Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу эмэгтэй математикчид

Түүхийн олон үе шатанд эмэгтэйчүүд оюун ухаанаа математикт зориулахаас татгалзсаар ирсэн. Гэхдээ орчин үеийн тоон ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан суут бүсгүйчүүд олон бий. Тэдгээр олон гайхалтай хүмүүсээс бид 10 эмэгтэйг онцлон танд танилцуулахаар бэлтгэлээ. Тэдний түүхийг уншаад таны сэтгэл хөдөлнө гэдэгт бид итгэлтэй байна.

Дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу эмэгтэй математикчид

1 Хипатия (Hypatia)

Манай эриний 355-415 онд амьдарч байсан Хипатия хэмээх эмэгтэй бол дэлхийн түүхэнд математик зааж байсан нь батлагдсан анхны эмэгтэй юм. Түүний эцэг Теон (Theon) Египтийн Александрия хотод амьдарч байсан алдартай математикч бөгөөд охиндоо тооны ухаан болон одон орон зааж өгчээ. Үүний дараа охиноо Афин хот руу Платон, Аристотель нарын шавь болгохоор явуулжээ. Аав, охин хоёр хамтдаа олон онол, судалгааны ажлууд дээр ажиллаж байсан ч Хипатия бие даан өөрийн математик, одон орон, философийн лекцүүдийг бичжээ. Харамсалтай нь тэрээр Христийг эсэргүүцэгчдийн гарт нас барсан байна.

Хипатия (Hypatia)

2 Эмили Дю Шатле (Emilie Du Chatelet)

Тэрээр 1706-1749 онд Парис хотод шинжлэх ухаанч, математикчдын гэрт төрж өссөн юм. Ээж нь математик бол эмэгтэй хүний хийх зүйл биш хэмээн сургаж байсан ч эцэг нь түүний сонирхлыг дэмждэг байж. Тэрээр өөрийн тооцоолох ухааныг ашиглан мөрийтэй тоглож, математикийн номууд болон лабораторийн тоног төхөөрөмжүүд худалдан авдаг байсан гэдэг. 1725 онд армийн офицертой гэрлэж, гурван хүүхэд төрүүлжээ. Гэсэн ч нөхөр нь удаан хугацаагаар гэрээсээ хол явдаг байсан учир түүнд математикт зориулах цаг хангалттай гардаг байв. 1745 оноос насан эцэслэх хүртлээ тэрээр Исаак Ньютон (Isaac Newton)-ы хуулиудыг орчуулсан бөгөөд дундуур нь өөрийнхөө ажлуудыг ч оролцуулан бичжээ.

Эмили Дю Шатле (Emilie Du Chatelet)

3 Софи Жерман (Sophie Germain)

1776-1831 онд амьдарч байсан Софигийн математикийн авьяас 13 настайд нь илэрчээ. Францад ид хувьсгал гарч дайн болж байсан учраас Парисын гудмаар чөлөөтэй зугаалж чадаагүй ч аавынхаа номын сангаар харин ч нэг дураараа “аялжээ”. Энэ үед Латин болон Грек хэлийг өөрөө сурч, математикийн суут бүтээлүүдийг уншиж судалсан байна. Софигийн гэр бүлийнхэн түүний сурах хүсэл эрмэлзлийг мохоох гэж оролдон, шөнө өрөөндөө гэрэл гаргахыг хориглосон хэдий ч лаа асаан сурах үйлдээ шамддаг байсан гэдэг. Эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрх хязгаарлагдсанаас хойш тэрээр эрэгтэй оюутны нэрээр нууцаар суралцаж байж. Тэрээр албан ёсоор математикчаар ажиллаж байгаагүй ч бие даан өөрийн судалгааг хийж, онол дээр ажиллажээ. Түүний хамгийн алдартай онол бол Ферматын сүүлийн теорем юм. Мөн Софи бол Парисын шинжлэх ухааны академиас шагнал авсан анхны эмэгтэй болсон бөгөөд одоо тэрхүү шагналыг түүний нэрээр нэрлэдэг болжээ.

