрэг нь барууны хөгжингүй орнуудаас дутахгүй. Сонсогчид бакалаврын зэрэгтэй төгсөх бөгөөд сургалтын хөтөлбөр анхан шатны цэргийн эрдмээс эхлээд мэдээллийн технологи хүртэл өргөн хүрээг хамардаг. Суралцах хугацаанд нь байлдааны стратеги зохиох, шүхрээр буух гэх мэт цэргийн өндөр түвшний сургуулилтанд хамруулна. 

Египетийн нийгмийн дунд болон доод давхаргаас гаралтай хүмүүс улс төрийн томоохон статус, өндөр албан тушаал, эрх мэдэлд очиход хамгийн боломжтой салбар нь улсын цэрэг арми, зэвсэгт хүчин байдгийг хэлэх хэрэгтэй. Үүний хамгийн тод жишээ нь Египетийн ерөнхийлөгч асан Анвар Садат (Anwar Sadat) байна. Ядуухан гэр бүлээс гаралтай тэрээр улсынхаа батлан хамгаалахын академид элсэн суралцсанаар египетийн төрийн хамгийн дээд албан тушаалд очих замаа зассан байна. 

Египетийн батлан хамгаалахын академи

1 Байлдааны сургуулилтын төв (Commando Training Centre) - Их Британи

Дэлхийн олон улсын зэвсэгт хүчний анги салбарууд Британийн цэрэг армийн жишгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Дайн тулаан, батлан хамгаалахын өнө удаан жилийн баялаг түүхтэй Британийн цэргийн сургуулиуд дэлхийд хамгийн өндөр түвшинд бэлтгэгдсэн офицеруудыг төрүүлэн гаргадгаараа алдартай. 

Тус улсын зэвсэгт хүчин салбар бүрт офицер бэлтгэх дөрвөн академитай. Тэдгээр нь Сэндхоурст дэх Эзэн хааны батлан хамгаалахын академи (Royal Military Academy Sandhurst), байлдааны сургуулилтын төв буюу тэнгисийн цэргийн сургууль, Британниагийн Эзэн хааны усан цэргийн коллеж (Britannia Royal Naval College) болон Кранвелл дахь Эзэн хааны агаарын хүчний коллеж (Royal Air Force College Cranwell) юм. Энэ дундаас хамгийн алдартай бөгөөд хатуу ширүүн дэглэмтэй нь Байлдааны сургуулилтын төв юм. 

Английн Лимпстоунд байрлах энэхүү сургуульд цэргийн алба хаагчид болон Эрхэм Дээдсийн тэнгисийн цэргийн корпуст орох зорилготой офицерууд сургуулилт хийдэг. Албан ёсоор 1939 онд байгуулагдсан гэдэг боловч бүр 1664 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байжээ. Шалгуулагчид эхлээд маш хатуу хааны тэнгисийн цэргийн бэлтгэл хичээлийг амжилттай давж байж эрчимтэй байлдааны сургуулилтад хамрагдахад бие бялдрын болон сэтгэл санааны хувьд тэнцсэнд тооцогддог.

Тэнцсэн офицерууд болон цэргүүд НАТО-ийн гишүүн орнууд дотор хамгийн уртад тооцогдох (цэргүүдэд 32 долоо хоног, офицеруудад 15 сар) явган цэргийн сургуулилтад оролцоно. Төгсөгчдөд ямар нэгэн зэрэг олгохгүй, харин Эзэн хааны тэнгисийн цэргийн корпусын офицер хэмээх хүндтэй албан тушаалыг илтгэх ногоон берет малгай гардуулна. Сургуулилтын төв дээрх амьдрал маш хатуу, сонсогчид задгай хуаранд байрлаж, дээд зэргийн биеийн хүч, ур чадвар, тэсвэр тэвчээр шаардсан бэлтгэлүүдийг хийдэг байна. 

Энэ бүхний үр дүнд Британийн тэнгисийн цэрэгт алба хаагчид гайхалтай бэлтгэгдсэн, өөр хаана ч ховорхон тохиох ур чадвартай, урам зоригтой эрчүүд болон төлөвшдөг байна. 

Байлдааны сургуулилтын төв (Commando Training Centre) - Их Британи

3
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()