Софи Жерман (Sophie Germain)

4 Флоренс Найтингэйл (Florence Nightingale)

1820-1910 онд амьдарч байсан, сувилагч, хувьсгалч байхын хажуугаар тэрээр статистикч байжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хувьсгал хийхээс гадна статистик тоо баримтууд гаргаж эхэлснээр ариутгагч бодисын дутагдлаас болж үхлийн түвшин өндөр байгааг олж мэдсэн байдаг. Тэрхүү нээлтийг үндэслэн эмнэлэг, сувилaлууд дээд зэргийн цэвэр байдлыг эрхэмлэх болсон билээ. Мөн тэрээр тоо баримтуудыг хялбаршуулсан аргаар харах боломжтой график, хүснэгтүүдийг зохион бүтээсэн юм.

Флоренс Найтингэйл (Florence Nightingale)

5 Эмми Ноетер (Emmy Noether)

Хипатиятай адилаар Эмми Ноетер эцгээсээ математикт суралцжээ. Түүний эцэг Макс Ноетер (Max Noether) Германы математикийн профессор байсан бөгөөд математик зааж, багшилдаг байж. 1882-1935 онд амьдарч байсан тэрээр Англи, Франц хэлний багш болоод математикаар суралцахаар шийдсэн ч хүлээх хэрэгтэй болжээ. Учир нь түүний аавын ажиллаж байсан Баварийн Эрланген их сургууль 1904 оныг хүртэл эмэгтэйчүүдийг оюутнаар хүлээн авахаас татгалздаг байсан юм.

Ноетер математикийн ухааны доктор болж чадсан ч их сургуулиас эмэгтэй хүмүүсийг багшлуулахыг хориглох бодлоготой байснаас аавынхаа тус сургуулийн багшийн ажилд цалингүйгээр тусалж эхэлжээ. Судалгаа хийж, бичих нь түүний ажил байв. 1918 онд тэрээр хоёр төрлийн теорем баталж гаргасан бөгөөд нэгийг нь Ноетерийн теором гэж нэрлэдэг. Гэвч нэлээд хугацааны дараа физикийн ухаанд түүний теоремуудыг баталгаажуулсан. Эцэст нь 1922 онд Эмми туслах професор болж бага хэмжээний цалин авдаг болжээ. Гэвч еврейчүүдийн эсрэг бодлогоос шалтгаалан тэрээр америк руу дүрвэж насан эцэслэтлээ коллежид багшилжээ. 1935 онд түүнийг нас барсны дараа Альберт Эйнштэйн "'The New York Times" сонинд “Математикчдын өрсөлдөөнт ертөнцийн хуулиар Фройлэн Ноетер бол суут математикч байгаад зогсохгүй өндөр боловсролтой эмэгтэйчүүдийн эхлэл болсон хүн юм” хэмээн тодорхойлсон байдаг.

Эмми Ноетер (Emmy Noether)

6 Мэри Картврайт (Mary Cartwright)

1900-1998 онд амьдарч байсан Мэри математикийн чиглэлээр Силвестерийн медаль хүртсэн анхны эмэгтэй төдийгүй Лондоны математикийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилласан анхны эмэгтэй юм.  

1919 онд Оксфордын их сургуульд математикийн чиглэлээр суралцаж байсан тавхан эмэгтэй оюутны нэг нь Мэри байв. Тэрээр өөрийн Картврайтын теорем гаргаж, 1969 онд хатан хааны шагнал ч хүртэж байж.

Мэри Картврайт (Mary Cartwright)

7 Дороти Жонсон Вауфан (Dorothy Johnson Vaughan)

НАСА–д математикч бүсгүйчүүд ажиллаж эхэлсэн түүх үнэхээр сонирхолтой. Тэрхүү түүхийн нэг хэсэг нь Дороти байсан бөгөөд түүний түүхээс сэдэвлэн 2016 онд "Hidden Figures" нэртэй кино гарсан билээ.

Математикийн багшаар ажиллаж байгаад тэрээр 1943 онд НАСА-д ажилд оржээ. 1949 онд африк гаралтай америк бүсгүйчүүдээс бүрдсэн, компьютерийн хэлтсийн даргаар томилогджээ. Тэрээр "Fortran" гэх мэт компьютерийн кодчилогдсон хэлийн мэргэжилтэн байсан юм.

Дороти Жонсон Вауфан (Dorothy Johnson Vaughan)

8 Катерин Жонсон (Katherine Johnson)

Катерин Жонсон математикаар суралцахаар шийдэх үедээ томоохон бэрхшээлтэй тулгарчээ. Тухайн үед түүний аавын ажиллаж, амьдарч байсан Америкийн баруун Виржиниягийн Вайт Сулфурт сургууль хар арьстнуудад 8-р ангиас дээш боловсрол олгодоггүй байж. Тиймээс түүний эцэг охиноо боловсролтой болгохын тулд гэр бүлээ өөр муж руу нүүлгэж өөрөө Вайт Сулфуртаа үлдэн ажиллажээ. Катерин 14 настайдаа ахлах сургуулиа төгсөж их сургуульд ороход олон профессорууд түүний гайхалтай чадвар, суут ухааныг биширдэг байсан гэдэг. 18 настайдаа коллеж төгсөн багшлах төлөвлөгөөтэй байсан ба хэсэг хугацаанд багшлаад НАСА-ийн компьютерийн хэлтэст ажилд оржээ. Тэрээр “Би 33 жилийн турш аз жаргалтайгаар ажиллалаа. Би нэг ч өглөө сэрээд ажилдаа явмааргүй байна гэж бодож байгаагүй” гэж хэлсэн байдаг. 2015 онд Ерөнхийлөгчийн одонгоор шагнуулсан бөгөөд "Hidden Figures" кинонд түүний тухай ч мөн гардаг юм.

Катерин Жонсон (Katherine Johnson)

9 Кристин Дарден (Christine Darden)

Доктор Кристин 1942 онд төрсөн,  математик, дата аналист, агаарын хөлgийн инженер тэрээр амьдралынхаа 25 жилийг НАСА-д зориулжээ. Тэнд тэрээр инженерүүдэд зориулсан тооцооллыг хийж, улмаар үйл явцыг автоматжуулах компьютерийн программ бичиж байв. Мөн тэрээр анхны эмэгтэй сансрын инженер болсон бөгөөд механик инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан юм. Доран нислэгийн хөдөлгөөний удирдлага, түүнчлэн бусад нислэгийн хөтөлбөрийн талаар судалгаа хийж, 50 гаруй хэвлэл нийтлэл бичжээ.

Кристин Дарден (Christine Darden)

10 Мариям Мирзахани (Maryam Mirzakhani)

Мариям сурагч байхдаа математикт төдийлөн сонирхолтой байгаагүй бөгөөд тэрээр зохиолч болохыг мөрөөддөг байжээ. "The Guradian" сэтгүүлд тэрээр “Ахлах сургуулийн сүүлийн жил хүртлээ би математикаар дагнана гэж огт бодож байгаагүй” хэмээсэн байдаг. Мариям 2014 онд геометрийн ажлуудаараа одон медаль авсан анхны эмэгтэй бас анхны Иран гаралтай хүн болсон юм. Стэнфорд их сургуульд тэрээр математик зааж байсан бөгөөд Харвардын их сургуульд түүний дипломын удирдагч байсан Куртис МакМуллен (Curtis McMullen) түүнийг “Математикийн судалгаан дээр түүн шиг аймшиггүй зоригтой, тэмүүлэлтэй хүн үгүй” хэмээн тодорхойлсон байдаг.

Мариям Мирзахани (Maryam Mirzakhani)

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()